Ерөнхий чуулган
Бос! Тэр чамайг дуудаж байна
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бос! Тэр чамайг дуудаж байна

Сайн мэдээ бол сорилт бэрхшээл, асуудлуудаас зугтаах зам биш харин тэдгээрт хэрхэн хандаж сурах, мөн итгэлээ нэмэгдүүлэх гарц шийдэл юм.

Нэг удаа би эхнэрээсээ “Бидний амьдралд миний мэдэхийн томоохон асуудлууд гарч байгаагүйн шалтгааныг чи юу гэж боддог вэ?” гэж асуусан юм.

Тэр над руу хараад, “Тэгэлгүй яах вэ. Бидний амьдралд яагаад томоохон асуудлууд гарч байгаагүй вэ гэвэл чи тэдгээрийг санахгүй байгаа болохоор шүү дээ!” гэсэн юм.

Түүний түргэн бас ухаалаг хариулт надад Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах нь өсөж хөгжихөд шаардлагатай зовлон шаналал, сорилт бэрхшээлийг амьдралаас алга болгодоггүй гэдгийг дахин ойлгуулсан.

Сайн мэдээ бол сорилт бэрхшээл, асуудлуудаас зугтаах зам биш харин тэдгээрт хэрхэн хандаж сурах, мөн итгэлээ нэмэгдүүлэх гарц шийдэл юм.

Би хэдэн сарын өмнө алхаж яваад гэнэт нүд маань бүрэлзэн, харанхуйлан, дайвалзах үед энэ үнэнийг өөрийн биеэр мэдэрсэн. Би айсан. Эмч нар надад: “Эмчилгээг даруй эхлүүлэхгүй л бол ердөө хэдэн долоо хоногийн дотор ч хараагүй болох магадлалтай” гэж хэлсэн. Би улам их айж балмагдсан.

“Нүд рүү нээлттэйгээр нь шууд тарьдаг эмчилгээг дөрвөн долоо хоног тутамд үлдсэн амьдралынхаа туршид хийлгэх хэрэгтэй” гэж тэд хэлэв.

Энэ бол туйлын тааламжгүй гэнэтийн мэдээ байлаа.

Тэгээд бодолд маань асуулт эргэлдэж эхлэв. Би өөрөөсөө: ”За! Миний нүдний хараа мууджээ. Харин сүнслэг хараа маань хэр байгаа билээ? Надад сүнслэг хараагаа эмчлэх шаардлага бий юү? Сүнслэг хараа сайн байх гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэх зэрэг асуултуудыг асууж эхэлсэн.

Би Маркийн сайн мэдээнд гардаг Бартимай нэртэй сохор эрийн түүхийг эргэцүүлэн бодсон. Сударт “Назарын Есүс явж байгааг тэр дуулаад —Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв”1 хэмээдэг.

Ерөнхийдөө олон хүний нүдэнд Есүс бол Иосефын хүү байсан атал яагаад Бартимай Түүнийг “Давидын хүү” хэмээн дуудсан юм бол? Учир нь тэр Есүс бол Давидын үр удамд төрнө хэмээн бошиглогдсон тэрхүү Мессиа гэдгийг мэдэж байв.2

Энэ сохор эр хараагүй атлаа Есүсийг таньсан нь тун сонирхолтой. Олон хүн Есүсийг нүдээр харсан хэр нь сүнсээрээ харалган байсан бол тэр эр харах нүдгүй ч сүнсээрээ таньж чаджээ.

Энэ түүхээс бид сүнслэг хурц хараатай байх талаар суралцдаг.

“Түүнийг дуугүй бай гэж олноороо зандарсан боловч тэр харин бүр —Давидын хүү, намайг өршөөгөөч гэж улам их хашхирсаар бай[сан]”3 тухай бид уншдаг.

Түүний эргэн тойронд байсан бүх хүн дуугүй байхыг шаардсан ч тэр Есүсийг үнэндээ хэн байсныг мэдэж байсан учраас улам их хашхирсан. Тэр тэдгээр дуу хоолойг үл тоон, улам чанга хашхирсан.

Тэр өөр дээрээ үйлдүүлэхийн оронд өөрөө үйлдсэн. Өөрийн хязгаарлагдмал нөхцөл байдлыг үл харгалзан тэр хязгаараа давахын тулд итгэлээ ашигласан.

Үүнээс бидний сурч болох эхний зарчим бол Бид Есүс Христ дээр төвлөрч, үнэн гэж мэддэг зүйлдээ үнэнч үлдсэнээр сүнслэг хараагаа хурц тод байлгаж чаддаг явдал юм.

Ах, эгч нар аа, сүнслэг хараагаа муутгахгүйн тулд бид эргэн тойрон дахь дэлхийн дуу хоолойг сонсохгүй байхыг сонгох хэрэгтэй. Эргэлзээ, тээнэгэлзээгээр дүүрэн энэ дэлхий ертөнцөд бид мэддэг зүйлсдээ, гэрээнүүддээ, зарлигуудыг сахихдаа үнэнч байж, итгэл үнэмшлээ батлан хэлэхдээ энэ сохор хүний адил, бүр илүү хүчирхэг байх ёстой. Бид Аврагчийн талаарх гэрчлэлээ дэлхийд илүү чангаар тунхаглах хэрэгтэй. Энэ хүн Есүсийг таньж, итгэсэн зүйлдээ үнэнч үлдэн, бусдын дуу хоолойд сатаараагүй.

Өнөө цаг үед олон дуу хоолой Есүс Христийн шавь нар болох бидний дуу хоолойг дарахыг хичээж байна. Дэлхийн дуу хоолой биднийг дуугүй байлгахыг хичээдэг ч бид ийм үед Аврагчийн тухай гэрчлэлээ чангаар, хүчтэйгээр тунхаглах ёстой юм. Тэдгээр бүх дуу хоолой дундаас Аврагч та, биднийг гэрчлэлээ тунхаглаж, дуугаа өргөж, Өөрийнх нь дуу хоолой болоосой хэмээн найдан хүлээдэг. Хэрэв бид үүнийг хийхгүй бол хэн Есүс Христийг гэрчлэх вэ? Хэн Түүний нэрийг дуудаж, хэн тэнгэрлэг ажлыг нь тунхаглах вэ?

Бид Есүс Христийн тухай мэдлэгээс ирдэг сүнслэг үүргийг хүлээдэг.

Бартимай дараа нь юу хийсэн бэ?

Аврагчийн бос гэсэн тушаалын дагуу тэр дахин итгэлээр үйлдсэн.

Сударт түүний талаар “Тэр гадуур хувцсаа хаяад, үсрэн босож Есүс уруу очив”4 гэж өгүүлдэг.

Энэхүү итгэлтэй, даруу эр Есүсийн тушаалаар илүү дээр амьдралын төлөө босож чадна гэдгээ ухаарч байсан. Тэр өөрийгөө байгаа нөхцөл байдлаасаа илүү нэгэн гэдгээ мэдэж байсан бөгөөд Есүсийг дуудмагц тэр хамгийн түрүүнд гуйлгачны нөмрөгөө тайлан шидсэн.

Тэрээр өөр дээрээ үйлдүүлэхийн оронд дахин өөрөө үйлдсэн.

Тэр: “Одоо амьдралд минь Есүс байгаа учир энэ надад хэрэг болохгүй. Өнөөдөр бол шинэ өдөр. Зовлонт амьдрал минь энэ хүрээд дууслаа. Есүсийн тусламжтайгаар Түүн дотор, Түүнтэй, Түүгээр дамжуулан би аз жаргалтай, баяр хөөртэй шинэ амьдралыг эхлүүлж чадна. Дэлхий намайг юу гэх нь надад хамаагүй. Есүс намайг дуудаж байна. Тэр надад шинэ амьдралаар амьдрахад тусална” гэж бодсон байх.

Ямар гайхамшигтай өөрчлөлт вэ!

Тэр гуйлгачны нөмрөгөө тайлан шидэхдээ, бүх шалтгаасаа салсан.

Хоёр дахь зарчим бол бид эгэл хүнээ орхиж, наманчилж, Христ дотор шинэ амьдралыг эхлүүлснээр сүнслэг хараагаа хурц байлгаж чадна.

Үүнийг Есүс Христээр дамжуулан илүү дээр амьдрал руу босож орохын тулд гэрээнүүдийг байгуулж, сахиснаар хийдэг.

Бид өөрсдийгөө, нөхцөл байдлаа, асуудлуудаа өрөвдөн, амьдралд маань тохиолддог бүх муу зүйлийг, тэр ч бүү хэл биднийг аз жаргалгүй болгодог гэж өөрсдийн боддог муу хүмүүсийг шалтгаанаа болгож харсаар байвал гуйлгачны нөмрөгийг мөрөн дээрээ нөмөрсөөр байна гэсэн үг юм. Заримдаа хүмүүс биднийг санаатай эсвэл санамсаргүйгээр гомдоодог нь үнэн. Гэхдээ бид аливаа шалтаг, нүглийг нуухын тулд нөмөрсөөр байж магадгүй сэтгэл зүйн эсвэл сэтгэл санааныхаа нөмрөгийг тайлж шидээд, Тэр биднийг эдгээж чадна гэсэн мэдлэгээр Есүс Христэд итгэн үйлдэх шийдвэр гаргах хэрэгтэй.

“Би азгүй бас таагүй нөхцөл байдлаасаа болоод ийм байгаа юм. Би түүнийгээ өөрчилж чадахгүй. Энэ бол миний буруу биш” гэж шалтаглах олигтой шалтгаан хэзээ ч байдаггүй.

Ийнхүү бодсоноор бид өөрсөд дээрээ үйлдүүлэхийг сонгодог.

Бид гуйлгачны нөмрөгийг үргэлжлүүлэн нөмөрдөг.

Итгэлээр үйлдэнэ гэдэг нь Аврагчид найдаж, Түүний Цагаатгалаар дамжуулан Түүний тушаалаар бид бүх зүйлээс өндийн босож чадна гэдэгт итгэх явдал юм.

Гурав дахь зарчим бол дээрх шүлгийн “[тэр] Есүс уруу очив” гэсэн сүүлийн дөрвөн үг юм.

Тэр сохор атлаа яаж Есүс рүү очсон бэ? Түүний хувьд Есүс рүү очих цорын ганц арга нь Түүний дуу хоолойг сонсоод Түүний зүг алхах байсан.

Тиймээс гурав дахь зарчим бол бид Их Эзэний дуу хоолойг сонсож, Түүнд биднийг удирдан чиглүүлэхийг зөвшөөрснөөр сүнслэг хараагаа хурц байлгаж чадна.

Энэ эр орчин тойрныхоо дуу чимээнээс илүү гарч дуугаа хадаасан шигээ бусад чимээн дундаас тэр Их Эзэний дуу хоолойг сонсох чадвартай байсан.

Энэ бол Петрт сүнслэг анхаарлаа Их Эзэнд төвлөрүүлж, эргэн тойрны салхинд сатааралгүйгээр усан дээгүүр алхах боломжийг олгосонтой ижил итгэл юм.

Сохор эрийн энэ түүх “тэр даруй дахин хараа орж, Есүсийг замд нь дагалаа”5 гэсэн үгсээр төгсдөг.

Энэ түүхээс сурч болох хамгийн чухал сургамжуудын нэг нь тэр Есүс Христэд итгэх жинхэнэ итгэлийг хэрэгжүүлж, үнэн хүсэлтэйгээр буюу Түүнийг дагах үнэн хүсэлтэйгээр асуусан учир гайхамшгийг хүлээн авсан.

Бидний амьдралдаа адислалууд хүлээн авдаг гол шалтгаан нь Есүс Христийг дагах явдал юм. Энэ нь Түүнийг таньж, Түүний улмаас Бурхантай гэрээ байгуулж, сахих, Түүгээр дамжуулан төрөлх шинж чанараа өөрчилж, Түүнийг дагаж эцсээ хүртэл тэвчих тухай юм.

Миний хувьд сүнслэг хурц хараатай байх гэдэг нь Есүс Христэд төвлөрөх явдал билээ.

Би нүдэндээ тарилга хийлгэж байгаа энэ үед сүнслэг хараа маань тод байна уу? Яг үнэндээ би мэдэхгүй. Гэхдээ би харж байгаа зүйлсдээ талархалтай байна.

Би Их Эзэний мутрыг амьдралдаа тод томруунаар хардаг.

Би хаа ч явсан миний итгэлийг хүчирхэгжүүлдэг олон хүний итгэлийг хардаг.

Би эргэн тойронд маань тэнгэр элч нар байгааг хардаг.

Өөрсдийн нүдээр Их Эзэнийг хараагүй ч Түүнийг сайн мэддэг учир сүнсээрээ таньдаг олон хүний итгэлийг би хардаг.

Есүс Христ бол бүх хүний хайдаг хариулт учир сайн мэдээ бүх зүйлийн хариулт гэдгийг би гэрчилж байна. Би Аврагчаа дагаснаар харж чаддаг тэдгээр зүйлд талархалтай байна.

Бид Их Эзэний дуу хоолойг сонсож, гэрээний зам дээр өөрсдийгөө Аврагчаар удирдуулбал насан туршдаа тод хараа, сүнслэг ойлголт, сэтгэл ба оюуны амар амгалангаар адислагдана гэдгийг амлаж байна.

Есүс Христийн тухай багыг биш, бүр улам ихийг сонсох хэрэгтэй байгаа энэ дэлхийд бид эргэн тойрондоо байгаа дуу хоолойнуудаас чангаар Түүний талаарх гэрчлэлээ тунхаглах болтугай. Магадгүй бид одоо ч гэсэн өмссөөр байгаа гуйлгачны нөмрөгөө тайлан шидээд, Христ дотор, Түүгээр дамжуулан илүү дээр амьдралаар амьдрахын тулд дэлхийгээс өндийн босох болтугай. Есүс Христийн дуу хоолойг сонсоод, Түүнийг дагахгүй байх бүх шалтгаас ангижирч, Түүнийг дагах сайн шалтгаан бүрийг олох болтугай. Энэ бол Есүс Христийн нэр дээр хэлэх миний залбирал юм, амен.