Семинар
52-р хичээл: Сургаал ба Гэрээ 45:16–59


52-р хичээл

Сургаал ба Гэрээ 45:16–59

Оршил

Библи ба Мормоны Ном нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх нөхцөл байдлууд болон үйл явдлуудын талаар бошиглодог. Сүм, Нью-Йоркоос Огайо руу нүүсний дараахан Иосеф Смит Сургаал ба Гэрээ 45-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан юм. Уг илчлэлтийн энэ хичээлээр үзэх хэсэгт Аврагч Өөрийн Хоёр дахь ирэлтийн өмнөх цаг үеийн талаар тодорхой зүйлүүд ярив. Тэр Чидуны уулан дээр шавь нартаа заасан үнэнүүдийг илүү дэлгэрэнгүй ярив (Матай 24-ийг үзнэ үү).

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 45:16–46

Аврагч Өөрийнхөө Хоёр дахь ирэлтийн өмнө болох тэмдгүүдийг илчлэв

Энэ хичээлийг эхлэхдээ дараах асуултыг тавь.

  • Бороо орох гэж байгааг та нар хэрхэн мэдэж чадах вэ?

Хэзээ бороо орохыг мэдэхэд бидэнд тусалдаг үзүүлэлтүүд байдаг шиг, Есүс Христийн Хоёр дахь ирэлт хэзээ болохыг мэдэхэд бидэнд туслах үзүүлэлтүүд буюу тэмдгүүд бас байдаг гэдгийг тайлбарла.

Дараах үгсийг самбар дээр бич. Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд.

Сургаал ба Гэрээ 45-д илчлэгдсэн илчлэлт дээр Их Эзэн Өөрийнх нь Хоёр дахь ирэлт дөхөж буйг бидэнд сэрэмжлүүлэх зарим тэмдгийг дүрсэлсэн.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 45:16–17-г дотроо уншиж, Их Эзэний шавь нарын Түүнээс асуусан зүйлийг болон Тэр тэдэнд юу үзүүлэх болно хэмээн хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Шавь нар нь Их Эзэнийг юуны талаар заахыг хүссэн бэ?

  • Их Эзэн шавь нартаа юуг үзүүлнэ хэмээн хэлсэн бэ? (Гэтэлгэлийн өдөр хэрхэн ирэхийг мөн тараагдсан Израил хэрхэн сэргээгдэхийг.)

Аврагч Хоёр дахь ирэлтийнх нь өмнө тохионо хэмээн хэлсэн тэмдгүүдийг тодорхойлоход суралцагчдад туслахын тулд дараах эшлэлүүдийг самбар дээр бич.

С ба Г 45:18–24

С ба Г 45:25–27

C ба Г 45:28–31, 33

С ба Г 45:40–43

Суралцагчдыг хоёр хоёроор хуваарилж, хос бүрд самбар дээрх судрын хэсгүүдийг нэг нэгээр оноож өг. Тэднийг эдгээр шүлгийг хамтдаа уншиж, эдгээр шүлэгт дурдагдсан тэмдгүүдийг олж мэдэхийг хүс. Тэднийг эхлэхээс өмнө зарим тэмдэг аль хэдийн биелэгдсэн гэдгийг онцлон хэлж болно.

Хангалттай цаг өгсний дараа хос бүрийг олсон зүйлсээ ангийнхантайгаа хуваалцахыг хүс. Нэг суралцагчийг самбар дээрх “Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд” гэсэн гарчгийн доор тэдний хэлсэн хариултыг бичихэд урь. Шаардлагатай бол бошиглолуудыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах хоёр догол мөрөнд байгаа мэдээллийг ашигла.

Сургаал ба Гэрээ 45:18–24-өөс бид аль хэдийн биелэгдсэн бошиглолуудын талаар уншдаг. Эдгээр шүлэгт бошиглогдсон үйл явдлууд нь Аврагчийн үхэл ба Амилуулалтын дараахан тохиолдсон. 20-р шүлэгт Иерусалимд Агуу Херод хааны бариулсан ариун сүмийг хэлж байгааг анхаар. Үүнийг МЭ 70 оны үед ромчууд устгасан байдаг.

Сургаал ба Гэрээ 45:25–46-аас бид, Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө энэ эринд биелэгдэх бошиглолуудыг уншдаг. Энэ шүлэгт гарсан “харийнханы цаг” гэдэг нь (С ба Г 45:25, 28, 30) хожмын өдрүүдэд сайн мэдээ харийнханд эхлээд номлогдож байгааг хэлж байгаа юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки заахдаа, Иосеф Смит “харийн хүн байсан ба энэ нь тэр иудей үндэстэн биш байсан бөгөөд харь үндэстний хүн байсан гэсэн үг юм. … Сайн мэдээ нь хожмын өдрүүдэд үнэхээр харийнханы цагт ирсэн бөгөөд энэ нь харийнханы бүрэн байдал иртэл иудейчүүд рүү их хэмжээгээр явахгүй (С ба Г 45:28–30)” хэмээн заажээ. (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966 он], 311).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 45:34-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Есүс Христ Хоёр дахь ирэлтийнхээ тэмдгүүдийн тухай Өөртэй нь хамт байсан шавь нартаа хэлэх үед тэдэнд ямар санагдаж байсныг олж мэдэхийг хүс.

  • Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийн талаар бодоход та нарт ямар санагддаг вэ?

Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийн талаар суралцах нь таамаглал, айдас эсвэл санаа зовнилгүйгээр амьдрахад бидэнд тусалж чадна. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 45:35–38-ыг дотроо уншиж, Их Эзэн эдгээр тэмдгийг өгсөн шалтгааныг олж мэдэхийг хүс. (Суралцагчдыг уншиж эхлэхийн өмнө та Израилд инжир мод хавар хамгийн сүүлд буюу улирлын эцэст нахиалдаг гэдгийг тайлбарлаж болно.)

  • “Цаг ойрхон байгаа”-г буюу Хоёр дахь ирэлт дөхөж байгааг таньж мэдэх боломжтой байх нь яагаад чухал вэ?

Самбар дээр Сургаал ба Гэрээ 45:32, 39 гэж бич. Суралцагчдаас эдгээр шүлгийг хамтрагчийнхаа хамт уншиж, Түүний ирэлтэд бэлэн байхын тулд Есүс Христийн дагалдагчдын хийх зүйлсийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэний ирэлтэд бэлтгэхийн тулд бид юу хийж чадах вэ?

Дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич. Хэрэв бид ариун газруудад зогсож, тэмдгүүдийг ажиглавал … байх болно

  • Одоог хүртэл сурсан зүйл дээрээ тулгуурлан та нар энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээх вэ? (Дараах өгүүлбэр нь суралцагчид уг зарчмыг гүйцээж болох нэг арга зам юм. Хэрэв бид ариун газруудад зогсож, тэмдгүүдийг ажиглавал Хоёр дахь ирэлтэд бэлэн байх болно. Самбар дээр зарчмыг гүйцээж бич.)

  • Есүс Христийн дагалдагч хэрхэн “ариун газруудад” зогсож чадна гэж та нар бодож байна вэ? “Ариун газрууд” гэж боддог ямар газрууд таны амьдралд байдаг вэ?

Суралцагчдад ариун газруудад зогсох талаар ойлголтоо нэмэгдүүлэхэд нь туслахын тулд нэг суралцагчийг дараах хэлсэн үгийг чанга уншихад урь. Ангийнхныг ариун газруудад зогсох нь юу гэсэн утгатай үг болохыг олж сонсоход урь.

“‘Ариун газрууд’ гэдэг нь хүн хаана амьдарч байгаагаасаа илүү хэрхэн амьдарч байгаатай илүү холбоотой байдаг. Хэрэв бид Ариун Сүнсний байнгын нөхөрлөлтэй байхуйц зохистой амьдардаг бол ариун газарт байгаа нь тэр. … Ариун газар нь хэн нэгэн Бурханы Сүнсийг мэдэрч болох ямар ч газар байж болох юм” (Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 196).

  • Бид дэлхийн ёсон бусаар хүрээлүүлсэн байгаа үед хэрхэн ариун газруудад зогсож чадах вэ?

Хоёр дахь ирэлт нэртэй зургийг үзүүлэх талаар бодож үз (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 66; мөн LDS.org вэбсайтыг үзнэ үү). Аврагчийн ирэлтэд бэлтгэлтэй тэдгээр нь Түүнийг алдар суундаа ирэхийг харах болно гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 45:44–46-г дүгнэн ярьж өг. Түүний ирэлтийн өмнө булшиндаа нойрссон тэд Түүнийг угтахаар амилуулагдан, босох болно. Мөн дэлхий дээр амьд байгаа гэгээнтнүүд нь Түүнийг угтахаар дээш аваачигдах болно (С ба Г 88:96–98-ыг үзнэ үү).

Зураг
Хоёр дахь ирэлт

Сургаал ба Гэрээ 45:47–59

Аврагч Өөрийнх нь Хоёр дахь ирэлтийн дагалдах тэмдгүүд болон гайхамшгуудыг илчлэв

Библийн газрын зургийн хэсэг дээрх Газрын зураг 1-ийг (“Physical Map of the Holy Land”) үзүүл эсвэл үүнийг гаргахад суралцагчдыг урь. Иерусалимын ойролцоох Чидуны уулыг зааж, Сургаал ба Гэрээ 45:48 нь Израил дахь энэ чухал газрыг дурдаж байгааг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 45:48-ыг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг гүйлгэн харж, Аврагчийг эргэн ирэхэд энэ уул болон дэлхийд юу тохиолдохыг олж мэдэхийг хүс.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 45:49–50-ийг уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Хоёр дахь ирэлтэд тохиох өөр зүйлүүдийг хайж олохыг хүс.

  • Хоёр дахь ирэлтээр дэлхийн үндэстнүүдэд юу тохиолдох вэ?

  • “Шоолох тэд” гэдэг нь хэнийг хэлж байгаа гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 45:51–53-ыг дотроо уншиж, Их Эзэнийг Чидуны ууланд ирэхэд иудейчүүд хэрхэн хандахыг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэнийг эргэн ирэхэд иудейчүүд яагаад уйлах вэ?

Суралцагчдад Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэж болох нэмэлт арга замуудыг ойлгоход нь туслахын тулд Арван охины сургаалт зүйрлэл зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 53; бас LDS.org вэбсайтыг үзнэ үү). Суралцагчдаас арван охины сургаалт зүйрлэлийг ярьж өгөх хүн байгаа эсэхийг асуу. Шаардлагатай бол, нэг суралцагчийг Матай 25:1–13-аас энэ сургаалт зүйрлэлийг чанга уншихад урь.

Зураг
Арван охины тухай сургаалт зүйрлэл
  • Охидын тав нь ямар байдлаар ухаалаг байсан бэ?

  • Энэ сургаалт зүйрлэл Аврагчийн Хоёр дахь ирэлттэй хэрхэн холбогдож байна вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 45:56–57-г дотроо уншиж, арван охины сургаалт зүйрлэл хэрхэн гүйцэлдэхийг олж мэдэхийг хүс.

  • Хоёр дахь ирэлтээр энэ сургаалт зүйрлэл хэрхэн гүйцэлдэх вэ?

Суралцагчдад арван охины сургаалт зүйрлэлийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг уншихад урь. Арван охин юуг төлөөлж байгааг олж сонсохыг ангийнхнаас хүс.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Энэ сургаалт зүйрлэлийн захиас аймшигтай билээ. Арван онгон охин Сүмийн гишүүдийг төлөөлж байгаа нь тодорхой юм. Учир нь тэд бүгд хуримын найранд уригдсан байсан ба тэд бүгд сүйт залууг ирэхэд оруулах шаардлагуудыг мэдэж байсан юм. Гэвч түүнийг ирэхэд зөвхөн хагас нь л бэлэн байв“ гэжээ (“Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь,“ Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 8).

  • 57-р шүлгийн дагуу, бид Их Эзэний ирэлтэд бэлтгэлтэй байхын тулд юу хийх ёстой вэ? (Суралцагчид дараах зарчмыг тодорхойлж гаргах хэрэгтэй. Хэрэв бид үнэнийг хүлээн авч, Ариун Сүнсийг өөрсдийнхөө хөтөч болговол, Аврагчийн Хоёр дахь ирэлтийг тэсэн гарах болно. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдыг самбар дээрх зарчмын талаар бодоход бас үнэнийг хүлээн авсан эсвэл Ариун Сүнсийг дагасан үеүдээ тунгаан бодоход урь. Цөөн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь.

  • Үнэнийг хүлээн авсан болон Ариун Сүнсийг дагасан туршлагууд тань Их Эзэний Хоёр дахь ирэлтээр Түүнийг угтахдаа бэлтгэлтэй байхад та нарт хэрхэн тусалж чадна гэж бодож байна вэ?

Суралцагчдыг Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нь тэдэнд туслах зорилго тавихдаа самбар дээр бичигдсэн зарчмуудыг ашиглахад урь.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 45:55, 58–59-ийг дотроо уншиж, Хоёр дахь ирэлтийн өдөрт бэлтгэдэг мөн тэр өдрийг тэсэж гарах тэдэнд ирэх өөр адислалуудыг олж мэдэхийг хүс. Олж мэдсэн зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр хэцүү цаг үед Сүнстэй хамт байхын ач холбогдлыг онцлон хэлснийг тайлбарла. Нэг суралцагчийг дараах хэлсэн үгийг чанга уншиж, ангийнхныг ерөнхийлөгч Пакэр Хоёр дахь ирэлт болохын өмнөх цаг үед амьдарч байгаа талаараа бид ямар бодол сэтгэгдэлтэй байна гэж хэлснийг олж сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Өнөөдөр бид бэрхшээлээр дүүрэн цаг үед амьдарч байна. Бид илүү сайн өдрүүдийн төлөө найдаж, залбирдаг. Харин энэ нь тохиохгүй. Бошиглолууд үүнийг бидэнд хэлдэг. Хүмүүс, гэр бүлүүд, хувь хүмүүсийн хувьд бид тохиох гай зовлонгуудаас ангид байна гэж байхгүй.

Бид ирээдүйгээс айж амьдрах хэрэггүй. Бидэнд баяр хөөртэй байх шалтгаан болгон байгаа, мөн айх шалтгаан маш бага байдаг. Хэрэв бид Сүнсний өдөөлтүүдийг дагавал ирээдүйд юу ч тохиолдсон бид аюулгүй байх болно. Бидэнд хийх хэрэгтэй зүйлсийг маань харуулах болно” (“The Cloven Tongues of Fire,” Ensign, 2000 оны 5-р сар, 8).

Энэ хичээлээс Хоёр дахь ирэлтийн талаар сурсан зүйлсээ хуваалцахыг суралцагчдаас хүс. Мөн та өөрийн бодол сэтгэгдлээс хуваалцаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 45. Хоёр дахь ирэлтийн тухай өгүүлэл

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Баллард (“When Shall These Things Be?”) “Эдгээр зүйл хэзээ болох вэ?” өгүүлэлдээ Хоёр дахь ирэлтийн үйл явдлуудын талаар бүх талын тоймыг танилцуулсан. Энэ өгүүллийг 1996 оны 12-р сарын Ensign-аас үзэж болно. Үүнийг LDS.org-оос үзэх боломжтой.

Сургаал ба Гэрээ 45:25–28. “Харийнханы цаг үеүд”

Арван хоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки тайлбарлахдаа:

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Харийнханы цаг үе бол сайн мэдээ харийнханд давуу байдлаар очих цаг буюу эрин үе, хэсэг хугацаа буюу жилүүд юм. Есүсийн өдрүүдэд сайн мэдээ эхлээд иудейчүүдийн хамаатан саданд очсон бөгөөд хожим нь л харийнханы чихэнд тунхаглагдсан. Өнөө үед энэ нь иудейчүүд биш—харин Израилын угсааны хүмүүс болох харийнханд сэргээгдсэн юм. Паулын ‘харь үндэстнүүд дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг нь хатуу сэтгэлтэй болжээ’ гэж хэлсэн шиг энэ нь одоо харийнханд эсвэл иудей биш үндэстэнд давуу байдлаар заагдаж байна. (Ром 11:25.)”

Сайн мэдээний сэргээлт нь харийнханы эрин үеийн төгсгөл болон иудейчүүдийн эрин үеийн ирэлтийн урьдчилсан шинж тэмдэг болдог. Бидний илчлэлтүүд Иерусалимын иудейчүүдын үлдэгсэд нь бүх үндэстний дунд тараагдсаны дараа мөн энэ үйл явдал тохиолдоод маш удаан хугацаа өнгөрч байна, үүний дараа ‘тэд дахин цуглуулагдах болно’ хэмээн өгүүлдэг. Гэсэн хэдий ч тэд ‘Харийнханы цаг гүйцэлдэх хүртэл’ тараагдсан байдалдаа үлдэх ёстой. … Мөн харийнханы цаг ирэхэд, харанхуйд суугч тэдний дунд гэрэл гийх болно, мөн энэ нь миний сайн мэдээний бүрэн байдал байх болно. Гэвч тэд [тараагдсан иудейчүүдийн олонх нь] үүнийг хүлээн авах нь үгүй; учир нь тэд гэрлийг хүртэх нь үгүй, мөн хүмүүний дүрмүүдийн улмаас тэд зүрх сэтгэлээ надаас буруулдаг. Мөн тэр эрин үед харийнханы цаг гүйцэлдэх болно.’ (С ба Г 45:24–29.) Иудейчүүд, тэдний цөөн хэд нь одоо сэргээгдсэн сайн мэдээнд итгэж эхэлж байгаа бөгөөд жинхэнэ Мессиад эргэн ирж байгаа нь нийтэд илэрхий. Харийнханы цаг удахгүй гүйцэлдэж, иудейчүүдийн цаг дахин ирэх болно” гэжээ (The Mortal Messiah: From Bethlehem to Calvary, 4 vols. [1979–1981 он], 1:97).

Сургаал ба Гэрээ 45:35–38. “Цаг ойрхон байна”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох үйл явдлууд хурдан болж өнгөрөх болно гэж тайлбарласан юм.

Зураг
Ахлагч Нийл А.Максвэлл

“Хоёр дахь ирэлт болтол хэр их хугацаа байна вэ? Тэнгэр элчүүд, мэдээлэл сайтай хүмүүс ч хүртэл энэ өдөр, эсвэл цаг (жилийн тухайд ч) хэзээ болохыг мэддэггүй, мэдээж бидний хэн нь ч мэдэхгүй. Гэсэн хэдий ч, бид нарийн зүйлүүдийг сайн мэдэхгүй байгаа ч, инжрийн модон дээрх навчсыг болон бошиглогдсон цаг үеийн тэмдгүүдийг ажиглаж чадна. Нэг талаар, хараахан тохиолдоогүй олон зүйл байгаа нь тодорхой бөгөөд эхлээд сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж тунхаглагдах болно (Матай 24:14-ийг үзнэ үү). Гэвч нөгөө талаар, олон үйл явдал богино хугацаанд гүйцэлдэж болно (жишээ нь, одоо хаалттай байгаа үндэстнүүдийн хаалга нээгдэх)” (That Ye May Believe [1992 он], 7).