Ерөнхий чуулган
Эцсээ хүртэл итгэлтэй
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Эцсээ хүртэл итгэлтэй

Түүний гараар та амьдралдаа тулгарах Голиат бүрийг буулгаж авч чадна.

Эрхэм залуу найзууд аа, өнөөдөр би Сүмийн өсвөр үеийнхэн та нарт онцгойлон хандаж яримаар байна.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл маань дуудагдаад нэг жил өнгөрч байна. Өнгөрсөн нэг жилийн дотор ямар их зүйл болов оо!

Бид та нарын олонтой уулзаж, Христийн сургаалаас хамтдаа суралцсан. Бид та нартай хамт дуу дуулж, шинэ найзуудтай болж, эргэн тойрныхондоо үйлчилсэн. Бид өсвөр үеийнхний чуулган болон дэлхий дахины арга хэмжээнүүд дээр та нарын гэрчлэлийг сонсож хүчирхэгжсэн. Мөн бид Их Эзэний өргөөнд хамтдаа шүтэн биширсэн.

Тэр болгонд бид Их Эзэн Есүс Христийн захиаснаас хуваалцаж байсан билээ. Энэ орой ч мөн ялгаагүй, надад Есүс Христийн Сүмийн өсвөр үеийнхэн та нарт хэлэх нэгэн захиас байна.

Том асуултууд

Та нар энэ нүгэлт дэлхийд амьдрахдаа хэрхэн Бурханд итгэлтэй байх талаар бодож байсан уу? Та нар сайныг үргэлжлүүлэн үйлдэж, урагш тэмүүлэх хүч тэнхээг хаанаас олж авдаг вэ? Та нар жинхэнэ баяр баяслыг хэрхэн мэдэрдэг вэ?

Би Давид, Голиат1 хоёрын түүх тус болно гэж бодож байна.

Давид, Голиат хоёр

Хуучин Гэрээн дээр филистчүүдийн арми израилчуудтай тулалдаж байхад Голиат хэмээх аварга том филист эр өглөө, орой бүр израилчуудаас нэгийг нь тулаанд дууддаг байсан тухай гардаг.

Зураг
Давид, Голиат хоёр

Израил хүмүүсийн дунд Голиатаас биеэр хамаагүй жижиг боловч Есүс Христэд итгэлтэй, залуухан хоньчин Давид амьдардаг байжээ. Давид өөрийн саналаар тулалдах болов. Хаан хүртэл түүнийг ятгахыг оролдсон ч Давид итгэлээ Есүс Христэд тавихыг сонгосон.

Давид урьд нь арслан, баавгайтай тулалдаж байсан ба энэ туршлагаасаа тэр Бурхан өөрийг нь хамгаалж, ялуулж байсныг мэдэж байжээ. Давидын хувьд Бурханы төлөө үйлдэнэ гэдэг нь хамгийн чухал шалтгаан байсан юм. Тиймээс ч тэр өөрийг нь орхидоггүй Бурхандаа бүрэн итгэлтэйгээр таван мөлгөр чулуу цуглуулаад, дүүгүүрээ аван, аварга эртэй тулалдахаар явжээ.

Зураг
Давидын таван чулуу.

Давидын шидсэн эхний чулуу Голиатын духыг онож, аминд нь хүрсэн тухай сударт өгүүлдэг.2

Хариултаа хайх нь

Давид Голиатыг алахдаа ганцхан чулуу ашигласан ч таван чулуу бэлдсэн байжээ. Таван чулуу! Энэ нь намайг дэлхийтэй нүүр тулахад өөрийгөө хэрхэн бэлдэх тухай бодоход хүргэдэг.

Хэрэв Давидын чулуу бүр бидний амьдралд ялалт байгуулахад хэрэгтэй хүчийг төлөөлсөн бол яах вэ? Тэр таван чулуу юу байж болох вэ? Би дараах зүйлүүдийг бодсон.

  1. Бурханыг хайрлах миний хайрын чулуу.

  2. Аврагч Есүс Христэд итгэх миний итгэлийн чулуу.

  3. Миний жинхэнэ мөн чанарын мэдлэгийн чулуу.

  4. Миний өдөр тутмын наманчлалын чулуу.

  5. Бурханы хүчинд хүрэх миний боломжийн чулуу.

Бид хэрхэн эдгээр хүч чадлаар адислагдсан тухай ярилцъя.

Нэгдүгээрт: Бурханыг хайрлах миний хайрын чулуу. Бурханыг хайрлах нь агуу бөгөөд анхны тушаал юм.3 Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамж дээр бидэнд ийн заадаг. “Бурхан танд хайртай. Тэр бол таны Эцэг. Түүний төгс хайр таныг Өөрийг нь хайрлахад сүнсээр нөлөөлж болох юм. Таны Тэнгэрлэг Эцэгийг хайрлах хайр амьдралд тань хамгийн чухал нөлөөг үзүүлдэг болсон цагт олон шийдвэр гаргахад илүү хялбар болох болно.”4

Бурханыг хайрлах бидний хайр, Түүнтэй тогтоосон дотно харилцаа бидэнд зүрх сэтгэлээ өөрчилж, сорилтуудаа илүү амархан давахад хэрэгтэй хүч чадлыг өгдөг.

Хоёрдугаарт: Аврагч Есүс Христэд итгэх миний итгэлийн чулуу. Есүс Христ дэлхий дээр ирэхдээ бидний гэм нүглийн төлөө зовж шаналсан.5 Тэр бидний уй гашуу, өвдөлт, сул дорой байдал, бие махбодын болон сэтгэл санааны өвчнүүдийг Өөртөө авсан. Тиймээс Тэр бидэнд хэрхэн туслахаа мэддэг. Есүс Христэд итгэлтэй байх гэдэг нь Түүний мэргэн ухаан, цаг хугацаа, хайр болон бидний нүглийг цагаатгах Түүний хүчинд бүрэн итгэхийг хэлнэ. Есүс Христэд итгэх итгэлийн чулуу нь бидний амьдрал дахь ямар ч “аваргыг” ялах болно.6 Тэрээр энэ унасан ертөнцийг түрүүлж ялсан болохоор бид ч бас даван туулж чадна. 7

Гуравдугаарт: Миний жинхэнэ мөн чанарын мэдлэгийн чулуу. Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидний хамгийн чухал мөн чанар бол Бурханы хүүхдүүд, гэрээний хүүхдүүд, Есүс Христийн шавь нар гэж бидэнд заасан.8

Намайг өөрийнхөө хэн гэдгийг мэдэх үед бүх зүйл өөрчлөгддөг.9 Өөрийн чадварт эргэлзэх үедээ би үргэлжлүүлэн үйлдэх итгэлтэй гэдгээ мэдэртлээ аль болох олон удаа “Би Бурханы охин, Би Бурханы охин” гэж дотроо хэлэх юм уу чангаар өөртөө байнга давтан хэлдэг.

Дөрөвдүгээрт: Миний өдөр тутмын наманчлалын чулуу. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамжаас бид ийн уншдаг. “Наманчлал бол нүглийн төлөөх шийтгэл биш, харин биднийг нүглээс чөлөөлөх Аврагчийн арга зам юм. Наманчлах гэдэг нь өөрчлөгдөх—нүглээ орхиж, Бурхан руу эргэх гэсэн үг. Энэ нь сайжирч, өршөөл хүлээн авах гэсэн үг. Энэ төрлийн өөрчлөлт нь нэг удаагийн үйл явдал биш, харин зогсолтгүй үргэлжлэх үйл явц юм.”10

Бурханы өршөөлийг мэдэрч, өөрсдийгөө цэвэр ариун, Түүнтэй эвлэрсэн гэдгийг мэдэхээс илүү эрх чөлөө олгодог зүйл байхгүй. Өршөөл нь хүн бүгдэд боломжтой зүйл юм.

Тавдугаарт: Бурханы хүчинд хүрэх миний боломжийн чулуу. Баптисмын ёслол дээр байгуулдаг шиг бидний Бурхантай байгуулдаг гэрээнүүд нь бидэнд бурханлаг чанарын хүчинд хүрэх боломжийг өгдөг.11 Бурханы хүч бол бэрхшээлийг даван туулах, зөв шийдвэр гаргах, хэцүү нөхцөл байдлуудыг даван туулахад бидний чадварыг нэмэгдүүлэхэд тусалдаг жинхэнэ хүч юм. Энэ нь бидэнд хэрэгтэй тодорхой чадваруудыг хөгжүүлж чадах хүч.12

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамжид: “Гэрээнүүд таныг Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёртой холбож өгдөг. Тэдгээр нь таны амьдрал дахь Бурханы хүчийг нэмэгдүүлдэг13 хэмээн тайлбарласан байдаг.

Энэ холбоосны талаар ярилцъя. Христ хадан дээр барьсан байшин, элсэн дээр барьсан байшин хоёрын ялгааг зааж байсныг санаж байна уу?14 Ахлагч Дийтр Ф.Угдорфын тайлбарласанчлан, “Байшин дангаараа бат бөх эсвэл зөвхөн суурь нь л бат бөх байсан тул шуурганд тэсэж үлдсэн хэрэг биш юм. Байшин маш хүчтэйгээр бат бөх суурийн чулуутайгаа бэхлэгдсэн байсан тул тэсэж үлдсэн. Хамгийн чухал нь чулуутай бэхлэгдсэн холбоосны хүч юм.”15

Зураг
Хадан дээр барьсан байшин.

Есүс Христтэй холбогдох бидний хувийн холбоос итгэл үнэмшлийг маань хүндэтгэдэггүй эсвэл биднийг дээрэлхдэг хүмүүсийн дунд урагш тэмүүлэх зориг, итгэлтэй байдлыг бидэнд өгнө. Христ биднийг бодол санаандаа Өөрийг нь байнга байлгаарай гэж урьдаг. Тэрээр бидэнд “санаа бодол болгондоо над руу харагтун”16 гэж хэлсэн. Аврагчийн тухай бодох нь шийдвэр гаргах, айдасгүй үйлдэх, Бурханы сургаалд харшлах зүйлд үгүй гэж хэлэх зэрэг оюун санааны цэвэр тодорхой байдлыг өгдөг.17 Хэцүү өдөр тохиож, цаашид тэвчиж чадахгүй мэт санагдах үед Христийн тухай бодох нь надад амар амгаланг авчирч, найдвар төрүүлдэг.

Бид Есүс Христийн энэ хүчийг хэрхэн ашиглаж чадах вэ? Гэрээнүүдээ дуулгавартай сахиж, Есүс Христэд итгэх итгэлээ өсгөх нь гол түлхүүр юм.

Би үнэндээ Давидад дахиад нэг чулуу байсан ч болоосой гэж хүсдэг. Тэр нь миний гэрчлэлийн чулуу юм. Бид амьдрал дахь тэнгэрлэг нөлөөг таньсан хувийн сүнслэг туршлагуудаасаа гэрчлэл олж авдаг.18 Хэн ч биднээс тэр мэдлэгийг булааж авч чадахгүй. Бид юу мэддэгээ сүнслэг туршлагаараа амьдарч байж олж мэдсэн нь үнэлж баршгүй юм. Тэр мэдлэгтээ үнэнч байх нь бидэнд эрх чөлөөг өгдөг. Энэ нь бидэнд баяр баясгаланг өгдөг. Хэрэв бид үнэнд дуртай бол үүнийг эрэлхийлдэг төдийгүй олсныхоо дараа үүнийг хамгаалах болно.19

Урилга

Би зургаа дахь чулууг сонгосон шиг та нарыг анги, чуулгынхантайгаа болон гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, Бурханд итгэлтэй хэвээр үлдэж, улмаар дэлхийг ялахын тулд өөр ямар давуу талуудтай болох хэрэгтэй талаараа бодож үзээрэй гэж урьж байна.

Амлалт

Эрхэм найзууд аа, Христ бидний амьдралын аянд бидэнтэй хамт явахыг хүсдэг. Та төмөр бариулаас атгаснаар Есүс Христтэй хөтлөлцөн алхах болно гэдгийг би та нарт амлаж байна.20 Тэр та нарыг чиглүүлж, Тэр та нарт заах болно.21 Түүний гараар та амьдралдаа тулгарах Голиат бүрийг буулгаж авч чадна.

Гэрчлэл

Өдөр бүр залбирахад, өдөр бүр Мормоны Номоос уншихад, ням гараг бүр ариун ёслолоос хүртэхэд, өглөө эрт байсан ч хамаагүй семинарт явахад баяр баясгалан ирдэг гэдгийг би гэрчилж байна. Сайныг үйлдэхэд баяр баясгалан ирдэг.

Энэ ертөнцийн Бурхан, дэлхийн Аврагч, Хаадын хаанд итгэлтэй байхад баяр баясгалан ирдэг. Есүс Христийн шавь байхад баяр баясгалан ирдэг.

Бурхан бол бидний Эцэг. Тэр таны зүрх сэтгэлийн хүсэл, боломжуудыг мэддэг бас танд итгэдэг.

Хүндэт өсвөр үеийнхэн минь, Есүс Христ та нарыг эцсээ хүртэл итгэлтэй байхад тусална. Би эдгээр үнэний тухай гэрчлэлээ Есүс Христийн нэрээр хуваалцаж байна, амен.