Ерөнхий чуулган
Есүс Христийг амьдралынхаа төвд байлгах нь
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Есүс Христийг амьдралынхаа төвд байлгах нь

Амьдралын хамгийн түнэр харанхуй, хүнд сорилт бэрхшээлтэй үеүдэд ундран гарч ирдэг бодгалийн гүн гүнзгий асуултуудын хариулт Есүс Христийн гуйвшгүй хайраар дамжин ирдэг юм.

Мөнх бус амьдралд бид сорилт бэрхшээлүүдээс болж зовж шаналдаг. Эдгээрт хайртай нэгнээ алдсан гашуун зовлон; өвчнөө даван гарах мятаршгүй тэмцэл; шударга бус байдлын шаналал; дарамт, хүчирхийллийн зүрх шимшрэм үйл явдал; ажилгүйдэл; гэр бүлийн зовлон зүдгүүр; ганцаардлын мэгшил, зэвсэгт мөргөлдөөний улмаас үүссэн зүрх зүсэм хор хөнөөл багтдаг.1 Иймэрхүү цаг мөчид бодгаль маань хоргодох газраа олохоор тэмүүлдэг.2 Бид амар амгалангийн гаврыг хаанаас олж болох вэ?3 Бид эдгээр саад бэрхшээлийг даван туулах итгэл, хүч чадлаар туслах хэнд найдаж болох вэ?4 Биднийг дээш өргөж, дэмжих хүчит мутар, тэвчээр, өлгийдөх хайр хэнд байдаг вэ? зэрэг асуултын хариултыг мэдэхийг бид чин сэтгэлээсээ эрэлхийлдэг.

Амьдралын хамгийн түнэр харанхуй, хүнд сорилт бэрхшээлтэй мөчид ундран гарч ирдэг бодгалийн гүн гүнзгий асуултуудын хариулт Есүс Христийн гуйвшгүй хайраар дамжин ирдэг юм.5 Бид асуултуудынхаа хариултыг Есүс Христээс, Түүний сэргээгдсэн сайн мэдээний6 амлагдсан адислалуудаар дамжуулан олж авдаг. Тэрээр хязгааргүй Цагаатгалаараа дамжуулан найдвар, эдгэрэл, амьдралын маань турш бидэнтэй хамт байх амлалт зэрэг хэмжээлшгүй бэлгийг бидэнд санал болгодог.7 Түүний өгөөмрөөр санал болгодог амар амгалан, гэтэлгэлийг хүлээн авах хүсэлтэй, итгэлээрээ эрэлхийлдэг хүн бүхэнд энэ бэлэг боломжтой.

Их Эзэн бидний хүн нэг бүрд мутраа сунгадаг ба энэ нь Түүний тэнгэрлэг хайр, нинжин сэтгэлийн мөн чанарын илэрхийлэл юм. Түүний бидэнд өгдөг урилга нь энгийн уриалгаас илүүтэй Түүний ач ивээлийн дуусашгүй хүчээр бэхлэгдсэн тэнгэрлэг амлалт юм. Судруудад Тэрээр:

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.

Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

Буулга минь аятай, ачаа минь хөнгөн”8 хэмээх хайраар дүүрэн амлалтыг бидэнд өгдөг.

“Надад ирэгтүн,” “Буулгыг минь ав” хэмээх Түүний урилгын талаарх бидний ойлголт “Та нар амралтыг олох болно” хэмээх бидэнд өгч буй Түүний хайрыг агуулсан, бүрэн дүүрэн, хэмжээлшгүй амлалтын гүн гүнзгий мөн чанарыг бүрэн илэрхийлдэггүй.

Бид сүнсний удирдамжийг хичээнгүйлэн эрэлхийлснээр9 гэрчлэлийг маань хүчирхэгжүүлэх гүн гүнзгий өөрчлөлтийн үйл явцыг эхлүүлдэг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын агуу төгс хайрыг ойлгосноор10 зүрх сэтгэл маань талархал, даруу байдал,11 шавийн замаар үргэлжлүүлэн алхах шинэ хүсэл эрмэлзлээр12 дүүрдэг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Амьдралаа Бурханы авралын төлөвлөгөөнд … Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар, Түүнээс ирдэг”13 гэж заасан.

Алма хүү Хиламандаа: “Мөн эдүгээ, Ай Хиламан хүү минь, болгоогтун, чи залуугаараа байна, мөн тиймийн тул, би чамайг үгсийг минь сонсож мөн надаас сураасай хэмээн чамаас хүсэж байна; учир нь Бурханд найдлага тавьсан хэн боловч өөрсдийн зүдгүүрүүдэд, мөн өөрсдийн бэрхшээлүүдэд хийгээд өөрсдийн зовлонгуудад дэмжигдэх болно, мөн эцсийн өдөр өргөгдөх болно гэдгийг би мэднэ” гэж хэлсэн.14

Хиламан хөвгүүддээ хандан: “Санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун” хэмээн Аврагчийг амьдралынхаа төв болгох тухай мөнхийн зарчмыг заасан.15

Баптисч Иоханы үхлийн талаар сонссоныхоо дараа Есүс ганцаараа байхыг хүссэн тухай бид Матай 14-р бүлгээс мэдэж авдаг. Гэвч хурсан олон Түүнийг дагасан юм. Тэрээр уй гашуудлын улмаас Өөрийн зорилгыг сарниулахыг хүсээгүй учир хайр энэрэл, нинжин сэтгэлд хөтлөгдөн тэднийг хүлээн авч, өвчтэй хүмүүсийг эдгээжээ. Орой болоход шавь нар нь хүнд сорилттой тулгарав. Олон түмэнд хоол хүнс хомс байлаа. Тэд хоол олж болохын тулд хурсан олныг тараахыг Есүсээс хүссэн ч Есүс шавь нартаа агуу хайр, хүлээлт тавьж; хүмүүсийг хооллохыг тэднээс хүссэн.

Шавь нар нь гэнэтийн сорилтод санаа зовниж байх зуур Есүс хүмүүсийг хайрлах гуйвшгүй хайрыг тээн Эцэгтээ итгэх итгэл, хайраа харуулсан юм. Тэрээр хурсан олныг зүлгэн дээр суулгахыг тушаагаад, зөвхөн таван талх, хоёр загас авч, Эцэгтээ талархал өргөхийг сонгон, Бурханы хангамжийг Өөрийн эрх мэдэл, хүчнээс дээгүүр тавьсан юм.

Тэрээр талархал өргөснийхөө дараа талхыг хувааж, шавь нар нь тэдгээрийг хүмүүст түгээв. Гайхалтай нь, уг хоол хангалттай хүрэлцсэн төдийгүй цаана нь 12 сагс дүүрэн арвин хоол үлдсэн гэдэг. Тэд эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянган эрийг хоолложээ.16

Энэ гайхамшигт үйл явдал нь сорилт бэрхшээлтэй тулгарах үед бид асуудалдаа хэт автахад хялбархан байдаг гэсэн том сургамжийг бидэнд заадаг. Гэвч Есүс Христ талархлаа илэрхийлж, сорилт бэрхшээлийн шийдлийг өөрөө дангаараа бус харин Бурхантай хамт олох боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрснөөр Эцэгтээ анхаарлаа хандуулахын хүч чадлыг үлгэрлэн заасан юм.17

Бид хүнд хэцүү зүйлтэй тулгарах үедээ ихэвчлэн урдаа байгаа саад тотгорт л анхаарлаа хандуулдаг. Бидэнд тулгардаг саад бэрхшээл бодит бөгөөд бидний анхаарлыг татдаг ч гагцхүү үүнийг даван туулах зарчмыг чухалчлах нь зүйтэй. Христийг оюун бодол, үйлдлийнхээ төвд байлгаснаар бид өөрсдийгөө Түүний санаа бодол, хүч чадалтай нийцүүлдэг.18 Энэ шилжилт нь бидний асуудлыг хялбарчлахгүй ч тэнгэрлэг удирдамжаар тэдгээрийг туулан гарахад бидэнд тусалдаг.19 Үүний үр дүнд бид дээрээс ирэх мэргэн ухаанаас шийдэл, дэмжлэгийг олж авдаг. Христэд төвлөрсөн энэ үзэл бодлыг төлөвшүүлэх нь бидэнд саад бэрхшээлийг ялалт болгон хувиргах тэсвэр хатуужил, саруул ухааныг 20 өгч, Аврагчтай хамт байснаар том асуудал мэт санагддаг зүйлс маань сүнслэг өсөлт хөгжил рүү чиглүүлэх харгуй болдгийг сануулдаг.

Мормоны Ном дахь залуу Алмагийн түүх гэтэлгэлийн тухай сэтгэл хөдөлгөм өгүүлэмж, Христийн эргэн тойронд амьдралаа төвлөрүүлэхийн гайхалтай үр нөлөөг харуулдаг. Эхэндээ Алма олон хүнийг зөв шударгын замаас төөрүүлэхийг санаархсан Их Эзэний Сүмийг эсэргүүцэгч хүн байсан. Гэвч тэнгэр элч ирж түүнийг зогсоосон нь түүнд буруу үйлдлийг нь ухааруулжээ.

Алма гэм буруугийнхаа улмаас тамлагдаж, сүнслэг байдлын зовлон шаналлаас гарах арга замыг олохоор цөхрөнгөө баран түнэр харанхуйд тарчлан байхдаа Есүс Христийн тухай, Түүний Цагаатгалын тухай заасан эцгийнхээ сургаалыг санасан юм. Тэрээр зүрх сэтгэлдээ гэтэлгэлийг эрэлхийлэн Их Эзэний нигүүлслийн төлөө чин сэтгэлээсээ гуйж, наманчилжээ. Алма өөрийгөө бүрэн тушаах энэхүү чухал мөчид Христийг оюун бодлынхоо тэргүүнд тавьж, Түүний нигүүлслийг чин сэтгэлээсээ эрэлхийлсэн нь түүнд гайхалтай өөрчлөлтийг авчирсан. Гэм буруу, цөхрөлийн хүнд гинжин хүлээс алдуурч, баяр баясал, амар амгалангийн гайхалтай мэдрэмжээр солигдсон.21

Есүс Христ бол амьдралын хамгийн хүнд хэцүү үе дэх бидний найдвар, хариулт юм. Тэрээр золиослолоороо дамжуулан бидний гэм нүглийн төлөөсийг төлж; өвдөлт, шударга бус явдал, харуусал, айдас зэрэг зовлон шаналлыг маань Өөр дээрээ авсан. Биднийг амьдралаа илүү сайн сайхнаар өөрчлөхийг эрэлхийлэн Түүнд итгэх үед Тэрээр биднийг уучилж, эдгээдэг. Тэрээр дэлхий дээр амьдрах хугацаандаа олон хүнийг эдгээсний адил,23 хайр энэрэл, хүч чадлаараа дамжуулан зүрх сэтгэлийг маань тайвшруулж, засдаг Эдгээгч минь 22 билээ. Тэрээр Өөрийн байнгын хайр, энэрлээр дамжуулан бодгалийн маань нэн чухал хэрэгцээг тэтгэх амьд ус юм. Энэ нь худгийн дэргэд самари эмэгтэйд мөнх амь өөд оргилох булгийн усыг амласан амлалттай адил юм.24

Есүс Христ амьд, Тэрээр Өөрийн ариун Сүм болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг удирддаг гэсэн чанд гэрчлэлээ би хуваалцаж байна.25 Тэр бол дэлхийн Аврагч, Амар Амгалангийн Ханхүү,26 хаадын Хаан, эздийн Эзэн,27 дэлхийн Гэтэлгэгч гэдгийг би гэрчилж байна. Бид Түүний оюун ухаан, зүрх сэтгэлд үргэлж оршиж байдаг гэдгийг би баттай хэлье. Үүний гэрч болгон Тэрээр Өөрийн Сүмийг хожмын өдрүүдэд сэргээж, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг энэ цаг үед Сүмийн ерөнхийлөгч, Өөрийн бошиглогчоор дуудсан билээ.28 Биднийг мөнх амьдралтай болгохын тулд Есүс Христ бидний төлөө амиа өгсөн гэдгийг би мэднэ.

Бид Түүнийг амьдралынхаа төвд байлгахыг хичээвэл илчлэлтүүд бидний дээр цутгаж, Түүний гайхамшигт амар амгалан биднийг нөмөрч, Түүний хязгааргүй Цагаатгал бидэнд өршөөл, эдгээлтийг авчрах болно.29 Бид даван туулах хүч, тэсвэрлэн тэвчих эр зориг, бүх оюун ухааныг давах амар амгаланг Түүнээс олдог. Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд эргэн очих аяллын маань найдварын гэрэлт цамхаг, бүхий л сайн сайхны эх үүсвэр30 болсон Түүнд бид илүү их ойртохыг өдөр бүр хичээх болтугай. Есүс Христийн ариун нэрээр, амен.