Ерөнхий чуулган
Есүс Христээр дамжуулан гэрээндээ итгэлтэй байх нь
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Есүс Христээр дамжуулан гэрээндээ итгэлтэй байх нь

Бид Их Эзэний өргөөнд орохдоо Христийн илүү дээд түвшний, илүү ариун шавь болоход суралцах ариун нандин аян замаа эхлүүлдэг.

Хайрт ах, эгч нар аа, бид энэ амралтын өдрүүдэд удирдагчдаасаа сонсох сүнслэг захиасаар дамжуулан сүнслэг байдлын хувьд шинэчлэгдэж, миний хэлдгээр “Есүс Христээр дамжуулан гэрээндээ итгэлтэй байгаадаа” баясах болтугай хэмээн би залбирч байна. Энэ итгэлтэй байдал нь гэрээнүүдээ сахидаг хүмүүст Бурханы амласан адислалуудыг хүлээн авах чимээгүй боловч тодорхой баталгаа бөгөөд өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдалд нэн хэрэгтэй.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны сүнслэг удирдлага доор дэлхий даяар Их Эзэний өргөөнүүд шинээр баригдаж байгаа нь Сүмийн гишүүдийн дунд агуу баяр баяслыг авчирсан бөгөөд Их Эзэний хаант улс өргөжин тэлж буйн чухал бэлгэ тэмдэг болж байна.

Калифорниагийн Фээдэр Ривэр ариун сүмийг өнгөрсөн 10-р сард онцгойлон адислах үеэрх сэтгэл догдлуулсан явдлыг бодож үзэхэд бид заримдаа өөрсдийн хотод шинэ ариун сүмтэй болно гэдэгтээ хэт баярлаж, ариун сүмд хийдэг ариун нандин гэрээнүүдийн зорилгыг бодолгүй өнгөрөөдөг юм болов уу гэж надад бодогдсон.

Ариун сүм бүрийн нүүрэн талд “Их Эзэнд ариуныг”1 хэмээх чухал мэдэгдлийг сийлсэн байдаг. Эдгээр сүнслэг нөлөө бүхий үг нь бид Их Эзэний өргөөнд орохдоо Христийн илүү дээд түвшний, илүү ариун шавь болоход суралцах ариун нандин аян замаа эхлүүлдгийн тодорхой урилга юм. Бид цэвэр ариун байдалд Бурханы өмнө гэрээ байгуулж, Аврагчийг дагах амлалт өгснөөр зүрх сэтгэлээ өөрчлөх, сүнсээ шинэчлэх, Түүнтэй харилцах харилцаагаа гүнзгийрүүлэх хүчийг хүлээн авдаг. Ийм хичээл зүтгэл нь бидний бодгальд ариусал авчирч, бид мөнхийн амьдралын бэлгийг өвлөн авч чадна хэмээн амладаг Бурхан, Есүс Христ хоёртой ариун нандин холбоог үүсгэдэг.2 Энэ ариун нандин аян замын үр дүнд бид Есүс Христээр дамжуулан байгуулсан гэрээнүүдийнхээ хүрээнд өдөр тутмын амьдралдаа илүү ариун, илүү их итгэлтэй байдлыг олж авдаг.

Ийм итгэлтэй байдал нь бидний Бурхантай харилцах тэнгэрлэг харилцаа холбооны маань оргил цэг юм. Энэ нь бидний Есүс Христийг гэх сүсэг бишрэл, Түүний цагаатгагч золиослолд талархах талархлыг өсгөн нэмэгдүүлэхэд тусалдаг. Энэ нь бидний бусдыг хайрлаж, үйлчлэх чадварыг бэхжүүлж, улам бүр урам зориг мохоосон, харанхуй болж буй ариун бус дэлхийд амьдрахад бодгалийг маань хүчирхэгжүүлдэг. Энэ нь эргэлзээ, цөхрөл, айдас, хясал, сэтгэлийн шаналал, найдлага тасарсан байдлыг ялан дийлэх урам зоригийг бидэнд өгдөг. Харин дайсан яг амьдрал хэцүү, сорилт дуусахгүй, нөхцөл байдал хүнд үед бидний сэтгэлд гүн гүнзгий орохыг эрэлхийлдэг. Библийн нэгэн шүлэг биднийг өнөөгийн дэлхийн сорилт бэрхшээлийн ширүүн салхинд ганхах үед “Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун”3 хэмээх ухаалаг зөвлөгөөг өгдөг.

Хүндэт ах, эгч нар аа, Есүс Христээр дамжуулан Их Эзэний өргөөнд байгуулсан гэрээнүүддээ чин сэтгэлээсээ итгэж найддаг болсон хүмүүс энэ амьдралдаа хүлээн авч болох хамгийн хүчирхэг хүчнүүдийн нэгийг эзэмшиж байдаг.

Энэ жил Ирээд, Намайг дага гарын авлагаас Мормоны Номыг судлахдаа бид Нифай Их Эзэний зарлигласны дагуу ялтаснуудыг олж авахад тулгарсан сорилт, бэрхшээлийг өөрийн итгэлтэй байдлаар ийнхүү гэрээндээ итгэлтэй байхын хүчийг хэрхэн гайхамшигтайгаар үлгэрлэн үзүүлснийг харсан. Нифай Лемен, Лемүел хоёрын айдас, итгэлгүй байдалд нь ихэд харамсаж байсан ч Их Эзэн ялтаснуудыг тэдэнд өгнө гэдэгт итгэлтэй хэвээр үлдэв. Тэр ах нартаа хандан: “Их Эзэн амьдын адил, мөн бидний амьд нь илэрхийн адил, бид Их Эзэний зарлигласан зүйлийг гүйцэлдүүлэх хүртэл бид аглаг буйдад буй эцэг уруугаа очихоор явахгүй”4 гэдгээ хэлжээ. Нифай Их Эзэний амлалтуудад итгэлтэй байсан тул тэрээр гайхамшгийг харж, өөрт нь зарлиг болсон тэдгээр зүйлийг гүйцэлдүүлэх боломжтой болсон юм.5 Дараа нь Нифай үзэгдлээр ийм итгэлтэй байдлын нөлөөг хараад ийн бичжээ: “Би, Нифай хурганы сүмийн гэгээнтнүүдийн дээр, … мөн Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс дээр буух Бурханы Хурганы хүчийг болгоов; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв.”6

Их Эзэний хайраар дүүрэн амлалт болон хүч Бурханы хүүхдүүдийн амьдралд хур мэт орж, амьдралын нөхцөл байдалтай нүүр тулахад нь тэднийг хүчирхэгжүүлж байгааг би өөрийн нүдээр харж байсан. Нэг өдөр эхнэр маань ариун сүмд шүтэн биширснийхээ дараа гэртээ ирээд, ариун сүмд харсан зүйлсдээ сэтгэл нь ихэд догдолсон тухай надад ярьсан юм. Их Эзэний өргөөнд орохдоо тэр удаан гэгч явж буй нэгэн тэргэнцэртэй эрэгтэйг мөн таягаа тулан арай гэж яваа өөр нэг эмэгтэйг олж харжээ. Тэд хоёул Их Эзэний өргөөнд Түүнийг шүтэн бишрэхээр зориг гарган ирсэн байв. Эхнэр маань анхдагч ёслолуудын хэсэгт ороод, нэг гараа бүтэн, нөгөө гараа хагас тайруулсан үзэсгэлэнтэй нэгэн эгч авсан аливаа даалгавраа гайхалтай, селестиел байдлаар гүйцэтгэж байгааг олж харжээ.

Эхнэр бид хоёр энэ үйл явдлын талаар ярилцаад дараах дүгнэлтэд хүрсэн юм. Зөвхөн Бурханы өргөөнд Түүнтэй байгуулсан ариун нандин гэрээнүүдээр дамжуулан Бурханы өгдөг мөнхийн амлалтуудад цэвэр ариун, чин сэтгэлээсээ итгэлтэй байсан нь Христийн тэрхүү гайхалтай шавь нарыг хувийн амьдралын нөхцөл байдлаа үл харгалзан тэрхүү тэсгим хүйтэн өдөр гэрээсээ гарч тэнд очиход хүргэжээ.

Эрхэм найзууд аа, бидний эзэмшвэл зохих нэг зүйл гэвэл, мөн үр хүүхэд, ач зээ нартаа ирэх сорилт, бэрхшээлд нь туслах ямар нэг зүйлийг өгье гэвэл тэр нь Есүс Христээр дамжуулан байгуулсан гэрээнүүдэд итгэлтэй байх явдал юм. Ийм бурханлаг зүйлийг эзэмших нь тэдэнд “Миний шавь нар ариун газруудад амьдарсаар байх болно”7 хэмээн Их Эзэний үнэнч шавь нартаа өгсөн амлалтын дагуу амьдрахад нь тусална.

Бид Есүс Христээр дамжуулан хэрхэн ийм итгэлтэй болж болох вэ? Бид даруу байдлаар, амьдралаа Аврагч дээр төвлөрүүлснээр, Есүс Христийн сайн мэдээний зарчмуудаар амьдарснаар, авралын болон өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авснаар, Бурханы ариун өргөөнд Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ эрхэмлэн дээдэлснээр ийм итгэлтэй болдог.

Бидний эрхэм бошиглогч 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы хаалтын үгэндээ, гэрээндээ итгэлтэй болохын тулд хийх нэгэн чухал алхмын талаар бидэнд сануулсан. Тэрээр: “Их Эзэний өргөөнд орох зохистой байхын тулд хувь хүн сүнслэг байдлын хувьд сайтар бэлтгэгдсэн байх ёстой. Хувь хүний зохистой байдал бол Их Эзэнтэй илүү адил болж, үнэнч шударга иргэн байж, илүү сайн үлгэр дуурайл үзүүлэн, илүү цэвэр ариун болохын тулд оюун ухаан, зүрх сэтгэлээрээ бүрэн хөрвөгдсөн байхыг шаарддаг”8 хэмээн хэлсэн. Тиймээс, хэрэв бид ариун сүмд орох бэлтгэлээ өөрчилбөл ариун сүм дэх туршлагаа өөрчилж, улмаар энэ нь ариун сүмээс гадуурх амьдралыг маань ч өөрчлөх болно. “Итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй болох болно; мөн санваарын номлол тэнгэрээс буух шүүдэр лугаа адил чиний сүнсэн дээр намуухан буух болно.”9

Миний мэдэх нэг бишоп Хүүхдийн хэсгийн том хүүхдийн ангийг Хүүхдийн хэсгийн анги биш “ариун сүмийн бэлтгэл” анги гэдэг. Тэр 1-р сард ангийн хүүхдүүдийг болон багш нарыг өрөөндөө оруулаад, ариун сүмд орохын тулд жилийн турш хэрхэн бэлдэх талаар ярилцдаг байна. Бишоп Хүүхдийн хэсгийн хичээлүүдэд багтсан ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн зохих асуултуудын талаар цаг гарган ярьдаг аж. Тэр хүүхдүүдийг нэг жилийн дараа бишопын өрөөнд ирэхдээ итгэлтэй, гэрээндээ итгэлтэй, ариун сүмийн эрхийн бичгээ хүлээн авч, Их Эзэний өргөөнд ороход бэлэн болсон байгаарай гэж урьдаг. Энэ жил ариун сүм рүү явах гэж байгаадаа догдолж, бэлдсэн, итгэлтэй дөрвөн залуу эмэгтэй бишоп дээр ирээд шинэ он гармагц буюу шөнийн 12:01 цагт зөвшөөрлийн бичгийг нь хэвлэж өгөхийг хүсжээ.

Бэлтгэл нь зөвхөн ариун сүмд анх удаа орох гэж байгаа хүмүүст хамаатай асуудал биш юм. Бид бүгд Их Эзэний өргөөнд орохын тулд байнга бэлтгэж байх ёстой. Миний мэдэх нэг гадас “Гэрт төвлөрсөн, Сүмээс дэмжсэн, ариун сүмтэй холбогдсон” гэсэн уриаг нутагшуулсан байна. Холбогдсон буюу “bound” гэх англи үг нь10 зүг чиг гэсэн утгатайгаас гадна бас бэхлэгдсэн, баталгаажсан, зоримог, шийдэмгий, баттай гэсэн утгатай сонирхолтой үг юм. Тиймээс ариун сүмтэй холбогдох нь биднийг Есүс Христээр дамжуулан гэрээндээ итгэлтэй байлгахад анхаараад зогсохгүй Аврагчтай бат бөх холбож, зохих удирдамж заавар, тогтвортой байдлаар хангадаг. Тиймээс бид бүхэн ариун сүмийн хол, ойроос үл хамааран Их Эзэний ариун өргөөнд Түүнтэй байх дараагийн цагаа товлох замаар энэ холбоогоо зориуд сайжруулах хэрэгтэй.11

Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд эдгээр чухал зарчмыг сануулж ийн хэлсэн. “Биднийг итгэл, сүнслэг хүч чадлаа бэхжүүлэхэд ариун сүм голлох байр суурьтай байдгийн учир нь ариун сүмийн амин зүрх бол Аврагч ба Түүний сургаал юм. Сүнсээр болон заавраар дамжуулан ариун сүмд заагддаг бүх зүйл Есүс Христийн талаарх бидний ойлголтыг тэлдэг. Түүний амин чухал ёслолууд ариун нандин санваарын гэрээнүүдээр дамжуулан биднийг Түүнтэй холбодог. Улмаар биднийг гэрээгээ сахих үед Тэрээр Өөрийн эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүчийг бидэнд хүртээдэг. Ай, ирэх өдрүүдэд Түүний хүч бидэнд ямар их хэрэгтэй гээч”12 хэмээн батлан хэлсэн.

Аврагч биднийг Тэнгэрлэг Эцэгтэйгээ Түүний нэрээр гэрээнд орохдоо яг хэрхэн үйлдэх ёстойгоо маш тодорхой ойлгосон байхын тулд бэлтгэлтэй байгаасай хэмээн хүсдэг. Тэр биднийг давуу эрх, амлалт, үүргээ эдэлж, мөн энэ амьдралд хэрэгтэй сүнслэг ойлголт хүлээн авч, сэхээрэхэд бэлтгэлтэй байхыг хүсдэг. Амьдралаа Их Эзэнд болон Түүний өргөөнд хүлээн авдаг ёслол, байгуулдаг гэрээнүүдэд төвлөрүүлэх өчүүхэн хүсэл, бага ч атугай зөв шударга хичээл зүтгэл гаргаж байгааг маань Их Эзэн хараад, Өөрийн төгс арга замаар, бидэнд хэрэгтэй гайхамшиг, нигүүлслээр биднийг адислана гэдгийг би мэднэ.

Их Эзэний өргөө бол бид өөрсдийгөө илүү дээд түвшинд, илүү ариун арга замаар өөрчилж болох газар юм. Тиймээс бид ариун сүмээс гэрээний амлалтуудад найдах найдвараараа өөрчлөгдөн, дээрээс ирдэг хүчээр зэвсэглэн гарч явахдаа ариун сүмийг гэр орон, амьдралдаа авчирдаг. Их Эзэний өргөөний Сүнсийг өөрсдөдөө байлгах нь биднийг бүрэн өөрчилдгийг би батлан хэлж байна.

Хэрэв бид Их Эзэний Сүнсийг амьдралдаа элбэг дэлбэг байлгахыг хүсвэл хэн нэгний талаар таагүй бодолтой байж болохгүй, тэгэх ч учиргүй гэдгийг бид ариун сүмээс сурдаг. Зүрх сэтгэл, оюун ухаандаа таагүй мэдрэмж, бодол санаа тээх нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр ч бай, гэр орондоо ч бай эелдэг бус үг, үйлдэл гаргахад хөтөлж, Их Эзэний Сүнсийг зүрх сэтгэлээс маань холдоход хүргэдэг. Тиймээс итгэлээ авч хаялгүй, итгэлтэй байдлаа улам бүр хүчирхэг болго.

Ариун сүмүүд тасралтгүй, хурдацтай баригдаж байгаа нь биднийг баясгаж, сүнсээр өдөөж мөн адисална. Гэхдээ илүү чухал зүйл нь гэвэл бид ариун сүмд орох бэлтгэлээ өөрчилбөл ариун сүм дэх туршлагаа өөрчлөх бөгөөд энэ нь ариун сүмээс гадуурх амьдралыг маань ч гэсэн өөрчлөх болно. Энэ өөрчлөлт нь Есүс Христээр дамжуулан Бурхантай байгуулсан ариун гэрээнүүддээ итгэх итгэлээр биднийг дүүргэх болтугай. Бурхан амьд, Есүс бол бидний Аврагч, энэ бол Түүний дэлхий дээрх сэргээгдсэн Сүм юм. Би эдгээр үнэнийг бидний Аврагч Есүс Христийн ариун нэрээр хүндэтгэлтэйгээр тунхаглан хэлж байна, амен.