Ерөнхий чуулган
Тэр байдаг учир залбир
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Тэр байдаг учир залбир

Би та нарыг Тэнгэрлэг Эцэг байдгийг мэдэхийн тулд залбир, Түүнтэй адилхан болж өсөж хөгжихийн тулд залбир, Түүний хайрыг бусдад мэдрүүлэхийн тулд залбир хэмээн урьж байна.

Ах, эгч нар аа, би хүүхдүүдэд хандан ярих мэдрэмжийг даган үг хэлэх болсондоо баяртай байна!

Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд минь ээ, та нар дэлхийн хаана байгаагаас үл хамааран би нэг зүйлийг хуваалцмаар байна.

Тэнгэрлэг Эцэг маань та нарыг хайрладаг! Та нар бол Түүний хүүхдүүд. Тэр та нарын хэн болохыг мэддэг. Тэр та нарыг адислахыг хүсдэг. Би та нарыг Түүний хайрыг мэдрээсэй хэмээн чин зүрхнээсээ залбирч байна.

Та нар бэлэг авах дуртай юу? Тэнгэрлэг Эцэгийн та нарт туслахын тулд өгсөн маш онцгой нэгэн бэлгийн талаар би ярья. Энэ бол залбирлын бэлэг юм. Залбирал нь хэчнээн агуу адислал билээ! Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ хэзээ ч, хаана ч ярих боломжтой.

Зураг
Есүс хүүхдүүдтэй хамт байгаа нь

Есүс Христ энэ дэлхий дээр байхдаа бидэнд залбирахыг заасан. Тэр “Асуу, тэгвэл та нар хүлээн авах болно”1 хэмээн хэлсэн.

Та нар ямар бэлгийн төлөө залбирч болох вэ? Олон бэлгийн төлөө залбирч болох ч өнөөдөр би тэдгээрээс гурвыг нь хуваалцмаар байна.

  1. Мэдэхийн тулд залбир.

  2. Өсөж хөгжихийн тулд залбир.

  3. Мэдрүүлэхийн тулд залбир.

Энэ гурвыг тус бүрд нь авч үзэцгээе.

Нэгдүгээрт, мэдэхийн тулд залбир

Та нар юу мэдэх хэрэгтэй вэ?

Дэлхий даяарх Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийн дуулдаг залбирлын талаар нэгэн дуу байдаг. Энэ дуу асуултаар эхэлдэг. Та нар энэ нь ямар дуу гэдгийг мэдэх үү? Надад тийм их зүрх зориг байсан бол, та нарт дуулж өгөх байлаа!

“Тэнгэрлэг Эцэг, та тэнд байдаг уу? Та хүүхэд бүрийн залбирлыг сонсож, хариулдаг уу?”2

Та нар Тэнгэрлэг Эцэгийг харж чадахгүй атлаа үнэхээр байдаг гэдгийг нь хэрхэн мэдэж болох вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон та нарт: “Тэнгэрлэг Эцэгтээ зүрх сэтгэлээ уудал. … Тэгээд сонс!”3 хэмээх урилгыг өгсөн. Сэтгэлд чинь төрөх мэдрэмжүүд, оюунд чинь ирэх бодлуудыг сонс.4

Тэнгэрлэг Эцэг алдаршсан мах хийгээд ясан биетэй ба та нарын сүнсний Эцэг юм. Тэнгэрлэг Эцэгт бүх хүч байдаг мөн Тэрээр бүгдийг мэддэг тул Тэр бүх хүүхдээ харж чаддаг5 бөгөөд залбирал бүрийг сонсож, үүнд хариулж чадна. Та нар Түүнийг байдаг, Тэр та нарыг хайрладаг гэдгийг өөрсдөө мэдэж авах боломжтой.

Та нар Тэнгэрлэг Эцэг үнэхээр байдаг, та нарт хайртай гэдгийг мэдсэнээр эр зориг, итгэл найдвараар дүүрэн амьдарч чадна. “Тэр байдаг. Тэр чамайг сонсдог.”6

Та нар ганцаардаж байсан уу? Манай ач охин Ашли зургаан настай байхдаа, нэг өдөр сургуулийнхаа тоглоомын талбайд хамт тоглох нэг ч найзгүй ганцаархнаа байжээ. Тэнд зогсоод тэр өөрийгөө чухал биш, хэн ч намайг анзаардаггүй гэж бодож байтал нэгэн бодол толгойд нь тов тодорхой орж ирэв. “Байзаарай! Би ганцаараа биш! Христ дэргэд байгаа!” Ашли тоглоомын талбайн голд өвдөг дээрээ сөхрөн суугаад, гараа энгэртээ зөрүүлэн, Тэнгэрлэг Эцэгтээ залбирчээ. Түүнийг нүдээ нээх үед, түүний үеийн нэгэн охин хажууд нь зогсож байсан ба хамт тоглох уу гэж асуусан байна. “Бид Их Эзэнд чухал, яг үнэндээ бид хэзээ ч ганцаардахгүй” гэдгийг Ашли мэдэж авсан юм.

Заримдаа та нар амьдралд чинь яагаад хүнд хэцүү зүйл тохиож буйг, залбирч гуйсан адислалаа яагаад хүлээж аваагүйгээ мэдэхийг хүсэж магадгүй. Тэнгэрлэг Эцэгээс асууж болох хамгийн оновчтой асуулт бол ихэнхдээ яагаад? биш харин юу? юм.

Нифай, гэр бүлтэйгээ аглаг буйдад аялж яваад хоол, хүнсгүй болсон түүхийг санаж байна уу? Нифай, ах нарынхаа хамт ан агнахаар яваад нумаа хугалчихдаг. Гэхдээ тэр яагаад гэж асуугаагүй.

Зураг
Нифай хаанаас хүнс олохыг Лихайгаас асуудаг.

Нифай шинэ нум хийгээд, хааш явж хүнс залгуулахаа өөрийн эцэг Лихайгаас асуудаг. Лихай залбирахад Их Эзэн Нифайг хааш явах хэрэгтэйг тэдэнд үзүүлсэн.7 Та нар Тэнгэрлэг Эцэгээс юу хийж чадах, юу сурч болохоо асуух үед Тэр та нарыг чиглүүлэх болно.

Хоёрдугаарт, өсөж хөгжихийн тулд залбир.

Тэнгэрлэг Эцэг өсөж хөгжихөд чинь туслахыг хүсдэг. Тэр бидэнд үнэхээр хайртай учраас Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн бөгөөд Есүс бидэнд хэрхэн амьдрахыг үлгэрлэн харуулсан.8 Биднийг гэм нүглээсээ өршөөгдөж, Өөртэй нь илүү адилхан болж өсөж хөгжөөсэй хэмээн хүссэн учраас Есүс зовж шаналан, нас барж, мөн амилсан.

Та нар илүү тэсвэр тэвчээртэй, илүү үнэнч шударга болж өсөж хөгжмөөр байна уу? Та нар ямар нэгэн чадвараа сайжруулмаар байна уу? Магадгүй ичимхий бол зоригтой болж хөгжмөөр байна уу? “Тэр байдаг”9. Түүний Сүнсээр дамжуулан та нарын зүрх сэтгэл өөрчлөгдөж, хүч чадал хүлээн авна.

Миний шинэхэн найз Жона ингэж бичжээ. Тэрээр: “Би өглөө сургууль руугаа явахдаа ихэнхдээ тайван биш байдаг. Би хоцрох вий, юмаа мартах вий, шалгалт яах бол гэх зэргээр санаа зовнидог. Би 10 настайгаасаа эхлээд ээжтэйгээ сургууль явах замдаа машин дотроо залбирдаг болсон. Хэрэгтэй тусламж гуйн, гэр бүлийнхээ төлөө залбирч, юунд талархалтай байгаагаа боддог болсон. [Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах] нь надад тусалсан. Би машинаас буухдаа заримдаа тайвшраагүй байдаг ч, ангидаа орох үед амар тайвныг мэдэрдэг”10 гэсэн.

Өдөр бүр залбирч өдрөө эхлүүлснээр Жонагийн итгэл өсөж байгаа.

Гуравдугаарт, мэдрүүлэхийн тулд залбир

Та нар Тэнгэрлэг Эцэгийн хайрыг бусдад мэдрүүлэхийн тулд тусламж хүсэн залбирч болно.11 Тэнгэрлэг Эцэг Сүнсээрээ дамжуулан та нарт гунигласан хүмүүсийг анзаарч, тэднийг тайтгаруулахад чинь тусалж чадна. Тэр та нарт бусдыг уучилснаар Өөрийнх нь хайрыг мэдрүүлэхэд тусалж чадна. Тэр та нарт бусдад үйлчилж, Бурханы хүүхэд гэдгийг нь тэдэнтэй хуваалцах зоригийг өгч чадна. Та нар Есүс, Тэнгэрлэг Эцэг хоёрыг мэдэж аван, та нарын адил Тэднийг хайрлахад нь бусдад тусалж чадна.12

Би амьдралынхаа туршид аавыгаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болоосой хэмээн залбирсан. Би жаахан охин байхаасаа л түүнийг ямар олон адислалыг хүлээн авах боломжтойг мэдэж байсан. Гэр бүл маань үүрд мөнхөд лацдан холбогдохоос ирдэг адислалыг хүртэх боломжтой байв. Гэр бүл, найз нөхөд, би гээд бүгд түүний төлөө үргэлж залбирдаг байсан ч тэр Сүмд нэгдээгүй. Тэнгэрлэг Эцэг хүмүүсийг сонголт хийхэд хүчилдэггүй.13 Тэр бидний залбиралд бодсоноос маань өөр арга замаар хариулж болно.

Зураг
Ерөнхийлөгч Портэр эцэг эх, эгч дүүсийн хамт

Би насанд хүрмэгцээ патриархын адислалаа авсан. Адислалын үеэр патриарх надад гэр бүлдээ тэнгэрт хамт амьдрахад нь туслах хамгийн шилдэг арга бол өөрөө Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч үлгэр жишээ болох гэж хэлсэн. Тэр бол миний хийж чадах зүйл байлаа!

Аав маань 86 настайдаа өөд болсон юм. Түүнийг нас барснаас хойш 5 хоногийн дараа би баяр баясгалангийн ариун нандин мэдрэмжийг хүлээн авч билээ. Тэнгэрлэг Эцэг Сүнсээрээ дамжуулан надад аав маань Есүс Христийн сайн мэдээний адислалуудыг хүлээн авахыг хүсэж байгааг мэдүүлсэн юм. Би ариун сүмийн тахилын ширээг ах, эгч, дүүстэйгээ тойрч, сөхрөн суугаад эцэг эхтэйгээ лацдан холбогдсон тэр өдрийг хэзээ ч мартахгүй. Би Хүүхдийн хэсэгт байхаасаа л энэ адислалын төлөө залбирч эхэлсэн ба өөрөө эмээ болсон хойноо үүнийг хүлээн авсан.

Магадгүй та нар ч гэсэн гэр бүл, хайртай хүмүүсээ адислахын төлөө залбирч байгаа байх. Битгий бууж өгөөрэй! Тэнгэрлэг Эцэг та нарт юу хийж чадахыг чинь харуулна.

Зүрх сэтгэл доторхоо Тэнгэрлэг Эцэгтэй хуваалц.14 Түүний тусламжийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх үед та нар Түүний Сүнсийг хүлээн авч, чиглүүлэгдэх болно.15 Өдөр бүрийн залбирал нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайраар та нарыг дүүргэнэ. Энэ хайр та нарт насан туршдаа Тэднийг дагах хүсэлтэй байхад тусална.

Африк, Өмнөд Америк, Ази, Европ, Хойд Америк, Австрали дахь бүх хүүхэд өдөр бүр залбирдаг байсан бол юу болох талаар төсөөлөөд үз дээ. Дэлхий бүхэлдээ Бурханы хайраар хальтал адислагдах байсан биз!

Зураг
Дэлхий даяар залбирч буй хүүхдүүд

Би та нарыг Тэнгэрлэг Эцэг байдгийг мэдэхийн тулд залбир, Түүнтэй адилхан болж өсөж хөгжихийн тулд залбир, Түүний хайрыг бусдад мэдрүүлэхийн тулд залбир хэмээн урьж байна. Тэр амьд, мөн та нарыг хайрладгийг би мэднэ. “Тэр байдаг учир залбир.” Есүс Христийн ариун нэрээр, амен.