Ерөнхий чуулган
Багана ба цацраг
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Багана ба цацраг

Бид ч гэсэн өөрсдийн гэрлэн багана болсон цацрагийг нэг нэгээр нь хүлээн авч чадна.

Би өөрийн захиасыг сэтгэл хөдөлгөм сүнслэг туршлага байхгүйн улмаас гэрчлэлдээ санаа зовниж явдаг хүмүүст зориуллаа. Би амар амгалан, баталгааг өгөхийн төлөө залбирч байна.

Есүс Христийн сайн мэдээний сэргээлт гэрэл, үнэний тэсрэлтээс эхэлсэн! Нью-Йоркийн хойд хэсэгт Иосеф Смит хэмээх эгэл жирийн нэртэй нэгэн өсвөр насны хүү ойн төгөлд залбирахаар очжээ. Тэр өөрийн бодгаль хийгээд Бурханы өмнө эзлэх өөрийн байр суурийн талаар санаа зовниж байлаа. Тэрээр гэм нүглүүддээ өршөөл эрэлхийлэн, аль сүмд нэгдэхээ мэдэхгүй төөрөлдсөн байв. Түүнд тодорхой хариулт авч сэтгэлээ амраах хэрэгтэй байсан. Түүнд гэрэл мөн мэдлэг хэрэгтэй байв.1

Иосефыг “зүрх сэтгэлийнхээ хүслүүдийг Бурханд өргө[н]” залбирахаар өвдөг сөгдөх үед түнэр харанхуй бүрхэн авчээ. Ямар нэг муу ёрын, дайсагнагч, бодит зүйл түүнийг зогсоож, яриулахгүйн тулд хэлийг нь ээдрүүлэхийг оролдов. Харанхуйн хүч Иосефт үхэх нь гэж бодогдтол улам ширүүсэв. Гэвч тэр “[өөрийг] нь барьж авсан энэхүү дайсны хүчнээс өөрийгөө чөлөөлүүлэхийн тулд Бурханыг дуудахад бүх хүчээ шавхан дайчилж [байлаа].” Тэгээд түүнийг цаашид тэсвэрлэж чадах эсэхээ үл мэдэн, “цөхрөлд живж, бас устгал[д] … өөрийгөө тавьж өгөхөд бэлэн болоод байсан яг тэр мөчид” гайхамшигт сүр жавхлан ойн цоорхойг дүүргэн, мөнөөх харанхуйг сарниулж, түүний бодгалийн дайсныг үргээв.2

Нарнаас хурц туяарах “гэрлэн багана” түүний дээр алгуурхан доош бууж иржээ. Нэгэн хүн үзэгдэхэд араас нь дахин нэг хүн үзэгдэв.3 Тэдний “гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй” байлаа. Эхнийх нь болох бидний Тэнгэрлэг Эцэг түүний нэрийг дуудан, “нөгөө рүүгээ заан—[Иосеф!] Энэ бол Миний Хайрт Хүү. Түүнийг сонс!4 хэмээн хэлэв.

Тэрхүү гэрэл, үнэний гэнэтийн агуу тохиолоос Сэргээлт эхэлсэн. Тэнгэрлэг илчлэлт, адислалууд жинхэнээсээ үерлэн буух болно. Шинэ судар, сэргээгдсэн санваарын түлхүүрүүд, төлөөлөгчид, бошиглогчид, ёслолууд, гэрээнүүд, Их Эзэний үнэн бөгөөд амьд Сүмийн дахин зохион байгуулалт зэрэг нь нэгэн өдөр Есүс Христийн болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний гэрэл, гэрчлэлээр дэлхийг дүүргэх болно.

Энэ бүхэн бас бусад олон зүйл нэгэн хүүгийн цөхөрсөн залбирлаас болон гэрлэн баганаас эхэлсэн.

Бидэнд ч мөн адил цөхрөх үе тохиолддог. Бид ч бас сүнслэг байдлын хувьд төрөх эргэлзээ, дэлхийн харанхуйгаас чөлөөтэй байх хэрэгтэй. Бид ч мөн адил өөрсдөө мэдэж авах хэрэгтэй.5 Энэ бол ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны бидэнд “[өөрсдийгөө] Сэргээлтийн гайхамшигт гэрэлд оруул”6 гэж уриалсан нэг шалтгаан юм.

Сэргээлтийн агуу үнэнүүдийн нэг бол тэнгэрийн үүд нээлттэй байгаа учир бид ч мөн адил гэрэл, мэдлэгийг дээрээс хүлээн авах боломжтой явдал юм. Би үүнийг үнэн гэдгийг гэрчилж байна.

Харин бид сүнслэг байдлын урхинаас болгоомжлох ёстой. Заримдаа Сүмийн итгэлтэй гишүүд өөрсдийгөө гэрлэн баганыг үзээгүй, сэтгэл хүчтэй догдлуулсан сүнслэг туршлага байхгүй гэж урам нь хугарч, тэр байтугай бүр холдон явдаг. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Хүн үргэлж ямар нэг онцгой сонин зүйл хүсэн хүлээгээд байвал илчлэгдсэн харилцааны байнгын урсгалыг бүхэлд нь анзаарахгүй өнгөрөөх болно”7 хэмээн анхааруулсан.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит: “Их Эзэн [намайг бага залуу байхад] гайхамшгуудыг үзүүлээгүй бөгөөд надад шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг үзүүлсэн юм”8 хэмээн дурсан ярьсан байдаг.

Энэ бол Их Эзэний голчлон баримталдаг загвар юм шүү, ах, эгч нар аа. Их Эзэн бидэнд гэрлэн баганын оронд гэрлийн цацрагийг ар араас нь илгээдэг.

Гэрлийн тэдгээр цацраг бидний дээр тасралтгүй буусаар байна. Судрууд бидэнд Есүс Христ бол “дэлхийн гэрэл хийгээд амь амьдрал …”9, Түүний “Сүнс нь дэлхийд ирдэг [эрэгтэй мөн эмэгтэй] хүн болгонд гэрлийг өгдөг”10, түүнчлэн Түүний гэрэл “сансрын хязгааргүй уудмыг дүүргэ[ж],” “бүх зүйлд амьдрал”11 өгдөг гэж заадаг, Христийн гэрэл шууд утгаараа бидний эргэн тойронд оршдог.

Хэрэв бид Ариун Сүнсний бэлгийг хүлээн аваад, итгэлийнхээ дагуу үйлдэх, наманчлах, гэрээнүүдээ хүндэтгэхийг хичээх аваас тэдгээр тэнгэрлэг цацрагийг байнга хүлээн авахуйц зохистой байх болно. Ахлагч Дэвид А.Бэднарын санаж явбал зохих нэгэн захиасанд “бид илчлэлт дотор амьдарч байгаа”12 гэсэн байдаг.

Хэдий тийм ч бидний хүн нэг бүр өөр. Хоёр хүн Бурханы гэрэл, үнэнийг нэг ижил арга замаар мэдэрдэггүй. Их Эзэний Сүнс болон гэрлийг хэрхэн мэдэрдэг талаараа цаг гарган бод.

Санааг тань зовоосон “[аливаа] асуудлын талаар [таны] оюунд амар амгалан[г] … яри[х] …” үед та гэрэл, гэрчлэлийн ийм гялбааг мэдэрч байсан байх.13

Эсвэл “оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь”14 хоногшсон намуухан хүнгэнэх дууг мөн хүнд туслах зэрэг ямар нэг сайн зүйл хийхэд хүргэсэн өдөөлтийг мэдэрсэн байж болно.

Та сүм дээрх хичээлээс юм уу өсвөр үеийнхний аяллын үеэр Есүс Христийг дагах, итгэлтэй байх хүчтэй хүслийг мэдэрсэн байж магадгүй.15 Та үнэн гэж найдсан зүйлийнхээ төлөө зогсож мөн гэрчлээд, үнэн гэдгийг нь мэдэж авч байсан байх.

Эсвэл та тасралтгүй залбираад, Бурхан танд хайртай гэсэн баяр баясгалантай баталгааг мэдэрч байсан ч байж магадгүй.16

Та хэн нэгнийг Есүс Христийн талаар гэрчлэхийг сонсоод, зүрх сэтгэл тань уярч, найдвараар дүүрч байсан байх.17

Та Мормоны Номыг унших үедээ Бурханы зөвхөн танд зориулан тавьсан мэт таны бодгальд ярьсан шүлгийг олоод дараа нь Тэр үнэхээр үүнийг хийсэн болохыг ойлгосон байж магад.18

Та бусдад үйлчлэх үедээ тэднийг хайрлах Бурханы хайрыг мэдэрч байсан байж болно.19

Та сэтгэл гутрал, түгшүүрийн улмаас Сүнсийг мэдэрч чадахгүй байх үедээ ч өмнөх үеэ эргэн харах, “Их Эзэний нигүүлслийг”20 таних бэлэгтэй байж ч болох юм.

Би гэрчлэлийн тэнгэрлэг цацрагийг хүлээн авах олон арга зам байдаг гэж хэлэх гэсэн юм. Эдгээр нь зөвхөн цөөн хэд нь билээ. Эдгээр нь сэтгэл хөдөлгөм биш байж болох ч бүгд нийлээд бидний гэрчлэлийг бүрдүүлдэг.

Ах, эгч нар аа, би гэрлэн баганыг хараагүй хэдий ч олон тэнгэрлэг цацрагийг та нарын харсны адил харсан. Олон жилийн турш би тэдгээр туршлагыг нандигнах гэж хичээсээр ирсэн. Тэгснээр би тэдгээрээс бүр илүү олныг ялган таньж, эргэн санадаг. Би амьдралдаа тохиолдсон зарим жишээнээс хуваалцъя. Хуваалцах жишээнүүд маань та нарын заримд тийм ч онцгой сэтгэгдэл төрүүлэхгүй байж магадгүй. Гэхдээ тэдгээр нь надад маш үнэ цэнтэй.

Би баптисм хүртэх үедээ өөрийгөө дэггүй өсвөр насны хүүхэд байсныг санадаг. Цугларалт яг эхлэхийн өмнө Сүнс надад хүндэтгэл бишрэлтэй суу гэж ятгахыг би мэдэрсэн. Тэгээд би сууж, цугларалтын турш чимээгүй байсан.

Номлолоосоо өмнө би гэрчлэл минь хангалттай хүчтэй биш гэж эмээж байлаа. Гэр бүлээс минь хэн нь ч номлолд үйлчилж байгаагүй болохоор би үүнийг чадах эсэхээ мэдэхгүй байв. Би Есүс Христийн тухай илүү тодорхой гэрчлэл хүлээн авахын тулд хичээнгүйлэн судалж, залбирч байснаа санадаг. Тэгээд нэг өдөр би Тэнгэрлэг Эцэгээс залбиран гуйж байхдаа гэрлийг болон халуун дулаан хүчирхэг мэдрэмжийг мэдэрсэн. Тэгээд би мэдэж авсан. Би зүгээр л мэдсэн.

Олон жилийн дараа нэгэн шөнө намайг ахлагчийн чуулгад үйлчлэхээр дуудагдана гэж хэлэхийг “цэвэр ухамсар”-ын мэдрэмжээр сонсож сэрснээ би санадаг.21 Хоёр долоо хоногийн дараа би дуудагдсан.

Миний сонсоно гэж найдаж найздаа хэлж байсан яг тэр гэрчлэлийн үгсийг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын нэгэн гишүүн Ерөнхий чуулган дээр хуваалцаж байсныг би санаж байна.

Зүрх нь цохилохоо больсны дараа алс холын нэгэн жижиг эмнэлэгт амьсгалын аппарат залгуулан, ухаангүй хэвтэх дотно найзынхаа төлөө залбирахаар олон зуун ахтай хамт өвдөг сөгдөн сууснаа би санадаг. Биднийг түүний амь насны төлөө зүрх сэтгэлээрээ нэгдэн гуйх үед тэрээр сэрж, амьсгалын гуурсаа хоолойноосоо татан авсан юм. Өнөөдөр тэрээр гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байна.

Мөн би амьдралд минь асар том орон зай үлдээн, дэндүү эрт өөд болсон эрхэм анд нөхөр, зөвлөгч минь байсан хүний талаар тод гэгч зүүдэлсэн зүүднээсээ хүчтэй сүнслэг мэдрэмж аван сэрж байснаа санадаг. Тэр инээмсэглэн, баяр баясгалантай байв. Би түүнийг сайн байгаа гэдгийг мэдсэн.

Эдгээр нь миний хүлээн авсан цацрагуудын зарим нь юм. Та нарт гэрчлэлийн гэрлээр дүүрэн гялбааг харж байсан өөрсдийн гэсэн туршлага бий. Биднийг эдгээр цацрагийг таньж мэдэн, эргэн санаж, цуглуулан “нэгтгэх”22 үед гайхалтай, хүчирхэг зүйл тохиолдож эхлэх болно. “Гэрэл гэрэлтэй нэгдэн нийлдэг”—“үнэн нь үнэнийг тэврэн авдаг.”23 Гэрчлэлийн ганц цацрагийн бодит байдал болон хүч ар араасаа ирэх цацрагуудтай нэгдэн, хүчирхэгждэг. Өчүүхэн нандин сүнслэг мөчийг шат шатаар, дүрэм дүрмээр, энд нэг цацрагаар мөн тэнд нэг цацрагаар хүлээн авснаар гэрлээр дүүрэн, сүнслэг туршлагын цөм бидний дотор өсөж томордог. Бүхэл бүтэн нэг гэрчлэлтэй болоход нэг цацраг хангалттай хүчтэй, хурц биш байж болох ч олон цацраг нийлснээр эргэлзээний түнэр харанхуй ч ялан дийлж үл чадах гэрлийг бүрдүүлэх боломжтой.

“Ай тэгвэл, энэ нь бодитой бус уу?” хэмээн Алма асуудаг. “Би та нарт хэлнэ, Тийм ээ, учир нь энэ бол гэрэл.”24

“Бурханаас буй тэр нь гэрэл болой; мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг”25 хэмээн Их Эзэн бидэнд заасан.

Тэгснээр ах, эгч нар аа, “агуу шаргуу байдл[аар]”26 дамжуулан, тохирсон цагт нь бид ч мөн адил өөрсдийн гэрлэн баганыг нэг нэг цацрагаар нь хүлээн авч чадна. Бид тэрхүү баганыг болгоох үедээ, биднийг нэрээр минь дуудаж Аврагч Есүс Христ рүү чиглүүлэн “Түүнийг сонс!” хэмээн урьдаг хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийг ч мөн олох болно.

Есүс Христ бол бүхэл дэлхийн төдийгүй таны мөн миний ертөнцийн гэрэл, амь амьдрал гэдгийг би гэрчилж байна.

Тэр бол үнэн бөгөөд амьд Бурханы үнэн бөгөөд амьд Хүү гэдгийг, Түүнийг энэхүү үнэн бөгөөд амьд Сүмийн тэргүүнд зогсдог гэдгийг, уг Сүмийг Түүний үнэ бөгөөд амьд бошиглогч, төлөөлөгчид удирддаг гэдгийг би гэрчилж байна.

Бид Түүний алдар суут гэрлийг таньж мэдэн, хүлээн аваад, үргэлж болон үүрд Түүнийг энэ дэлхийн харанхуйгаас түрүүлж сонгодог байх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.

Тайлбар

  1. Иосеф Смит—Түүх 1:10–13-ыг үзнэ үү.

  2. Иосеф Смит—Түүх 1:14-16

  3. Joseph Smith, Journal, Nov. 9–11, 1835, p. 24, josephsmithpapers.org-ийг үзнэ үү.

  4. Иосеф Смит—Түүх 1:17

  5. Иосеф Смит—Түүх 1:20-ийг үзнэ үү. Иосеф Смитийг Анхны үзэгдлийг хүлээн аваад гэртээ ирэхэд ээж нь түүнээс зүгээр байгаа эсэхийг нь асуув. Тэр: “Би дажгүй ээ.” … Пресбитриений сургаал үнэн биш гэдгийг би өөртөө мэдэж авлаа” гэж хариулжээ (тодотгол нэмсэн).

  6. Рассэлл М.Нэлсон, “Хаалтын үг,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 122.

  7. Spencer W. Kimball, in Conference Report, Munich Germany Area Conference, 1973, 77; quoted in Graham W. Doxey, “The Voice Is Still Small,” Ensign, Nov. 1991, 25.

  8. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998). Би хөвгүүн байхдаа анх тохинуулал хийж эхлэхдээ гэрчлэлтэй болохын тулд ямар нэгэн гайхамшигт зүйлс үзүүлэхийг байнга гарч, Их Эзэнээс гуйдаг байлаа. Гэвч Их Эзэн надаас гайхамшгуудыг нууж, үнэний талаар толгойн оройгоос хөлийн ул хүртэл мэддэг болтол, эргэлзээ болон айдсаасаа бүрэн чөлөөлөгдөх хүртэл, үнэнийг надад шат шатаар, сургаал захиасаар, бага багаар энд тэнд үзүүлсэн юм. Үүнийг хийхдээ Тэр тэнгэрээс тэнгэр элч илгээсэнгүй мөн сахиусан тэнгэрийн бүрээн дуугаар ч яриагүй. Тэрээр амьд Бурханы Сүнсний намуухан, зөөлөн дуу хоолойгоор шивнэн, надад буй гэрчлэлийг өгсөн юм. “Энэ зарчим ба хүчээр Тэр хүмүүний бүх хүүхдэд тэдэнд үлдэх үнэний тухай мэдлэгийг өгдөг бөгөөд энэ нь тэдэнд Бурханы мэдэх үнэнийг мэдүүлж, Эцэгийн тааллыг Христийн адил гүйцэлдүүлэх хүслийг өгөх болно.

  9. Мозая 16:9

  10. Сургаал ба Гэрээ 84:46; мөн Иохан 1:9-ийг үзнэ үү.

  11. Сургаал ба Гэрээ 88:12-13.

  12. David A. Bednar, The Spirit of Revelation (2021), 7.

  13. Сургаал ба Гэрээ 6:23

  14. Сургаал ба Гэрээ 8:2-ыг мөн Хиламан 5:30-ийг үзнэ үү.

  15. Мозая 5:2; Сургаал ба Гэрээ 11:12-ыг үзнэ үү.

  16. 2 Нифай 4:21; Хиламан 5:44-ийг үзнэ үү.

  17. Их Эзэн бусдын гэрчлэлд итгэх чадварыг сүнслэг бэлэг гэж тодорхойлсон (Сургаал ба Гэрээ 46:13–14-ийг үзнэ үү).

  18. Орчин цагийн илчлэлтэд судрын үгсийг ”миний Сүнсээр та нарт … өгөгдсөн авай, … мөн миний хүчээр биш байсан аваас, та нарт тэдгээр нь байж чадахгүй байсан буюу; Иймийн тул, миний дуу хоолойг сонссоноо, мөн миний үгийг мэднэ гэдгээ та нар гэрчилж чадна” (Сургаал ба Гэрээ 18:35–36) гэж заадаг.

  19. Moзая 2:17; Моронай 7:45–48-ыг үзнэ үү.

  20. 1 Нифай 1:20. Ахлагч Гэррит В.Гонг “Аврагчийн адил тохинуулахдаа ойлгох нүдээр харж, бидний амьдрал дахь Их Эзэний олон нигүүлсэлд баяс[ах]” (Тохинуулал,” Лиахона, 2023 оны 5-р сар) талаар мөн хэрхэн “бид Их Эзэний мутрыг амьдралаа эргэн харахдаа ихэвчлэн тодорхой олж хардаг” (“Түүнийг үргэлж сана,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108) тухай ярьсан. Амьдралдаа биднийг Их Эзэний мутрыг таньж мэдээгүй эсвэл мэдрээгүй өнгөрсөн үед ч талархалтайгаар олж харан, хүлээн зөвшөөрөх бэлэг нь хүчирхэг нөлөө авчирдаг. Судруудад илчлэлтийн бэлэг тэмдэг болсон (Моронай 10:3–4-ийг үзнэ үү) санан дурсах (Хиламан 5:9–12; Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү) сүнслэг хүч чадлын талаар олонтоо өгүүлдэг.

  21. Иосеф Смит: ”Хүн илчлэлтийн сүнсний анхны илрэлийг ажигласнаар ашиг тусыг олдог. Жишээ нь, та өөртөө цэвэр оюун ухаан орж ирж байгааг мэдэрвэл илчлэлтийн сүнс оюун ухаанд чинь гэнэтийн санаанууд орж ирэхэд хүргэж болно. Та үүнийг ажиглаж мэдэрснээр уг санаа тэр өдөртөө эсвэл удалгүй биелэгдсэнийг олж харна. Бурханы Сүнсээр оюун ухаанд чинь орж ирсэн зүйлс биелэх болно. Ийнхүү та Бурханы Сүнсийг танин мэдэж ойлгосноор Христ Есүсийн дотор төгөлдөржих хүртлээ илчлэлтийн зарчимд өсөн хөгждөг юм“ гэж заажээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 151).

  22. Ефес 1:10.

  23. Сургаал ба Гэрээ 88:40: “Оюун билиг оюун билигтэй нэгдэн нийлдэг; мэргэн ухаан мэргэн ухааныг хүлээж авдаг; үнэн нь үнэнийг тэврэн авдаг; ариун журам ариун журмаа хайрладаг; гэрэл гэрэлтэй нэгдэн нийлдэг.”

  24. Алма 32:35 Алма гэрлээр дүүрэн эдгээр туршлага нь өчүүхэн хэдий ч бүх мэдрэхүйд бодитой мэдрэгддэг тухай онцолсон. Тэднийг хамтдаа хүчирхэг нэгдэл үүсгэх үед тэдний бодит байдал улам бүр хүчтэй болдог.

  25. Сургаал ба Гэрээ 50:24.

  26. Алма 32:41