Ерөнхий чуулган
Бүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүй
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүй

Сонгох эрхээ ашиглахын тулд бидэнд авч үзэх сөрөг сонголтууд байх хэрэгтэй.

Саяхан эхнэр бид хоёр урд нь очиж байгаагүй хотдоо машин барьж яваад санаандгүй буруу эргэснээс болж хурдны зам руу орж олон километр буцаж эргэх боломжгүй болсон юм. Нэг найз маань гэртээ урьсан байсан ба бид цагаасаа хамаагүй хоцорч очих нь гэж санаа зовж байлаа.

Хурдны зам дээр, замаас гарах гарцыг цөхөртлөө хайж байхдаа би зам заагч системээ сайн харахгүй яав даа гэж өөрийгөө буруутгаж билээ. Энэ үйл явдал заримдаа бид амьдралдаа хэрхэн буруу шийдвэр гаргаж, замаа дахин өөрчлөх боломж гарч иртэл хэрхэн гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг даруухнаар тэвчээртэй үүрэн амьдрах хэрэг гардаг талаар бодоход хүргэсэн.

Амьдрал тэр чигээрээ сонголт юм. Тэнгэр дэх Эцэг маань бидэнд зөв, буруу сонголтуудаасаа сурах боломж олгохын тулд сонгох эрх гэх тэнгэрлэг бэлгийг өгсөн. Бид наманчилснаар буруу сонголтуудаа засаж залруулдаг. Энэ үед сүнслэг өсөлт хөгжилт явагддаг. Тэнгэрлэг Эцэгийн бид бүгдэд зориулсан төлөвлөгөө бол мөнх амьдрал өөд сурч, өсөж хөгжин, дэвших явдал юм.

Олон жилийн өмнө эхнэр бид хоёр номлогчдоос хичээл авч Сүмд нэгдсэн цагаас хойш Мормоны Ном дахь Лихайн өөрийн хүү Иаковт заасан гүн гүнзгий сургаал намайг гайхшируулсаар ирсэн. Лихай “Их Эзэн Бурхан хүнд өөрөө үйлдэх боломжийг өгчээ”1 мөн “учир юун хэмээвээс бүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүй”2 хэмээн хүүдээ заасан. Сонгох эрхээ ашиглахын тулд бидэнд авч үзэх сөрөг сонголтууд байх хэрэгтэй. Ийн сонголт хийх явцад бид “хангалттай зааварлагдсан”3 мөн “Христийн Сүнс”4 “сайныг муугаас ялгаж мэдэхийн тулд”5 бидний хүн нэг бүрд өгөгдсөн гэдгийг Мормоны Ном бидэнд сануулдаг.

Амьдралд бид байнга олон чухал сонголттой тулгардаг. Жишээлбэл:

  • Бурханы зарлигуудыг дагах эсэхээ сонгодог.

  • Итгэлтэй байж, гайхамшиг тохиохыг ялган таних аль эсвэл ямар нэг зүйл болоход л итгэхээр сонгодог.

  • Бурханд итгэл найдвараа нэмэгдүүлэх аль эсвэл маргааш нь өөр саад бэрхшээл тулгарахыг айж эмээн хүлээх үү гэдгээ сонгодог.

Хурдны зам дээр би буруу гарцаар эргэсэн шиг өөрсдийн гаргасан муу шийдвэрийн үр дагавраас болж хэцүү байдалд орохдоо бид өөрсдийгөө л буруутгахаас өөр замгүй тул энэ нь тэр тусмаа хүнд тусдаг. Тийм байлаа ч бид үргэлж наманчлалын бурханлаг үйл явцаар дамжуулан тайтгарал хүлээн авч, бурууг дахин зөв голдиролд нь оруулж чадна. Харин ингэснээр бид амьдралыг өөрчлөх сургамж авдаг.

Заримдаа бид өөрсдийн хяналтаас гарсан сорилт эсэргүүцэлтэй тулгардаг. Жишээлбэл:

  • Эрүүл саруул ба өвчтэй байх цаг мөч.

  • Энх тайван ба дайн дажинтай цаг үе.

  • Өдөр, шөнийн цаг, зун ба өвөл гээд улирлууд.

  • Ажил хөдөлмөр эрхэлж, дараа нь амарч тэнхрэх гэх мэт.

Эдгээр нь зүгээр л тохиолддог учраас бид ийм нөхцөл байдлыг ихэвчлэн өөрсдөө сонгож чадахгүй ч үүнд хэрхэн хариулахаа харин сонгож чадна. Бид өөдрөг эсвэл гутранги хандлагаар хүлээж авч болно. Бид тэрхүү туршлагаасаа суралцахыг эрэлхийлж Их Эзэний тусламж дэмжлэгийг гуйж болно аль эсвэл энэ сорилтод туслах хүнгүй гэсээр ганцаараа даван туулах ёстой гэж бодож болно. Бид шинэ бодит байдалд тааруулан “залуураа өөрчилж” болно эсвэл юуг ч өөрчлөхгүй байх шийдвэрийг гаргаж болох юм. Шөнийн харанхуйд бид гэрлээ асааж чадна. Өвлийн хүйтэнд бид дулаан хувцас өмсөх хэрэгтэй. Өвчин зовлонтой үедээ бид эмнэлгийн болон сүнслэг тусламж эрэлхийлж болно. Эдгээр нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ бид сонгодог.

Зохицох, сурах, эрэлхийлэх, сонгох зэрэг нь бүгд үйлдэх үйл үг. Бид үйлдэгчид бөгөөд үйлдүүлэгчид биш гэдгийг санаарай. Есүс биднийг өөрт нь хандахад туслахын тулд “өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ ав[на]”6 гэж амласныг бүү март. Хуй салхи ирэхэд биднийг “дийлэх хүчгүй байхын”7 тулд бид сууриа Есүс Христийн хадан дээр тавихыг сонгож болно. Тэр “ирэх хэнийг боловч, түүнийг би хүлээн авах болно; мөн надад ирэх тэд адислагдсан болой”8 хэмээн амласан.

Одоо энд маш чухал өөр нэгэн зарчим бий. Бошиглогч Лихай: “Учир юун хэмээвээс бүх зүйлд сөрөг тал … байх нь зайлшгүй”9 хэмээн заасан. Энэ нь сөрөг талууд нэг нэгнээ дагалддаг гэсэн үг. Тэд бүр нэг нэгийнхээ дутууг нөхөж ч болно. Бид харуусал гунигийг мэдрэхгүй л бол баяр баясгалан гэж юу болохыг таньж мэдэж чадахгүй. Заримдаа өлсөх нь идэх хоолтой байхдаа үнэн сэтгэлээсээ талархахад тусалдаг. Бид худал хуурмагийг хаа нэгтээ хараагүй бол үнэн гэж юу болохыг таньж мэдэж чадахгүй.

Эдгээр сөрөг тал нь яг л зоосны 2 талтай адил. Хоёр тал хоёул үргэлж хамт байдаг. Чарлэз Диккэнс “Энэ бол хамгийн сайхан цаг үе, бас нөгөө талаараа хамгийн хэцүү цаг үе байсан”10 гэж хэлснээр энэ ойлголтын талаарх жишээг өгсөн.

Би та нартай өөрсдийн амьдралын жишээг хуваалцъя. Гэрлэж, гэр бүл зохион, үр хүүхэдтэй болсон нь бидний амьдралд хамгийн гайхалтай баяр баяслыг авчирсан ч бидний хэн нэгэнд ямар нэгэн муу зүйл тохиолдоход хамгийн хүнд хэцүү зовлон шаналлыг бид амссан. Хүүхдүүдтэйгээ өнгөрүүлсэн хязгааргүй баяр баясгалантай цаг мөчүүд маань мөн байсхийгээд тусах өвчин зовуурь, эмнэлэгт хэвтэх шаардлага гарах, зовлон шаналлаар дүүрэн нойргүй шөнөөр солигддог байсан ч үүний зэрэгцээ залбирал, санваарын адислалаар дамжуулан тайтгарлыг олж авдаг байсан. Эдгээр эсрэг тэсрэг туршлага нь зовж шаналах үед бид хэзээ ч ганцаараа биш гэдгийг бидэнд заахын зэрэгцээ Их Эзэний тусламж, анхаарал халамжаар хэр их зүйлийг бид дааж, даван гарах боломжтойг заасан. Эдгээр нь биднийг гайхалтайгаар өөрчилсөн ба зүйрлэхийн аргагүй үнэ цэнтэй юм. Үүний төлөө бид энд ирээгүй гэж үү?

Судраас бид бас сонирхолтой жишээнүүдийг олж болно.

  • Лихай хүү Иаковтаа аглаг буйдад туулсан зовлон зүдгүүр нь түүнд Бурхан агуу гэдгийг мэдэхэд тусалсан бөгөөд “мөн тэрээр зовлонгуудыг чинь чиний өсөлт хөгжлийн тул ариулан адислах болно”11 гэдгийг заасан.

  • Иосеф Смит Либерти шоронд хэрцгийгээр хоригдож байх үед Их Эзэн түүнд: “эдгээр бүх зүйлс чамд туршлага суулгах болно мөн чиний сайн сайхны төлөө байх болно”12 гэж хэлсэн.

  • Эцэст нь, Есүс Христийн хязгааргүй золиослол бидний хувьд зовлон шаналлын хамгийн агуу жишээ ч энэ нь мөн Бурханы хүүхдүүдэд Түүний Цагаатгалын гайхалтай адислалуудыг авчирсан билээ.

Нарны гэрэл байгаа газар сүүдэр ч бас байдаг. Үерээс болж эвдрэл сүйрэл болдог ч тэр бас амьдрал авчирдаг. Гашуудлын нулимс ихэвчлэн тайтгарал, баяр хөөрийн нулимсаар солигдох нь бий. Хайртай хүмүүс маань биднийг орхин одоход төрсөн гунигт харуусал дахин уулзахын баяр баяслаар солигддог. Дайн дажны үед ч гэсэн “харах нүд, сонсох чихтэй”13 хүмүүст хайр, сайхан сэтгэлийн олон жижиг үйлдэл хүрч тусалж байна.

Бидний амьдарч буй энэхүү цаг мөчийг гол төлөв ирээдүйд юу болох бол гэсэн айдас, түгшүүрээр тодорхойлж болно. Гэвч Есүс бидэнд найдаж, “санаа бодол болгондоо над руу харагтун; бүү эргэлз, бүү ай”14 хэмээн заасан билээ.

Бидний амьдралд ноогдсон зоос бүрийн хоёр талыг харахын тулд ухамсартайгаар хичээцгээе. Хэдийгээр бид заримдаа хоёр талыг хоёуланг нь шууд харахгүй байж болох ч байгаа гэдгийг мэдэж, итгэж чадна.

Бэрхшээл, харуусал гуниг мөн зовлон зүдгүүр маань бидний хэн болохыг тодорхойлдоггүй, харин тэдгээрийг хэрхэн өсөж хөгжиж, Бурханд илүү ойртоход туслах арга замаар туулж байгаа нь тодорхойлдог гэдэгт бид итгэж болно. Бидний сорилт бэрхшээл биш харин хандлага, сонголтууд маань биднийг тодорхойлдог.

Эрүүл байхдаа эрүүл мэндээ нандигнаж, мөч бүрдээ таларх. Өвдсөн үедээ тэвчээртэйгээр үүнээсээ суралцахыг эрэлхийлж, энэ нь Бурханы хүслийн дагуу өөрчлөгдөх боломжтой гэдгийг ойлго. Харуусаж зовсон үедээ аз жаргал ойрхон байгаа ч бид үүнийг одоохондоо харахгүй байна гэдэгт итгэ. Зовлон бэрхшээлд ч гэсэн сайн тал байдаг учраас сайныг нь харахын тулд бодол анхаарлаа ухамсартайгаар өөдрөг бодлоор өөрчил. Талархалтай байхаа хэзээ ч бүү март. Итгэхийг сонго. Есүс Христэд итгэх итгэлтэй бай. Бурханд үргэлж найд. Саяхан ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасанчлан “селестиел ухаанаар бодох”-ыг сонго 15.

Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан гайхалтай төлөвлөгөөг үргэлж санацгаая. Тэр бидэнд хайртай бөгөөд бидний сорилт бэрхшээлд тусалж, Өөрт нь эргэж очих үүд хаалгыг нээж өг хэмээн Хайрт Хүүгээ илгээсэн билээ. Есүс Христ амьд. Тэр бидэнтэй цаг мөч бүрд байж, Өөрийг нь нэрээр нь дуудвал Тэрээр хайр халамж, хүч чадал, авралыг өгөхөд бэлэн хүлээж байдаг. Би эдгээрийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.