Ерөнхий чуулган
Есүсийн талаарх гэрчлэл
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Есүсийн талаарх гэрчлэл

Есүсийн талаар нэн хүчтэй гэрчлэлтэй хүмүүсийн дунд байр сууриа эзлэхийн тулд яг одоо үйлдээрэй гэж би та нарыг уриалж байна.

1832 онд Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Бурханы хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны тухай гайхалтай үзэгдэл хүлээн авсан юм. Уг илчлэлтэд тэнгэрийн гурван хаант улсын тухай өгүүлдэг. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс өнгөрсөн аравдугаар сард эдгээр “сүр жавхлангийн хаант улсуудын”1 талаар үг хэлж, “Хурганы алдар суу хийгээд ялгуусан баяраар дамжин”2 цөөн хэдээс бусад бүх хүнийг эцэст нь “сонголтоороо харуулсан хүслийнх нь дагуу” тэдгээр хаант улсад гэтэлгэх юм гэдгийг онцолжээ.3 Бурханы гэтэлгэлийн төлөвлөгөөнд Түүний бүх хүүхдэд дэлхий дээр хаана, хэзээ амьдарч байснаас нь үл харгалзан боломж олгох явдал багтдаг.

Гурван хаант улсын хамгийн бага нь болох телестиел алдар суу нь “бүх ойлголтоос давж гарсан”4 байх боловч Эцэг маань биднийг эдгээр хаант улсын хамгийн дээд, хамгийн агуу сүр жавхлант селестиел хаант улсыг сонгож, Хүүгийнх нь ач ивээлээр дамжуулан тийш очих зохистой байгаасай хэмээн найддаг. Тэнд бид “Христийн хамтран залгамжлагчид”5 болж, мөнх амьдралаар жаргалтай амьдрах боломжтой. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг “селестиел ухаанаар бодож,” селестиел хаант улсыг мөнхийн зорилгоо болгон, дараа нь “энэ дэлхий дээр байхдаа хийх сонголт бүр тань таныг дараагийн амьдралд хаана аваачихыг нухацтай бодоорой”6 гэж уриалсан.

Тэнгэрийн хаант улсад байх хүмүүс бол “Есүсийн тухай гэрчлэлийг хүлээн авсан, … шинэ гэрээний зууч Есүсээр дамжин төгс болгогдсон шударга хүмүүс”7 юм. Хоёр дахь буюу террестриел хаант улсын оршин суугчдыг мөн чанар нь сайн, “хүмүүний башир аргаар харалган болсон дэлхийн шударга сайн хүмүүс” гэж дүрсэлсэн байдаг. Тэд “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй биш8 гэдэг нь тэднийг хязгаарлаж буй гол шинж чанар юм. Эсрэгээрээ, үүний доор байх телестиел хаант улсын хүмүүс “сайн мэдээг болон Есүсийн тухай гэрчлэлийг ч хүлээж аваагүй9 хүмүүс юм.

Хаант улс бүрийн оршин суугчдын бусдаасаа ялгарах онцлог нь (1) чин сэтгэлээсээ үнэнч байсан, (2) нэн хүчтэй биш, (3) шууд үгүйсгэсэн зэргээр “Есүсийн талаарх гэрчлэлтэй” хэрхэн холбогдож байгааг анхаараарай. Хүн бүрийн үзүүлэх хариу үйлдлээс түүний мөнхийн ирээдүй шалтгаалдаг.

I.

Есүс Христийн талаарх гэрчлэл гэж юу вэ?

Энэ нь Бурханы тэнгэрлэг Хүү, Мессиагийн буюу Гэтэлгэгчийн талаарх Ариун Сүнсний гэрчлэл юм. Энэ нь мөн Есүс эхэн үед тэнгэр, газрыг Бүтээгч Бурхантай хамт байсан, “Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэл байв” гэсэн Иоханы гэрчлэл билээ.10 Энэ нь бас “нас барж, оршуулагдаад гурав дахь өдрөө амилж, тэнгэр рүү одсон хэмээх төлөөлөгч, бошиглогчдын гэрчлэл.”11 Мөн энэ нь “Түүгээр аврал ирэх үүнээс өөр нэр гэж үгүй” гэх мэдлэг юм.12 Эцэст нь энэ бол бошиглогч Иосеф Смитийн хуваалцсан “Тэр амьд бөлгөө! … Тэрээр Эцэгийн Төрсөн Ганц болой. …Ийнхүү түүгээр, мөн түүгээр дамжин, мөн түүнээс, дэлхийнүүд бүтээгдсэн мөн бүтээгддэг ажгуу, мөн тэдгээрийн оршин суугчид нь Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид нь бөлгөө”13 хэмээх “хамгийн сүүлчийн гэрчлэл” юм.

II.

Энэ гэрчлэлээс гадна “Гэрчлэлийнхээ төлөө бид юу хийх вэ?” гэдэг асуулт гарч ирж байна.

Селестиел хаант улсын өв залгамжлагчид баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, итгэлээрээ ялан дийлэх замаар Есүсийн талаарх гэрчлэлийг бүрэн утгаар нь “хүлээн авдаг.”14 Есүс Христийн сайн мэдээний зарчим, үнэнүүд нь тэдний нэн түрүүнд тавьдаг зүйлс болон сонголтуудыг удирддаг. Есүсийн талаарх гэрчлэл нь тэдний хэн болохоос бас хэн болж байгаагаас илэрдэг. Тэдний сэдэл нь энэрэл, Христийн цэвэр хайр юм.15 Тэд “Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүрэхийг”16 голчлон анхаардаг.

Террестриел хаант улсад байх хүмүүсийн зарим нь Есүсийн талаар гэрчлэлийг хүлээн авсан боловч үүнийхээ төлөө юу хийдэггүй вэ гэдгээрээ ялгардаг. Аврагчийн талаарх гэрчлэлд нэн хүчтэй биш байх гэдэг нь ялангуяа Мормоны Номд гардаг Аммоны хүмүүстэй адилаар “Бурханд хандсан, мөн түүнчлэн хүмүүст хандсан өөрсдийн хичээл зүтгэлээр онцгойлогдсон”17 биш, харин эсрэгээрээ үл тоомсорлосон, хайнга хандлагатай буюу “бүлээн”18 байхыг хэлнэ.

Телестиел хаант улсын оршин суугчид бол Есүсийн талаарх гэрчлэлийг Түүний сайн мэдээ, гэрээ, бошиглогчдын хамт үгүйсгэдэг хүмүүс юм. Тэд Абинадайн дүрсэлсэнчлэн: “Өөрсдийн эгэл тааллууд мөн хүслүүдийн дагуу явсан учир; нигүүлслийн мутар нь тэдний зүг сунгагдсан үед Их Эзэнийг хэзээ ч дуудаагүй учир; тодруулбал нигүүлслийн мутар тэдний зүг сунгаастай байсан, мөн тэд хүссэнгүй”19 учир тэнд байх хүмүүс юм.

III.

Есүсийн талаарх гэрчлэлд нэн хүчтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Энэ асуултад хэд хэдэн янзаар хариулах боломжтой. Би цөөн хэдийг нь дурдъя. Есүсийн талаарх гэрчлэлд нэн хүчтэй байх гэдэгт тэрхүү гэрчлэлээ хөгжүүлж, хүчирхэгжүүлэх явдал орох нь ойлгомжтой. Жинхэнэ шавь нар залбирах, судраас судлах, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, ариун ёслолоос хүртэх, наманчлах, тохинуулах, Их Эзэний өргөөнд шүтэн бишрэх зэрэг Есүсийн талаарх гэрчлэлийг нь тэтгэж, хүчирхэгжүүлдэг багахан зүйлсийг ч үл тоомсорлон өнгөрөөдөггүй. Ерөнхийлөгч Нэлсон бидэнд: “Өдөр бүр ‘Бурханы сайн үгээр’ [Моронай 6:4] тэжээгддэггүй гэрчлэл асар хурдан үгүй болох болно. Тиймээс … бид өдөр бүр Их Эзэнийг шүтэж, Түүний сайн мэдээг судлах хэрэгтэй. Би та нараас амьдралдаа Бурханыг ялуулахыг хичээнгүйлэн гуйж байна. Их Эзэнд цаг заваа хангалттай сайн зарцуул. Ингэхдээ таны сүнслэг эерэг инерц яаж өөрчлөгдөж байгааг анзаараарай”20 гэж сануулсан.

Хүчтэй байх гэдэг нь гэрчлэлээ нуулгүй, олонд нээлттэй хуваалцахыг мөн хэлдэг. Бид баптисм хүртэхдээ “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч”21 байх болно гэдгээ баталдаг. Ялангуяа Христийн амилсны баярын өдрүүдэд бид амилсан, амьд Христийн талаарх гэрчээ баяртайяа, олны өмнө, эргэлзэлгүйгээр тунхагладаг.

Есүсийн талаарх гэрчлэлдээ нэн хүчтэй байхын нэг хэсэг бол Түүний элч нарыг чих тавин сонсох явдал юм. Бурхан биднийг илүү сайн зам руу, гэрээний замд албадан оруулдаггүй, харин сонголтын маань үр дагаврыг бүрэн дүүрэн ойлгуулахыг бошиглогчдодоо зааварладаг. Харин энэ нь зөвхөн Түүний Сүмийн гишүүдэд хамаатай биш юм. Тэрээр бошиглогч, төлөөлөгчдөөрөө дамжуулан дэлхийн бүх хүнд хандан тэднийг чөлөөлж,22 хэрэггүй зовлон зүдгүүрээс ангижруулж, үүрдийн баяр баясгаланг авчрах үнэнийг анхааран сонсохыг гуйдаг.

Есүсийн талаарх гэрчлэлдээ нэн хүчтэй байна гэдэг нь бусдыг, ялангуяа өөрсдийн гэр бүлийнхнийг нэн хүчтэй байхад үг, үлгэр жишээгээрээ үлгэрлэнэ гэсэн үг юм. Ахлагч Нийл А.Максвэлл нэг удаа “шавь байх харилцаагаа гүнзгийрүүлэхийн оронд өнгөцхөн ханддаг, ‘санаа сэтгэлээ бүрэн зориулахын’ оронд хайнга оролцдог, ‘идэвхтэйд тооцогддог,’ [Сүмийн] гишүүдэд хандан үг хэлсэн юм [Сургаал ба Гэрээ 76:75; 58:27].”23 Ахлагч Максвэлл хүн бүр сонгох эрхтэй гэдгийг цохон тэмдэглээд: “Харамсалтай нь зарим нь залхуу хойрго байдлыг сонгохдоо зөвхөн өөрийнхөө төлөө ийн сонгодоггүй, дараа дараагийн хойч үеийнхээ өмнөөс ийн сонгож байдаг. Эцэг эх нь багахан эргэлзэхэд л хүүхдүүдэд нь том өөрчлөлт гарч байж мэднэ. Гэр бүлийн арай өмнөх үеийнхэн нь үнэнч байдлаа харуулж байхад одоо үеийнхний зарим нь эргэлзэж байдаг. Тулж түшиж байсан өвөг дээдсийнх нь итгэл үгүй болоход хойч үеийн зарим нь Сүмийг орхихоор сонгож магадгүй байдаг нь үнэхээр харамсмаар”24 хэмээн сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ.

Олон жилийн өмнө ахлагч Жон Х.Гробэрг 1900-аад оны эхээр Хавай дахь жижиг салбарт амьдардаг байсан нэгэн залуу гэр бүлийн түүхийг ярьж өгч билээ. Тэднийг Сүмийн гишүүн болоод хоёр жил орчим болж байхад охидынх нь нэг нь онош нь тодорхойгүй өвчнөөр өвдөж, эмнэлэгт хэвтсэн аж. Дараагийнх нь ням гарагт аав, хүү хоёр өмнөх долоо хоногуудын адил ариун ёслолдоо очив. Залуухан аавыг талхыг адислахаар өвдөг сөгдөн суутал салбарын ерөнхийлөгч ариун ёслолын ширээний хойно хэн байгааг гэнэт мэдээд үсрэн босож, “Боль. Та ариун ёслолд хүрч болохгүй. Охин тань үл мэдэгдэх өвчинтэй. Шууд орхи. Өөр хүн ариун ёслолын талхыг шинээр бэлдэг. Та энд байж болохгүй. Яв” гэж хашхирчээ. Гайхсан аав салбарын ерөнхийлөгч рүү, дараа нь чуулганд ирсэн хүмүүс рүү хараад, бүх хүн гэр бүл рүү нь ихэд түгшсэн, сандарсан байдалтай харж буйг мэдрээд, тэд хамтдаа чимээгүйхэн сүмээс гарав.

Сэтгэлээр унасан гэр бүл жижигхэн байшиндаа очих замдаа хоорондоо ганц ч үг дуугарсангүй. Гэртээ ирээд тойрон суухад, аав нь: “Намайг хэлэх үгээ цэгцэлтэл чимээгүй байгаарай” гэжээ. Хүү нь бид ичгэвтэр байдалд орсныхоо хариуг авахын тулд юу хийх бол, салбарын ерөнхийлөгчийн гахайнуудыг алах уу, аль эсвэл байшинг нь шатаах уу, эсвэл бүр өөр сүмд элсэх үү? гэх мэтчилэн бодож байв. Тав, арав, арван тав, хорин таван минут нам гүм өнгөрөв.

Аавынх нь зангидсан нударга суларч, нулимс урсаж эхлэх нь тэр. Ээж нь уйлж эхлэн, удалгүй хүүхдүүд нь мэгшив. Аав нь эхнэр рүүгээ хараад: “Би чамд хайртай” гээд, хүүхдүүддээ нэг бүрчлэн бас хайртай гэдгээ хэллээ. “Би та нартаа хайртай, тиймээс хамтдаа үүрд мөнх гэр бүлээрээ байхыг хүсэж байна. Хамт байх цорын ганц арга зам бол бид бүгдээрээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сайн гишүүд байж, ариун сүмд ариун санваараар лацдан холбуулах юм. Энэ бол салбарын ерөнхийлөгчийн сүм биш. Энэ бол Есүс Христийн Сүм. Бидний үүрд хамтдаа байх замд хэн нэгэн хүн эсвэл аливаа гомдол, ичгүүр, бардам зан саад болохыг бид зөвшөөрөхгүй. Ирэх ням гарагт бид сүмдээ эргэж очно. Охины маань өвчин оношлогдох хүртэл бид бусадтай нийлэхгүй байх ч буцаж очно” гэжээ.

Тэд буцаж очиж, охиных нь бие ч сайжирч, гэр бүлээрээ Хавайн Лаиэ ариун сүмийг баригдаж дуусмагц тэнд лацдан холбуулсан юм. Өдгөө 100 гаруй бодгаль аав, өвөө, элэнц өвөө нь мөнхийн чанартай зүйлсээс хараагаа салгаагүйн учир тэднийг адислагдсан хүмүүс гэдэг.25

Есүсийн талаарх гэрчлэлд нэн хүчтэй байх талаар миний дурдах хамгийн сүүлчийн зүйл бол хувь хүний хувьд ариун байхыг эрэлхийлэх явдал юм. Есүс бол бидний амин чухал Гэтэлгэгч.26 Тэрээр: “Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд, эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд наманчлагтун, мөн надад ирэгтүн мөн миний нэрээр баптисм хүртэгтүн, газар дэлхийн хязгаарууд та нар бүгд”27 хэмээн уриалсан.

Бошиглогч Мормон “их зовлонгийн дундуур туулахад хүргэсэн”28 зүйл тохиосон ч энэ маягаар тэвчиж чадсан хэсэг гэгээнтний тухай ийн дүрсэлжээ.

“Гэсэн хэдий ч сэтгэл оюун нь баясал хийгээд тайтгарлаар дүүрэх хүртлээ, тийм ээ, зүрх сэтгэлээ Бурханд зориулсны учир ирэх ариуслаар зүрх сэтгэл нь бүр ариусаж мөн цэвэрших хүртлээ, тэд ойр ойрхон мацаг барьж мөн залбирч, мөн даруу байдалдаа улам улам хүчирхэг мөн Христийн бишрэлд улам улам гуйвшгүй бат болж байв.”29 Ийн бид хүчирхэг зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрч, Аврагчийн ач ивээлээр сүнслэг байдлын хувьд дахин төрөхийг эрэлхийлдэг.30

Есүсийн талаар нэн хүчтэй гэрчлэлтэй хүмүүсийн дунд байр сууриа эзлэхийн тулд яг одоо үйлдээрэй гэж би та нарыг уриалж байна. Наманчлал хэрэгтэй байж болох тул “та нарын бодоогүй цагт зун өнгөрч, ургац хураалт дуусаж, бодгаль чинь аврагдахгүй”32 байхаас сэргийлж, “наманчлалын өдрөө бүү хойшлуул.”31 Бурхантай байгуулсан гэрээнүүдээ хичээнгүйлэн сахь. “Үгийн чандын учир гомдох”33 хэрэггүй. “Та нар өөрсдийн дуудагдах дуу хоолойг, мөн түүнчлэн та нарыг дуудах нэрийг сонсож бас мэдэхийн тулд уг нэрийг зүрх сэтгэлдээ үргэлж бичээстэй нь хадгалахыг та нар санаасай хэмээнэ би.”34 “Иймийн тул миний та нарт заах мөн зарлиглах зүйлсийг хийх эсэхээ одоо зүрхэндээ шийдэгтүн.”35

Бидний Эцэг бүх хүүхдээ селестиел хаант улсад Түүнтэй хамт мөнх амьдраасай гэж хүсдэг. Есүс ийн амьдрах боломжийг олгохын тулд зовж шаналж, амиа өргөж, амилсан. Тэрээр “тэнгэр өөд дээшлэн одсон, мөн хүмүүний үрсийн дээрх өөрийн нигүүлслийн эрхийг Эцэгээсээ шаардахаар Бурханы баруун мутар талд суусан билээ.”36 Бид бүгд Их Эзэн Есүс Христийн талаарх шатаж буй мэт гэрчлэлээр адислагдаж, тэрхүү гэрчлэлдээ баясаж, нэн хүчтэй байж, амьдралдаа Түүний ач ивээлийн үр жимснээс үргэлжлүүлэн хүртээсэй гэж би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.