Ерөнхий чуулган
Их Эзэн Есүс Христийг өөртөө өмс
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Их Эзэн Есүс Христийг өөртөө өмс

Гэрээнүүддээ үнэнч байснаар бид эдгээр гэрээтэй холбоотой амлагдсан олон адислалыг цутгах боломжийг Бурханд олгодог.

Бага хоёр хүүхдээ өсгөхдөө би хөгжилтэй, сонирхолтой бас түүхүүдэд нь бэлгэдэл орсон номууд байдгийг олж мэдэж билээ. Оройн цагаар хүүхдүүдтэйгээ хамт ном уншихдаа би номын зохиогчийн гүн гүнзгий зарчмуудыг, заримдаа бүр сайн мэдээний зарчмуудыг заахад ашигласан бэлгэдлүүдийг хүүхдүүддээ ойлгуулах дуртай байлаа.

Бага хүү маань өсвөр насанд хүрэхдээ дээрх зүйлсийг ойлгож эхэлж байгааг би мэдсэн. Тэрээр нэг шинэ ном эхлүүлээд өгүүлэх түүхийг нь сонирхон уншихыг хүссэн ч оюун бодолдоо уншсан бүх зүйлийнхээ гүн утга учрыг нь олохыг эрэлхийлж байв. Түүнд энэ нь ярвигтай байсан ч би дотроо баярлаж байлаа.

Есүс сургаалт үлгэр, бэлгэдлээр заадаг байсан.1 Гичийн үрээр дамжуулан итгэлийн хүчийг,2 алдагдсан хониор дамжуулан бодгалийн үнэ цэнийг,3 үрэлгэн хүүгээр дамжуулан Бурханы шинж чанарыг заасан.4 Түүний сургаалт зүйрлэлүүд “Сонсох чихтэй” хүмүүст гүн ойлголтыг заахад ашиглах бэлгэдлүүд байсан юм.5 Миний хүүхдүүддээ уншиж өгдөг байсан номуудыг уншсан олон хүн доторх гүн гүнзгий утга учрыг нь мэдээгүй өнгөрснөөр эдгээр түүхээс сурч авах маш их зүйлийг алдсан шиг сургаалт үлгэр дэх гүн ойлголтыг эрэлхийлдэггүй хүмүүс үүнийг ойлгохгүй.6

Бурхан Эцэг Өөрийн Төрсөн Ганц Хүүг бидний төлөө золиос болгон өргөхөд Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн маань биднийг гэх хэзээ ч хувиршгүй хайрын дээдийн дээд бэлгэдэл болсон билээ.7 Есүс Христ Бурханы Хурга болсон.8

Бидэнд Бурхантай гэрээт харилцаанд уригдан орох онцгой эрх ба адислал байдаг бөгөөд ингэснээр бидний амьдрал тэрхүү гэрээний бэлгэдэл болдог. Гэрээнүүд нь Бурхан биднийг урт удаан хугацаанд Аврагчтай илүү адил болгохоор хэвшүүлэн өөрчилдөг харилцааг үүсгэдэг бөгөөд биднийг Түүнд болон Эцэгт маань ойртуулж,9 эцэст нь биднийг Тэдний оршихуйд ороход бэлддэг.

Дэлхий дээрх хүн бүр Бурханы хайрт хүү, охин юм.10 Бид гэрээнд нэгдэхийг сонгосноор бидний Түүнтэй харилцах харилцаа өргөжиж, гүнзгийрдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бид Бурхантай гэрээ байгуулахыг сонговол бидний Түүнтэй харилцах харилцаа гэрээнд орохын өмнөхөөс хавьгүй илүү гүнзгийрдэг бөгөөд энэ нь Түүнд биднийг илүү их хайр, нигүүлслээр адислах боломжийг олгодог. Гэрээгээр ирдэг энэхүү хайрыг еврей хэлээр хэсэд гэдэг аж.11 Гэрээний зам гэдэг нь бидний Бурхантай харилцах харилцаа буюу бидний Түүнтэй харилцах хэсэд-ийг хэлнэ” гэж заасан.12

Эцэг маань Өөрийн бүх хөвгүүд, охидтой илүү гүнзгий харилцаатай байхыг хүсдэг13 ч энэ нь бидний сонголт юм. Бид Түүнд гэрээний харилцаагаар дамжуулан улам ойртохыг сонговол Тэр бидэнд ойртож,14 биднийг илүү бүрэн дүүрнээр адисалдаг.

Бидний хийдэг гэрээний нөхцөл ба үүргүүдийг Бурхан зааж өгдөг.15 Бид энэхүү харилцаанд орохыг сонгохдоо гэрээ бүрийн бэлгэдлийн үйлдлээр дамжуулан Түүний заасан нөхцөлүүдийг дагана гэдгээ Түүнд гэрчилдэг.16 Гэрээнүүддээ үнэнч байснаар бид эдгээр гэрээтэй холбоотой амлагдсан олон адислалыг цутгах боломжийг Бурханд олгодог.17 Тухайлбал: Өөрийгөө өөрчилж, Аврагчтайгаа илүү адил болох илүү их хүч үүнд багтдаг. Есүс Христ бидний байгуулдаг бүх гэрээний төвд байдаг ба Түүний цагаатгагч золиослолын улмаас гэрээний адислалууд боломжтой болсон юм.18

Усанд умбуулах баптисм нь бидний Бурхантай гэрээний харилцаанд ордог бэлгэдлийн хаалга юм. Усанд умбаж, уснаас гарч ирэх нь Аврагчийн үхлийг болон шинэ амьдралд амилсныг бэлгэддэг.19 Бид баптисм хүртсэнээр бид бэлгэдлээр үхэж, Христийн гэр бүлд дахин төрж, Түүний нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн гэдгээ харуулж буй явдал юм.20 Тэрхүү гэрээний бэлгэдлийн нэг нь бид өөрсдөө билээ. Шинэ Гэрээнээс бид “Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм”21 хэмээн уншдаг. Бид баптисмаараа дамжуулан Христийг бэлгэдлээр өмссөн.

Ариун ёслол ч бас Аврагч руу чиглүүлдэг. Христийн бие, бидний төлөө асгаруулсан цусны бэлгэдэл нь талх, ус болдог.22 Долоо хоног бүр Аврагчийг төлөөлж санваартан талх усыг түгээдэг нь Түүний Цагаатгалын бэлгийг бидэнд түгээж байгаагийн бэлгэдэл юм. Түүний бие, цусыг төлөөлсөн бэлгэдлийг бид идэж, уух нь Христ бидний нэг хэсэг болж байгааг бэлгэддэг.23 Бид долоо хоног бүр гэрээгээ шинэчлэхдээ Христийг дахин өмсдөг.24

Бид Их Эзэний өргөөнд Бурхантай гэрээ байгуулахдаа Түүнтэй харилцах харилцаагаа улам бүр гүнзгийрүүлдэг.25 Бидний ариун сүмд үйлддэг бүх зүйл бидэнд зориулсан Эцэгийн төлөвлөгөө рүү чиглэдэг бөгөөд үүний төвд Аврагч ба Түүний цагаатгагч золиослол байдаг.26 Бид зүрх сэтгэлээ нээж, цаадах утга учрыг нь залбиралтайгаар эрэлхийлбээс Их Эзэн бидэнд ёслол ба гэрээнүүдийн бэлгэдлийг ашиглан шат шатаар заах болно.27

Ариун сүмийн хишгийн ёслолын нэг хэсэгт бид ариун санваарын өмсгөлийг өмсөх эрхтэй болдог. Энэ нь ариун үүрэг ба ариун эрх юм.

Олон шашны уламжлалд хувь хүний Бурханд итгэх сүсэг бишрэл, үүрэг амлалтыг бэлгэдэн тусгай гадуур өмсгөл өмсдөг28 бөгөөд шүтэн бишрэх үйл ажиллагааг тэргүүлж буй хүмүүс ёслолын өмсгөл ихэвчлэн өмсдөг ажээ. Тэдгээр ариун өмсгөл нь өмсөж буй хүндээ гүн утга учиртай байдаг. Эрт цагт ариун сүмийн зан үйлтэй холбон ёслолын ариун өмсгөл өмсдөг байсан тухай бид судраас уншдаг.29

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд, Их Эзэний өргөөнд Бурхантай гэрээ байгуулахыг сонгосон бид эрт цагийн ариун сүмийн зан үйлд өмсдөг байсан хувцсыг бэлгэдэн ариун сүмд орохдоо ариун нандин ёслолын гадуур өмсгөлийг өмсдөг. Бид түүнчлэн ариун санваарын өмсгөлийг ариун сүмд шүтэн бишрэхэд болон өдөр тутмын амьдралдаа өмсдөг.30

Ариун санваарын өмсгөл нь гүн бэлгэдлийг агуулдаг ба Аврагч руу чиглүүлдэг. “Адам, Ева хоёр жимснээс хүртэж, Едений цэцэрлэгээс явах болоход тэдэнд халхавч болгож арьсан дээл хийж өмсгөсөн.31 Тэр арьсан дээлийг хийхийн тулд амьтан золиосолсон байх магадлалтай нь бидний төлөөх Аврагчийн золиосыг бэлгэддэг. Еврей хэлээр цагаатгалыг кафар гэх энгийн үгээр илэрхийлдэг бөгөөд үүний нэг утга нь “халхлах”32 гэсэн үг юм. Бидний ариун сүмийн өмсгөл бидэнд Аврагчийн болон Түүний Цагаатгалын адислалууд биднийг амьдралын маань туршид халхална гэдгийг сануулдаг. Бид ариун санваарын өмсгөлийг өдөр бүр өмссөнөөр тэрхүү сайхан бэлгэдэл бидний нэг хэсэг болдог.

Шинэ Гэрээний Ром номоос бид ийн уншдаг: Шөнө өнгөрч, өдөр ойртов. Тиймээс харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж, гэрлийн зэвсгүүдийг агсацгаая. … Их Эзэн Есүс Христийг өөртөө өмс.”33

Аврагчийн адислалууд, мөн Түүний хязгааргүй Цагаатгал намайг мөнх бус амьдралын минь туршид халхалж байдгийг сануулдаг ариун санваарын өмсгөлийг би өмсөх эрхтэй байгаадаа маш их талархдаг. Энэ нь бас намайг Их Эзэний өргөөнд Бурхантай байгуулсан гэрээгээ сахиснаар гэрлийн хуяг дуулга болох Христийг бэлгэдлээр өмсөж буй хэрэг гэдгийг сануулдаг. Тэрээр энэ дэлхий дээрх харанхуй болон бэрхшээл дундуур намайг хилэнцээс хамгаалах гэрэлт хуяг дуулга болж,34 надад хүч мөн илүү их чадавхыг өгч,35 миний гэрэл гэгээ, чиглүүлэгч болдог36 .

Ариун санваарын өмсгөл болон үүний Христтэй холбогдох холбоонд гүн утга учиртай бэлгэдэл байдаг. Ариун өмсгөлийг өмсөхөд бэлэн байх нь 37 Түүнд үзүүлэх миний бэлгэ тэмдэг болдог.38 Энэ бол бусдад биш Бурханд үзүүлэх бидний хувийн тэмдэг юм.39

Би Аврагч, Есүс Христэд маш их талархдаг.40 Бидний төлөө хийсэн Түүний цагаатгагч золиослол бидний хүн нэг бүрийг гэх Түүний болон Тэнгэр дэх Эцэгийн маань хязгааргүй хайрын хамгийн агуу бэлгэдэл болсон.41 Тэрхүү хайр ба золиослолын бодит бэлгэ тэмдэг болсон Аврагчийн гар, хөл мөн хажуу хавирган дээрх сорвинууд Түүнийг амилсны дараа ч үлдсэн байдаг.42

Ариун санваарын өмсгөлөө өмсөх зэрэг Бурханд хүлээсэн гэрээнүүд болон үүргүүдээ сахих үед миний амьдрал өөрөө Аврагч Есүс Христийг хайрлах хайр, сэтгэлийн гүнээс гарах талархал, Түүнийг өөртэйгөө үргэлж хамт байлгах хүслийн минь бэлгэдэл болж чадна.

Хэрэв та Их Эзэний өргөөнд Бурхантай гэрээ байгуулж, Түүнтэй харилцах илүү дээд түвшний харилцааг сонгож амжаагүй байгаа бол би танд тийн үйлдэх урилгыг өгч байна. Бошиглогчийнхоо үгийг судал (ихэнх чуулганы үгэнд байдаг зүүвэр тайлбар дахь гайхалтай сургаалыг нь судал). Тэр олон жилийн турш, ялангуяа Сүмийн ерөнхийлөгч болсноосоо хойш гэрээний тухай дахин дахин ярьсан. Бурхантай гэрээ хийж, сахиснаар та нарт ирэх гайхалтай адислал, нэмэлт хүч чадал, чадавхын талаар түүний заасныг суралцаарай.43

Ариун сүмийн гэрээнүүдийг хийхийн тулд номлолын дуудлага авсан эсвэл гэрлэсэн байх шаардлагагүй гэж Ерөнхий гарын авлага дээр гардаг.44 Аливаа хүн 18 нас хүрсэн байх ба ахлах сургууль эсвэл үүнтэй адилтгах сургуулиа төгссөн, Сүмийн гишүүн болоод хамгийн багадаа нэг жил болсон байх ёстой. Түүнчлэн хувийн ариун байдлын жишиг шаардлагатай байдаг.45 Хэрэв та нар Их Эзэний өргөөнд ариун гэрээ байгуулснаар Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй харилцах харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байвал би та бүхнийг бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө уулзаж, энэ хүслээ мэдэгдээрэй гэж урьж байна. Тэр танд эдгээр гэрээг хүлээн авч, хүндлэн сахихад хэрхэн бэлтгэхээ мэдэхэд чинь тусална.

Бурхантай харилцах гэрээт харилцаагаар дамжуулан бидний амьдрал Тэнгэр дэх Эцэгтээ өгөх үүрэг амлалт, бидний хэсэд,46 Түүнийг хайрлах гүн хайр, өсөж хөгжсөөр яваандаа Аврагч шигээ болж, нэгэн өдөр Тэдний оршихуйд ороход бэлэн байх бидний хүслийн амьд бэлгэдэл болж чадна. Тэрхүү гэрээт харилцаанаас ирэх агуу адислалууд нь асар үнэ цэнтэй гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.