Ерөнхий чуулган
Өсөж буй үеийнхнийг дэмжье
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Өсөж буй үеийнхнийг дэмжье

Өсвөр үеийнхний амьдрал дахь харилцаанууд тэдний сонголтод хамгийн ихээр нөлөөлдөг.

Та нарт хандан үг хэлэхээр бэлдэж байхад Хиламан болон залуу аммончуудын түүх санаанаас минь ер гарсангүй. Энэ түүхийг судалснаар би эцэг эх, бишоп, тойргийн гишүүдэд зааж буй Мормоны Номын бошиглогчдын хүчийг мэдэрлээ.

Хиламан бол залуу аммончуудын хувьд итгэж болохуйц хүн байсан юм. Тэр тэдэнд зөв шударга байдалд өсөж, том болоход нь тусалсан. Тэд түүнийг мэддэг, хайрладаг байсан ба “[түүнийг] өөрсдийн удирдагч байхыг хүсэв.”1

Хиламан эдгээр залуу эрэгтэйг хөвгүүд шигээ хайрлаж, тэдний нөөц бололцоог олж харжээ.2 “Бусдад үр дүнтэй үйлчлэхийн тулд [бид] тэднийг … Тэнгэрлэг Эцэгийн мэлмийгээр харах хэрэгтэй. … Зөвхөн тэгж чадсан тохиолдолд бид бодгалийн жинхэнэ үнэ цэнийг ойлгож эхлэн, бүх хүүхдээ хайрлах Тэнгэрлэг Эцэгийн хайрыг ухаарах болно”3 хэмээн ахлагч Дэйл Г.Рэнланд заасан байдаг. Өнөөгийн бишопууд тойргийнхоо өсвөр үеийнхний бурханлаг мөн чанарыг олж харах ялган таних бэлгээр адислагдсан.

Хиламан анхаарч халамжилдаг залуу эрэгтэйчүүдээ “тоолов.”4 Тэр тэдэнтэй бат бөх харилцаа үүсгэхийг чухалчилдаг байсан.

Үхэл амьдралын зааг дээр ирсэн эгзэгтэй үед Хиламан ба түүний залуу дайчид тэднийг хөөж байсан цэргүүдийн мөрийг алджээ. Хиламан өсвөр үеийнхэнтэйгээ ийн зөвлөлдсөн.

“Болгоогтун, тэд … биднийг өөрсдийнхөө эсрэг ирүүлэх зорилгоор азнан зогссон эсэхийг бид мэдэхгүй …

Тиймийн тул та нар юу хэлнэ, хөвгүүд минь … ?”5

Эдгээр итгэлтэй залуу эрэгтэй: “Эцэг минь, Бурхан минь бид хамт гэдгийг болгоогтун, мөн тэрээр бидний унахыг хүлцэхгүй; тэгвэл биднийг урагш давшихыг зөвшөөрөөч”6 хэмээн хариулжээ. Хиламан эдгээр залуу эрэгтэйн үйлдэх7 шийдвэрийг8 дэмжсэнээр тэд ялалт байгуулсан юм.

Залуу аммончуудад “хүмүүсийг дэмжих”9 баатарлаг зориг мөн агуу шалтгаан байв. Хиламаны удирдсан “багахан хүч” нифайчуудын туршлагатай цэргүүдийн зүрх сэтгэлд “агуу найдлага хийгээд их баяс[лыг]”10 түгээжээ. Энэ цаг үеийн бишопууд тойргоо адисалж Израилыг цуглуулахаар онцгой авьяастай өсвөр үеийнхнээ удирдан чиглүүлж чадна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ бол “[тэдний] дэлхий рүү ирэх болсон тэрхүү зорилго юм”11 хэмээн заасан.

Залуу аммончууд “итгэж даалгасан ямар ч зүйлд цаг ямагт үнэнч”12 байсантай адил Хиламан удирдагчдаа итгэлтэйгээр дагадаг байсан. Хиламан ямар ч сорилт, саад бэрхшээлийг үл харгалзан зорилгоо биелүүлэхдээ үргэлж “хөдөлшгүй хатуу шийдсэн”13 хэвээр байсан юм. Түүнд “залуу хөвгүүдтэйгээ … жагсан одохыг”14 тушаахад тэр дуулгавартай дагасан билээ.

Бишопуудыг “тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч[идтэй] зөвлөлдөнө”15 гэсэн удирдагчдын маань зааврыг дагах үед өнөөгийн өсвөр үеийнхэн адислагддаг. Гадасны ерөнхийлөгчид бишоп болон гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчдийг өсвөр үеийнхний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхээр зааварлана.16

Хиламан гэрээнүүдээ хүндэтгэн дээдэлдэг байсан. Аммоныг залуу эрэгтэйчүүдийн эцэг эхэд сайн мэдээг заах үед тэдгээр эцэг эх үүнийг нээлттэй хүлээн авсан юм. Тэд зөв шударга шавь болох шинэ амьдралдаа туйлын үнэнч байсан учраас “эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тав[их]”17 гэрээ байгуулсан. Тэднийг энэхүү гэрээгээ зөрчиж, өнгөрсөнд тулалддаг байсан үе рүүгээ очих тухай бодоход хүргэсэн цорын ганц зүйл бол нифайчуудын аюулд өртөж буйг харах явдал байв.

Аммончууд аюулгүй байх гэр орныг өгсөн тэр хүмүүст туслахыг хүсжээ. Хиламан бусадтай хамт тэднийг хэзээ ч тулалдахгүй гэсэн гэрээгээ сахихыг ятгасан юм. Тэр аммончуудын сэлэм, сумны хүчнээс илүүтэй Бурханы өгөх хүч чадалд найдаж байлаа.

Хиламан болон түүний залуу дайчид сүрдмээр сорилттой тулгарсан ч Хиламан шийдэмгий байсан. “Болгоогтун, энэ хамаагүй … Бурхан биднийг … чөлөөлөх болно гэдэгт бид найдна.”18 Нэгэн жишээнд, өлсөж үхэхийн даваан дээр байхдаа “тэд итгэхээр сургагдсан түүндээ итгэх үлэмж итгэлийнхээ улмаас,”19 “тэрээр [тэднийг] хүчирхэгжүүлж мөн [тэднийг] … чөлөөл[өөсэй] … хэмээн [тэд] сэтгэл оюунаа Бурханд хандсан залбиралд юүлсэн болой. … [мөн] Их Эзэн … [тэднийг] чөлөөлөх болно хэмээх баталгаагаар [тэдэнд] зочилсон”20 хэмээн хариулж байлаа.

Энэ залуу эрэгтэйчүүдийг эцэг эхчүүд нь дэмждэг байсан гэдгийг бид Хиламанаас сурдаг. Энэ итгэлтэй эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж сургах гол хүмүүс нь өөрсдөө гэдгийг мэдэж байв. Тэд хүүхдүүддээ зарлиг тушаалуудыг дагаж Бурханы өмнө “зөв шударгаар алхахыг”21 заасан. “Хэрэв тэд эргэлзэхгүй аваас, Бурхан тэднийг чөлөөлнө”22 гэдгийг эхчүүд нь тэдэнд заасан. Тэдний эцгүүд гэрээ байгуулах хүчит үлгэр жишээг үзүүлсэн.23 Тэд өмнө нь дайчид байсан бөгөөд дайны аймшигт байдлыг мэддэг байв. Эцгүүд нь туршлага дутмаг хөвгүүдээ Хиламаны халамжид даатгаж, “хүнсний нөөц”24 илгээж тэднийг дэмжсэн юм.

Хиламан залуу цэргүүддээ үйлчлэхдээ ганцаараа байгаагүй. Эргэн тойрных нь хүмүүс түүнд зөвлөж, дэмжлэг үзүүлдэг байсан. Тэр Ахмад Моронайгаас тусламж гуйсан ба тэрээр түүнд тусалсан.

Их Эзэний хаант улсад ямар ч хүн ганцаараа үйлчилдэггүй. Их Эзэн биднийг тойрог, гадаснуудаар адисалсан. Түүний сэргээсэн байгууллагаар дамжуулан бид аливаа сорилт бэрхшээлийг даван туулах мэргэн ухаан, урам зориг, эх сурвалжийг олж авдаг.

Бишоп зөвлөлүүдээр дамжуулан тойргоо удирдаж чиглүүлдэг.25 Тэрээр улирал тутам тохинууллын ярилцлага хийхэд тусалж, ахлагчийн чуулга болон Халамжийн нийгэмлэгийг гэр бүлд тохинуулах үүргээ биелүүлэхэд нь урамшуулдаг. Эдгээр ерөнхийлөгчийн зөвлөл гишүүдийн хэрэгцээг тодорхойлж, сүнслэгээр өдөөгдсөн шийдлийг олох ажлыг удирддаг. Гадасны ерөнхийлөгчид ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдийг эдгээр үүрэгт нь удирдан чиглүүлж дэмжлэг үзүүлдэг.

Удирдагчид, эцэг эхчүүдэд зориулсан шаардлагатай удирдамжийг Gospel Library болон Gospel Living аппликэйшнаас харж болно. Эдгээр сүнслэг эх сурвалжаас бид судрууд, орчин үеийн бошиглогчдын сургаалуудыг бас Ерөнхий гарын авлагыг олох боломжтой. Gospel Library дээрх Өсвөр үеийнхэн гэсэн хэсэгт чуулга, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлд зориулсан олон эх сурвалж26 мөн Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч байдаг. Тойргийн бүх гишүүнийг эдгээр сүнслэгээр өдөөгдсөн эх сурвалжийг судалж, Сүнснээс удирдамж эрэлхийлэх үед Их Эзэн хүн тус бүрийг өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэхэд чиглүүлэх болно.

Тойргийн гишүүд өсөж буй үеийнхэн дээрээ төвлөрснөөр тойрог бүхэлдээ адислагдаж, хүчирхэгжих болно. Бидний төгс бус байдал, дутагдалтай талуудаас үл хамааран Тэнгэрлэг Эцэг бидний нэг бүрийг Сүнснийхээ нөхөрлөлөөр дамжуулан бусдад туслахад урьдаг. Бид Ариун Сүнсний өдөөлтүүдийг дагаснаар өсөж хөгжиж, ариусгагддаг гэдгийг Тэрээр мэддэг.27 Бидний хичээл зүтгэл төгс бус байх эсэх нь хамаагүй. Их Эзэнтэй хамтрах үед бидний хүчин чармайлт Түүний өсвөр үеийнхний төлөө хийх зүйлтэй нийцнэ гэдэгт бид итгэж болно.

Өсвөр үеийнхэнд туслахдаа Ариун Сүнсний удирдамжийг дагаснаар бид тэдний амьдрал дахь Тэнгэрлэг Эцэгийн хайрын гэрч нар болдог. Их Эзэнээс ирэх өдөөлтийн дагуу үйлдсэнээр хайр, итгэлцлийн харилцаа үүсдэг. Өсвөр үеийнхний амьдрал дахь харилцаанууд тэдний сонголтод хамгийн ихээр нөлөөлдөг.

Бидний бусдад үйлчлэхдээ Сүнсний өдөөлтүүдийг эрэлхийлж үүний дагуу үйлдэх үйл явцад өсвөр үеийнхэн оролцсоноор тэд илчлэлт хүлээн авах загварыг мэдэж авна. Өсвөр үеийнхнийг энэхүү сүнсээр өдөөгдсөн удирдамжийг авахаар Их Эзэнд хандах үед тэдний Түүнтэй харилцах харилцаа, түүнд итгэх итгэл гүнзгийрэх болно.

Бид өсвөр үеийнхэнд итгэл хүлээлгэж байгаагаа тэднийг хянан цагдахгүйгээр чиглүүлж, дэмжлэг үзүүлэх замаар харуулдаг.28 Бид өсвөр үеийнхэнд зайгаа тавьж өгөхийн зэрэгцээ тэдэнд хамтдаа зөвлөлдөх, сүнслэг нөлөө бүхий замыг сонгох, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх арга замаар суралцах боломжийг олгосноор тэд жинхэнэ баяр баясгалан, өсөлтийг мэдрэх болно.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “хамгийн чухал нь тэдний өөрсдийнхөө хэн болохыг мөн хэн болж чадахаа [танаас] сурч мэдэх явдал юм. Миний бодлоор тэд үүнийг илтгэл лекцээс биш, харин таны хэн болох талаарх, та тэднийг хэн гэж бодож байгаа мөн хэн болж чадна гэж бодож байгаа мэдрэмжээс олж авах болно”29 хэмээн заасан.

Өсвөр үеийнхэн маань биднийг эр зориг, итгэл, ур чадвараараа гайхшируулдаг. Тэднийг бүхий л талаараа Есүс Христийн шавь байхыг сонгох үед Түүний сайн мэдээ тэдний зүрх сэтгэлд сийлэгдэх болно. Түүнийг дагах нь зүгээр л хийдэг зүйл биш, харин тэдний хэн байхын нэг хэсэг болно.

Хиламан залуу аммончуудад Есүс Христийн эрэлхэг шавь хэрхэн амьдарч байсныг ойлгоход тусалсан. Бид өсвөр үеийнхэнд Христийн шавь нар өнөө үед хэрхэн амьдардгийн хүчирхэг үлгэр жишээ болж чадна. Итгэлтэй эцэг эхчүүд хүүхдүүдийнх нь амьдралд ийм үлгэр жишээ байгаасай хэмээн залбирдаг. Хайраар дүүрэн, гэрээгээ сахидаг насанд хүрэгчдийн нөлөөг ямар ч хөтөлбөр орлож чадахгүй.

Пристийн чуулгын ерөнхийлөгчийн хувьд бишоп зөв шударгаар удирдаж, хангаж, хамгаалах30 замаар хэрхэн үнэнч хань, хайраар дүүрэн эцэг31 байх үлгэр жишээг өсвөр үеийнхэнд үзүүлэх боломжтой. Өсвөр үеийнхнээ ихээхэн анхаардаг бишопууд32 үеийн үед үргэлжлэх нөлөөг тэдэнд үзүүлэх болно.

Өнөө үеийн өсвөр үеийнхэн Тэнгэрлэг Эцэгийн хамгийн нэр төртэй суут33 сүнснүүд юм. Тэд мөнх бус байдлын өмнөх дэлхийд үнэн ба сонгох эрхийн төлөөх тууштай хамгаалагчдын дунд байсан.34 Тэд Их Эзэн Есүс Христийн талаарх хүчирхэг гэрчлэлээрээ дамжуулан Израилыг цуглуулахаар энэ цаг үед мэндэлсэн. Тэр тэднийг нэг бүрчлэн таньдаг ба тэдний агуу чадавхыг мэддэг. Тэр тэдний өсөж хөгжих явцад тэвчээртэй ханддаг. Тэр тэднийг хамгаалж, гэтэлгэх болно. Тэр тэднийг чиглүүлж, эдгээнэ. Тэр тэдэнд сүнслэгээр нөлөөлөх болно. Тэдний эцэг эх, удирдагчдын хувьд бид тэднийг тулж түшихээр бэлтгэгдсэн. Хойч үеэ өсгөхөд маань дэм болох Аврагчийн Сүм бидэнд бий.

Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн, өнөөдөр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны удирдаж буй Христийн Сүм эдгээр хожмын өдөр өсвөр үеийнхэнд агуу зорилгоо биелүүлэхэд нь туслахын тулд зохион байгуулагдсан гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Алма 53:19

  2. “Хэрэв та нар сонговол, хэрэв та нар хүсвэл … том, агуу, сүрлэг нэгэн үйлсийн томоохон хэсэг байж чадна! … Та нар Их Эзэний энэ дэлхий рүү илгээсэн хамгийн шилдэг хүмүүсийн нэг хэсэг юм. Та нар урьд өмнөх бүх үеийнхнээс илүүтэй дэлхийд нөлөөлөхүйц ухаалаг, илүү мэргэн байх чадвартай. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Израилын найдвар” (Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), Gospel Library.

  3. Дэйл Г.Рэнланд, “Бурханы мэлмийгээр харах нь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82.

  4. Алма 56:55

  5. Алма 56:43–44

  6. Алма 56:46

  7. “Тэнгэрлэг Эцэгийн маань хүмүүжүүлэх зорилго нь Өөрийнхөө хүүхдүүдээр зөв зүйлийг хийлгэх явдал биш, харин хүүхдүүд нь зөв зүйлийг хийхээр сонгодог байх явдал юм” (Дэйл Г.Рэнланд, “Өнөөдөр өөрсдөдөө сонго,” 2018 оны 11-р сарын Ерөнхий чуулган, 104).

  8. “Бид өсвөр үеийнхнийг урьж, үйлдэхийг нь зөвшөөрч, тэднийг хүчирхэгжүүлснээр Сүм гайхамшигтай арга замуудаар урагшилна” (Дэвид А.Бэднар, 2020 Temple and Family History Leadership Instruction, 2020 оны 2 сарын 27).

  9. Алма 53:22

  10. Алма 56:17

  11. Рассэлл М.Нэлсон, “Израилын найдвар,” Gospel Library.

  12. Алма 53:20

  13. Алма 58:12

  14. Алма 56:30

  15. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 7.1.2, Gospel Library.

  16. Ерөнхий гарын авлага, 6.7.2-ыг үзнэ үү.

  17. Алма 23:7

  18. Алма 58:37

  19. Алма 58:10–11

  20. Aлма 57:26

  21. Алма 53:21

  22. Алма 56:47

  23. Алма 23:7; 24:17–19-ийг үзнэ үү.

  24. Алма 56:27

  25. Ерөнхий гарын авлага, 7.1.1-ийг үзнэ үү.

  26. “Үнэнийг эрэлхийлэхдээ дараах хоёр асуултыг тавих нь бидэнд тухайн ойлголт Бурханаас ирсэн үү аль эсвэл өөр эх сурвалжаас ирсэн үү гэдгийг ойлгоход тусална. Энэ ойлголтыг судрууд болон амьд бошиглогчид тууштай заасан байна уу? Энэ ойлголтыг Ариун Сүнсний гэрчлэл баталсан уу? Бурхан мөнхийн үнэнийг бошиглогчдоор илчилдэг бөгөөд Ариун Сүнс тэдгээр үнэнийг бидэнд баталж, үүний дагуу амьдрахад тусалдаг” (Бага Жон С.Пингрий, “Мөнхийн үнэн,” Лиахона, 2023 оны 11-р сар).

  27. Сургаал ба Гэрээ 4:2–4-ийг үзнэ үү.

  28. “Хэрэв [манай] өсвөр үеийнхэн [Бурханы ажлаас] залхах юм бол дэлхийд хүчин мөхөстөх болно. … Диконы болон багш нарын чуулгын хэчнээн ерөнхийлөгчийн зөвлөлийн дуудлага хэн нэгнээс залбирал хэлэхийг юм уу ариун ёслолыг түгээхийг хүсэх төдийгөөр хязгаарлагддаг бол? Ах нар аа, залуучууд бол үнэхээр онцгой хүмүүс. Хэрэв тэдэнд боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгвөл тэд чухал зүйлсийг хийж чадна!” (Neal A. Maxwell, “Unto the Rising Generation,” Ensign, 1985 оны 4-р сар).

  29. Henry B. Eyring, “Teaching Is a Moral Act” (Brigham Young University devotional, Aug. 27, 1991), 3, speeches.byu.edu.

  30. Аароны санваарын чуулгын уриа,” Gospel Library-г үзнэ үү.

  31. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Gospel Library-аас үзнэ үү.

  32. Бишопын зөвлөлүүдийг залуу эрэгтэйчүүдийн санваарын хүлээх үүргүүдэд голлон анхаарч, илүү ач холбогдол өгч, чуулгын үүргүүдээ гүйцэтгэхэд нь тэдэнд туслах болно гэж бид найдаж байна. Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл болон бишопын зөвлөлд үүргээ гүйцэтгэхэд нь туслахын тулд Залуу эрэгтэйчүүдийн зөвлөхөөр чадвартай, насанд хүрсэн хүн дуудагдах болно. Илүү олон залуу эрэгтэй, залуу эмэгтэй энэхүү уриалгыг дагаснаар өсөж хөгжих ба өсвөр үеийнхэндээ онцгой анхаарал хандуулснаар гэрээний зам дээрээ үлдэнэ гэдэгт бид бат итгэж байна” (Квинтин Л.Күк, “Хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэх өөрчлөлтүүд,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган).

  33. “Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хамгийн нэр төртэй суутнуудаас олныг буюу хамгийн шилдэг багаа энэхүү сүүлчийн үед зориулан бэлтгэсэн. Тэдгээр нэр төртэй суутан, шилдэг тоглогч, баатрууд бол та нар!” (Рассэлл М.Нэлсон, “Израилын найдвар,” Gospel Library).

  34. “Та нарын хайрладаг өсвөр насны хүүхэд үнэн хийгээд сонгох эрхийн төлөөх эрэлхэг дайчдын нэг байсан байх. … Бид тэдэнд өөрсдийнхөө төлөө сонгох шийдвэр гаргахад нь хэрхэн хариу үзүүлж байгаа арга замаараа тусалж чадна. Тэднийг бид ёс суртахууны сонгох эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн, мөнх бус байдлын өмнөх оршихуйгаас ирсэн итгэлт дайчдын нэг гэж хардаг эсэхийг тэд мэдэрдэг. Мөн тэд уг сонгох эрхийн өөрсдөд нь аз жаргал авчрах агуу үнэ цэнийг мэддэг. Хэрэв бид тэднийг мөнх бус байдлын өмнөх оршихуйгаас ирсэн итгэлт дайчдын нэг гэж харж чадвал, тэд бие даасан байдлаа тунхаглаж байгаагаа өөрсдийн чадавхын тэмдэг гэдгийг мөн аз жаргал авчрах сонгох эрхийнх нь хүчийг сорьж байгаагийн тэмдэг гэдгийг харах болно“ (Henry B. Eyring, “A Life Founded in Light and Truth” [Brigham Young University devotional, Aug. 15, 2000], 3, 4, speeches.byu.edu).