Ерөнхий чуулган
Христийнхтэй адил зан чанар: Үнэнч байдал
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Христийнхтэй адил зан чанар: Үнэнч байдал

Үнэнч амьдрах нь Бурханд болон бие биедээ, түүнчлэн тэнгэрлэг мөн чанартаа үнэнч байхыг биднээс шаарддаг.

Аврагч тохинууллынхаа сүүлчийн мөчид Чидун уулын Гетсемани цэцэрлэгт очиж, шавь нараасаа Өөрийг нь хүлээхийг хүсэв.1 Цор ганцаараа байсан Тэрээр Эцэгтээ хандан: “Хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг надаас холдуулаач”2 хэмээн залбирчээ. Зовж шаналах үед мэдэрсэн өвдөлт нь Түүнийг “бүр бүхнээс хамгийн агуу Бурхан дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэхэд, … мөн тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад”3 хүргэж болохоор байв. Гэсэн хэдий ч гүн цөхрөлийн мөчид Аврагч эргэж буцалгүй “харин хүртэж мөн хүмүүний үрсийн төлөө [Өөрийн] бэлтгэлүүдийг дуусгасан юм.”4

Эцэгийн Төрсөн Ганц Хүүгийн хувьд Есүс Христэд үхэл, өвдөлт, зовлон шаналлыг захирах хүч байсан ч Тэрээр эргэж буцаагүй. Тэрээр Эцэгтэйгээ байгуулсан гэрээгээ гүйцэлдүүлж, ингэснээр бидний амьдарч буй дэлхийд улам бүр чухал болж буй Христийн зан чанар болох үнэнч байдлыг харуулжээ. Тэрээр Бурханд төдийгүй бидний хүн нэг бүрд, түүнчлэн тэнгэрлэг мөн чанартаа үнэнч хэвээр үлдсэн.

Үнэнч байдал

Есүс Христ бол бидний үлгэр жишээ. Үнэнч амьдрах нь Бурханд болон бие биедээ, түүнчлэн тэнгэрлэг мөн чанартаа үнэнч байхыг биднээс шаарддаг. Үнэнч байдал нь Бурханыг хайрлах анхны агуу зарлигаас үүдэлтэй. Та Бурханд хайртай учраас Түүнд ямар ч үед үнэнч байдаг. Та зөв, буруу гэж байдгийг мөн туйлын үнэн буюу Бурханы үнэн байдаг гэдгийг ойлгодог. Үнэнч байх гэдэг нь бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх юм уу хүлээн зөвшөөрөгдөхийн тулд жишгээ бууруулдаггүй, биеэ авч явах байдлаа өөрчилдөггүй гэсэн үг юм.5 Та “гарах үр дагаврыг нь бодож,” “зөвийг үйлддэг.”6 Саяхан шинэчлэгдсэн Миний сайн мэдээг номло хэмээх номлогчид зориулсан гарын авлагад Христийн зан чанар болох үнэнч байдлын талаар онцгойлон нэмж оруулсан байдаг.7

Хэдэн жилийн өмнө ахлагч Угдорф манай гадсыг дахин зохион байгуулахаар томилогдсон юм. Биднийг ярилцаж байх үеэр тэрээр: “Хэрэв нийтэд ил болгосон бол таныг эсвэл Сүмийг ичгэвтэр байдалд оруулах ямар нэгэн зүйл амьдралд чинь тохиолдож байсан уу?” гэж надаас асуусан. Би энэ асуултыг ер мартдаггүй. Гайхсан намайг алдаа гаргасан байж болох мөчүүдээ эргэн санахыг хичээхэд нүдний өмнө бүхий л амьдрал минь зурсхийн өнгөрөх шиг болж билээ. Хэрэв бусад хүн миний хийсэн бүх үйлдлийг мэдвэл тэд миний талаар эсвэл Сүмийн талаар юу гэж бодох байсан бол гэж би өөрөөсөө асууж байлаа.

Тухайн үед би ахлагч Угдорфыг зөвхөн зохистой байдлын тухай асууж байна гэж бодсон ч энэ нь үнэндээ үнэнч байдлын тухай асуулт байсныг ухаарсан. Би хэлсэн зүйлдээ үнэнч байсан болов уу? Дэлхий миний үг, үйлдэл хоёр хоорондоо зөрөхгүй байгааг харах байсан болов уу? Бусад хүн миний биеэ авч явах байдлаар дамжуулан Бурханыг таньж мэдэх боломжтой байсан болов уу?

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Үнэнч байдал” бол “ … итгэл үнэмшил, үүрэг амлалтынхаа дагуу амьдрах хүсэл тэмүүлэл, ур чадвар юм”8 гэж заасан.

Бурханд үнэнч байх

Үнэнч амьдрах нь эн тэргүүнд Бурханд үнэнч байхыг биднээс шаарддаг.

Бага байхаасаа бид арслангийн нүхэнд хаягдсан Даниелын түүхээс суралцдаг. Даниел Бурханд үргэлж үнэнч байсан. Түүнд атаархсан хүмүүс “[түүнийг] буруутгах үндсийг эрсэн”9 төдийгүй зөвхөн өөрсдийн бурхдад залбирах захирамжийг гаргуулдаг. Даниел захирамжийн талаар мэдсэн ч “онгорхой цонхтой”10 гэртээ орж, өдөр бүр гурвантаа өвдөг сөгдөн, Израилын Бурхандаа хандан залбирдаг байсан. Үүний улмаас Даниел арслангийн нүхэнд хаягддаг. Өглөө болоход Даниелын Бурхан түүнийг чөлөөлсөн гэдгийг хаан олж мэдээд, бүх хүнийг “Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн: учир нь тэр бол амьд Бурхан”11 хэмээх шинэ захирамж гаргасан.

Хаан Даниелын үнэнч байдлаар дамжуулан Бурханыг олж мэдсэн. Бусад хүн бидний үг, үйлдлээр дамжуулан Бурханыг олж хардаг. Даниелтай адилаар, бидний Бурханд үнэнч байх нь биднийг дэлхийгээс улам холдоход хүргэх болно.

Аврагч бидэнд “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан”12 хэмээн сануулдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ертөнцийг ялна гэдэг нь “Бурханы зүйлээс илүү энэ ертөнцийн зүйлд санаа тавих уруу таталтыг ялан дийлэх, хүмүүсийн гүн ухаанаас илүү Христийн сургаалд итгэхийг хэлдэг”13 хэмээн зөвлөжээ. Иймд бид “дэлхийнхтэй адил дүр төрх бүхий [өөрийнхөө] бурхны дүр төрхийг дуурайн [өөрийнхөө] арга замаар”14 замнах уруу таталтаас зайлсхийх ёстой.

Энэ дэлхийн сөрөг хүчин зүйлс Бурханы авралын төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг юм. Уг хүчин зүйлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь үнэнч байдлын хэмжүүрийг буюу бидний хэн болох мөн чанарыг тодорхойлдог. Дэлхийн хүчин зүйл нь гэрлэлтийн үнэнч байдлыг үгүй хийхүйц илэрхий эсвэл нэрээ нууцлан Сүмийн сургаал, заншлыг шүүмжилсэн пост оруулахуйц үл анзаарагдам байж болно. Сонголт хийхдээ үнэнч байхыг сонгох нь Аврагч Есүс Христийг дагах бидний өөрсдөдөө өгсөн амлалтын гаднах илрэл юм.

Бусдад үнэнч байх

Үнэнч байдал нь Бурханыг хайрлах анхны агуу зарлигаас улбаатайн адил бие биедээ үнэнч байх нь хөршөө өөрийн адил хайрла гэсэн хоёр дахь зарлигаас үүдэлтэй. Үнэнч амьдрах гэдэг нь төгс амьдрахыг хэлдэггүй. Харин энэ нь өдөр бүр эн тэргүүнд Бурхандаа үнэнч байхын төлөө хичээж амьдрахыг хэлдэг ба үүний дотор бусдад үнэнч байх гэсэн утга оршдог. Ерөнхийлөгч Өүкс: “Энэхүү хоёр дахь агуу зарлигийг сахих оргилуун хүслээ нэг дэх зарлигийг мартах шалтгаан болгож болохгүй”15 гэж бидэнд сануулсан.

Дэлхий ертөнц нийгэм, хүмүүс хоёрын хоорондын харилцааг зохицуулах ёс зүйн хэм хэмжээ, биеэ авч явах дүрэм журмыг тогтоосноор үнэнч байдлыг илүү их барьж тогтоодог. Энэ нь сайн хэдий ч эдгээр дүрэм журам нь туйлын үнэнд тулгуурладаггүй учир соёлын хүлээн зөвшөөрөх байдал дээр үндэслэн хувьсах хандлагатай. Ахлагч Угдорфын тавьсан асуулттай адилаар, зарим байгууллага ажилтнуудаа аливаа гаргасан шийдвэр эсвэл шийдвэр гаргах үйл явц нь цахимаар эсвэл томоохон сонины нүүр хуудсанд нийтлэгдвэл ямархуу харагдахыг харгалзаж үзэхэд сургадаг. Сүм нь тодорхой бус байдал хийгээд харанхуйгаас урагшлан гарч ирдэг16 шиг бид ч бас Даниелын адил дэлхийн хүлээлтээс дээш өндийж, бүхий л цагт бүх газарт үнэн бөгөөд амьд Бурханы нүүр царай болох хэрэгтэй.17

Хэрэв бидний үг, үйлдэл зөрж байвал бид үнэнч байдаг гэж хэлэх нь хангалтгүй юм. Үүнтэй нэгэн адил, Христийн шашинтны хайр энэрэл нь үнэнч байдлыг орлохгүй. Гэрээний хүмүүсийн хувьд мөн Их Эзэний Сүмийн удирдагчдын хувьд бид Түүний тогтоосон жишигт нийцэн, буруутгалаас ангид байх ёстой.

Үнэнч байдлаар үйлдэх нь итгэл, найдвар төрүүлдэг ба бид зөвхөн Их Эзэний тааллын дагуу үйлдэхийг эрэлхийлдэг гэдгийг бусдад батлан харуулдаг. Бид зөвлөлдөхдөө гадны нөлөөллийг эсэргүүцэж, эмэгтэй, эрэгтэй хүн бүрийн санаа бодлыг эрэлхийлэх, сүнсээр өдөөгдсөн зөвлөгөөнд нийцүүлэн үйлдэх арга замаар Их Эзэний илчилсэн үйл явцыг дагадаг.18

Бид Аврагч дээр төвлөрдөг ба өөрсдөдөө болон гэр бүлийнхэндээ ашиг хонжоо хайж эсвэл хэн нэгнийг бусдаас илүүд үзэж буй мэт ойлгогдож болох үйлдлээс зайлсхийхийн тулд болгоомжтой байдаг. Бид өөрсдөдөө сайшаал магтаал, илүү их лайк авах, дурдагдах, нийтлэлд гарах зэрэг хүмүүсээс хүндэтгэл хүлээхийн19 тулд гаргадаг үйлдлүүдээс зориуд зайлсхийдэг.

Тэнгэрлэг мөн чанартаа үнэнч байх

Эцэст нь хэлэхэд, үнэнч байдлаар амьдрах нь тэнгэрлэг мөн чанартаа үнэнч байхыг шаарддаг.

Бид ингэж амьдраагүй зарим нэг хүнийг мэднэ. Онцгой ач холбогдолтой нэг жишээ бол Христийг эсэргүүцэгч, олны зүрх сэтгэлийг дагуулан удирдаж, хүмүүсийн “эгэл оюунд”20 хандан номлосон Корихор юм. Гэхдээ тэрээр амьдралынхаа сүүлчийн мөчид “Би Бурхан байдгийг ямагт мэддэг байсан”21 гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг худал хэлэх нь бидний тэнгэрлэг мөн чанар, “бидний сүнслэг мөн чанарын эсрэг зүйл”22 хэмээн заасан. Корихор өөрийгөө хууран мэхэлсэн ба түүний дотор үнэн байсангүй.23

Харин эсрэгээрээ, бошиглогч Иосеф Смит “Би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй”24 хэмээн итгэлтэйгээр тунхагласан байдаг.

Их Эзэн Иосефын ах Хайрумыг “зүрх сэтгэлийнх нь үнэнч шударгын учир”25 хайрладаг байсан. Иосеф тэр хоёр тэнгэрлэг мөн чанар, хүлээн авсан гэрэл ба мэдлэг, хүрч чадна гэж мэдэж байсан нөөц бололцоондоо эцсээ хүртэл үнэнч хэвээр үлджээ

Дүгнэлт

Бид өөрсдийгөө “Бурханы таалалд”26 нийцүүлж, Христийнхтэй адил зан чанар болох үнэнч байдлыг хөгжүүлэх болтугай. Бид дэлхийн Аврагч, бидний үлгэр жишээ болсон Түүнийг дагаж, эргэж буцалтгүйгээр Бурханд, бие биедээ, тэнгэрлэг мөн чанартаа үнэнч амьдрах болтугай.

Иовын хэлснээр “Зөв шударга жингээр жинлэ, намайг Хоёргүй үнэнчийг минь Бурхан мэдэх болно.”27 Есүс Христийн ариун нэрээр, амен.