Ерөнхий чуулган
Ариун сүмийн гэрээний ачаар бүх зүйл сайхан болно
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Ариун сүмийн гэрээний ачаар бүх зүйл сайхан болно

Ариун сүмд байгуулсан эсвэл байгуулах гэрээнүүдээ хүндлэн дээдлэхээс илүү чухал зүйл үгүй.

Хайрт ах, эгч нар аа, Ерөнхий чуулганы энэ хуралдаан миний хувьд ариун нандин цаг мөч байсаар ирсэн. Миний бие дэлхий даяарх сая сая хожмын үеийн гэгээнтэн болон найз нөхдөдөө хандан үг хэлэх үүрэг хүлээн авсандаа баяртай байна. Би та нарт хайртай. Их Эзэн та нарт хайртай гэдгийг би мэднэ.

50 гаруй жилийн өмнө надад Айдахо мужийн Рэксбург хотод, Рикс коллежийн ерөнхийлөгчөөр үйлчлэх аз завшаан тохиосон юм. 1976 оны 6-р сарын 5-ны өглөө би эхнэр Катитайгаа хамт дотнын найзынхаа лацдан холбох ёслолд оролцохоор Рэксбургээс Айдахо Фоллс ариун сүм рүү машинтайгаа явав. Тухайн үед 4 жаахан хүүтэй байсан бид хоёр зөвхөн зоригтой асрагчийнхаа тусламжтайгаар л ариун сүм рүү явах боломжтой байж билээ! Нүдний цөцгий мэт хайрладаг хүүхдүүдээ бид түүний хайр халамжид үлдээн, 30-хан минут явж зорьсон газраа хүрээ.

Тэр өдөр ариун сүмд өнгөрүүлсэн цаг хугацаа маань өмнөх үеүдийн адил гайхалтай сайхан байсан. Харин ариун сүмийн лацдан холбох ёслол дуусаж, гэртээ харихаар бэлдэж байтал ариун сүмийн ажилтнууд болон оролцогчид олноороо үүдний хэсэгт сандарсан байдалтай ярилцаж байгааг бид анзаарлаа. Төд удалгүй ариун сүмийн нэг ажилтан Айдахогийн зүүн хэсэгт шинээр баригдсан Титон далан нурсныг хэллээ! 300 сая шоо метр ус далангаар урсаж, 775 хавтгай дөрвөлжин км хажуугийн хөндийнүүд рүү түрэн орж байсан. Рэксбург хотын ихэнх хэсэг усанд автан, гэр орон, машин тэрэг үерт урссан байлаа. 9000 оршин суугчийн гуравны хоёр нь гэнэт орон гэргүй болсон.1

Таны төсөөлж байгаачлан, бид хайртай хүүхдүүдээ бас коллежийн олон зуун оюутан, багш, ойр тойрны иргэд маань аюулгүй байдалд санаа зовж эхлэв. Бид гэрээсээ 50 км хүрэхгүй зайтай байсан ч өнөөдрийнх шиг гар утас, мессеж бий болохоос олон жилийн өмнөх тэр өдөр бидэнд хүүхдүүдтэйгээ шууд харилцах ямар ч боломж байгаагүйгээс гадна зам хаагдсан байсан тул Айдахо Фоллсоос Рэксбург руу буцаж очих ямар ч боломжгүй болсон байлаа.

Бид Айдахо Фоллс дахь дэн буудалд хонохоос өөр сонголт байгаагүй. Кати бид хоёр дэн буудлынхаа жижиг өрөөнд өвдөг сөгдөн суугаад, хайрт хүүхдүүдийнхээ төлөө, гай гамшигт нэрвэгдсэн бусад олон мянган хүний аюулгүй байдлын төлөө Тэнгэрлэг Эцэгээс даруухан гуйн залбирсан юм. Катиг хүүхдүүддээ санаа зовнин, үүр цайтал нааш цааш холхиж байсныг би санаж байна. Хэдийгээр миний санаа зовж байсан ч би өөрийгөө тайвшруулж, унтаж чадсан юм.

Төд удалгүй хайртай мөнхийн хань минь намайг сэрээж: “Хаал, чи ийм цаг үед яаж унтаж чадаж байна аа?” гэлээ.

Миний зүрх сэтгэл, оюун санаанд дараах үгс тов тодхон орж ирж, “Кати, үр дүн нь ямар ч байсан гэлээ ариун сүмийн ачаар бүх зүйл сайхан болно. Бид Бурхантай гэрээ байгуулж, мөнхийн гэр бүл болж лацдан холбуулсан шүү дээ” гэж эхнэртээ хэлсэн.

Яг тэр мөчид Их Эзэний Сүнс бид хоёрын аль хэдийн үнэн гэдгийг нь мэдэж байсан зүйлийг зүрх сэтгэл, оюун санаанд маань баталсан юм шиг санагдсан. Юу гэвэл, зөвхөн Их Эзэний өргөөнд, зохих санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг лацдан холбох ёслолууд нь бид хоёрыг эхнэр нөхрийн хувьд холбохоос гадна хүүхдүүдийг маань ч бидэнтэй лацадсан юм. Үнэхээр айх шаардлагагүй байсан бөгөөд дараа нь бид хөвгүүдээ аюулгүй байсныг мэдээд талархсан.

Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгс тэр мартагдашгүй шөнө Кати бид хоёрын юу мэдэрснийг хамгийн сайн дүрслэх байх. “Биднийг ариун сүмд очиход хүмүүний зүрх сэтгэлд төрж болох аливаа мэдрэмжээс хавьгүй хол давсан сүнслэг байдлын цар хүрээ, амар амгалангийн мэдрэмж бидэн рүү ирдэг. Бид ‘Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. … Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай’ [Иoхан 14:27] хэмээн Аврагчийн хэлсэн үгийн үнэн утга учрыг ухааран ойлгох болно”2 хэмээн зөвлөсөн билээ.

Би ариун сүмд орох бүрдээ тэрхүү амар амгаланг мэдрэх боломжоор адислагддаг. Би Солт Лэйк ариун сүмд орсон анхны өдрөө санаж байна. Тэгэхэд би залуухан байсан.

Өрөөг бараг л тэнгэр өөд нээсэн мэт тод гэгээ татуулсан өндөр цагаан тааз руу би харлаа. Тэр мөчид миний оюун бодолд “Өмнө нь би энэ гэрэлт газарт ирж байсан” гэсэн үгс тодхон буусан. Гэвч тэр даруй минийх биш дуу хоолойгоор “Үгүй ээ, өмнө нь та энэ газарт хэзээ ч ирж байгаагүй. Төрөхөөсөө өмнөх цаг үеэ та эргэн санаж байгаа юм. Та Их Эзэний оршиж байсан ийм л ариун газарт байсан” гэх үгс миний бодолд орж ирсэн юм.

Ах, эгч нар аа, ариун сүмд орох нь бидэнд сүнсний маань мөнхийн мөн чанарыг мөн Эцэгтэй болон Түүний тэнгэрлэг Хүүтэй харилцах харилцаа, тэнгэрлэг гэртээ эргэн очих туйлын хүслийг маань эргэн сануулна гэдгийг би даруухан гэрчилж байна.

Хэдхэн жилийн өмнө ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон чуулганд хэлсэн үгэндээ:

Сүнслэг байдлын хувьд хамгийн аюулгүй газар бол ариун сүмийн гэрээнүүд дотроо амьдрах явдал юм. …

“Бидний итгэдэг бүх зүйл, Бурханы гэрээт хүүхдүүддээ өгсөн амлалт бүхэн ариун сүмд нэгтгэгддэг.”3

“Ариун сүмд гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг хүн бүр Есүс Христийн хүчнээс илүү ихээр хүртэх боломжтой болдог юм”4 хэмээн заасан билээ.

Тэр мөн “Бид Бурхантай гэрээ байгуулснаар төвийг сахихаа бүрмөсөн больдог. Бурхан Өөртэй нь ийм холбоо тогтоосон хүмүүстэй харилцаагаа хэзээ ч тасалдаггүй. Үнэндээ Бурхантай гэрээ байгуулсан бүх хүн онцгой хайр, нигүүлсэл хүртэх эрхтэй”5 гэж заасан.

Их Эзэн ерөнхийлөгч Нэлсонд өгч буй сүнслэг удирдамжаараа дамжуулан дэлхий даяар ариун сүмүүдийг барих ажлыг хурдасгаж байгаа, цаашид ч хурдасгасаар байх нь гарцаагүй. Энэ нь Бурханы бүх хүүхдэд аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авах, ариун нандин гэрээнүүдийг байгуулах, сахих боломжийг олгоно. Ариун гэрээнүүдийг байгуулахад тавигддаг шаардлага нь нэг удаагийн үйл явц биш бөгөөд насан туршдаа дагах ёстой амьдралын хэв маяг юм. Үүнд бидний бүх зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадал шаардагдана гэж Их Эзэн хэлсэн.6

Ариун сүмийн ёслолд байнга оролцох нь Их Эзэнд бүхнээ зориулах дадал хэвшлийг суулгадаг. Та ариун сүмийн гэрээнүүдээ сахиж мөн санахдаа өөрийг тань хүчирхэгжүүлж, ариусгадаг Ариун Сүнсний нөхөрлөлийг урин авчирдаг.

Дараа нь та амлалтууд үнэн гэдгийг гэрчлэх гэрэл гэгээ, итгэл найдварыг мэдэрнэ. Та Бурхантай байгуулсан гэрээ бүр Түүнд илүү их ойртох боломжийг олгодог гэдгийг олж мэдэх ба энэ нь таны зүрх сэтгэлд ариун сүмийн гэрээнүүдээ сахих хүслийг төрүүлнэ.

“Бид Бурхантай гэрээ байгуулснаар, Тэр бидэнд туслахаар хичээж чармайхаа хэзээ ч болихгүй бөгөөд Түүний бидэнд хандсан нигүүлсэнгүй тэвчээр хэзээ ч дундрахгүй” хэмээн бидэнд амласан.7

Үхлийн дараа хийгээд үүрд мөнхөд үргэлжлэх хайраар дүүрэн гэр бүлийн холболтын баталгааг бид ариун сүмийн лацдан холболтоор дамжуулан хүлээн авч чадна. Бурханы ариун сүмд байгуулсан гэрлэлтийн болон гэр бүлийн гэрээгээ хүндэтгэх нь хувиа хичээсэн байдал, бардам зангийн хилэнцээс таныг хамгаалах болно.

Гэр бүлээ Их Эзэний замаар тууштай удирдан залж байж л ах, эгч, дүүс бие биеэ байнга хайрлан халамжилдаг болно. Хүүхдүүдэд нэг нэгнийхээ төлөө залбирах боломжийг олго. Зөрчилдөөний эхлэлийг хурдхан ялган таньж, ялангуяа бие биедээ үзүүлсэн аминч бус үйлчлэлийг нь магтан сайшаа. Ах дүүс нэг нэгнийхээ төлөө залбирч, бие биедээ үйлчилбэл зүрх сэтгэл нь зөөлөрч, нэг нэгнээ болон эцэг эхээ хайрлах болно.

Зарим талаараа Малахи бошиглогч Елиагийн ирэлтийн талаар зөгнөн хэлэхдээ яг үүнийг дүрсэлсэн байдаг. “Тэрээр эцгүүдэд нь хийсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно. Хэрэв энэ нь ийм биш байх аваас, түүний ирэлтээр бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно.”8

Сорилт, бэрхшээл, сэтгэлийн зовуурь бидний хүн нэг бүрд тулгарах нь гарцаагүй. Бидний хэн нь ч “махбод[ыг] [маань] өргөс”9 хатгахаас сэргийлж чадахгүй. Харин бид ариун сүмд орж, гэрээнүүдээ санахдаа Их Эзэнээс хувийн удирдамж хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэх боломжтой.

Кати бид хоёрыг Ютагийн Логан ариун сүмд гэрлэж, лацдан холбуулах үед тухайн үед ахлагч байсан Спэнсэр В.Кимбалл лацдан холболтыг маань гүйцэтгэж байв. Тэрээр хэдхэн үгээр: “Хаал, Кати хоёр оо, дуудлага ирэх үед та нар амархан орхиж явж чадахуйц амьдраарай” гэж зөвлөж билээ.

Эхэндээ бид энэ зөвлөгөө бидний хувьд ямар утгатай болохыг ойлгоогүй ч дуудлага ирэхэд Их Эзэнд үйлчлэхээр явахад бэлэн байж чадахуйц амьдрахын тулд чадах бүхнээ хийсэн. Гэрлээд 10 орчим жил болсныхоо дараа бид Сүмийн боловсролын сангийн бүрэн эрхт төлөөлөгч Нийл А.Максвэллээс утасны гэнэтийн дуудлага хүлээн авсан юм.

Ариун сүмд ерөнхийлөгч Кимбаллын “амархан орхиж явж” чаддаг бай гэсэн хайраар өгсөн тэрхүү зөвлөгөө биеллээ олж, Кати бид хоёр Калифорниа дахь гэр бүлийн амар тайван амьдралаа орхиод, огт мэдэхгүй газарт томилогдон үйлчлэхээр явах дуудлага хүлээн авч билээ. Тийм хэдий ч илчлэлтийн газар болох ариун сүм доторх ирээдүйн үйл явдлыг бошиглогч харсан мөн бид үүнд бэлтгэгдсэн байсан учраас манай гэр бүл явахад бэлэн байв.

Хайрт ах, эгч нар аа, ариун сүмд байгуулсан эсвэл байгуулах гэрээнүүдээ хүндлэн дээдлэхээс илүү чухал зүйл үгүй гэдгийг би гэрчилж байна. Гэрээний замынхаа хаана ч байлаа гэсэн би та нарыг ариун сүмд ороход тавигддаг шаардлагыг хангаж, орох эрхтэй болоорой гэж уриалж байна. Боломж гармагц аль болох тогтмол орж байгаарай. Бурхантай ариун нандин гэрээнүүд байгуулж, тэдгээрийг сахь. Бараг 50 жилийн өмнөх тэр шөнө Айдахо Фоллсын дэн буудлын өрөөнд “Үр дүн нь ямар ч байсан гэлээ ариун сүмийн гэрээнүүдийн ачаар бүх зүйл сайхан болно” гэж Катитай хуваалцаж байсан тэр үнэнийг би та нарт баталж чадна.

Есүс бол Христ гэдгийг би та нарт баттай гэрчилж байна. Тэр амьд төдийгүй Сүмээ удирдан чиглүүлдэг. Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол Бурханы дэлхий дээрх амьд бошиглогч. Би түүнд бас та бүхэнд хайртай. Есүс Христийн ариун нэрээр, амен.