Ерөнхий чуулган
Миний үзэж, сонссон зүйлүүдийн цэдэг
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Миний үзэж, сонссон зүйлүүдийн цэдэг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх өнөө үеэс илүү сайхан цаг хэзээ ч байгаагүй.

Миний эхнэр Марсиа бид хоёр намайг хуулийн сургуулиа төгссөний дараа, шүүх хурлын хуулиар мэргэшсэн хуулийн фирмд ажиллахаар шийдсэн юм. Ажлын байран дээрх сургалтуудаа авч байх үедээ би ихэнх цагаа шүүх хурал дээр мэдүүлэг өгөх гэрчүүдийг бэлтгэхэд зарцуулдаг байсан. Гэрчүүд тангараг өргөн, үзэж бас харсан зүйлүүдийнхээ үнэнийг мэдүүлсний дагуу шүүх хурлын танхимд тоо баримтууд тодорхойлогддог гэдгийг би удалгүй сурсан. Гэрчүүдийг мэдүүлэг өгөхөд тэдний хэлсэн үгсийг тэмдэглэж, хадгалж авдаг. Найдвартай гэрчтэй байх нь шүүх хурлын бэлтгэлд хамгийн чухал нь байсан юм.

Хуульч хүний хувьд өдөр тутамдаа ашиглаж байсан үг хэллэгүүд сайн мэдээний талаар ярихад бас хэрэглэгдэж байгааг би анзаарсан. “Гэрч” ба ”гэрчлэл” гэдэг үг хэллэгүүдийг бид Есүс Христийн сайн мэдээний үнэний талаарх мэдлэг, мэдрэмжээ хуваалцахад ашигладаг.

Намайг бүсийн шинэ далын гишүүнээр дэмжин батлахад би үүрэг хариуцлагынхаа талаар судлахаар судраа дэлгэж, Сургаал ба Гэрээ 107:25-аас “Дал нь мөн … бүх дэлхий даяар харийнханд тусгай гэрчүүд байхаар дуудагддаг” гэсэн хэсэгтэй таарч уншсан. Та нарын төсөөлж байгаачлан “тусгай гэрч” гэдэг хэллэг миний анхаарлыг татсан. Дэлхийн хаана ч явсан Есүс Христийн нэрийг гэрчилж гэрч болох нь миний үүрэг хариуцлага гэдгийг би ойлгосон.

Сударт, үзэж бас сонссон зүйлүүдээ гэрчилж нүдээр харсан гэрч болсон хүмүүсийн жишээ олон байдаг.

Эртний бошиглогч Мормон өөрийн цэдгийг эхлэхдээ, “Мөн эдүгээ би, Мормон, өөрийн үзэж бас сонссон зүйлүүдийн цэдгийг бүтээе, мөн үүнийг Мормоны Ном хэмээн нэрлэе”1 гэсэн байдаг.

Аврагчийн төлөөлөгч Петр, Иохан нар Назарын Есүс Христийн нэрээр нэг хүнийг эдгээдэг.2 Есүсийн нэрээр ярихгүй байхыг тэдэнд зарлиглахад тэд:

“Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ.”

“Учир нь бид үзсэн, сонссоноо ярихаа зогсоож чадахгүй”3 гэжээ.

Аврагч Есүс Христийн айлчлалыг гэрчилсэн Мормоны Номын гэгээнтнүүдийн гэрчлэл бас их хүчтэй байдаг. Тэдний хэрхэн гэрчилснийг сонс доо. “Мөнхүү ийм маягаар тэд гэрчилдэг: Эцэгт хандан Есүсийн ярьсныг бид харж мөн сонссон шиг тийм агуу хийгээд гайхамшигт зүйлүүд урьд нь нүдэнд хэзээ ч үзэгдээгүй, бас чихэнд хэзээ ч сонсогдоогүй бөлгөө.”4

Ах, эгч нар аа, өнөөдөр би Их Эзэн Есүс Христийн Далын хувиар ариун тохинууллынхаа үеэр үзэж бас сонссон зүйлүүдээ цэдэглэж мөн гэрчилж байна. Хайрт Тэнгэрлэг Эцэгийг болон Бурханы хүүхдүүдэд мөнх амьдралыг боломжтой болгохоор зовж, нас барж, амилсан Түүний ачит Хүү Есүс Христийг би та нарт гэрчилж байна. Би “ер бусын ажил мөн гайхамшгийг,”5 амьд бошиглогч, төлөөлөгчдөөрөө дамжуулан сайн мэдээг сэргээхийн тулд Их Эзэн мутраа хоёр дахь удаагаа сунгасан6 гэдгийг гэрчилж байна. Өөрийн үзэж бас сонссон зүйлүүд дээр үндэслэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх өнөө үеэс илүү сайхан цаг хугацаа хэзээ ч байгаагүй гэдгийг би гэрчилж байна. Үүнийг би үзэж бас сонссон зүйлүүдийнхээ улмаас бусад ямар ч эх сурвалжаас үл хамааралтай өөрийн мэдлэг дээр үндэслэн мэдэж байна.

Ахлах анги төгсөх жилдээ би семинараа төгсөхийн тулд Сүмийн бүх 15 ариун сүмийг хараад таньж мэдэх шаардлагатай болсон юм. Ангийн урд ариун сүм бүрийн зураг байсан ба би тэдгээрийг хаана хаана байрладгийг мэдэх хэрэгтэй байв. Одоо олон жилийн дараа Сүмийн бүх ариун сүмийг цээжилнэ гэвэл маш том шалгуур болно. Учир нь зарлагдсан болон үйл ажиллагаа явуулж буй нийт 335 ариун сүм байна. Би эдгээр Их Эзэний өргөөний олонд нь биеэр очиж байсан. Их Эзэн Өөрийн адислал, ёслолуудыг дэлхий даяарх хүүхдүүддээ илүү ихээр түгээж байгаа гэдгийг гэрчилж байна.

FamilySearch дэх найзууд маань надад тэд өдөрт нэг сая гаруй шинэ нэр FamilySearch рүү нэмдэг гэж хэлсэн. Хэрэв та өчигдөр өвөг дээдсээ олоогүй бол маргааш дахин хайгаарай гэж урьж байна. Хөшигний нөгөө талд Израилыг цуглуулах тал дээр авч үзвэл Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх өнөө үеэс илүү сайхан цаг хугацаа хэзээ ч байгаагүй.

Бид хүүхдүүдээ Айдахогийн Твин Фолст өсгөж байх үед дэлхий даяарх Сүмийн талаарх бидний ойлголт хязгаарлагдмал байсан. Намайг Ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахад Марсиа бид хоёр өмнө нь хэзээ ч очиж байгаагүй Номхон далайн бүсэд үйлчлэхээр томилогдсон юм. Шинэ Зеланд бол нутаг даяараа гадастай, 1958 онд онцгойлон адислагдсан ариун сүмтэй гэдгийг мэдээд бид их баярласан. Энэ бол семинартаа миний цээжлэх ёстой байсан 15 ариун сүмийн нэг байлаа. Австралийн томхон хот бүрд ариун сүм байсан ба тив даяараа гадастай байсан. 25 гадастай Самоа, хүн амынх нь бараг тэн хагас нь Сүмийн гишүүн Тонгад бид ажиллаж байсан. Хоёр гадастай Кирибати арал дээр мөн томилогдож байсан. Маршал Арлуудын Эби, Папуа Шинэ Гвинейн Дару дахь гадаснуудад айлчлахаар томилогдож байсан.

Номхон далайн арлууд дахь үйлчлэлийн дараа бид Филиппинд үйлчлэхээр томилогдсон. Филиппинд Есүс Христийн Сүм миний төсөөлж байснаас илүү өсөж хөгжиж байгаа нь намайг гайхшируулсан. Одоо тэнд 125 гадас, 23 номлол, зарлагдсан болон ажиллаж буй 13 ариун сүм байна. Сүм тэр улсад 850000 гаруй гишүүнтэйг би харсан. Христийн Сүм дэлхий даяар ийнхүү зохион байгуулагдсаныг би яаж анзааралгүй өнгөрөөсөн юм бол оо?

Филиппинд 3 жил болсны дараа би Номлолын албанд үйлчлэхээр болсон. Миний дуудлага биднийг дэлхий даяарх номлолууд руу аваачсан. Аврагчийн дэлхий даяарх Сүмийн талаар миний үзэл бодол маш их өргөжсөн. Марсиа бид хоёр Азийн номлолуудад айлчлах томилолт авсан. Сингапурт гайхалтай итгэлтэй гишүүдээр дүүрэн гадасны төвд очсон. Малайзын Кота Кинабалу дахь Сүмийн байранд гишүүд, номлогчидтой уулзсан. Хонконгод номлогчидтой уулзаж гайхалтай гадасны чуулганд итгэлдээ үнэнч гишүүдтэй хамт оролцсон.

Европ, Латин Америк, Карибын бүс нутаг, Африк дахь номлогчид, гишүүдтэй уулзаж байх үед энэ үйл явдал давтагдаж байсан. Есүс Христийн Сүм Африкт асар их өсөж томорч байна.

Би бол “Бурханы үнэн тив бүрд, улс орон болгонд хүрч, хүн бүрд сонсогдох хүртэл зоригтойгоор, ялгууснаар, юунаас ч үл хамааран урагш ахих болно”7 гэсэн Иосеф Смитийн бошиглолын биеллийг, мөн Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн үргэлжлэлийг нүдээр харж буй гэрч юм.

Дэлхий даяарх гайхалтай номлогчдын маань тоо одоо 74000-д хүрсэн. Гишүүдтэй хамтран ажилласнаар тэд сар бүр 20000 гаруй хүнд баптисм хүртээж байна. Энэхүү гайхалтай цугларалтыг Их Эзэний тусламжтайгаар бий болгосон залуу эрэгтэй, эмэгтэйчүүд саяхан 18, 19 мөн 20 настай байсан. Эдгээр залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг бид Вануатугийн жижиг тосгоноос авхуулаад Нью-Йорк, Парис, Лондоны томоохон хотуудад харж болно. Би тэднийг Фижигийн алслагдмал цуглаанд мөн Америкийн Тэксас, Калифорниа, Флорида гэх мэт том газруудад ч Аврагчийн талаар зааж байгааг харсан.

Номлогчид дэлхийн өнцөг булан бүрд 60 өөр хэлээр ярьж, “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ”8 гэсэн Аврагчийн агуу үүрэг даалгаврыг биелүүлж байна. Би номлолд үйлчилсэн болон одоо үйлчилж байгаа номлогчдыг хүндэтгэж байна. Мөн өсөж буй залуу үеийнхэндээ хандан, ирж, Израилыг цуглуул9 гэсэн Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны урилгыг сануулж байна.

Би та нарт өнөөдөр Аврагчийн сайн мэдээний энэхүү агуу сэргээлтийг өөрийнхөө нүдээр харж, чихээр сонссон гэдгээ гэрчилж байна. Би бол Бурханы дэлхий даяарх ажлын гэрч. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх өнөө үеэс илүү сайхан цаг хэзээ ч байгаагүй.

Магадгүй миний гэрчилсэн сэргээлтийн хамгийн том гайхамшиг бол газар бүр дэх Сүмийн итгэлтэй гишүүд та нар юм. Хожмын үеийн гэгээнтнүүд болох та нарыг Нифай Мормоны Номд: “Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, Хурганы сүмийн гэгээнтнүүдийн дээр, мөн газрын гадаргуугаар нэг тархсан Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс дээр буух Бурханы Хурганы хүчийг болгоов; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв”10 хэмээн дүрсэлж гэрчилсэн байдаг.

Нифайн харсан зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн, газар бүрд орших гэрээт гэгээнтнүүд болох та нарыг би өөрийн нүдээр харсан гэдгээ гэрчилж байна. Дэлхийн энэ агуу улс орнуудын нэгэнд нь индэр дээр зогсож байх үед Их Эзэн миний оюун санаанд Мормоны Номын Мозая 2 дээр гардаг Бенжамин хааны заасан зүйлийг сануулсан юм. Брэнт “Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай хэмээн хүснэ би. Учир нь болгоогтун, тэд бүх зүйлд, биеийн мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой.”11

Би үүнийг дэлхий даяарх, зарлигуудыг дагадаг, Бурханы итгэлтэй гэгээнтнүүдтэй уулзаж явахдаа өөрийн нүдээр харж, чихээрээ сонссон гэдгээ гэрчилж байна. Та нар бол Эцэгийн гэрээний хүүхдүүд. Та нар бол Есүс Христийн шавь нар. Та нар бас миний мэддэгийг мэднэ, учир нь та нар Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үнэний талаар хувийн гэрчлэлээ хүлээж авсан билээ. “Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ”12 хэмээн Аврагч заасан.

Их Эзэний заавар, Түүний бошиглогч, төлөөлөгчдийн удирдлага доор бид үргэлжлүүлэн номлогчдыг бэлтгэж, ариун нандин гэрээнүүдийг байгуулж сахин, Христийн Сүмийг дэлхий даяар байгуулж, Бурханы зарлигуудыг дагаснаар ирдэг адислалуудыг хүлээн авах болно. Бид нэгдмэл. Бид Бурханы хүүхдүүд. Бид Түүнийг мэддэг, Түүнд хайртай.

Хамтдаа эдгээр зүйлийн үнэнийг гэрчлэхэд би та нартай нэгдэж байна. Бид үзэж бас сонссон зүйлүүдээ цэдэглэдэг. Та бид бол гэрчлэлээ үлдээдэг гэрчүүд юм. Энэхүү нэгдмэл гэрчлэлийн хүчээр бид Их Эзэн Есүс Христэд мөн Түүний сайн мэдээнд итгэлтэйгээр үргэлжлүүлэн урагшилдаг. Би Есүс Христ амьд гэдэг гэрчлэлээ тунхаглаж байна. Тэр бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Есүс Христийн нэрээр, амен.