Ерөнхий чуулган
Хоёр агуу зарлигийг холбох нь
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Хоёр агуу зарлигийг холбох нь

Есүс Христийг дагах бидний чадвар болон хүч нь эхний болон хоёр дахь зарлигуудыг тэнцвэртэй, үнэнчээр дагахаас хамаарна.

Оршил

Миний гэргий Лиса бид хоёрт дэлхий даяар томилолтоор явахдаа том, жижиг янз бүрийн цуглаанууд дээр та бүхэнтэй уулзах завшаан тохиодог. Та бүхэн Их Эзэний ажилд үнэнч байгаа нь биднийг урамшуулж, Есүс Христийн сайн мэдээний гэрчлэл болдог юм. Бид аялал бүрийнхээ төгсгөлд авсан шигээ өгч чадсан болов уу хэмээн боддог.

Зураг
Солонгон гүүр.
Зураг
Цин Ма гүүр.
Зураг
Цамхагт гүүр.

Томилолтын үеэр дурсгалт газруудыг үзэх цаг хомс байдаг. Гэсэн хэдий ч би боломж гарах бүрд сонирхдог нэгэн зүйлдээ хэдэн хором зарцуулдаг юм. Би архитектур, дизайн сонирхдог. Тэр тусмаа гүүрийг их сонирхдог. Дүүжин гүүрнүүд намайг үнэхээр гайхшируулдаг. Би Токиогийн Солонгон гүүр, Хонконгийн Цин Ма гүүр, Лондоны Цамхагт гүүр зэрэг олон гүүрийг хараад, эдгээр адармаатай байгууламжийг барьсан инженерчлэлийн суу ухааныг гайхан биширдэг. Гүүрнүүд биднийг өөр аргаар очих боломжгүй газруудад хүргэдэг. (Үргэлжлүүлэхээсээ өмнө би энэ захиасыг Балтиморт гүүрэн дээр болсон аймшигт осолд зориулж бэлтгэснийг дурдъя. Бид амиа алдсан хүмүүсийн төлөө гашуудаж, өртөгсдийн гэр бүлүүдэд эмгэнэл илэрхийлж байна.)

Гайхамшигт дүүжин гүүр

Саяхан би чуулганы томилолтоор Калифорни явахдаа дэлхийн инженерчлэлийн гайхамшиг болох Голдэн гэйт гүүрээр дамжин өнгөрсөн юм. Энэ сүрлэг байгууламж нь гоёмсог хэлбэр, үйл ажиллагааны зорилго, чадварлаг инженерчлэлийг хослуулсан байдаг. Энэ гүүр нь номын түшүүр мэт хоёр цамхагтай, асар том тулгууруудаар бэхлэгдсэн сонгодог дүүжин гүүр юм. Далай дээр сүндэрлэх нүсэр хийгээд сүрлэг ихэр даацын цамхаг нь энэ гүүрний хамгийн эхэнд баригдсан хэсгүүд билээ. Хоёр цамхаг хамтдаа сунайсан гол дүүжин татлагууд болон доод замыг даган байрлах босоо дүүжлүүр татлагуудын жинг үүрдэг. Гайхалтай тогтвортой байлгах чадамж буюу цамхгийн хүчин чадал нь уг гүүрний инженерчлэлийн ид шид гэлтэй.

Зураг
Голдэн гэйт гүүрий барих ажлын явж.

Голдэн гэйт гүүр дүүрэг

Тус гүүрний барилгын эхэн үеийн зургууд энэхүү инженерчлэлийн зарчмыг гэрчилдэг юм. Бие биеэсээ харилцан хамааралтайгаар холбогдсон тэгш хэм бүхий цамхгууд гүүрний хэсэг бүрийн даацад дэмжлэг болдог.

Зураг
Голдэн гэйт гүүрий барих ажлын явж.

Getty Images/Underwood архив

Гүүр баригдаж дууссаны дараа уг хүчирхэг хоёр цамхаг бат бөх сүндэрлэж, чулуун сууринд бэхлэгдсэн тулгууруудын хамтаар хүчирхэг, гоо үзэсгэлэнтэй харагддаг билээ.

Зураг
Голдэн гэйт гүүр дүүрэг

Өнөөдөр би та бүхнийг бат бөх суурин дээр баригдсан, өндөрт өргөгдсөн ихэр цамхаг бүхий энэхүү сүрлэг гүүрийг сайн мэдээний өнцгөөс харахад урьж байна.

Бидний одоогийн нэрлэдгээр Ариун долоо хоног буюу Есүс Христийн тохинууллын сүүл үед нэгэн фарисай хуульч1 Аврагчийг хариулах боломжгүй гэж бодон ийн асуужээ.2 “Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ?” Хуульч “Түүнийг сорьж,” үнэн хариултыг хайж буй мэт дүр эсгэн асуусныхаа хариуд чин сэтгэлийн, ариун нандин, бурханлаг хариултыг хүлээн авсан юм.

Есүс түүнд “Чи Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.

Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Энэ бол өнөөх гүүртэй зүйрлэвэл эхний цамхаг нь юм!

Удаах нь Чи хөршөө өөрийн адил хайрла” хэмээн хариулсан. Энэ бол хоёр дахь цамхаг!

“Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгчид тулгуурладаг гэлээ.”3 Эдгээр нь гүүрний бусад хэсэг юм!

Бид Есүс Христийн хариултаараа илчлэн хэлсэн хоёр агуу зарлигийг нэг нэгээр нь судалцгаая. Ингэхдээ дүүжин гүүрний дүр төрхийг оюун санаандаа төсөөлөөрэй.

Их Эзэнийг хайрла

Эхлээд бүх зүрх, сэтгэл, оюунаараа Их Эзэнийг хайрла.

Энэхүү хариултад Есүс Христ Хуучин Гэрээний ариун сургаалуудад тусгагдсан Хуулийн мөн чанарыг товчилсон байдаг. Их Эзэнийг хайрлах гэдэг нь таны үнэн мөн чанар болох зүрхэнд тань хамгийн түрүүнд төвлөрдөг. Дараа нь Их Эзэн таныг бүх сэтгэлээрээ буюу өөрийгөө бүрэн зориулах байдлаар,4 эцэст нь бүх оюун ухаанаараа буюу оюуны чадавх, сэтгэхүйгээрээ хайрлахыг хүсдэг. Бурханыг хайрлах хайр эцэс төгсгөлгүй. Энэ нь мөнхийн бөгөөд хязгааргүй юм.

Миний хувьд эхний агуу зарлигийг хэрэгжүүлэх нь заримдаа бодит бус хийсвэр, бүр мэгдэж сүрдмээр санагддаг. Баярлууштай нь, “Хэрэв та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахина”5 хэмээн Есүсийн хэлснийг эргэцүүлэн бодох үед энэхүү зарлиг илүү ойлгомжтой болдог. Би үүнийг хийж чадна. Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлаж чадах ба энэ нь залбирах, судар судлах, ариун сүмд шүтэн бишрэхэд хөтөлдөг. Бид аравны нэгээ төлж, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж, ариун журамтай, цэвэр ариун амьдралаар амьдарч, дуулгавартай байснаар Эцэг, Хүү хоёрыг хайрладаг.

Их Эзэнийг хайрлах нь ихэнхдээ өдөр тутмын өчүүхэн үйлдлүүд болон гэрээний зам дээрх алхмуудаар хэмжигддэг. Тухайлбал: Залуу хүмүүсийн хувьд бусдыг муулахын тулд биш харин бусдыг дэмжихийн тулд олон нийтийн сүлжээг ашиглах; жишигт нийцэхгүй үдэшлэг, кино эсвэл үйл ажиллагааг орхих; ариун зүйлд хүндэтгэлтэй хандах гэх мэт.

Дараах жишээг авч үзье. Гэрчлэлийн нэгэн ням гарагт Вэнс6 бид хоёр нэг даруухан, жижигхэн гэрийн хаалгыг тогшсон юм. Диконы чуулгынхан бид очиход хаалганы цаанаас герман аялгаар “Алив орцгоо л доо” хэмээн эелдгээр дууддаг байв. Мүйллар эгч тойргийн маань хэд хэдэн цагаач бэлэвсэн эмэгтэйчүүдийн нэг байлаа. Тэр хараагүй байсан болохоор хаалгаа хурдан онгойлгож чаддаггүй байв. Бүүдгэр гэрэлтэй гэрт ороход тэр бидэнтэй мэндлэн эелдгээр: Тан нарыг хэн гэдэг вэ? Та нар сайн биз дээ? Та нар Их Эзэнд хайртай юу? гэж асуулаа. Бид асуултад нь хариулаад, мацгийн өргөлийг нь авахаар ирснээр хэллээ. Бид бага залуу байсан ч түүний тарчигхан нөхцөл байдал нь харахад илт байв. Бас түүний итгэл дүүрэн хариулт сэтгэлд маань хүрсэн. Тэр: “Би өглөө тавиур дээр 10 центийн зоос тавьсан. Мацгийн өргөлөө өгөхдөө би тун баяртай байгаа шүү. Та хоёр тэрийг дугтуйнд хийгээд, өргөлийн хуудсыг нь бөглөөд өгөх үү?” гэв. Түүний гэрээс гарах бүрд Их Эзэнийг хайрлах түүний хайр бидний итгэлийг өсгөдөг байв.

Бенжамин хаан эхний агуу зарлигийг дагасан хүмүүст гайхалтай хүчийг амласан. “Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай хэмээн хүснэ би. … Тэд бүх зүйлд … адислагдсан болой; мөн хэрэв тэд төгсгөл хүртэл итгэлтэйгээр тэвчвээс, … хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд … тэд тэнгэрт хүлээн авагдах болно.”7

Их Эзэнийг хайрлах нь мөнхийн аз жаргалд хүргэдэг!

Хөршөө хайрла

Есүс: “Удаах нь чи хөршөө өөрийн адил хайрла гэсэн байдаг юм”8 гэж хэлжээ. Энэ бол гүүрний хоёр дахь цамхаг юм.

Энэ зарлигт Есүс бидний Их Эзэнийг хайрлах тэнгэр өөд чиглэсэн хайрыг бидний эргэн тойрны хүмүүсээ хайрлах дэлхий рүү чиглэсэн хайртай холбосон. Нэг нь нөгөөгөөсөө хамааралтай. Бид хөршүүдээ үл тоомсорлох юм бол Их Эзэнийг бүрэн хайрлаж чадахгүй. Энэхүү гадагш чиглэсэн хайр нь хүйс, нийгмийн давхарга, арьсны өнгө, бэлгийн хандлага, орлого, нас, үндэс угсаа харгалзахгүйгээр Бурханы бүх хүүхдийг хайрлахыг хэлнэ. “Бурханд бүгд адил”9 учраас бид шархалсан, шаналсан, гадуурхагдсан хүмүүсийг хайдаг. Бид “сул доройчуудад туса[лж], доош унжсан гарнуудыг өргө[ж], мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болго[дог].”10

Энэ жишээг бодоод үзээрэй. Эванс11 ахад машинаа зогсоож, танихгүй айлын хаалгыг тогш гэсэн мэдрэмж төрөхөд тэр ихэд гайхжээ. 10 гаруй хүүхэдтэйгээ бэлэвсэрч хоцорсон ээжийг хаалгаа нээхэд тэдний ямархуу хүнд хэцүү нөхцөлд байгаа нь мөн хэчнээн их зүйл шаардлагатай байгаа нь түүнд илхэн харагдав. Эхлээд тэдний гэр орныг будах энгийн ажлаас эхэлж, дараа нь материаллаг болон сүнслэг байдлаар тэдэнд олон жилийн турш энэ гэр бүлийг тохинуулсан байна.

Талархсан ээж хожим нь тэнгэрээс заяасан найзынхаа тухай ийн бичсэн байдаг. “Та амьдралаа бидэн шиг дорд хүмүүст туслахад зориулсан. Зөвхөн та болон Их Эзэний мэдэх хүмүүсийн төлөө санхүүгийн болон сүнслэг байдлын хувьд таны хийсэн сайн үйлсэд талархаж байгаагаа илэрхийлж Түүний танд хэлэх үгсийг сонсохыг би ямар их хүсэж байна вэ. Биднийг маш олон талаар адисалж, … номлогчдыг хэрэгцээтэй зүйлсээр нь хангасанд тань талархъя. … Их Эзэн зөвхөн таныг сонгосон уу, эсвэл та л ганцхан Түүнийг сонссон уу гэж би хааяа боддог” гэжээ.

Хөршөө хайрлах нь Христийнхтэй адил нинжин сэтгэл, үйлчлэлийг агуулдаг. Та өшөө хорслоо орхиж, дайснаа уучилж, хөршүүдээ хүлээн авч, тэдэнд тохинуулж, ахмад настнуудад туслах уу? Та нарын хүн нэг бүр хөршөө хайрлах хайрын цамхгийг босгохдоо урам зориг авах болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бусдад тусламж үзүүлэх буюу өөрийн ухамсраар бусдад өөртэйгөө адил эсвэл өөрөөсөө илүү санаа тавих нь—бидний хувьд баяр баясгалан билээ. Ялангуяа тохиромжгүй үед, тав тухтай орчноосоо гарахдаа … Тэрхүү хоёр дахь агуу зарлигийн дагуу амьдрах нь Есүс Христийн жинхэнэ шавь болохын гол түлхүүр юм”12 хэмээн заажээ.

Харилцан хамаарал

Есүс цааш нь: “Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгчид тулгуурладаг”13 гэлээ. Энэ нь маш сургамжтай. Их Эзэнийг хайрлах, бие биеэ хайрлах хоёрын хооронд чухал харилцан хамаарал байдаг. Голден Гэйт гүүр нь төлөвлөгдсөн үүргээ гүйцэтгэхийн тулд хоёр цамхаг нь адилхан бат бөх байж, дүүжин татлага, зорчих хэсэг, гүүрээр дамжин өнгөрөх хөдөлгөөний ачааллыг тэнцүү хэмжээгээр даах хүчтэй. Энэхүү инженерчлэлийн тэгш хэм байхгүй бол гүүр эвдэрч, бүр нурах аюултай. Ямар ч дүүжин гүүр үүргээ гүйцэтгэхийн тулд цамхгууд нь хоорондоо бүрэн зохицон ажиллах ёстой байдаг. Үүний нэгэн адил Есүс Христийг дагах бидний чадвар болон хүч нь эхний болон хоёр дахь зарлигуудыг тэнцвэртэй, аль алиныг нь үнэнчээр дагахаас хамаарна.

Зураг
Голдэн гэйт гүүр дүүрэг

Дэлхий дээр улам бүр нэмэгдэж буй өрсөлдөөн нь биднийг заримдаа үүнийг олж харахгүй, санахгүй байхад хүргэдэг. Зарим хүн зарлигуудыг дагахад маш их анхаарал хандуулж, зөвт бус гэж үздэг хүмүүстээ төдийлөн тэвчээртэй ханддаггүй. Заримынх нь хувьд гэрээнээс гадуур эсвэл бүр шашны аливаа үйл ажиллагаанаас хол амьдрахаар сонгосон хүмүүсийг хайрлахад хэцүү байдаг.

Өөрөөр хэлбэл, бид бүгд Бурханы өмнө хариуцлага хүлээдэг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр бусдыг хайрлахын чухлыг онцолдог хүмүүс байдаг. Зарим нь туйлын үнэн, зөв ​​буруу гэж итгэдэг төдийгүй биднээс шаарддаг цорын ганц зүйл бол бүрэн хүлээцтэй байж бусдын сонголтыг хүлээн зөвшөөрөх явдал юм гэх ойлголтыг бүрэн үгүйсгэдэг. Эдгээр тэнцвэргүй байдлын аль нэг нь таны сүнслэг гүүрийг хазайлгах юм уу бүр унахад хүргэж болзошгүй юм.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс үүнийг дүрслэн хэлэхдээ “Есүсийн самари хүний тухай хуваалцсан сургаалт зүйрлэл нь бүх хүн бидний хөрш гэдгийг заадаг тул энэ нь бүх хүнийг хайрла хэмээн бидэнд зарлиглаж байгаа хэрэг. Гэхдээ энэхүү хоёр дахь агуу зарлигийг сахих оргилуун хүслээ нэг дэх буюу Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла гэсэн зарлигийг мартах шалтгаан болгож болохгүй”14 гэжээ.

Дүгнэлт

Тэгэхээр бидний хүн нэг бүрийн асуух асуулт бол: Бид Бурханыг хайрлах, хөршүүдээ хайрлах гэсэн хоёр өндөр цамхгийг босгож, итгэл, үнэнч байдлын гүүрээ хэрхэн барих вэ? Бид зүгээр л эхлэх хэрэгтэй. Бидний эхний оролдлого нь амны цаасан алчуурын ар талд бичсэн төлөвлөгөө шиг ч юм уу бидний барих гэж найдаж буй гүүрний эхний шатны зураг төсөл шиг харагдаж магадгүй. Энэ нь Их Эзэний сайн мэдээг илүү сайн ойлгох эсвэл бусдыг бага шүүхээ тангараглах хэд хэдэн бодит зорилгоос бүрдэж болно. Эхлэхэд хэтэрхий залуудна эсвэл хэтэрхий хөгшиднө гэж байхгүй.

Зураг
Гүүрийн загварыг дүрсэлсэн хар зураг

Цаг хугацаа өнгөрөх тусам залбирч, сайтар бодож төлөвлөсний үр дүнд анхны гаргасан санаанууд улам боловсронгуй болдог. Шинэ үйлдэл зуршил болдог. Эртний ноорог өнгөлсөн зураг төсөл болдог. Бид Тэнгэрлэг Эцэг, Түүний цорын ганц Хүүд, түүнчлэн хамтран ажиллаж, тоглож, амьдарч буй ах, эгч нартаа зориулсан зүрх сэтгэл, оюун ухаанаараа хувийн сүнслэг гүүрээ барьдаг.

Ирээдүйд та нарыг өндөр цамхаг бүхий сүрлэг дүүжин гүүрээр өнгөрөхдөө, тэр ч байтугай зургийг нь харахдаа Шинэ Гэрээнд Есүс Христийн дүрсэлсэн хоёр агуу зарлигийг санаарай гэж би урьж байна. Их Эзэний зааварчилгаа биднийг хөтлөх болтугай. Бидний зүрх сэтгэл, оюун ухаан Эзэнийг хайрлахын тулд дээш өргөгдөж, хөршөө хайрлахын тулд гадагш чиглэх болтугай.

Энэ нь миний гэрчилж буй Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх бидний итгэлийг хүчирхэгжүүлэх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. “Шинэ Гэрээнд [хуульч гэдэг нэр томъёо нь] Пентатекийн бичмэл хууль, мөн ‘ахмадын уламжлал’ гэх зэрэг хуулийн мэргэжлийн шавь, багш буюу бичээч гэдэгтэй дүйцэхүйц байсан. (Мат 22:35; Mарк 12:28; Лук 10:25)” (Bible Dictionary, “Lawyer”).

  2. Эрт дээр үед еврей эрдэмтэд Тора дахь 613 зарлигийг тоолж, аль нь бусдаасаа илүү чухал талаар идэвхтэй маргадаг байсан. Магадгүй уг хуульч Есүсийн хариултыг Түүний эсрэг ашиглахыг зорьсон байх. Хэрэв Тэр аль нэг зарлигийг хамгийн чухал гэж хэлбэл энэ нь Есүсийг хуулийн өөр нэг талыг үл тоомсорлосон гэж буруутгах боломжийг нээж өгч магадгүй юм. Гэвч Аврагчийн хариулт Түүнийг урхинд оруулахаар ирсэн хүмүүсийн амыг таглаж, өнөөдөр бидний Сүмд хийж буй бүх зүйлийн үндэс болсон суурь тунхаг болсон юм.

  3. Матай 22:36–40

  4. Сургаал ба Гэрээ 88:15-ыг үзнэ үү.

  5. Иохан 14:15

  6. Нууц хадгалах үүднээс энэ түүх дэх хоёр нэрийг өөрчлөв.

  7. Moзая 2:41

  8. Матай 22:39

  9. 2 Нифай 26:33.

  10. Сургаал ба Гэрээ 81:15.

  11. Нууц хадгалах үүднээс нэрийг өөрчлөв.

  12. Рассэлл М.Нэлсон, “Хоёр дахь агуу зарлиг”, 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 109.

  13. Матай 22:40

  14. Даллин Х.Өүкс, “Хоёр агуу зарлиг,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78.