Ерөнхий чуулган
Дэлхийг дүүргэж буй Их Эзэний өргөөнүүд буюу ариун сүмүүд
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Дэлхийг дүүргэж буй Их Эзэний өргөөнүүд буюу ариун сүмүүд

Та зохистойгоор, залбиралтайгаар Түүний ариун өргөөнд орсноор Түүний хүчээр зэвсэглэнэ.

Бидний сая дуулсан дууллын үгс утга төгөлдөр биш байна гэж үү? “Чамд Би хүч өгөн, тусалж зоригжуулна. … Миний шударга хүчит мутраас хөтлөөрэй”1 Их Эзэний ариун өргөөнд ирэх Өөрийн бүх насны гэгээнтнүүдийг Тэр хүчирхэгжүүлдэг. Киншасагаас авхуулаад Золликофэн, Фукуока, Окландын өсвөр үеийнхэн өөрсдийн санаачилгаар ариун сүмийн баптисмын өрөөнд олноороо ирж байна. Өмнө нь хамгийн хайртай ёслолын ажилтнууд буурал үстэй байдаг байсан, одоо тийм байхаа больсон. Үйлчлэлийн номлогчид, эргэж ирсэн болон дуудагдсан номлогчид өнцөг булан бүрд байна. Биднийг дэлхий даяар Их Эзэний өргөө рүү улам ихээр татах мэдрэмж бий болжээ.

Жил гаруйн өмнө номлогчдоос 70 жилийн турш хичээл авсан, Америкийн зүүн эрэгт амьдардаг, 95 настай гэр бүлийн хүндэт найз маань охиндоо “Би чамтай хамт ариун сүм явмаар байна” гэхэд,

охин нь “Сайн байна, ээж ээ, та эхлээд баптисм хүртэх хэрэгтэй” гэжээ.

Зураг
Настай эгчийн баптисм.

“Тэгвэл, би баптисм хүртмээр байна” гэж тэр хариулав. Тэр баптисм хүртсэн. Хэдэн өдрийн дараа тэр ариун сүмийн баптисмын өрөөнд хүндэтгэлтэйгээр оров. Сар гаруйн өмнө тэр хишиг хүртэж мөн лацдан холбуулсан байв. “Бурханы мэдлэг, хүч улам өргөжин тэлж байна. Бүрхүүл нь дэлхийгээс ийн замхран арилна.”2

Зураг
Ариун сүмийн гадна зогсож буй настай эгч.

Их Эзэн яагаад одоо Өөрийн ариун сүмүүдээр дэлхийг дүүргэхээр бошиглогчоо удирдаж байгаа талаар та гайхан бодож байсан уу?3 Тэр яагаад энэ онцгой үед хүмүүсийн ариун нандин аравны нэгээр Их Эзэний олон зуун өргөө барьж, хүмүүстээ шаардлагатай хөгжилт цэцэглэлтийг бий болгож байна вэ?

Энэ өглөө Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс дэлхий даяар баригдаж буй ариун сүмүүдийн гайхалтай бичлэгийг үзүүлсэн. Кэти, бид хоёр саяхан Филиппинд очсон юм. Доор өгүүлэх гайхамшгийн талаар бодоод үзээрэй. Манила ариун сүм 1984 онд онцгойлон адислагдсан бөгөөд энэ нь 2010 онд Себү хотод хоёр дахь ариун сүм баригдаж дуусахаас 26 жилийн өмнөх үйл явдал юм. Одоо 14 жилийн дараа баригдаж, зураг төсөлд орж, онцгойлон адислагдахад бэлэн болсон 11 ариун сүм байна. Хойноос нь урагшаа нэрлэвэл: Лаоаг, Тугуэгарао, Сантьяго, Урданэта, Алабанг, Нага, Таклобан хот, Илоило, Баколод, Кагаяан дэ Оро, Давао. Бурханы гайхамшигт ажлуудыг харах үнэхээр сэтгэл хөдөлгөм зүйл шүү!

Зураг
Филиппиний ариун сүмүүд.

Дэлхий даяар Их Эзэний өргөө бидэнд улам бүр ойртсоор байна. Яагаад бидний цаг үед гэж?

Эцсийн өдрүүд

Хожмын үед “үндэстнүүдийн дунд зовлон байх болно,4 хүмүүс “өөрсдийгөө хайрлагч болно,”5 “бүх зүйл үймээнд байх болно,”6 будилаан эргэн тойрон байх болно,7 “хүмүүний зүрх сэтгэл мохох болно”8 хэмээн Их Эзэн сануулсан. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зүрх сэтгэл дэлхийн уруу таталт, дур булаам дуу хоолойд сатаарч, сүнслэг тэжээлийг үл ойшоож, шавийн шаардлагуудаас болж ядарч9, мохож байгааг бид илхэн харж байна. Магадгүй та хэзээ нэгэн цагт Есүс Христэд итгэх итгэлийнхээ талаар чин сэтгэлээсээ ярьж, Мормоны Номын тухай гэрчлэлээ хуваалцаж, Бурханы хаант улсыг байгуулахад ихэд тусалж байсан хайртай дотны хүн тань одоо Сүмийн талаарх итгэл үнэмшлээсээ холдсон байгааг хараад гуньж байж болох юм. Бүү цөхөр гэж би та нарт зөвлөмөөр байна. Бүгд нам гүм тайван байна! Бурханд боломжгүй зүйл гэж үгүй.10

Дэлхий дээрх энэ бошиглогдсон үймээн, итгэлгүй байдлын дунд ч гэрээт хүмүүс байх болно, Түүний ирэлтийг хүлээх хүсэлтэй хүмүүс байх болно, ариун газруудад зогсох мөн тэндээсээ шилжин нүүлгэгдэхгүй хүмүүс байх болно 11 хэмээн Их Эзэн амласан. Тэрээр дайсны мэхлэлтийг эсэргүүцэх, итгэлээ сахилгажуулах, селестиел ухаанаар бодох, Аврагч, Есүс Христэд бүрэн дүүрэн итгэлээ тавих зөвт хүмүүсийн тухай ярьсан.

Их Эзэн яагаад одоо Өөрийн олон зуун ариун сүмийг бидэнд улам ойртуулж байна вэ? Дэлхий үймээн самуун, уруу таталт дунд Тэр гэрээ байгуулсан гэгээнтнүүдээ хүчирхэгжүүлж, адислахыг амлаж, амлалтууд нь биелж байгаа нь нэг шалтгаан юм.

Көртландын ариун сүм дэх амлалт

Эдгээр ариун өргөө биднийг хэрхэн хүчирхэгжүүлж, тайтгаруулж, хамгаалдаг вэ? Бид хариултыг нь бошиглогч Иосеф Смитийн Көртландын ариун сүмийг онцгойлон адислахдаа гуйсан гуйлтаас олж авдаг. Гэгээнтнүүд энэ ариун сүмд “Тэнгэрийн их цэрэгтэй бид хамт чанга дуулъя”12 хэмээн дуулсан юм. Аврагч Өөрөө ирсэн, мөн эртний бошиглогчид санваарын нэмэлт түлхүүрүүдийг сэргээгдсэн сайн мэдээнд хүртээхээр эргэн ирсэн билээ.13

Көртландын ариун сүм дэх энэ ариун нандин үйл явдлаар, Их Эзэний ариун өргөөнд гэгээнтнүүд Бурханы хүчээр зэвсэглэж, Есүс Христийн нэр тэдний дээр байж, Түүний тэнгэр элчүүд тэдний дээр захирч, тэд Их Эзэний төлөө өсөж хөгжиж мөн Ариун Сүнсний бүрэн байдлыг хүлээн авч болохын тулд буюу хэмээн бошиглогч залбирсан.14 Эдгээр хүчтэй гуйлт биднийг Их Эзэний өргөөнд итгэлтэй шүтэн бишрэх үед амьдралд маань биеллээ олдог билээ.

Хүч чадлаар зэвсэглэсэн

Бид үнэндээ Түүний өргөөнөөс тэнгэрлэг хүчийг хүртдэг.15 Есүс Христэд итгэх итгэл болон Түүнийг хайрлах хайр маань баттай болж, хүчирхэгждэг. Бид өөрсдийн жинхэнэ мөн чанар ба амьдралын зорилгуудын талаар сүнслэг баталгаа хүлээн авдаг.16 Бид итгэлтэй байснаар уруу татах, анхаарал сарниулах зүйлсээс хамгаалагдаж адислагддаг. Аврагч биднийг хүнд хэцүү, уй гашуугаас өргөх үед бид Түүний хайрыг мэдэрдэг. Бид Бурханы хүчээр зэвсэглэдэг.

Түүний нэр бидэн дээр байна

Бид Түүний ариун өргөөнд Түүний нэрийг өөрсөд дээрээ илүү бүрэн дүүрэн хүлээн авдаг. Бид баптисм хүртэхдээ Түүнд итгэдгээ мөн Түүний зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ харуулдаг. Ариун сүмд бид гэрээнүүдээр дамжуулан Түүнийг үүрд мөнхөд дагахаа батлан харуулдаг ба бишрэл хүндэтгэлтэйгээр шийдвэрээ гаргадаг.

Зураг
Ютагийн Хибэр Валли ариун сүмийн загвар

Энэ Сүмийн өсвөр үеийнхэн гайхамшигтай. Тэд хэцүү дэлхийд Христийн нэрийг өөрсөд дээрээ авдаг. Ютагийн Хибэр хотод баригдахаар төлөвлөгдсөн ариун сүмийн талаар хэлэлцэх олон нийтийн хурал болсон юм. Гурван зуун өсвөр үеийнхэн санал болгож буй ариун сүмийг дэмжиж буйгаа илэрхийлэхээр ойролцоох цэцэрлэгт хүрээлэнг дүүргэсэн байв. Нээлттэй ярилцлагын үеэр засгийн газрын удирдагчдад хандан ярьсан нэг залуу эрэгтэй “би энэ ариун сүмд гэрлэнэ гэж найдаж байгаа. [Ариун сүм] надад өөрийгөө цэвэр, ариун байлгахад тусална” гэж зоригтой тайлбарлав. Өөр нэг өсвөр үеийн хүүхэд ариун сүм нь гэрэл, итгэл найдварын бэлгэдэл юм гэж дүрслэн хэлсэн. Сүмийн дэлхий даяарх залуу эрэгтэй, эмэгтэйчүүд Есүс Христийн нэрийг хүлээн авч байна.17

Зураг
Хибэр ситигийн цэцэрлэгт хүрээлэн өсвөр үеийнхнээр дүүрсэн буй нь.

Тэнгэр элч нар бидэнтэй хамт

Көртландын ариун сүмд бошиглогч Иосеф “тэнгэр элчүүд гэгээнтнүүдийн дээр захирч байхын төлөө залбирсан.”18 Ариун сүмд өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг тогтмол гүйцэтгэж байгаа нь хөшигний цаана амьдрал үргэлжилж буйн баталгаа болж байна.

Их Эзэний өргөөнд болдог олон туршлагыг олон нийтэд хуваалцахад хэт ариун нандин байдаг ч бид заримыг нь хуваалцаж болдог. Дөчин жилийн өмнө Кэти бид хоёр Флоридад амьдарч байхдаа Жоржиагийн Атланта дахь ариун сүм рүү аялсан юм. 1984 оны 5-р сарын 9-ий лхагва гаргийн орой биднийг ариун сүмийн ёслолоо дуусгаад байж байтал ариун сүмийн ажилтан над дээр ирээд, ганцхан анхдагч бэлтгэл ёслол хийх цаг байгаа эсэхийг асуув. Миний төлөөлсөн хүний нэр нь Элийзэр Сөрси гэх ер бусын нэр байв.

Маргааш нь ариун сүмд гэгээнтнүүд олноороо ирсэн байв. Намайг тэр өдрийн хоёр дахь хувийн хишгийг гүйцэтгэхээр бэлдэж байх үеэр надад төлөөлөх хүний маань нэрийг өгөв. Хамгийн гайхалтай нь тэр нэр өчигдөр оройны нөгөө хүн буюу Элийзэр Сөрси байв. Хувийн хишгийг гүйцэтгэж байхдаа би Их Эзэний Сүнсийг мэдэрсэн. Үдээс хойш биднийг ариун сүмд байхад Кэти маань тухайн үед Атлантад амьдарч байсан Долли Фэрнандэз гэх гэр бүлийн ахмад найзтайгаа таарч билээ. Гэр бүлд нь эрэгтэй гишүүн байхгүй тул тэр надаас аавыг нь эцэг эхтэй нь холбож тусалж чадах эсэхийг асуув. Би хүндэтгэлтэй хүлээн авав.

Энэ ариун нандин ёслолыг гүйцэтгэхээр тахилын ширээний дэргэд өвдөг сөгдөн суухдаа ой тойнд минь үлдсэн нэр болох түүний эцэг Элийзэр Сөрсийн нэрийг дахин сонссон юм. Энэ мөнх бус амьдралд Элийзэр Сөрси гэгддэг байсан тэр хүнтэй би энэ амьдралынхаа дараа уулзаж, тэвэрнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.

Их Эзэний өргөөн дэх ихэнх туршлага маань гэнэтийн сэтгэл хөдлөлөөс илүүтэй жаргалтай тайван байдал, намуухан илчлэлтийг авчирдаг. Гэхдээ тэнгэр элч нар биднийг анхаардагт итгээрэй.

Ариун Сүнсний бүрэн байдал

Биднийг Сүмийн гишүүнээр батлагдах үед Ариун Сүнсний бэлэг өгөгддөг. Долоо хоног болгон бид Аврагчаа дурсан санаж талх, уснаас зохистойгоор хүртсэнээр Түүний Сүнс бидэнтэй үргэлж хамт байх болно хэмээн бидэнд амлагддаг.19 Бид дэлхийн хамгийн ариун газар болох Их Эзэний өргөөнд хүссэн зүрх сэтгэлтэй ирснээр Их Эзэний хувьд өсөж, “Ариун Сүнсний бүрэн байдлыг хүлээн авдаг.”20 Ариун Сүнсний хүчээр дамжуулан бид амар амгалан, баяр баясгалан, өгүүлшгүй найдвараар дүүрдэг.21 Ариун газрын гадна байхдаа ч бид Түүний шавь байх хүчийг хүлээн авдаг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тунхагласан. “Бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч Есүс Христ айхамшигт үйлсийнхээ заримыг одоо төдийгүй Өөрөө дахин ирэх хүртлээ үйлдэх болно. Бурхан Эцэг, Түүний Хайрт Хүү хоёр энэ Сүмийг сүр жавхлан, алдар суугаараа удирддагийг илтгэх гайхамшигт шинж тэмдгүүдийг бид олж харна.”22 Дэлхийг Их Эзэний өргөөнүүдээр дүүргэх нь хүчирхэг ажил бөгөөд гайхамшигт шинж тэмдэг юм.23

Хайрт найзууд аа, хэрэв бид боломжтой ч ариун сүмийн ирцээ нэмэгдүүлж чадахгүй байгаа бол ариун сүмд шүтэн бишрэх илүү цагийг тогтмол гаргадаг болцгооё. Зарлагдсан байгаа ариун сүмүүдийн төлөө—үл хөдлөх хөрөнгөө худалдан авч, засгийн газрууд төлөвлөгөөнүүдийг баталж, авьяаслаг ажилтнууд авьяас билиг нь нэмэгдэхийг харж мөн ариун нандин онцгойлон адислах ёслолууд тэнгэрийн зөвшөөрөл болон тэнгэр элч нарын айлчлалыг авчрах болтугай хэмээн залбирцгаая.

Амлалт

Ариун сүм бол чухамдаа Их Эзэний өргөө юм. Та нар Түүний ариун өргөөнд зохистой мөн залбиралтайгаар ирэх юм бол Түүний хүчээр зэвсэглэгдэж, Түүний нэр та нарын дээр байж, Түүний тэнгэр элч нар та бүгдийн дээр захирч мөн та нар Ариун Сүнсний адислалуудад өсөж хөгжих болно хэмээн би амлаж байна.

Их Эзэн “Нүглээ орхиж мөн надад ирдэг, мөн миний нэрийг дууддаг, мөн дуу хоолойг минь дуулгавартай дагадаг, мөн зарлигуудыг минь сахидаг бодгаль болгон миний нүүрийг харж мөн намайг байдгийг мэдэх болно”24 хэмээн амласан. Христийн дүр төрхийг харах олон өөр арга зам байгаа ч Түүний ариун өргөөнөөс өөр сайн газар үгүй билээ.25

Эргэлзээ, үймээн самуунтай өнөө үед ариун сүм нь Түүний ариун өргөө бөгөөд бидний Аврагчийг бүх ариун тэнгэр элчийнхээ хамт сүр жавхлан, хүч чадал, агуу алдар суундаа эргэн ирэх тэр гайхалтай өдөрт биднийг бэлтгэхээр, биднийг хадгалж, хамгаалагдахад бидэнд туслах болно хэмээн би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. “Бат бөх суурь,” Сүмийн дуулал болон хүүхдийн дууны ном, 7-г үзнэ үү.

  2. “Бурханы Сүнс,” Дуулал, 2.

  3. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй 182 ариун сүм байна. Зургаан ариун сүм засварын ажилтай, долоо нь онцгойлон адислагдахаар, нэг нь дахин онцгойлон адислагдахаар хүлээгдэж байна. 45 ариун сүм барилгын ажлын явцдаа явагдаж байгаа бөгөөд зарлагдсан эсвэл төлөвлөлтөд болон зураг төсөлд орсон 94 ариун сүм байна.

  4. Лук 21:10-ыг үзнэ үү.

  5. 2 Тимот 3:2

  6. Сургаал ба Гэрээ 88:91

  7. Ахлагч Давид А.Бэднар ийн хэлсэн: “Сайн мэдээний зарчмууд нь та бидний хувьд хөлөг онгоцны залууртай адил юм. Зөв зарчмууд бидэнд замаа олж, баттай, тууштай, хөдөлшгүй зогсох боломжийг олгодог бөгөөд тэгснээр бид тэнцвэрээ алдахгүй мөн харанхуй, будилаантай хожмын үеийн хүчит шуурганд автахгүй байх болно” (“Миний сайн мэдээний зарчмууд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132).

  8. Сургаал ба Гэрээ 45:26

  9. “Хэрэв хэн нэгэн нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа үүрэн, Намайг дага” (Maтай 16:24).

  10. Лук 1:37-г үзнэ үү.

  11. Сургаал ба Гэрээ 87:8-ыг үзнэ үү.

  12. Дуулал, хуу. 2

  13. Сургаал ба Гэрээ 110-ыг үзнэ үү. Үүнээс өмнө бошиглогч Иосеф Смит Аароны санваар болон үүний түлхүүрүүдийг Баптисч Иоханаас, Мелкизедек санваар болон үүний түлхүүрүүдийг төлөөлөгч Петр, Иаков, Иохан нараас хүлээн авсан байв (Сургаал ба Гэрээ 13:1; 27:12–13-ыг үзнэ үү).

  14. Сургаал ба Гэрээ 109:15; мөн түүнчлэн 22-р шүлэг-ийг үзнэ үү.

  15. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Ариун сүм бидний энэ аян замд тусална. Тэнд бид бүхий л зөрчилдөөнийг өдөөгч Сатаныг ялан дийлэх чадварыг өгдөг Бурханы хүчийг хүлээн авдаг” хэмээн хэлсэн (“Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй,” Лиахона, 2023 оны 5-р сар, 98).

  16. Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15), Gospel Library-ийг үзнэ үү.

  17. Ахлагч Колин Стауффэр, хувийн захидал, 2024 оны 1-р сарын 30.

  18. Сургаал ба Гэрээ 109:22.

  19. Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү.

  20. Сургаал ба Гэрээ 109:15.

  21. Ром 15:13-ыг үзнэ үү.

  22. Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115.

  23. Бригам Янг “Бид олон зуун ариун сүмтэй болох ба сайн мэдээг сонсох мөн дуулгавартай байх боломж олдолгүйгээр нас барсан хүмүүсийн төлөө олон мянган эрэгтэй, эмэгтэйчүүд тэнд ёслол гүйцэтгэх болно” (Teachings of Presidents of the Church: Brigham Young, 312) гэжээ. Мөн Эзра Тафт Бэнсон “Ариун сүмүүд Хойд ба Өмнөд Америкийн газар нутгийг, Номхон далайн арлууд, Европ болон бусад газрыг дүүргэх болно хэмээн бидний өмнөх үеийнхэн бошиглосон. Хэрэв энэ гэтэлгэлийн ажил хийгдэх ёстой хэр хэмжээ нь тийм их юм бол олон зуун ариун сүм хэрэгтэй болох нь гарцаагүй” хэмээн хэлсэн (The Teaching of Ezra Taft Benson, 247).

  24. Сургаал ба Гэрээ 93:1.

  25. Ахлагч Дэвид Б.Хэйт

    “Зарим нэг нь Аврагчийг харсан гэдэг нь үнэн ч гэсэн толь бичгээс үзэх/харах гэдэг үгийг харахад, Түүнийг мэдэх, бусдаас ялган таних, Түүнийг болон Түүний ажлыг мэдэж авах, чухал гэдгийг нь ойлгох, Түүнийг ойлгож авах зэрэг өөр олон утга байдгийг мэддэг.

    Ийм тэнгэрлэг сэнхрүүлэл болон адислалуудыг бид бүгдээрээ авах боломжтой” хэмээн хэлжээ (“Temples and Work Therein,” Ensign, Nov. 1990, 61).