Семинар
150-р хичээл: Гар тэрэгтэй анхдагчид, 1856–1860 он


150-р хичээл

Гар тэрэгтэй анхдагчид 1856–1860 он

Оршил

1847 онд Солт Лэйкийн хөндийд ирсэн гэгээнтнүүд хойшид ирэх цагаачдад зориулан газар тариалан болон бусад эх сурвалжийг хөгжүүлэхээр ажиллаж байв. 1851 оны 9-р сард Бригам Янг болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд Айова болон дэлхий даяар амьдарч байсан бүх гэгээнтнийг Солт Лэйкийн хөндийд цугларахыг дахин уриалжээ. Хожмын үеийн олон гэгээнтэн ерөнхийлөгч Янгийн агуу золиослол гаргах дуудлагад хариулсан юм. Арван хоёрын гишүүд шилжих хөдөлгөөнийг хянахаар илгээгдсэн бөгөөд 1852 онд өмнөх онуудад байгаагүй тийм олон гэгээнтэн Солт Лэйкийн хөндий рүү аялжээ. Үүн дээр нэмээд олон гэгээнтэн гар тэрэгний багийнхантай нийлэн 1856-аас 1860 оны хооронд Солт Лэйкийн хөндий рүү аялсан.

Заах зөвлөмж

Гэгээнтнүүд Солт Лэйкийн хөндийд цуглах зөвлөгөөг дуулгавартай дагав

Суралцагчдаас гар тэрэг түрэн 1300 бээр (ойролцоогоор 2090 километр) газрыг явган туулахыг мөн ердөө 17 фунт (ойролцоогоор 7.7 кг) хувийн эд зүйлээ л авч явахыг зөвшөөрсөн гэж төсөөлөхийг хүс. Ангийнхнаас хэн сайн дураараа аялалд нэгдэхийг асуу.

Суралцагчдад гар тэрэгний зураг үзүүлэх юм уу дагалдах зураглалыг самбар дээр зур. 1856 онд ерөнхийлөгч Бригам Янг цагаачдыг санхүүгийн бэрхшээлээс болж бүхээгтэй тэрэгний оронд гар тэрэг ашиглахыг санал болгосон гэдгийг тайлбарла. Гар тэрэг хамаагүй хямдхан байсан бөгөөд энэ нь илүү олон гэгээнтнийг цагаачлуулах боломж олгожээ. 1856 оноос 1860 оны хооронд бараг 3000 гэгээнтэн гар тэргэн дээрх эд зүйлсээ түрэн, Нэгдсэн Улсын тал газрыг туулж, Юта руу өрнө зүгийг чиглэн аялахыг сонгосон. Гар тэрэгний ихэнх хэсэг нь хүнсний нөөц, хувийн зүйлс мөн хоол хүнсээ гар тэргэн дээрээ ачаад, Айовагийн Айова хотоос Ютагийн Солт Лэйк хот руу алхжээ. Хамгийн сүүлийн гурван баг аяллаа Небраскагийн Флоренсээс эхэлсэн.

Зураг
газрын зураг, гар тэрэгний жим
Зураг
гар тэрэг

Дотор нь 17 фунт (ойролцоогоор 7.7 килограм) жинтэй эд зүйл хийсэн хайрцаг юм уу хувин үзүүл. Цөөн суралцагчдад эд зүйлсийг өргөж үзэх боломж олго. Гар тэрэгний хэсэгтэй аялж байгаа насанд хүрсэн нэг хүнд хувийнхаа зүйлсээс 17 фунтыг авч явахыг зөвшөөрсөн байсныг тайлбарла. Хүүхэд бүр 10 фунтыг (ойролцоогоор 4.5 килограмм) авч явж болох байсан. Хувийн зүйлст хувцас хунар болон бусад зүйл багтаж байлаа. Хувь хүн бүрийн хувийн зүйлсийг жигнэж үзэж байсан бөгөөд жингээс илүү гарсан юуг ч орхиж байв.

  • Хэрэв та нар эдгээр гар тэрэгтэй анхдагчдын нэг байсан бол хувийнхаа эд зүйлээс юуг нь авч явахаар сонгох байсан бэ? Яагаад?

  • Гэгээнтнүүд яагаад Юта руу явахын тулд ийм ихийг золиослоход бэлэн байсан гэж та нар бодож байна вэ?

Аялал хэдийгээр хүнд бэрх байсан ч 1856-аас 1860 оны хооронд гарсан гар тэрэгний арван бүлгийн найм нь аяллаа амжилттай дуусгажээ. Гэвч 1856 онд дөрөв болон тавдугаар гар тэрэгний багийнхан улирлын сүүлээр аяллаа эхэлж, маш их зовлон бэрхшээлийг туулсан. Тэд бол Жеймс Г.Виллигээр удирдуулсан Виллигийн гар тэрэгний багийнхан мөн Эдвард Мартинаар удирдуулсан Мартины гар тэрэгний багийнхан байлаа. Айовагаас өрнө зүгт бараг 1000 бээр (ойролцоогоор 1600 километр) аялсныхаа дараа багийнхны хоол хүнс, хангамж дэндүү багассан байв. 10-р сард хоёр багийнхан хоёулаа Вайомингийн уулархаг талд тэднийг явахад нь саад болсон хүчит цасан шуурганд өртжээ. Тэдгээр гэгээнтэн хахир хүйтэн болон цасанд аймшигтай зовж зүдэрсэн юм. (Гар тэрэгтэй анхдагчид Солт Лэйк хөндийд ирсэн нь гэх мэт гар тэрэгтэй анхдагчдын зургийг үзүүлэх талаар бодож үз [Сайн мэдээний уран зургийн цуглуулга (2009 он), д. 102; мөн LDS.org вэбсайтыг үзнэ үү].)

Зураг
Гар тэрэгтэй анхдагчид Солт Лэйк хөндийд ирсэн нь

Хэрэв боломжтой бол Аарон болон Элизабет Жаксон нарын дараах түүхийн хувийг хувилж өг. Жаксоны гэр бүл, Виллигийн бүлгээс ойролцоогоор 100 бээрийн (ойролцоогоор 160 километр) хойно явж байсан Мартины багийнхантай хамт аялж байсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг энэ түүхийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт, Аарон, Элизабет хоёрын итгэлийн баталгааг олж мэдэхийг хүс.

1856 оны 10-р сарын 19-нд Мартины гар тэрэгний багийн гишүүд өвлийн шуурган дундуур өргөн мөрнийг гатлах хэрэгтэй болсон. Аарон Жаксоныг оролцуулан бүлгийн олон гишүүн сул дорой, өвчтэй байсан бөгөөд мөрнийг гатлах нь тэдэнд аюултай нөлөө учруулав. Элизабет Жаксон хэдэн өдрийн дараа түүний нөхөрт юу тохиолдсон талаар дүрсэлжээ.

Би ойролцоогоор есөн цагийн үед унтахаар хэвтсэн. … Намайг сэрэх үед шөнө дунд болсон юм шиг санагдаж байв. Би маш их даарч байлаа. Цаг агаар маш хүйтэн байв. Би нөхрийнхөө амьсгалж байгаа эсэхийг сонсохоор чагнасан бөгөөд тэрээр огт хөдлөхгүй хэвтсээр л байсан. Би түүнийг сонсож чадахгүй байв. Миний санаа зовж, түгшиж эхлэв. Намайг түүний бие дээр гараа тавихад, миний хамгийн их айж байсан зүйл батлагдсаныг олж мэдсэн юм. Нөхөр минь нас барсан байв. Би майханд хамт байсан хүмүүсээс тусламж хүслээ. Тэд надад юугаар ч тусалж чадсангүй. … Үүр цайхад, бүлгийн зарим эрэгтэйчүүд цогцсыг оршуулахад бэлтгэв. … Тэд түүнийг хөнжилд ороогоод, нас нөгчсөн бусад арван гурвын хамт эгнүүлж тавиад цасанд булсан юм.

Би өөрийгөө ийм аймшигтай, хүнд нөхцөлд гурван хүүхэдтэй бэлэвсэрч үлдсэнээ мэдсэн мэдрэмжээ дүрслэн хэлэхийг хичээхгүй. Би үүнийг хийж чадахгүй. Гэвч цэдэглэгч тэнгэр элч энэ бүгдийг тэнгэрт цэдэглэж байгаа гэдэгт мөн сайн мэдээгээр амьдрахыг хичээн тэмцсэний улмаас надад тохиолдсон зовлон зүдгүүр миний сайн сайхны төлөө надад ариусгагдсан гэдэгт би итгэдэг” (Leaves from the Life of Elizabeth Horrocks Jackson Kingsford [1908], 6–7; түүнчлэн history.lds.org-ыг үзнэ үү).

  • Сайн мэдээгээр амьдрахын төлөө тэмцсэнээр түүнд юу тохиолдоно гэж Элизабет хэлсэн бэ? “Миний сайн сайхны төлөө надад ариусгагдсан” гэсэн үгс нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Түүний зовлон зүдгүүр ашиг тусынх нь төлөө нандин, ариун болсон.)

  • Хэрэв бид сайн мэдээгээр амьдрахын төлөө тэвчээртэйгээр тэмцэх хэрэгтэй бол бидэнд юу тохиолдох вэ? (Дараах зарчмыг самбар дээр бич. Хэрэв бид сайн мэдээгээр амьдрахын төлөө зовлонгоо тэвчээртэй туулбал энэ нь бидний сайн сайхны төлөө биднийг ариусгана. [С ба Г 122:7; мөн 2 Нифай 2:2-ыг үзнэ үү.])

  • Хэдийгээр та нар Элизабет Жаксон шиг зовж зүдрээгүй байж болох ч сайн мэдээгээр амьдрахын төлөө ямар арга замаар тэвчиж болох вэ? Та нар эдгээр туршлагаар дамжуулан хэрхэн адислагдаж болох вэ?

Аарон Жаксоныг нас барснаас хойших хэдэн хоногт Мартины багийнхан 10 орчим бээрээр (ойролцоогоор 16 километр) урагшилсан байсан гэдгийг тайлбарла. Энэ үеэр олон хүн нас барсан юм. Аяллын энэ хэсгийн нэгэн шөнө хэнд нь ч майхан барих тамир тэнхээ байсангүй. Элизабет Жаксон хүүхдүүдийнхээ нэгийг өвөр дээрээ тэврээд, хоёр хүүхдээ хоёр талдаа суулгаад чулуун дээр суужээ. Тэр суусан чигээрээ үүр цайлгасан юм. Элизабет сэтгэлээр унасан байв. Тэгтэл 10-р сарын 27-ны шөнө түүнд авралын найдвар төрүүлсэн нэгэн үйл явдал тохиолджээ. Нэг суралцагчийг дараах түүхийг чанга уншихад уриад, ангийнхнаас Элизабетийг зүүдэндээ юу сурсныг олж сонсохыг хүс.

Ийм онцгүй нөхцөл байдалд миний гутарч сэтгэлээр унах нь шууд ойлгогдож байж болох юм. Би төрөлх нутгаасаа гараад зургаа юм уу долоон мянган бээрийн алс зэлүүд, чулуурхаг, уулархаг газарт, ядарч зүдэрсэн нөхцөлд, гадаргуу нь цасаар, ус нь мөсөөр бүрхэгдсэн нутагт эцэггүй гурван хүүхдээ энэрэлгүй шуурганаас хамгаалах бараг юу ч үгүй байв. Би 10-р сарын 27-ны тэр нэгэн шөнө унтаж байхдаа гайхалтай илчлэлтийг хүлээн авсан. Миний зүүдэнд нөхөр маань дэргэд минь зогсоод, ‘Урамтай бай, Элизабет минь, чөлөөлөлт ойрхон байна’ гэж хэлсэн юм” (Leaves from the Life of Elizabeth Horrocks Jackson Kingsford, 8; түүнчлэн history.lds.org-ыг үзнэ үү).

Дараа өдөр нь Солт Лэйк хотоос Мартины багийнхан дээр аврагчид ирснээр зүүд биелэгдсэн гэдгийг суралцагчдад хэл.

1856 оны 10-р сарын 4-нд, өвлийн шуурга гар тэрэгний багийнхныг нүдэхээс хэдэн долоо хоногийн өмнө аялагчид ерөнхийлөгч Бригам Янгад анхдагчдын багийнхан хээр талд олон зуун бээрийн цаана байсаар байгааг мэдэгджээ. Дараа өдөр нь ням гаргийн үйлчлэл дээр Бригам Янг эдгээр гар тэрэгтэй анхдагчдыг аврах тухай үг хэлсэн байна. Нэг суралцагчийг түүний хэлсэн үгнээс дараах хэсгийг уншихад урь. Ерөнхийлөгч Янгийн гэгээнтнүүдэд заасан зарчмыг олж сонсохыг ангийнхнаас хүс. (Хэрэв боломжтой бол, суралцагчид дагаж уншиж болохын тулд энэ мэдэгдлийн хувиудыг тэдэнд тарааж өг.)

Зураг
Ерөнхийлөгч Бригам Янг

“Ах, эгч нарын маань олон нь гар тэрэгтэй хээр талд байгаа бөгөөд магадгүй олон нь одоо бидний байгаа газраас 700 бээрийн [ойролцоогоор 1100 километр] алсад байна. Тэднийг энд авчирч болохын тулд бид тэдэн рүү тусламж явуулах ёстой. …

Хүмүүсээ аврах нь миний шашин мөн миний эзэмшиж буй Ариун Сүнсний надад өгсөн заавар юм. … Энэ бол хэрэв бид л тусламж явуулахгүй бол мөхөх эсвэл асар ихээр зовж зүдрэх ах дүүсээ аврахаар одоо миний эрэлхийлж байгаа аврал юм.

Би энэ өдөр, маргаашийг эсвэл [тэрний] цаадах өдрийг үл хүлээн бишопуудыг сайн бух тэрэгний 60 багийг 12-оос 15 бүхээгт тэрэгтэй … [түүнчлэн] 12 тонн гурил болон жолоодож явах багуудаас гадна 40 сайн тэрэгчинг явуулахад бэлтгэхээр дуудах болно. …

Миний одоо зааж байгаа ийм зарчмуудыг биелүүлэхээс нааш та нарын ганц ч бодгаль итгэл, шашин, шүтлэгээрээ Бурханы селестиел хаант улсад аврагдах нь үгүй гэдгийг би та нарт хэлнэ. Явж, хээр талд байгаа хүмүүсийг авчир (“Remarks,” Deseret News, 1856 оны 10-р сарын 15, 252).

  • Ерөнхийлөгч Бригам Янг гэгээнтнүүдэд юу заасан бэ? (Суралцагчид өөр өөр зарчмууд хэлж болох ч Есүс Христийн шавь нарын хувьд бид гачигдагсдад туслах ёстой гэдгийг ойлгосон эсэхийг бататга.)

Олон эрэгтэй болон эмэгтэйчүүд үүнд хариулан ерөнхийлөгч Янгийн номлолоос хойш хоёр өдрийн дотор бүхээгт тэргэнд хангамжийн зүйл ачсан эрчүүд цагаачдыг олохоор явсан гэдгийг тайлбарла.

  • Солт Лэйкийн хөндийд байсан гэгээнтнүүдийн хувьд энэ аврах оролдлого нь яагаад золиослол байсан байж болох вэ?

  • Бие махбодын хувьд тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахын тулд бид ямар золиослол гаргаж болох вэ?

  • Сүнслэг хэрэгцээтэй байгаа хүмүүст туслахын тулд бид ямар золиослол гаргаж болох вэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхныг гачигдагсдад туслах өөр арга замуудыг олж сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Өнөөдөр манай хүмүүсийн хэн нь ч Вайомингийн уулархаг газар гацаагүй байгаад би талархаж байна. Гэвч бидний дунд тусламж хэрэгтэй байгаа болон аврагдвал зохих олон хүн байгааг би мэднэ. Их Эзэн Есүс Христийг дагагчийн хувьд амьдралын зорилго маань авралын зорилго байх ёстой. Гэр оронгүй, өлсгөлөн мөн ядуу зүдүү хүмүүс байна. Тэдний нөхцөл байдал тодорхой. Бид их зүйлийг хийсэн. Амь зогоох төдий амьдарч байгаа хүмүүст туслахаар бид илүү ихийг хийж чадна.

Бид порнограф, ёс суртахуунгүй байдал болон хар тамхины балчиг намагт шигдсэн хүмүүсийг хүчирхэгжүүлэхийн тулд хүрч чадна. Олон нь өөрсдийн хувь заяаг хянах хүчээ алдтал донтсон байдаг. Тэд золгүй мөн сүйрсэн байна. Гэхдээ туслуулж бас аврагдаж чадна.

Өнөөдөр бид Вайомингийн уулархаг хээр талд байгсдын төлөө санаа зовох шаардлагагүй. Олон нь бидний эргэн тойронд, гэр бүлд маань, тойрог болон гадаснуудад маань мөн бидний хөршүүд болон олон нийтийн дунд байна” (“Our Mission of Saving,” Ensign, 1991 оны 11-р сар, 59).

  • Та нар сүнслэг юм уу бие махбодын хэрэгцээтэй байсан хүмүүст хэн нэгний туслахыг хэзээ харж байсан бэ? Тэд хэрхэн тусалсан бэ?

Суралцагчдыг хэн нэгэнд хэрхэн тусалж болохыг мэдэхийн тулд эргэцүүлэн бодож мөн залбирахад урь. Та тэдэнд бодлоо хичээлийн дэвтэр юм уу судрын тэмдэглэл дээрээ бичих хормыг өгч болно.

Суралцагчдад итгэлтэйгээр зовлон зүдгүүрээ давбал адислагдана гэдгээ харахад туслахын тулд нэг суралцагчийг дараах түүхийг уншихад урь.

1856 онд Франсис болон Бэтси Вэбстэр нар бүхээгт тэргээр Юта руу аялах хангалттай мөнгөтэй байсан хэдий ч гэгээнтнүүдийг Юта руу шилжин суурьшихад нь туслахаар байгуулсан санд мөнгөө хандивлажээ. Тэдний хандив өөр есөн хүнд гар тэрэгний аяллаар явах боломж олгосон байна. Удахгүй хүүхэдтэй болох гэж байсан Франсис, Бэтси хоёр Солт Лэйк хот руу Мартины багийнхантай хамт аялж, бүлгийн бусад хүний адил зовлон бэрхшээлийг туулжээ.

Олон жилийн дараа Вэбстэр ах ням гаргийн хичээл дээр сууж байхдаа Сүмийн зарим гишүүн Сүмийн удирдагчдыг гар тэрэгнийхний эмгэнэлт явдлын төлөө шүүмжилж байхыг сонсов. Тэрээр биеэ барьж дийлэлгүй босч, Мартины гар тэрэгний багийнхантай хамт явснаар ирсэн адислалуудаа гэрчилсэн байна. Нэг суралцагчийг Франсис Вэбстэрийн гэрчлэлийг чанга уншихад уриад, суралцагчдаас гар тэрэгний багийнхантай зовж зүдэрч явсан хүмүүсийн адислагдсан нэг арга замыг олж тогтоохыг хүс.

“Би та нараас юуг нь ч мэдэхгүй зүйлийнхээ тухай хэлэлцэн мөн шүүмжлэхээ болихыг хүсэж байна. Хүйтэн хөндий түүхэн баримтууд үүнд хамаарагдаж байгаа асуултуудад зохих тайлбарыг өгч чадахгүй учраас ямар ч утгагүй юм. Гар тэрэгний бүлгийг хэтэрхий хожимдож илгээсэн нь буруу юу? Тийм ээ. Гэхдээ би тэр багийнхантай хамт байсан бөгөөд эхнэр маань ч мөн байсан. … Бид та нарын төсөөлж чадах аливаа зүйлээс ч илүү зовж зүдэрсэн бөгөөд олон нь гадны нөлөө болон өлсгөлөнгөөс болж нас барсан. Гэвч та нар тэр бүлгийн амьд үлдэгсдийн амнаас шүүмжлэлийн үг гарч байхыг ер нь сонссон уу? …

Би хэн миний гар тэргийг түлхээд байгаа юм бол гэж олон удаа эргэн харж байсан ч хэнийг ч олж хараагүй. Тэгэхэд л Бурханы тэнгэр элчүүд тэнд байсныг мэдсэн юм.

Би гар тэргээр ирэхийг сонгосондоо харамсдаг уу гэж үү? Үгүй. Тэр үедээ ч түүнээс хойших амьдралынхаа нэг хоромд ч үгүй. Бурхантай танил болоход төлсөн үнэ өртөг маань төлөх онцгой эрх байсан бөгөөд надад Мартины гар тэрэгний багийнхантай ирэх давуу эрх өгөгдсөнд би талархаж явдаг” (Виллям Р.Палмэр, “Pioneers of Southern Utah,” The Instructor, 79-р боть, дугаар 5 [1944 оны 5-р сар], 217–218).

  • Франсис Вэбстэрийн гэрчлэлээс бид ямар зарчмыг сурч авч болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой. Хэрэв бид зовлон зүдгүүрийг итгэлтэйгээр туулбал Бурханыг таньж, мэдэж авч чадна.)

  • Та нар зовлон зүдгүүрээ итгэлтэйгээр туулсан хүмүүст ямар хандлага болон зан чанар байгааг олж харсан бэ? Та нар өөрсдөдөө нүүрлэсэн зовлон бэрхшээлээр дамжуулан ямар арга замаар Бурхантай танилцсан бэ?

Цөөн суралцагчийг энэ хичээлд сурсан зарчмуудын нэгийн талаар гэрчлэлээ хуваалцахад урь. Та өөрийн гэрчлэлийг тэднийх дээр нэмж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Зовлон бэрхшээл, зүдгүүрүүд нь юунд хөтөлдөг вэ?

Эртний хожмын үеийн гэгээнтнүүдийн анхдагчдын золиослолыг нягталж үзээд, Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст ийм дүгнэлтэд хүрчээ.

Зураг
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Амьдралын зовлон шаналлынхаа үед бид Тэнгэрлэг Хоньчны бүдэг хийгээд бурханлаг шивнээнүүдийг илүү сайн сонсох мэт санагддаг.

Амьдралд өвчин шаналал, саад тотгор ба тэмцэлдээний цөхөрсөн өдрүүд байдаг. Зөвийг хийхийг үнэн сэтгэлээсээ хүсдэг мөн итгэлтэй тэдгээр хүнд ч, бүгдэд нь өвчин зовлон, харуусал болон гансрал тэр чигээрээ ирчихсэн мэт санагддаг. Төлөөлөгч Паул өөрийнхөө сорилтыг, ‘махан биед минь өргөс өгөгдсөн … нь намайг өөрийгөө хэт дөвийлгөхгүйн тулд намайг нударгалах Сатаны элч ажээ’ [2 Коринт 12:7] гэж тайлбарлажээ.

Хатгадаг, биед наалддаг, өвтгөдөг өргөснүүд нь ач холбогдол, найдвараа булаалгасан мэт санах тэдний амьдралыг өөрчилдөг. Энэ өөрчлөлт ихэнхдээ харгис болоод хатуу мэт санагдах цэвэршүүлэх үйл явцаар дамжин ирдэг юм. Энэ л арга замаар бодгаль нь итгэл, ашигт байдал, гоо үзэсгэлэн болон хүч тамирыг бүтээгч Эзэний гар дахь зөөлөн шавар мэт болно. Заримд нь цэвэршүүлэгчийн гал итгэл үнэмшил хийгээд Бурханд итгэх итгэлээ алдахад хүргэдэг бол мөнхийн төлөвтэй хүмүүс ийм цэвэршүүлэлт төгөлдөржих үйл явцын нэг хэсэг гэдгийг ойлгодог. …

… Зовлон зүдгүүр, саад тотгор нь шинэ болон төрөхийн бэлтгэл юм” (“Refined in Our Trials,” Ensign, 2006 оны 2-р сар, 4).

Соёлын зэлүүд нутагт итгэлтэй хэвээр үлдэх нь

Ахлагч Нийл А.Максвелл өнөөдрийн дэлхий дэх бидний хувийн аяллын нэг хэсэг болсон саад тотгорыг хүлээн зөвшөөрөхдөө:

Зураг
Ахлагч Нийл А.Максвэлл

“Хэрэв бид итгэлтэй байвал зэлүүд нутагт аялж байхдаа саад тотгоруудыг туулж байсных нь төлөө бидний бахдан шагшдаг анхдагчид болон өвөг дээдэс маань итгэлээ хэвээр хадгалан гуниг цөхрөлийн цөл дундуур амжилттай гарч мөн соёлоос хол зэлүүд нутгийг дайран гарсных нь төлөө өнөөгийн итгэлтэй хүмүүсийг магтах өдөр ирнэ” гэсэн (If Thou Endure It Well [1996], 28).