Ерөнхий чуулган
Гэрээ ба үүрэг хариуцлага
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Гэрээ ба үүрэг хариуцлага

Есүс Христийн Сүм нь Бурхантай гэрээ байгуулахыг чухалчилдаг сүм гэдгээрээ танигдсан.

“Танай Сүм бусад сүмээс юугаараа ялгаатай вэ?” Нас явах тусам мөн Сүм өсөж хөгжихийн хэрээр энэхүү чухал асуултад хариулах миний хариулт өөрчлөгдөж байна. Намайг 1932 онд Юта мужид төрөх үед Сүм маань ердөө 700 000 орчим гишүүнтэй байсны ихэнх нь Ютад болон ойролцоох мужуудад амьдардаг байжээ. Тэр үед бидэнд дөнгөж 7 ариун сүм байсан. Өнөөдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 170 гаруй улсад 17 сая гаруй гишүүнтэй. Энэ 4-р сарын 1-ний байдлаар дэлхий даяар онцгойлон адислагдсан 189 ариун сүм байгаа ба 146 ариун сүм төлөвлөлт болон барилгын шатандаа явж байна. Би эдгээр ариун сүмийн зорилго болон бидний шүтлэг дэх гэрээнүүдийн үүрэг ба түүхийн талаар яримаар санагдлаа. Энэ нь өмнөх үг хэлэгчдийн сүнслэг сургаалыг дэмжих болно.

I.

Гэрээ гэдэг нь тодорхой үүрэг хариуцлагыг биелүүлэх амлалт юм. Хувийн амлалт нь хувийн амьдралын болон нийгмийн үйл ажиллагааг зохицуулахад зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ санааг одоо ч эсэргүүцсээр байна. Цөөнхийн дуу хоолой болсон хэсэг бүлэг хүн байгууллагын эрх мэдлийг эсэргүүцэж, хүмүүс хувийн эрх чөлөөг нь хязгаарласан аливаа хязгаарлалтаас ангид байх ёстой гэж шаарддаг. Гэсэн ч хамт олны зохион байгуулалтад орж амьдрахын давуу талыг олж авахын тулд зарим хүний эрх чөлөөг үгүй хийдэг болохыг бид мянган жилийн туршлагаар мэднэ. Хувь хүний эрх чөлөөг ийнхүү устгах нь ил тод эсвэл далд хэлбэрээр хүлээсэн үүрэг амлалт буюу гэрээнд ерөнхийдөө тулгуурладаг.

Зураг
Цэргийн албаныхан.
Зураг
Эмнэлгийн ажилтнууд.
Зураг
Гал сөнөөгчид.
Зураг
Бүрэн цагийн номлогчид.

Нийгэмд гэрээт үүрэг хариуцлага хүлээдэг зарим жишээг дурдвал: (1) шүүгчид, (2) цэргийн албаныхан, (3) эмнэлгийн ажилтнууд болон (4) гал сөнөөгчид байна. Эдгээр ажил мэргэжлийн хүмүүс оногдсон үүргээ биелүүлэхийн тулд амлалт өгч, үүнийгээ тангараг эсвэл гэрээгээр албажуулдаг. Бүрэн цагийн номлогчдын хувьд ч мөн адил. Тэдний бусдаас ялгарах хувцас, нэрийн тэмдэг нь уг хүний гэрээ байгуулсан мөн заах, үйлчлэх үүрэгтэй ба уг үйлчлэлд бусад хүн тусалж, дэмжих хэрэгтэй гэдгийг харуулах зорилготой Үүнтэй адилаар тэдгээр нь тэдгээрийг өмсөж, зүүж буй хүмүүст гэрээт үүрэг хариуцлагыг нь сануулах зорилготой. Тэдний өвөрмөц хувцас мөн бэлгэдэлд ямар ч “ид шид” байхгүй. Харин эдгээр нь өмссөн хүмүүсийн хүлээсэн онцгой үүрэг хариуцлагыг сануулах шаардлагатай сануулга болдог. Энэ нь түүнчлэн сүйн эсвэл хуримын бөгжний бэлгэдэлд хамаатай ба энэ нь харсан хүнд мэдээлэл өгч, зүүсэн хүнд гэрээт үүрэг хариуцлагыг нь сануулдаг.

Зураг
Хуримын бөгж

II.

Гэрээнүүд нь хувь хүний амьдралыг зохицуулах үндэс суурь болдог гэж хэлсэн маань голчлон шашны гэрээнүүдэд хамааралтай. Шашны олон янзын харьяалал, шаардлагуудын үндэс хийгээд түүх нь гэрээнүүд дээр суурилдаг. Жишээлбэл: Абрахамын гэрээ хэд хэдэн томоохон шашны зан үйлийн үндэс болсон байдаг. Энэ нь Бурханы хүүхдүүддээ өгдөг гэрээний амлалтын ариун санааг харуулдаг. Хуучин Гэрээнд Бурханы Абрахамтай болон түүний үр удамтай байгуулсан гэрээг олонтоо дурддаг.1

Мормоны Номын эхний хэсэг Хуучин Гэрээний үед бичигдсэн бөгөөд израилчуудын түүх, шүтлэгт гүйцэтгэсэн гэрээний үүргийг тодорхой харуулдаг. Нифайд тухайн үеийн израилчуудын бичээс “Их Эзэний Израилын угсаатай байгуулсан гэрээг тээсэн иудейчүүдийн цэдэг”2 гэдгийг хэлсэн. 1 Нифай номд Абрахамын гэрээг3 мөн “Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс”4 болох Израилын талаар олон удаа эш татсан байдаг. Бурхантай эсвэл шашны удирдагчидтай гэрээ байгуулах заншлын талаар Нифай, Египет дэх Иосеф, Бенжамин хаан, Алма, ахмад Моронай нарын тухай Мормоны Номын бичээснүүдэд мөн цэдэглэсэн байдаг.5

III.

Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээх цаг ирэхэд Бурхан Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан юм. Тэнгэр элч Моронай эрийн цээнд хүрч буй залуу бошиглогчид анх юу гэж зааварласныг бид бүрэн мэдэхгүй. Гэсэн ч тэр Иосефт “[түүнд] зориулсан хийх нэгэн ажил Бурханд бий” гэдгийг мөн “эцгүүдэд нь хийсэн амлалтуудыг” багтаасан “үүрдийн Сайн мэдээний бүрэн байдал”6 урагш авчрагдах ёстой гэдгийг хэлсэн. Сүмийг зохион байгуулах заавар авахаасаа өмнө залуу Иосефын эрчимтэй уншиж байсан судрууд нь Мормоны Номд түүний орчуулж байсан гэрээний талаарх олон сургаал байсныг бид мөн мэднэ. Энэ ном нь сайн мэдээний бүрэн байдлын сэргээлтийн гол эх сурвалж ба Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг багтаадаг. Түүнчлэн Мормоны Номд гэрээний тухай дүүрэн бичигдсэн байдаг.

Библийг сайтар судалсан Иосеф “Израилийн гэр ба Иудагийн гэртэй шинэ гэрээ байгуулах”7 Аврагчийн зорилгын талаар өгүүлсэн Еврей номыг мэдэж байсан нь лавтай. Түүнчлэн Есүс бол “шинэ гэрээний Зууч”8 хэмээн үүнд өгүүлдэг. Аврагчийн мөнх бус байдлын тохинууллын тухай библийн түүхийг “Шинэ Гэрээ” хэмээн нэрлэдэг нь ч утга учиртай.

Гэрээнүүд нь сайн мэдээний сэргээлтийн үндэс байсан. Энэ нь Сүмийг зохион байгуулах үед Их Эзэний бошиглогчид зааварласан анхны алхмуудаас тодорхой харагддаг. Мормоны Номыг хэвлэгдсэн даруйд Их Эзэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм9 хэмээн нэрлэгдэх Өөрийн сэргээгдсэн Сүмийн зохион байгуулалтын талаар заавар өгчээ. 1830 оны 4-р сард өгсөн илчлэлтэд “бүх нүглүүдээс наманчилснаа … гэрчлэгсэд (баттай гэрчлэх гэсэн утгатай), мөн эцсээ хүртэл түүнд үйлчлэх шийдвэр төгс, Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн байгсад” тэд “баптисмаар түүний сүмд хүлээн авагдах ёстой”10 хэмээн заасан байдаг.

Уг илчлэлтэд Сүм нь “Их Эзэн Есүсийг дурсан санаж, талх болон дарсыг [усыг] хүртэхийн тулд олонтаа хамтдаа цуглах нь зүйтэй болой” хэмээн зааварчилдаг. Энэхүү ёслолын ач холбогдол нь ёслол гүйцэтгэж буй ахлагч эсвэл пристэд зориулсан гэрээт үгсээс тодорхой харагддаг. Тэрээр “үүнээс хүртэх тэд бүгдийн бодгалийн тулд, … Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, тэд өөрсдөдөө таны Хүүгийн нэрийг авч, мөн үргэлж түүнийг санаж, мөн өөрсөд нь өгсөн түүний зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ танд гэрчилж болохын тулд”11 талхыг бэлгэдэл болгон адисалдаг.

Их Эзэний илчлэлтүүдийг анх удаа нийтлэхэд зориулж Түүний өгсөн оршил үгэнд шинээр сэргээгдсэн Сүм дэх гэрээний гол үүргийг дахин батлан хэлсэн байдаг. Их Эзэн уг оршилд дэлхийн оршин суугчид “миний ёслолуудаас нүүр буруулж, мөн миний үүрдийн гэрээг зөрчсөн”12 учраас Иосеф Смитийг дуудсан хэмээн тунхаглажээ. “Миний үүрдийн гэрээ үндэслэгдэн бий болж болохын тулд”13 Тэрээр зарлигуудыг өгч байгаа гэж уг илчлэлтэд тайлбарладаг.

Өнөөдөр бид сэргээгдсэн Сүм дэх гэрээнүүдийн үүрэг болон гишүүдийнх нь шүтлэг бишрэлийг ойлгодог. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли бидний баптисм болон долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхийн үр нөлөөг ийн дүгнэжээ. “Баптисмын усанд орсон энэ Сүмийн гишүүн бүр ариун гэрээний нэг тал нь болдог. Бид Их Эзэний зоог буюу ариун ёслолоос хүртэх бүрдээ тэрхүү гэрээгээ шинэчилдэг.”14

Бидний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон авралын төлөвлөгөөг “гэрээний зам” гэж хэлдэг ба энэ бол “бидний [Бурхан] руу эргэн очих зам, … бидний Бурхантай харилцах харилцаа”15 хэмээн дахин дахин хэлдэг гэж олон үг хэлэгч өнөөдөр санууллаа. Түүнчлэн тэрээр ариун сүмийн ёслол дахь гэрээний ач холбогдлын тухай болон бидэнд төгсгөлөө эхлээд харж, “селестиел ухаанаар бодох”16 тухай заадаг.

IV.

Би одоо ариун сүмийн гэрээнүүдийн талаар нэмж ярья. Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээх өөрийн үүрэг хариуцлагыг биелүүлэхийн тулд бошиглогч Иосеф Смит амьдралынхаа сүүлийн жилүүдийн ихэнхийг Иллиной дахь Наувугийн ариун сүмийн барилгын ажлыг удирдахад зориулсан юм. Их Эзэн түүгээр дамжуулан, түүний дараа ариун сүмүүдийг удирдах хүмүүст зориулж ариун нандин захиас, сургаал, гэрээнүүдийг илчилсэн билээ. Ариун сүмд хишиг хүртсэн хүмүүст Бурханы авралын төлөвлөгөөг зааж, ариун нандин гэрээнүүдийг байгуулахад урьдаг. Уг гэрээнүүддээ итгэлтэй амьдарсан хүмүүст мөнх амьдралыг амласан ба үүний “бүх зүйл тэднийх” бөгөөд тэд “Бурхан хийгээд түүний Христийн дэргэд үүрд мөн мөнхөд орших болно.”17

Эхэн үеийн анхдагчид маань хөөгдөж туугдан, Өрнө зүгийн уулс руу нүүх түүхэн аяллаа эхлүүлэхийн өмнө Наувугийн ариун сүмд хишиг хүртэх ёслолоо гүйцэтгэжээ. Наувугийн ариун сүмд хишиг хүртэн, Христтэй холбогдсоноор хүлээн авсан хүч чадал нь олон анхдагчид баатарлагаар аялах мөн Өрнөдөд суурьших хүч тэнхээг өгсөн тухай гэрчлэл бидэнд бий.18

Ариун сүмд хишиг хүртсэн хүмүүс ариун сүмийн гарментыг гадуур хувцасныхаа дотуур, ил харагдахааргүй өмсөх үүрэгтэй. Энэ нь хишиг хүртсэн хүмүүст ариун сүмд байгуулсан ариун нандин гэрээнүүдийг нь мөн тэдэнд амласан адислалуудыг сануулдаг. Тэдгээр ариун зорилгод хүрэхийн тулд зайлшгүй шаардлагатай биш л бол ариун сүмийн гарментыг үргэлж өмсөхийг бидэнд зааварладаг. Гэрээнүүдэд амралтын өдөр гэж байхгүй тул гарментаа тайлж буй хүнийг гэрээт үүрэг хариуцлага, адислалуудаасаа татгалзаж байна гэж ойлгож болно. Харин гарментаа итгэлтэйгээр өмсөн, ариун сүмийн гэрээнүүдээ сахидаг хүмүүс Их Эзэн Есүс Христийн шавийн үүргээ үргэлж баталдаг.

Зураг
Ариун сүмүүдтэй газрын зураг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм ариун сүмүүдийг дэлхий даяар барьж байгуулж байна. Ингэснээр Бурханы гэрээт хүүхдүүдийг ариун сүмд шүтэн бишрэх, гэрээгээр хүлээн авах ариун үүрэг хариуцлага болон хүч чадал, Христтэй холбоотой байсанаар ирэх ер бусын адислалуудаар адислах зорилготой юм.

Зураг
Бразилын Сан Пауло ариун сүм

Есүс Христийн Сүм нь Бурхантай гэрээ байгуулахыг чухалчилдаг сүм гэдгээрээ танигдсан. Гэрээнүүд нь энэ сэргээгдсэн Сүмийн гүйцэтгэдэг аврал, өргөмжлөлийн ёслол бүрийн салшгүй хэсэг юм. Баптисмын ёслол болон холбогдох гэрээ нь селестиел хаант улсад ороход тавигдах шаардлага юм. Ариун сүмийн ёслолууд болон холбогдох гэрээнүүд нь Бурханы бүх бэлгийн хамгийн агуу нь болох мөнх амьдралын, тухайлбал селестиел хаант улсын өргөмжлөлийн шаардлага билээ.19 Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн зорилго юм.

Би энэ Сүмийн тэргүүн Есүс Христийг гэрчилж, Түүний адислалуудыг гэрээнүүдээ сахидаг бүх хүнд үлдээж байна. Есүс Христийн нэрээр, амен.