Семинар
57-р хичээл: Сургаал ба Гэрээ 50


57-р хичээл

Сургаал ба Гэрээ 50

Оршил

Иосеф Смит Огайогийн Көртландад ирээд зарим гэгээнтний дунд “зарим хачирхалтай үзэл санаа болон хуурамч сүнснүүд шурган орсон”-ыг ажиглажээ. Тэрээр эдгээр зүйлийг даван гарахын тулд “болгоомж хийгээд мэргэн ухаан”-аар зааж эхлэв (History of the Church, 1:146-г үзнэ үү). Ахлагч Парлей П.Пратт номлолоосоо буцаж ирээд, Көртландын гаднах Сүмийн салбаруудад бас адил зүйлийг олж харсан байна. Тэр бусад ахлагчдын хамтаар удирдамж авахаар Иосеф Смит дээр ирэв (History of the Church, 1:170-ыг үзнэ үү). 1831 оны 5-р сард, бошиглогч Их Эзэнээс асууж, Сургаал ба Гэрээ 50-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлтээр, Их Эзэн гэгээнтнүүдэд сайн мэдээг үнэний Сүнсээр зааж мөн хүлээн авахыг зааварлав.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 50:1–9

Их Эзэн Сүмийн ахлагчдыг хуурамч сүнснүүдээс сэрэмжлүүлэв

Сүмийн зарим гишүүн сандал дээр зогсож мөн чанга ярих үед зарим нь шалан дээр өнхрөн байгаа ариун ёслолын цуглаан дээр сууж байна гэж төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс.

  • Та нарт ямар санагдах вэ? Ийм нөхцөлд Сүнсэнд юу тохиолдох болно гэж та нар бодож байна вэ? (Энэ ярилцлага нь хүмүүс нь ийм үйл ажиллагаанд оролцдог шашныг шүүмжилж байгаа хэрэг биш гэдгийг тэдэнд хэл.)

Иосеф Смит Көртландад анх ирээд, гэгээнтнүүдийн зарим нь удирдлага султай байсан үедээ хууртагдан мэхлэгдэж байсныг харжээ. Үүний үр дүнд, тэдний дунд “зарим хачирхалтай үзэл санаа болон хуурамч сүнснүүд шурган орсон юм” (History of the Church, 1:146). Көртланд хавиар байсан шинэ гишүүд шашны цуглаанууддаа хачирхалтай, чанга дуутай, будилам үйл ажиллагаануудыг танилцуулсан байв. Эдгээр үйл ажиллагаа хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байсан ч сэнхрүүлээгүй юм. Сүмийн ахлагчдын зарим нь юу болоод байгааг ойлгосонгүй, тиймээс тэд бошиглогчоос зөвлөгөө хүсэв. Тэр Их Эзэнээс асууж, гэгээнтнүүдийг сайн мэдээний үнэнүүдийг зааж мөн суралцах үед, тэдэнд бие биенээ сэнхрүүлэхэд туслах нэгэн илчлэлт хүлээн авсан юм.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 50:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, гэгээнтнүүдийн дундах энэ нөлөөний эх сурвалжийг олж мэдэхийг хүс.

  • Энэ нөлөөний эх сурвалж юу байсан бэ?

  • 3-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Сатан яагаад гэгээнтнүүдийг хуурч мэхлэхийг хүссэн бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 50:4–9-ийг дотроо уншиж, Огайо дахь Сүмийн гишүүдийн дунд байсан зарим хүний талаар Их Эзэн юу гэж сэрэмжлүүлснийг олж мэдэхийг хүс.

  • Энэ үед байсан Сүмийн зарим гишүүнийг дүрслэн хэлэхдээ Их Эзэн ямар үгсийг ашигласан бэ?

  • Хоёр нүүртэн гэж юу вэ? Хоёр нүүртэн нь дайсанд хэрхэн хүч өгдөг вэ?

  • Хоёр нүүртнүүдэд юу тохиолдох болно хэмээн Их Эзэн хэлсэн бэ? (С ба Г 50:6, 8-ыг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 50:10–36

Санваартнууд хэрхэн Сүнсээр зааж мөн суралцах талаар заавар хүлээн авав

Дараах асуултуудыг самбар дээр бич.

Сайн мэдээний үр дүнтэй багш байхад юу шаардагдах вэ?

Сайн мэдээний үр дүнтэй суралцагч байхад юу шаардагдах вэ?

Суралцагчдыг эдгээр асуултад хариулахад урь. Самбар дээр асуулт бүрийн доор гол санаануудыг бичнэ үү. Дараа нь ангийнхныг хоёр бүлэг болгон хуваарил. Нэг бүлгийг Сургаал ба Гэрээ 50:13–20-ийг дотроо уншин, эхний асуултын хариултуудыг олж мэдэхэд урь. Нөгөө бүлгийг Сургаал ба Гэрээ 50:13–20-ийг дотроо уншин, хоёр дахь асуултын хариултуудыг олж мэдэхэд урь. Тэдэнд хангалттай хугацаа өгсний дараа хэдэн суралцагчийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Эдгээр шүлэгт сайн мэдээг заах ба суралцах ямар шаардлага давтагдаж байна вэ? (Сүнстэй байх хэрэгцээ.)

  • Сургаал ба Гэрээ 50:14-т Ариун Сүнсний ямар үүргүүд дурдагдсан бэ? (Суралцагчид Ариун Сүнс бол Тайтгаруулагч бөгөөд Ариун Сүнс үнэнийг заадаг гэдгийг илэрхийлж хэлэх хэрэгтэй.)

  • Сайн мэдээг “Сүнсээр” заана гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (C ба Г 50:14). “Бусад арга замаар” заах гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (C ба Г 50:17).

Суралцагчдаас сайн мэдээг зааж болох боломжуудаа бодож үзэхийг хүс. Тэд гэртээ, найзууддаа, семинар болон сүм дээр эсвэл гэрийн багшлалт хийхдээ зааж болох талаар бодож болно. Цөөн суралцагчаас сайн мэдээг зааж байхдаа эсвэл гэрчлэлээ хуваалцаж байхдаа Сүнсний удирдамжийг мэдэрч байсан туршлагуудаасаа хуваалцахыг хүс.

  • “[Үнэний үгийг] үнэний Сүнсээр хүлээн авах” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (C ба Г 50:19). “Бусад арга замаар” хүлээн авах гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (C ба Г 50:19).

  • Сайн мэдээ Сүнсээр заагдаж байгаа үед үүнийг илүү сайн хүлээн авахын тулд та нар юу хийж чадах вэ?

Нэг суралцагчийг Далын ахлагч Жак Х.Гөүслиндийн хэлсэн дараах түүхийг чанга уншихад урь. Бид үнэний үгийг Сүнсээр хэрхэн илүү сайн хүлээн авч чадах талаар ойлголтуудыг олж сонсохыг ангийнхнаас хүс.

Зураг
Ахлагч Жак Х.Гөүслинд

“Та нарын хэд нь ариун ёслолын цуглааны үеэр ‘уйдсан байдалтай’ сууж байсан бэ? Яаж суудгийг та нар мэдэж байгаа: бүсэлхийгээрээ урагш тонгойгоод, гараа эрүүндээ тулан, тохойгоо өвдөг дээрээ тавиад, шал руу хоосон ширтдэг шүү дээ. Уг цуглаан сонирхолтой байх эсэх нь таны сонголт байдаг гэж танд бодогдож байсан уу?

Ерөнхийлөгч Спэнсэр В. Кимбалл сүсэг бишрэл нь ‘хувь хүний хариуцлага, индэр дээрээс юу хэлэгдэж байгаа нь хамаагүй, хэрвээ уг хүн Их Эзэнийг сүнсээр мөн үнэнээр бишрэхийг хүсэх юм бол, тэгж чадна. … Хэрвээ уг цуглаан таны сэтгэлд хүрээгүй бол, та өөрөө хийх ёстой зүйлээ хийгээгүй гэсэн үг. Хэн ч таны өмнөөс сүсэглэн биширч чадахгүй; та өөрөө Их Эзэнд хандан хүлээх хэрэгтэй’ хэмээн хэлсэн юм. (Ensign, 1978 оны 1-р сар, х. 5.)

Өсвөр үеийн нэгэн хөвгүүн сүсэг бишрэлийн сүнсийг анх удаа хэрхэн мэдэрснээ дүрсэлжээ. Тэр Аароны санваарын насаа тийм ч идэвхтэй байдлаар өнгөрөөгөөгүй байв. Тэр ариун ёслолын цуглаанд оролцохдоо, ихэвчлэн хэсэг найзтайгаа хойгуур суудаг байсан ба хүндэтгэл бишрэлийн жишээ болохооргүй байдаг байв. Гэхдээ нэг өдөр тэр бага зэрэг оройтож ирсэн учир найзуудынх нь хажууд суудал байхгүй байв. Тэр ганцаараа сууж, амьдралдаа анх удаа залбирлуудын үеэр нүдээ аньж, дууллуудыг дуулж, ариун ёслолын залбирлуудыг сонсож, үг хэлж байгаа хүмүүст анхаарлаа хандуулав. Эхний хүн үг хэлээд дундаа орж байхад, тэр нүдэнд нь нулимс цийлэгнэхийг анзаарав. Ичсэндээ тэр болгоомжтойгоор эргэн тойрноо харав; өөр хэний ч сэтгэл хөдөлж байгаа мэт харагдсангүй. Тэр өөрт нь юу тохиож байгааг мэдсэнгүй, гэхдээ уг явдал түүний амьдралыг өөрчилжээ. Яг тэр цуглаанаас эхлэн тэр номлолдоо сүнслэгээр бэлтгэж эхэлсэн байна. Тэр ямар нэгэн зүйлийг мэдэрсэн ба аз болоход тэр үүний дагуу үйлдсэнээр тэдгээр мэдрэмжийг хадгалж чаджээ” (“Yagottawanna,” Ensign, 1991 оны 5-р сар, 46).

Суралцагчдаас энэ түүхийн аль хэсэг нь тэдэнд таалагдсаныг хуваалцахыг хүс. Цөөн суралцагчийг хуваалцсаны дараа та тэднийг Сүнсээр сурах хүч чармайлтаа нэмэгдүүлэх нэг тодорхой арга замыг бичихийг санал болгож болно.

Суралцагчдаас тэд Сүнсээр зааж мөн суралцаж байгаа эсэхээ хэрхэн тодорхойлж болох талаар тунгаан бодохыг хүс. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 50:21–22-ыг чанга уншиж, ангийнхнаас үүнийг хэрхэн хийх талаар Их Эзэний өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс.

  • Биднийг Сүнсээр зааж мөн сурах үед юу тохиолддог вэ?

  • “Сэнхэрч мөн хамтдаа баясах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? Та нар үүнийг хэзээ мэдэрч байсан бэ?

  • Та нар Сургаал ба Гэрээ 50:13–22-т Их Эзэний заасан сургаалыг юу гэж нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид дараах зарчмыг тодорхойлох хэрэгтэй. Бид Сүнсээр зааж мөн суралцах үед бид бие биенээ ойлгож мөн хамтдаа сэнхэрч мөн баясдаг. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 50:23–25-ыг дотроо уншихад урь. Хүмүүс Сүнсээр заах үед юу тохиодог болон “ямар нэг өөр замаар” (С ба Г 50:17) заах болон сурах үед юу тохиодог хоёрын хоорондох ялгааг олж мэдэхийг тэднээс хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Их Эзэн сэнхрүүлэхгүй заахыг юу гэж дүрсэлсэн бэ?

  • Их Эзэн “Бурханаас” заахыг хэрхэн дүрсэлсэн бэ? (C ба Г 50:24). Бид ийм заалтыг хүлээн авснаар хэрхэн адислагдах болно хэмээн Тэр хэлсэн бэ?

  • Эдгээр шүлэгт ямар сургаал заагдсан байна вэ? (Суралцагчид дараах сургаалыг тодорхойлох хэрэгтэй. Бурханаас ирж буй тэр нь гэгээрүүлж мөн сэнхрүүлдэг, харин Бурханаас ирээгүй тэр нь эргэлзээ болон харанхуйг авчирдаг. Энэ үнэнийг самбарт бич.)

  • Таны сонссон, харсан эсвэл мэдэрсэн ямар нэгэн зүйл нь Бурханаас биш гэдгийг та нар хэзээ мэдэрч байсан бэ? Үүнийг ялган танихад Сүнс танд хэрхэн тусалсан бэ?

Тэд өөрсдийнх нь итгэлийг устгах зорилготой захиасуудыг сонсож мөн харах болно гэдгийг суралцагчдад тайлбарла. Өнөөдөр тэдний суралцаж байгаа энэ зарчмууд нь эдгээр захиасын эсрэг тэднийг хүчирхэгжүүлж чадна. Сүнс танд ямар нэгэн захиас нь Бурханаас биш гэдгийг ялган танихад тусалж байсан үеийнхээ сэтгэгдлийг хуваалцаж болох юм.

Их Эзэн санваартнуудад, тэдний томилгоотой хамт ирдэг хүч болон үүрэг хариуцлагын талаар зөвлөсөн гэдгийг тайлбарлаж Сургаал ба Гэрээ 50:26–36-г дүгнэн ярьж өг. Тэрээр санваартнууд нь бусдад үйлчилж мөн өөрсдийгөө цэвэр ариун байлгах үүрэгтэй хэмээн хэлжээ. Тэд үүнийг хийснээр, Их Эзэн энэ илчлэлт өгөгдөх тэр үеийн зарим гэгээнтэнд байсан тэдгээртэй адил хуурамч сүнснүүдийг ялан дийлэх хүч чадлыг тэдэнд өгөх болно.

Сургаал ба Гэрээ 50:37–46

Их Эзэн гэгээнтнүүдийг ач ивээл болон үнэнд үргэлжлүүлэн өсөж хөгжихөд урамшуулан дэмжиж мөн Тэр тэдэнтэй хамт байгаагаа батлав

Гэр бүлийн залбирал (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], 112-р зургийг үзүүлнэ үү; мөн LDS.org вэбсайтыг үзнэ үү). Хамгийн бага хүү рүү зааж, дараах асуултуудыг тавь.

Зураг
Гэр бүлийн залбирал
  • Та нар энэ бяцхан хүүг том болоод бүрэн цагийн номлолд үйлчилж байна гэж төсөөлж чадах уу? Энэ зурган дээрх юу нь түүнийг үйлчлэхэд бэлэн байх болно гэдгийг харуулж байна вэ?

  • Их Эзэний бид бүгдэд зориулан төлөвлөсөн ажлыг авч үзвэл, бид энэ бяцхан хүүтэй юугаараа адил байна вэ?

Сургаал ба Гэрээ 50:37–40 нь энэ илчлэлтийг хүлээн авах үед тэнд байсан зарим ахлагчид өгсөн Их Эзэний зөвлөгөөг агуулдаг гэдгийг онцлон хэл. Нэг суралцагчийг 40-р шүлгийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэний эдгээр ахлагчид өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс.

  • 40-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн эдгээр санваартныг яагаад “бяцхан хүүхдүүд” хэмээн дуудсан бэ? Бид ямар талаараа бяцхан хүүхдүүдтэй адилхан бэ?

  • “Ач ивээлд өсөх” гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? “Үнэний мэдлэгт” өсөх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

  • Аврагчийн биднийг хүлээн аваасай гэж хүсдэг адислалуудын талаар энэ шүлгээс бид юу сурч чадах вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох хэрэгтэй. Аврагч биднийг ач ивээл болон үнэний мэдлэгт өсөхийг хүсдэг.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 50:41–46-г чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэний эдгээр ахлагчид болон бидэнд хандан хэлсэн тайтгарлын үгс болон баталгааг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн “Та нар минийх болой” хэмээн хэлэх үед энэ нь та нарт ямар санагддаг вэ? “Бүү эмээ” гэсэн энэ баталгаа бидэнд хэрхэн тусалж чадах вэ? (C ба Г 50:41).

  • Энэ шүлэг дээрх өөр ямар амлалтууд та нарын хувьд ач холбогдолтой вэ?

Өнөөдөр хичээл дээр заагдсан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцаж хичээлээ дуусга. Суралцагчдыг илүү бүрэн дүүрнээр Сүнсээр зааж мөн сурахад урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 50. Бошиглогч Иосеф Смитийн энэ илчлэлтийг хүлээн авсан арга зам

Ахлагч Парлей П.Пратт, Иосеф Смит Сургаал ба Гэрээ 50-д одоо цэдэглэгдсэн байгаа энэ илчлэлтийг хэрхэн бичүүлж байсан талаар тодорхойлж бичжээ. Энэ нь бошиглогч илчлэлтүүдийг бичүүлдэг талаар бидэнд байгаа хамгийн дэлгэрэнгүй тайлбаруудын нэг юм. Ахлагч Пратт:

Зураг
Парлей П. Пратт

“Өгүүлбэр бүрийг жирийн бичээч ердийн үсгээр бичиж болохуйц хангалттай хугацаа өгч, өгүүлбэр бүрийн хооронд түр зогсолт хийж удаан, маш тод хэлж бичүүлдэг байв.

… Уг сэдвийг үргэлжлүүлэхийн тулд ямар ч эргэлзээ, хяналт эсвэл дахин унших шаардлага байдаггүй байв; … би хэдэн хуудас бүхий хэд хэдэн илчлэлт мэдүүлгийг хэлж бичүүлэх үед гэрчээр тэнд байсан билээ” (Autobiography of Parley P. Pratt, хянасан Бага Парлей П. Пратт [1938 он], 62) гэж хэлжээ.

Иосеф Смит илчлэлтүүдийг бичүүлснийхээ дараа үргэлж шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх удирдамж эрэлхийлэн бичигдсэн хувилбарыг нягталдаг байв.

Сургаал ба Гэрээ 50. “Хачирхалтай үзэл санаа хийгээд хуурамч сүнснүүд” гэгээнтнүүдийн дунд шурган орсон байв

1831 оны хавар Жон Витмер Көртландын гэгээнтнүүдийн дунд зарим “хачирхалтай үзэл санаа хийгээд хуурамч сүнснүүд” (History of the Church, 1:146) байсныг дүрсэлсэн юм.

Зураг
Жон Витмер

“Зарим нь үзэгдэл үзсэн ч юу харснаа хэлж чадахгүй, зарим нь өөрсдөө Лебений сэлмийг хүлээн авсан гэж хоосон төсөөлөлдөө автан [морин дээр байгаа цэрэг шиг] үүнийгээ эргүүлэн далайдаг, зарим нь хуйх хэрчин авч буй индиан шиг үйлдэл гаргаж, зарим нь сайн мэдээг номлож леменчүүд рүү завиар аялж байна гэж өөрсдийгөө нэрлэн могой мэт шалан дээр гулсаж, хөлбөрч байв. Мөн энд дурдах шаардлагагүй, ашиг тусгүй бусад олон хоосон хийгээд мунхаг үйл хөдлөлүүдийг хийж байв” (Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013 он], 305).

Сургаал ба Гэрээ 50:13–14, 17. Үнэний Сүнсээр заах нь

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс бид Сүнсээр заахын өмнө юу хийх ёстойг тайлбарлаж:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Бид судруудыг судлах хэрэгтэй. Бид амьд бошиглогчдын заавруудыг судлах ёстой. Бид өөрсдийгөө төлөөлөх болон ойлгуулах чадвартай болгохын тулд чадах бүх зүйлээ сурах ёстой. … Сүнсээр заахад нэн шаардлагатай зүйл бол бэлтгэл юм” гэж хэлсэн байна (“Teaching and Learning by the Spirit,” Ensign, 1997 оны 3-р сар, 10).

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Сүнсээр заахад бидэнд туслах ойлголт болон зааврыг өгсөн юм.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Сургаалын үнэнийг Ариун Сүнс баталсан үед энэ нь хүчтэй байдаг. …

Үнэн сургаалыг гажуудуулан заахаас болгоомжлон сэрэмжлэх ёстой учраас бидэнд Ариун Сүнс хэрэгтэй. Ариун Сүнс бол үнэний Сүнс юм. Бид таамаглахаас эсвэл хувийн санаа бодлоороо тайлбарлахаас зайлсхийснээр Ариун Сүнсний баталгааг урьж чадна. Ингэх нь хэцүү байж мэднэ. Та нөлөөлөхөөр хичээж байгаа хүнээ хайрла. Тэр хүн өмнө нь сонссон сургаалаа хайхраагүй байж мэднэ. Шинэ эсвэл дуулиантай ямар нэг зүйлийг оролдож үзэх нь сэтгэл татам байдаг. Гэхдээ бид зөвхөн үнэн сургаалыг заахад анхаарлаа хандуулснаар Ариун Сүнсийг хамтрагчаа болгон урьж чадна” (“Teaching True Doctrine,” Ensign, 2009 оны 4-р сар, 6).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт Сүнсээр заах болон өөрсдийн оюун ухаанаар заахын ялгааг дүрслэн хэлэхдээ:

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Би хэдэн жилийн өмнө Бүсийн ерөнхийлөгчийнхтэй төстэй томилолтоор Мексик болон Төв Америкт очсон байлаа. …

Нэг ням гаргийн өдөр … би нэг салбарын санваарын цуглаанд суув. Тэнд нэгэн даруухан, туршлагагүй Мексик санваарын удирдагч сайн мэдээний үнэнүүдийг заахаар хичээж байв. Энэ нь тэд түүний амьдралд хэр гүнзгий нөлөөлсөн нь илт байлаа. Би түүний эдгээр зарчмыг заахыг хүссэн чин хүсэл эрмэлзлийг нь олж харсан юм. Тэдгээр зарчим түүний хайрладаг ах нарын хувьд агуу их үнэ цэнтэй гэдгийг тэр ойлгосон байв. Тэр хичээлийн гарын авлагаас уншиж байсан ч, түүний байгаа байдал нь Аврагчийг болон зааж байгаа хүмүүсээ хайрласан цэвэр хайрыг харуулж байв. Тэр хайр, чин сэтгэл болон цэвэр ариун зорилго нь Ариун Сүнсний нөлөөнд өрөөг бүрхэх боломжийг олгосон юм. …

Дараа нь би гэр бүлийнхээ хамрагддаг тойргийнхоо ням гаргийн хичээлд суулаа. Нэгэн өндөр боловсролтой, их сургуулийн профессор хичээл заав. Энэхүү туршлага нь нөгөө салбарын санваарын цуглаанаас тэс ялгаатай байв. Энэ нь багш зориуд Иосеф Смитийн амьдралын талаарх сэдвийг буюу өөрт нь хуваарилагдсан сэдвийг баяжуулахаар тодорхой бус эшлэл, ер бусын жишээнүүдийг сонгосон мэт надад санагдсан. Тэр агуу мэдлэгээрээ ангийнхныг гайхшируулахын тулд заах боломжоо ашигласан юм шиг надад санагдаж байв. … Тэрээр даруухан санваарын удирдагч шиг, зарчмуудыг заахад санаа тавиагүй юм шиг санагдаж байв. …

… Мексик санваарын удирдагчийн даруу байдал нь үнэний сүнслэг харилцаанд зэмсэг болгон ашиглахад зайлшгүй шаардлагатай байсан юм” (“Helping Others to Be Spiritually Led” [СБС-ын шашны багш нарт хандан хэлсэн үг, 1998 оны 8-р сарын 11], 10–11, LDS.org).

Сургаал ба Гэрээ 50:19–20. Сүнсээр хүлээн авах нь

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Рубэн Кларк үг хэлэгч Сүнсээр зааж буй эсэхийг шийдэхэд бид чухал үүрэг гүйцэтгэдгийг:

Зураг
Ерөнхийлөгч Ж.Рүбэн Кларк

“Бид өөрсдөө ‘Ариун Сүнсээр удирдагдсан’ үедээ л үг хэлэгч нь ‘Ариун Сүнсээр удирдагдсан’ эсэхийг хэлж чадна.

Нэг талаас бодоход, ингэхээр тэдний удирдагдан ярих эсэхийг мэдэх нь тэднийх биш, бидний хариуцлага болдог юм” гэж хэлжээ (“When Are Church Leaders’ Words Entitled to Claim of Scripture?” Church News, 1954 оны 7-р сарын 31, 9).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин үр дүнтэй сурах суралцагчдын үүргийн талаар:

Зураг
Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Ангийн гишүүд судар унших даалгавраа хийж, уншихын хэрээр тэд ангидаа судруудаа авчирч, сайн мэдээ тэдний амьдралд үнэндээ ямар утга учиртайг ярилцахын хэрээр тэд хувийн асуудлууд болон бэрхшээлүүдээ шийдвэрлэхийг хичээх үедээ илүү их сүнслэг удирдамж, өсөлт ба баяр баясгаланг хүлээн авах болно” гэж хэлсэн юм (“Teaching by the Spirit,” Ensign, 1989 оны 1-р сар, 15).

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч А.Рожэр Мэррилл бидний Сүнсээр суралцах үндсэн хэрэгцээг тодорхойлохдоо:

Зураг
А. Рожэр Мэрил

“Сүнсээр хүлээн авах нь хэр чухал болох талаар би илүү сайн ойлгодог болсон. Бид ихэнхдээ Сүнсээр заахын ач холбогдолд зохих ёсоор анхаарлаа хандуулдаг. Гэхдээ Их Эзэн Сүнсээр хүлээн авах гэдэгт илүү агуу биш юм аа гэхэд эн тэнцүү ач холбогдлыг хүлээлгэсэн гэдгийг бид санах ёстой” гэж хэлжээ. (С ба Г 50:17–22-ыг үзнэ үү.) (“Receiving by the Spirit,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 93).

Далын ахлагч Жак Х.Гөүслинд, бид бүгд Сүнсээр сурах эсэхээ сонгох чадвартай байдгийг харуулахын тулд дараах түүхийг хуваалцсан юм.

Зураг
Ахлагч Жак Х.Гөүслинд

“Хэдэн жилийн өмнө би ерөнхийлөгч Дэвид О.Маккэйг ерөнхий чуулганы төгсгөлийн үг хэлэгчээр үг хэлэх үед ямар хандлагатай байснаа тайлбарласан нэгэн сайн ахын талаар сонсож байсан юм. Аагим халуун байсан бөгөөд энэ нь түүний оролцсон тав дахь хуралдаан байв. Тэр тагтан дээр сууж байсан бөгөөд түүний оюун бодол тэнүүчлэн байв. Тэрээр толгойгоороо арагшаа налан, амаа ангайн унтаж буй нэгэн хүн, дунд хавьд сууж байгааг ажиглажээ. Энэ нь хэрэв тэр өөрөө Табернеклийн дээвэр дээр байсан бол унтаж байгаа хүний ам руу агааржуулагчийн нүхнүүдийн нэгээр нь гуурсаар цаас үлээн оруулж болох юм байна гэсэн бодлыг түүнд төрүүлэв. Ямар гайхалтай бодол вэ! Тэр хурлын дараа, тэр ерөнхийлөгч Маккэйг үг хэлэх үеэр төрсөн мэдрэмжийнхээ талаар ярилцаж байгаа хоёр хүнийг ярихыг сонсжээ. Тэд сонссон зүйлдээ сэтгэл догдолсон нь илт харагдаж байв. Тэр дотроо, эдгээр хоёр ах гайхалтай сүнслэг туршлага авсан байна, харин би юу хийж байсан бэ? гэж өөрөөсөө асуув. Таазнаас цаас үлээх талаар бодож байсан шүү дээ!” (“Yagottawanna,” Ensign,1991 оны 5-р сар, 46).