Ерөнхий чуулган
Бүр илүү баяр баясгалан
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бүр илүү баяр баясгалан

Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү хоёрт амьдралаа зориулснаар ирдэг бүр илүү баяр баясгаланг бид бүгд эрэлхийлж мөн олох болтугай.

Гучин жилийн турш Ерөнхий чуулган дээр үг хэлэх агуу адислал надад тохиожээ. Энэ бүх хугацааны туршид, дэлхийн эргэн тойрон дахь олон хүн хэлсэн үгсийн минь талаар асуусаар ирсэн. Сүүлийн үед тодорхой нэг зүйлийг дахин дахин асууж байна. Ерөнхийдөө ингэж асуудаг. “Ахлагч Угдорф оо, би таны сүүлд хэлсэн үгийг анхааралтай сонссон, гэхдээ … би нислэгийн талаар юу ч сонссонгүй.”

Тэгэхээр, өнөөдрөөс хойш би энэ асуултыг нэг хэсэг сонсохгүй байх.

“Нарны туяанд гялалзан бүжих үүлсийг харах”1 тухай яръя л даа.

Вилбүр, Орвилл Врайт хоёр Хойд Каролайна мужийн Китти Хокийн элсэн дээгүүр анх ниссэнээс хойш 120 жил л өнгөрсөн гэхэд итгэмээргүй. 12-р сарын тэр нэгэн өдөр дөрвөн удаа богино нислэг үйлдсэн нь дэлхийг өөрчилж, түүхэн дэх хамгийн агуу бүтээлүүдийн нэгийнх нь үүд хаалгыг нээсэн билээ.

Эртний тэр өдрүүдэд нисэх нь эрсдэлтэй байсан. Ах дүү хоёр үүнийг мэдэж байлаа. Тэдний аав Милтон ч мэдэж байсан. Үнэндээ аав нь хоёр хүүгээ нисэх ослоор алдах вий гэж ихэд эмээж байсан болохоор хоёр хүү нь хэзээ ч хамтдаа нисэхгүй гэж түүнд амласан байв.

Тэд нэг л удаагаас бусдаар хэзээ ч хамт нисээгүй. Китти Хок дахь тэрхүү түүхэн өдрөөс долоон жилийн дараа тэдний эцэг Милтон Врайт эцэст нь зөвшөөрч, Вилбүр, Орвилл хоёрыг анх удаагаа хамтдаа нисэхийг нь харжээ. Онгоц газардсаны дараа Орвилл аавыгаа онгоцонд өөрийн биеэр сууж үзэхийг ятгасан байна.

Онгоцыг газраас хөөрөх үед 82 настай Милтон нисэж байгаадаа хөөрөн баясаж, бүх айдас нь замхран оджээ. “Дээшээ, Орвилл, бүр дээшээ!”2 хэмээн аавынхаа баярлан дуу алдахыг сонсоод Орвилл баяртай байлаа.

Надтай адил зүрх сэтгэлтэй хүн байгаа биз!

Нислэгийн талаар үе үе ярьдаг шалтгаан маань Врайтын гэр бүлийнхний юу мэдэрснийг мэддэгтэй минь холбоотой байх. Би ч бас “дэлхийгээс тасарч, мөнгөн жигүүр дээр инээмсэглэн тэнгэрт бүжиглэж”3 байсан.

Намайг төрөхөөс 37-хон жилийн өмнө тохиосон, ах дүү Врайтын анхны нислэг миний амьдралд адал явдал, гайхширал, жинхэнэ баяр баясгалангийн үүд хаалгыг нээсэн юм.

Тэр баяр баясгалан гайхалтай хэдий ч үүнээс бүр илүү баяр баясгалан гэж байдаг. Милтон Врайтын “Дээшээ, Орвилл, бүр дээшээ” гэж баярлан дуу алдсан тэрхүү урам зоригоор, би бүр их баяр баясгалангийн талаар, энэ нь хаанаас ирдэг, бидний зүрх сэтгэлд хэрхэн нэвтэрдэг, үүнийг бид хэрхэн илүү их мэдэрч чадах талаар яримаар байна.

Хүмүүний оршихуйн гол зорилго

Хүн болгон аз жаргалтай байхыг хүсдэг гэдгийг хэлэх нь илүүц биз.4 Гэхдээ хүн бүр аз жаргалтай байдаггүй гэдгийг ч бас хэлэх хэрэггүй байх. Харамсалтай нь, олон хүнд аз жаргалыг олж авахад хэцүү байдаг.5

Яагаад тэр вэ? Хэрвээ аз жаргал нь хүмүүсийн хамгийн их хүсдэг зүйл юм бол бид яагаад үүнийг олохдоо амжилтгүй байдаг юм бэ? Америк зохиолын дуунд гардаг шиг бид баяр баясгаланг буруу газраас хайгаад байж магадгүй.6

Бид аз жаргалыг хаанаас олж авч чадах вэ?

Бид хэрхэн баяр баясгалантай болох талаар ярилцахын өмнө, би сэтгэцийн хямрал, оюун санааны болон сэтгэл зүйн асуудлууд бодитой бөгөөд “жаргалтай байхыг хичээ” гээд л эдгээчихдэг зүйл биш гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийн миний зорилго бол сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг багасгах юм уу үл тоомсорлох явдал биш юм. Та тийм бэрхшээлийг туулж байгаа бол би тантай хамт шаналж, таны хажууд хамт зогсож байна. Зарим хүний хувьд баяр баясгалантай болох гэдэгт маш чухал салбарт амьдралаа зориулсан, сэтгэл зүйн эрүүл мэндийн мэргэжилтнээс тусламж эрэлхийлэх явдал багтаж болох юм. Бид ийм тусламж авах боломжтойдоо талархах хэрэгтэй.

Амьдрал бол өндөр сэтгэл хөдлөлийн төгсгөлгүй давталт биш. “Учир юун хэмээвээс бүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүй.”7 Бурхан Өөрөө уйлдаг гэж судруудад өгүүлдэг ба хэрвээ Тэр уйлдаг юм бол8 та бид уйлах нь мэдээжийн хэрэг юм. Гуниглах нь бүтэлгүйтлийн шинж тэмдэг биш. Энэ амьдралд баяр баясгалан, зовлон шаналал хоёр салшгүй хамт байдаг.9 Та нарын адил би ч бас гутрах, гуниглах, харамсах, гэмших мэдрэмжүүдийг мэдэрч үзсэн.

Гэхдээ би бас сэтгэл зүрхийг бялхаасан, дотроо хадгалахын аргагүй баяр баясгаланг биеэрээ мэдэрч байсан. Энэхүү амар амгалан, сэтгэл хангалуун байдал нь Аврагчийг дагаж Түүний замаар алхсанаар ирдэг гэдгийг би өөрийн биеэр олж мэдсэн.

Түүний өгдөг амар амгалан дэлхийн өгдөг амар амгалангаас өөр.10 Энэ нь илүү сайн. Энэ нь илүү дээр, илүү ариун. Есүс: “Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ”11 гэж хэлсэн.

Есүс Христийн сайн мэдээ нь үнэхээр “агуу баяр хөөрийн сайн мэдээ” юм.12 Энэ бол юутай ч харьцуулшгүй найдварын захиас билээ! Энэ нь буулгаас өргөлцөж, ачааг хөнгөлдөг захиас юм.13 Гэрэл түгээгч захиас. Сайн мэдээ нь тэнгэрлэг таалал, илүү сайн ойлголт, ариун гэрээ, мөнхийн хамгаалалт, дуусашгүй алдар сууны захиас юм!

Баяр баясгалан бол Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний гол зорилго мөн. “[Та нар] баяр баясгалантай байж болохын тул”14 бүтээгдсэн. Та нар үүний төлөө бий болгогдсон!

Тэнгэр дэх Эцэг маань аз жаргалд хүргэх замыг нуугаагүй. Энэ нь нууц зүйл биш. Энэ нь бүх хүнд боломжтой!15

Шавийн замаар алхалж, Аврагчийн сургаал болон жишээг дагаж, Түүний зарлигуудыг сахиж, Бурхантай гэрээнүүд байгуулж, тэдгээрээ хүндэтгэдэг хүмүүст энэ нь амлагдсан юм. Ямар гайхамшигтай амлалт вэ!

Бурхан илүү ихийг өгөхийг хүсдэг

Аз жаргалтай байхын тулд Бурханыг хэрэггүй, шашингүйгээр ч хангалттай аз жаргалтай амьдарч байна гэдэг хүмүүсийг бид бүгд мэддэг.

Би ийм байдлыг ойлгож, хүндэтгэдэг. Хайрт Тэнгэр дэх Эцэг маань бүх хүүхдээ аль болох илүү аз жаргалтай байгаасай гэж хүсдэг учраас энэ дэлхийг “нүд баясгах хийгээд сэтгэл баярлуулах аль алиных нь тулд”16 гоо үзэсгэлэн, жаргал цэнгэл, таашаалаар дүүргэсэн. Миний хувьд, би нисэхээс асар их аз жаргалыг мэдэрдэг. Бусад хүн дуу хөгжим, урлаг, хобби болон байгалиас үүнийг олдог.

Аврагчийн агуу баяр баясгалангийн сайн мэдээг хүн бүртэй хуваалцаж, тэднийг урьснаар бид баяр баясгалангийн эдгээр эх үүсвэрийг үгүйсгэдэггүй. Харин Бурханд өгөх илүү сайн сайхан зүйл байдаг гэдгийг л хэлж байгаа юм. Илүү их, илүү гүн гүнзгий баяр баясгалан—энэ дэлхийн өгдөг бүхнээс давсан баяр баясгалан. Энэ нь уй гашууг тэвчиж, зовлон шаналлыг нэвтлэн, ганцаардлыг багасгадаг баяр баясгалан юм.

Эсрэгээрээ, дэлхийн аз жаргал удаан үргэлжилдэггүй. Чадах ч үгүй. Дэлхийн зүйлс хөгширч, муудаж, гандаж, хуучрах нь байгалийн жам. Гэхдээ Бурхан мөнх учраас бурханлаг баяр баясгалан ч үүрдийнх. Есүс Христ биднийг зуурдын байдлаас татан гаргаж, ялзралыг үл ялзралаар солихоор ирсэн юм. Зөвхөн Түүнд л энэ хүч байдаг мөн зөвхөн Түүний баяр баясгалан үүрдийнх байдаг.

Амьдралд тань ийм баяр баясгалан хэрэгтэй гэж та бодож байвал, би таныг Есүс Христийг болон Түүний замыг дагах аянд гараарай гэж урьж байна. Энэ бол амьдралын туршид төдийгүй түүнээс ч цаашаа үргэлжлэх аян юм. Цэвэр баяр баясгаланг олж мэдэх энэхүү чухал аянд гарахад туслах цөөн хэдэн эхний алхмыг би та нарт санал болгоё.

Бурханд илүү ойрт17

12 жилийн турш цус алдах өвчнөөр өвдсөн, Шинэ Гэрээнд гардаг эмэгтэйг та нар санаж байна уу?18 Тэр өөрт байсан бүхнээ эмч нарт өгөөд дуусгасан ч нөхцөл байдал нь дорджээ. Тэр эмэгтэй Есүсийн талаар сонссон бас Түүний эдгээх хүчний талаар сайн мэддэг байв. Гэвч Тэр түүнийг эдгээж чадах болов уу? Бас тэр эмэгтэй яаж Түүнд ойрхон очиж чадах билээ? Өвчин нь Мосегийн хуулийн дагуу түүнийг “цэвэр бус” болгосон тул тэрээр бусдаас хол, зай барих шаардлагатай байсан.19

Есүс рүү ойртож, эдгээхийг гуйх талаар санахын ч хэрэггүй байв.

Гэсэн ч тэр: “Би ядаж Түүний хувцсанд нь хүрчихвэл эдгэрнэ”20 гэж боджээ.

Эцэст нь түүний итгэл айдсыг нь үргээв. Тэр эмэгтэй бусдын хэл амаас айлгүй, Аврагч руу дөхөв.

Эцэст нь тэр Түүнд хүрч чадахаар ойртсон байлаа. Тэр гараа сунгав.

Тэгээд тэр эдгэрсэн.

Бид бүгд энэ эмэгтэйтэй аль нэг талаараа адилхан биш гэж үү?

Бидэнд Аврагчид ойртохоос эргэлздэг олон шалтгаан байж болно. Бид бусдын доог тохуу, буруушаалттай тулгарч болох юм. Бид бардам зан гарган, маш энгийн ийм зүйл илүү их үнэ цэнтэй байж болох боломжийг үл тоомсорлож ч мэднэ. Нөхцөл байдал маань биднийг ямар нэгэн байдлаар Түүний эдгээх хүчнээс хүртэх эрхгүй болгож, бид хэтэрхий хол байгаа эсвэл бидний гэм нүгэл дэндүү олон гэж бодоход хүргэж магадгүй.

Энэ эмэгтэйтэй адилаар, хэрвээ бид Бурханд ойртон, гараа сунгаж, Түүнд хүрэх аваас бид үнэхээр эдгэрэл, амар амгалан, баяр баясгаланг олох болно гэдгийг би олж мэдсэн.

Үүнийг эрж хай

Есүс: “Хай, тэгвэл та нар олно”21 хэмээн хэлсэн.

Энэхүү энгийн үгс сүнслэг амлалт төдийгүй үнэний баттай мэдэгдэл гэдэгт би итгэдэг.

Хэрвээ бид уурлах, эргэлзэх, өширхөх эсвэл ганцаараа байх шалтаг шалтгааныг эрж хайвал олох л болно.

Хэдий тийм ч хэрвээ бид баяр баясгаланг эрэлхийлэх аваас, хэрвээ бид баясан, Аврагчийг аз жаргалтайгаар дагах шалтгааныг хайх аваас бид бас олох болно.

Бид эрж хайгаагүй зүйлээ олох нь ховор.

Та баяр баясгаланг эрж хайж байна уу?

Хай, тэгвэл та нар олно.

Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц22

Есүс: “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй”23 гэж заасан.

Баяр баясгаланг хайх энэхүү аянд, үүнийг олох хамгийн сайн арга нь бусдад баяр баясгаланг авчрах явдал байж болох уу?

Ах, эгч нар аа, энэ бол үнэн гэдгийг та нар ч, би ч мэднэ! Баяр баясгалан бол хэзээ ч хоосордоггүй гурилын сав эсвэл тостой домбо адил юм.24 Жинхэнэ баяр баясгаланг хуваалцах үед олшрон нэмэгддэг.

Энэ нь агуу сүрлэг, нарийн ширийн зүйлийг шаарддаггүй.

Бид энгийн зүйлсийг хийж чадна.

Бүх зүрх сэтгэлээрээ хэн нэгний төлөө залбир.

Хэн нэгнийг чин сэтгэлээсээ магтаж, урамшуул.

Хэн нэгнийг халуун дотно хүлээн авч, хүндлэгдэж, үнэлэгдэн, хайрлагдаж байгаагаа мэдрэхэд нь тусал.

Дуртай судраа, энэ нь бидний хувьд ямар утга учиртайг хуваалц.

Эсвэл зүгээр л сонс.

“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа”25 ба Бурхан найрсаг сэтгэлийг тань өгөөмрөөр шагнах болно.26 Та нарын бусдад авчрах баяр баясгалан та нарт буцаад “шахагдсан, чигжсэн мөн бялхсан сайн хэмжээгээр”27 өгөгдөх болно.

Тэгвэл бид юу хийх ёстой вэ?28

Ирэх өдрүүд, долоо хоног, саруудын туршид би та нарыг дараах зүйлсийг хийгээрэй гэж урьж байна.

  • Бурханд ойртохын тулд чин сэтгэлээсээ, бүрэн зүрх сэтгэлээр хичээж чармайхад цаг зарцуул.

  • Найдвар, амар амгалан, баяр баясгалан бүхий өдөр тутмын мөчүүдийг олохоор хичээнгүйлэн эрэлхийл.

  • Өөрийн эргэн тойрны хүмүүст баяр баясгаланг авчир.

Хайрт ах, эгч нар аа, найзууд аа, та нар Бурханы мөнхийн төлөвлөгөөг гүн ойлгохын тулд Бурханы үгийг эрэлхийлж, эдгээр урилгыг хүлээн авч, Түүний замаар алхахыг хичээх үед та нар “бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван”29-ыг уйтгар гуниг дунд ч мэдрэх болно. Бурханы зүйрлэшгүй хайр зүрх сэтгэлд тань өсөн нэмэгдэхийг та мэдрэх болно. Селестиел гэрэл зовлон бэрхшээлийн чинь сүүдрийг нэвтлэн тусах ба та нар үл харагдах, төгс төгөлдөр, тэнгэрлэг оршихуйн үгээр зүйрлэшгүй алдар суу, гайхамшгийг амталж эхлэх болно. Та нарын сүнс энэ дэлхийн татах хүчнээс дээш өргөгдөхийг мэдрэх болно.

Та нар Милтон Врайтын адилаар, баяр баясгалантайгаар дуу хоолойгоо өргөн, “Дээшээ, Эцэг минь, бүр дээшээ!” хэмээн дуу алдах биз ээ.

Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү хоёрт амьдралаа зориулснаар ирдэг бүр илүү баяр баясгаланг бид бүгд эрэлхийлж мөн олох болтугай. Энэ бол Есүс Христийн ариун нэр дээр үлдээх миний чин сэтгэлийн залбирал мөн адислал юм, амен.

Тайлбар

  1. John Gillespie Magee Jr., “High Flight,” poetryfoundation.org.

  2. Christopher Klein, “10 Things You May Not Know about the Wright Brothers,” History, Mar. 28, 2023, history.com.

  3. Magee, “High Flight”

  4. 2400 жилийн өмнө, бүх хүний хамгийн их хүсдэг нэг зүйл бол аз жаргал гэдгийг Аристотл ажиглажээ. Nicomachean Ethics судалгаандаа тэрээр амьдралын хамгийн сайн зүйл бол бидний хийх дуртай зүйл (өөр нэгэн зорилгын төлөө хийж байгаа зүйлс биш) гэж заажээ. Бүхнээс илүүтэйгээр, аз жаргал нь яг л тийм зүйл. “Бид үргэлж аз жаргалыг хүсдэг” бөгөөд “өөр нэг зүйлд хүргэх арга замыг биш харин өөрийг нь л хүсдэг” гэж тэр хэлсэн юм (The Nichomachean Ethics of Aristotle. J. E. C. Weldon [1902], 13–14).

  5. Harry Enten, “American Happiness Hits Record Lows,” CNN, Feb. 2, 2022, cnn.com; see also Tamara Lush, “Americans Are the Unhappiest They’ve Been in 50 Years,” Associated Press, June 16, 2020, apnews.com; “The Great Gloom: In 2023, Employees Are Unhappier Than Ever Ever. Why?” BambooHR, bamboohr.com.

  6. Wanda Mallette, Patti Ryan, and Bob Morrison, “Lookin’ for Love (in All the Wrong Places)” (1980).

  7. 2 Нифай 2:11

  8. Иохан 11:35; Мосе 7:28–37-г үзнэ үү.

  9. 2 Нифай 2:11-ийг үзнэ үү.

  10. Иохан 14:27-г үзнэ үү.

  11. Иохан 10:10

  12. Лук 2:10.

  13. Матай 11:28–30-ийг үзнэ үү.

  14. 2 Нифай 2:25

  15. Тэнгэр дэх Эцэг таныг хүлээн зөвшөөрч, Өөрийн баяр баясгаланг хүлээн авахыг зөвшөөрөх эсэх талаар танд санаа зовох зүйл байгаа бол би таныг төөрөлдсөн хүүгийн талаарх Христийн сургаалт үгсийг уншихад урьж байна (Лук 15:11–32-ыг үзнэ үү). Энэхүү сургаалт үгээс бид Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийн талаар ямар бодолтой байдаг, биднийг Түүнээс төөрчхөөд буцаж ирэх үед хэрхэн хүлээж байдаг, хэрхэн баярлан тэмдэглэдэг талаар сурдаг! Биднийг “ухаарах” (17-р шүлэг) тэр мөчөөс эхэлж мөн гэртээ харих аянаа эхлэх үед Тэр биднийг харах болно. Учир нь Тэр биднийг харж, хүлээн зогсож байдаг. Түүнчлэн Түүний хүлээж байгаа зүйл юу вэ? Тэр биднийг хүлээж байгаа. Биднийг Түүнд ойртох үед Тэр бидний буцаж ирснийг тэмдэглэн, биднийг Өөрийн хүүхэд гэж дуудах болно.

  16. Сургаал ба Гэрээ 59:18 Энэ илчлэлд мөн “Эдгээр бүх зүйлийг хүмүүнд өгсөн нь Бурханыг баярлуулдаг; энэхүү зорилгын учир эдгээр нь хийгдсэн бөлгөө” (20-р шүлэг) хэмээн тайлбарласан байдаг.

  17. Бурхан Өөрт нь ойртдог хүмүүст “Би та нарт ойр байх болно” хэмээх агуу амлалтыг өгдөг (Сургаал ба Гэрээ 88:63-ыг мөн Иаков 4:8-ыг үзнэ үү).

  18. Марк 5:24–34-ийг үзнэ үү.

  19. Bible Dictionary, “Clean and Unclean”-ыг үзнэ үү.

  20. Марк 5:28

  21. Maтай 7:7

  22. Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцсэнээр бид “Христийн хуулийг хэрэгжүүлдэг” (Галат 6:2; мөн Мозая 18:8-ыг үзнэ үү).

  23. Үйлс 20:35

  24. 1 Хаад 17:8–16-г үзнэ үү.

  25. Мозая 2:17

  26. Ромчуудад бичсэн захидалдаа Паул: “Бурхан хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө: Тэвчээртэйгээр сайныг үйлдэж, алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайгчдад мөнх амь өгнө … сайныг үйлдэгч хүн бүрд алдар, хүндэтгэл ба амар тайван нь байх болно” (Ром 2:6–7, 10).

  27. Лук 6:38 Бидний аврал болон мөнхийн аз жаргал бидний бусдад хандах энэрэл, найрсаг байдлаас хамаарч болох юм (Матай 25:31–46-г үзнэ үү).

  28. Лук 3:10

  29. Филиппой 4:7