Ерөнхий чуулган
Үйлчлэхээр урьдчилан томилогдсон
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Үйлчлэхээр урьдчилан томилогдсон

Бидний Тэнгэрлэг Эцэг та нарын хувийн урьдчилсан томилолтыг та нарт илчлэхийг хүсдэг ба та нарыг Түүний хүслийг мэдэж, дагахыг эрэлхийлэх үед Тэр үүнийг биелүүлэх болно.

Өнөө орой би хойч үеийнхээ жишгийг авч яваа, өсөж буй залуу эрэгтэй, эмэгтэйчүүд болох Сүмийн өсвөр үеийнхэндээ хандан ярина.

2013 оны 10-р сард бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Тэнгэрлэг Эцэг таныг мэддэг болоод их удаж байгаа. Та Түүний хүү, охин учраас Тэр таныг яг энэ цагт энэ дэлхий дээр ирж, Өөрийнх нь агуу ажлыг гүйцэтгэх удирдагчаараа сонгосон юм”1 хэмээн тунхагласан.

2 жилийн өмнө ерөнхийлөгч Нэлсон:

“Өнөөдөр Их Эзэн зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлдэж, үйлчлээсэй хэмээн хүссэн гэдгийг би шийдвэр төгс батлан хэлье. Хожмын үеийн гэгээнтэн залуу эрэгтэйчүүдийн хувьд номлогчийн үйлчлэл бол санваарын үүрэг хариуцлага юм. Залуу эрэгтэйчүүд та нарыг Израилын амласан цугларалт тохиож байгаа энэ цаг үед ирүүлэхээр нөөцлөн үлдээсэн. …

Номлолд үйлчлэх боломжтой залуу эгч та нарын хувьд номлол мөн адил хүчирхэг боловч үйлчлэх эсэхээ сонгож болох боломж юм. Их Эзэн таныг номлолд үйлчлээсэй хэмээн хүсэж буй эсэхийг мэдэхийн тулд залбираарай. Тэгвэл Ариун Сүнс таны зүрх сэтгэл, оюунд хариулах болно”2 гэж хэлсэн.

Израилыг цуглуулах энэ цаг үеийн төлөө өнөөдрийн өсвөр үеийнхнийг Их Эзэн хадгалсан тухай мөн Тэр та нараар юу хийлгэхийг хүсэж буйг мэдэхийн төлөө залбираарай гэж урьсан тухай бошиглогчийн хэлсэн зүйл бол энэ дэлхий дээр мэндлэхээсээ өмнө та нарын Бурханаас хүлээн авсан адислал, та нарын амьдарсан амьдралтай хамаатай зүйл юм.3 Энэ дэлхий дээр төрсөн бид бүгдээрээ эхлээд Тэнгэрлэг Эцэгтэйгээ Түүний сүнсэн хүүхдүүдийн хувиар амьдарч байсан.4 Их Эзэн Мосед “Их Эзэн бибээр … бүх зүйлийг дэлхийн гадаргуу дээр жам ёсоороо байхаас нь өмнө сүнслэг хэлбэрээр бүтээсэн билээ”5 хэмээн тунхагласан.

Тэрээр та нарыг сүнсэн байдлаар бүтээх үедээ Өөрийн охид, хөвгүүдийн хувиар хайрладаг байсан ба та нарын хүн нэг бүрийн дотор мөнхийн хувь тавилан, бурханлаг шинж чанарыг суулгасан билээ.6

Та нар мөнх бус байдлын өмнөх амьдралынхаа туршид “[өөрийнхөө] хэн бэ гэдгийг хөгжүүлж, сүнслэг чадавх[аа] нэмэгдүүлсэн.”7 Та нар өөрсдийнхөө төлөө сонгох чадвараар буюу сонгох эрх чөлөөгөөр адислагдсан бөгөөд “мөнх амьдралыг өвлөн авах тэнгэрлэг хувь заяагаа бүрэн дүүрэн ухааран ойлгож, … хөгжин дэвшихийн тулд бие махбодтой бол[ох]”8 Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөг дагах зэрэг чухал шийдвэрээ гаргасан юм шүү. Энэхүү шийдвэр мөнх бус байдлын өмнөх амьдралд тань нөлөөлсөн ба одоо ч амьдралд тань үргэлжлүүлэн нөлөөлсөөр байна.9 Мөнх бус байдлын өмнөх амьдралдаа Бурханы хүүхэд болон амьдарч байхдаа та нар “оюун ухаанд өсөж хөгжин, үнэнд хайртай байхад суралцсан.”10

Та нарыг төрөхөөс өмнө Бурхан та нарын хүн нэг бүрийг энэ дэлхий дэх мөнх бус амьдралынхаа онцгой үүргийг гүйцэтгүүлэхээр урьдчилан томилсон юм.11 Хэрэв та нар зохистой хэвээр үлдвэл өмнөх амьдралын адислалууд та нарыг энэ дэлхий дээр өнөөдөр өрнөж буй хамгийн чухал ажил болох Израилыг цуглуулах ажилд оролцох, Сүмд үйлчлэх зэрэг энэ амьдралын янз бүрийн боломжоор адислах болно.12 Энэхүү мөнх бус байдлын өмнөх амьдралын амлалт, адислалуудыг урьдчилсан томилолт гэдэг. Урьдчилсан томилолтын сургаал Сүмийн бүх гишүүнд хамаатай.13 Урьдчилсан томилолт нь та нарыг тодорхой дуудлага эсвэл үүргүүдийг хүлээн авна гэсэн баталгааг өгдөггүй. Мөнх бус байдлын өмнөх амьдралын тань урьдчилсан томилолт зөв шударгын үр дүнд ирсэнтэй адил энэ амьдралд ирдэг эдгээр адислал, боломж нь сонгох эрхийг зөв ашигласны үр дүн байдаг.14 Та нар гэрээний замын туршид зохистой гэдгээ баталж, өсөж хөгжих үедээ Залуу эмэгтэйчүүдийн ангид эсвэл санваарын чуулгад үйлчлэх боломжийг хүлээн авах болно. Та нар ариун сүмд үйлчлэх, тохинуулагч ах, эгч болох, Есүс Христийн шавийн хувиар номлолд үйлчлэхээр адислагдах болно.

Урьдчилсан томилолтоо мэдэж авах, ойлгохыг эрэлхийлэх нь яагаад хамаатай вэ? Маш олон хүн өөрсдийн жинхэнэ мөн чанарыг мэдэхийг эрэлхийлж буй, асуултаар дүүрэн өнөө үед Бурхан биднийг энэ дэлхийд “мөнх бус байдлын өмнөх болон мөнх бус амьдралын шинж чанар, мөнхийн мөн чанар болон зорилго”-той төрөхөөс өмнө бидний хүн нэг бүрийг мэддэг төдийгүй хувьчлан адисалсан нь бидний оюун, зүрх сэтгэлийг амар амгалан болгож, бат итгэлтэй болгодог.15 Өөрсдийнхөө хэн гэдгийг мэдэх нь та нарыг энэ дэлхийд төрөхөөс өмнө Бурханы та нарын дээр урьдчилан томилж, асгасан адислалуудыг ойлгохоос эхэлдэг. Бидний Тэнгэрлэг Эцэг та нарын хувийн урьдчилсан томилолтыг та нарт илчлэхийг хүсдэг ба та нарыг Түүний хүслийг мэдэж, дагахыг эрэлхийлэх үед Тэр үүнийг биелүүлэх болно.16

Би ерөнхийлөгч Нэлсоны Инстаграм дээрх нийтлэлүүдийг унших дуртай. Нэг дуртай нийтлэл маань 2022 оны 7-р сарын 20-нд бичигдсэн байсан. Тэрээр:

“Энэ орой Их Эзэн та нарт хандан шууд ярьж байсан бол Түүний хийх эхний зүйл нь та нарын жинхэнэ мөн чанарыг ойлгуулах явдал байх байсан. Хайрт найзууд минь, та нар бол үнэхээр Бурханы хүүхэд юм шүү. …

… Үүнийг мартаж болохгүй. Та нарт тэнгэрлэг чадавх бий. Та нарын шаргуу эрэл хайгуулын үр дүнд Бурхан та нарт хэн болж чадахыг чинь зэрвэс харуулах болно”17 хэмээн бичжээ.

Дэлхий дээрх аав минь надад өөрийн мөн чанар болон миний амьдрал дахь Бурханы төлөвлөгөөг мэдэхэд тус болох зүйлийг хэрхэн заасныг хуваалцъя.

Би 13 настай байхдаа нэгэн бямба гаргийн өглөө долоо хоног бүр хийдэг ажлын маань нэг болох зүлгээ тэгшилж байв. Ажил дуусах үед байшингийнхаа арын хаалга хаагдахыг сонсоод би аавынхаа намайг дуудаж байхыг харав. Намайг арын саравч руу очиход аав минь шатан дээр хамт сууя гэлээ. Маш сайхан өглөө байлаа. Би аавтайгаа мөр зэрэгцэн, тун дотно сууж байснаа одоо ч санаж байна. Аав надад хайртай гэдгээ хэлээд, ярьж эхлэхдээ амьдралын минь зорилгыг асуулаа. “Аан, амархан шүү дээ” гэж би бодов. Би илүү өндөр болох, бас зугаалгаар илүү олон удаа явах гэсэн хоёр зүйлийг маш сайн мэдэж байв. Би жирийн л нэг бодгаль байсан. Тэрээр инээмсэглэн хэсэг чимээгүй байснаа: “Стийв ээ, миний хувьд тун чухал нэг зүйлийн талаар би чамтай яримаар байна. Миний одоо хэлэх зүйлийг Бурхан оюунд чинь бас бодгальд чинь хэзээ ч мартагдахааргүй суулгаж өгөөсэй гэж би залбирсан” гэж хэллээ.

Тэр мөчид би бүх анхаарлаа аавдаа хандуулав. Тэр над руу эргэж хараад, нүд рүү минь ширтэн: “Хүү минь, амьдралынхаа ганцаараа байх цагийг хамгаалаарай” гэлээ. Энэ үгийг зүрх сэтгэлд маань гүн шингээхийн тулд тэр хэсэг дуугүй байснаа,

цааш нь: “Хэн ч эргэн тойронд чинь байхгүй, чиний юу хийж байгааг чамаас өөр хэн ч мэдэхгүй тийм цаг үе байдаг даа? Би юу ч хийсэн бай надад л нөлөөлөхөөс, өөр хэнд ч нөлөөлөхгүй гэж бодох тийм үе?

Амьдралын чинь бусад мөчөөс илүү ганцаараа байх үедээ юу хийдэг чинь амьдралынхаа асуудал бэрхшээлтэй болон зүрх сэтгэлийнхээ шаналалтай хэрхэн нүүр тулахад хамгийн их нөлөө үзүүлэх болно. Мөн амьдралынхаа ганцаараа байх мөчид юу хийдэг чинь амьдралынхаа амжилт, баяр баясгалантай хэрхэн нүүр тулахад чинь илүү агуу нөлөө үзүүлэх болно” гэж хэлсэн юм.

Миний аав зүрх сэтгэлийнхээ хүслийг хүлээн авсан. Түүний дуу хоолойн өнгө, хэмнэл, түүний үгэнд илэрсэн хайр тэр өдөр миний оюун, зүрх сэтгэлд шингэсэн билээ.

Хүүхэд насанд минь гэрийн шатан дээр тэр өдөр тохиосон хамгийн агуу гайхамшиг бол илчлэлт хүлээн авахын төлөө залбирах гэж Бурхан руу ханддаг байсан амьдралын минь ганцаараа байх мөчүүд байж гэдгийг би олон жилийн туршид ухаарч ойлгосон. Аав минь надад Бурханы урьдчилсан томилсон адислалын тухай хэрхэн мэдэж авч болохыг зааж байжээ. Иймэрхүү ганцаараа байх мөчүүдэд би Мормоны Ном бол Бурханы үг гэдгийг ойлгож авсан. Бурхан намайг номлолд үйлчлүүлэхээр урьдчилан томилсон гэдгийг би мэдэж авсан. Бурхан намайг мэддэг, залбирлыг минь сонсож, хариулдаг гэдгийг би мэдсэн. Есүс бол Христ бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч гэдгийг би мэдэж авсан.

Аавтайгаа ярилцсан тэр мартагдашгүй өдрөөс хойш би олон алдаа гаргасан ч амьдралынхаа ганцаараа байх цагийг хамгаалах гэж зүтгэсэн маань амьдралын шуурган дунд зангуу хэвээр үлдсэн төдийгүй Аврагчийнхаа хайр, цагаатгагч золиослолын адислал, аюулгүй эрэг, эдгэрлийг эрэлхийлэх боломжтой болгосон юм.

Залуу ах, эгч нар аа, та нар сайхан амрах, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, өөдрөг хөгжим сонсох, судар унших, байнга учир утгатай залбирал хэлэх, патриархын адислалаа хүлээн авах, тунгаан бодохын тулд хичээж чармайх, амьдралынхаа ганцаараа байх цагийг хамгаалах үедээ илчлэлт хүлээн авах болно. Ерөнхийлөгч Нэлсон хэлсэн үгэндээ, “энэ амьдрал бол таны ямар амьдралаар үүрд амьдрахаа шийдэх цаг хугацаа юм гэдэг үнэнд”18 та нарын нүд нээгдэх болно хэмээсэн.

Тэнгэр дэх Эцэг маань та нарын залбиралд, ялангуяа амьдралынхаа ганцаараа байх мөчүүдэд хэлсэн залбиралд тань хариулах болно. Хэрэв та нар мэдэхийг чин сэтгэлээсээ гуйж, үнэхээр хүсэх аваас Тэрээр урьдчилан томилсон бэлэг, авьяасыг тань та нарт илчлэх ба та нар Түүний хайраар өлгийдүүлснээ мэдрэх болно. Та нарыг амьдралынхаа ганцаараа байх цаг хугацааг хамгаалах үед ёслол, гэрээнд оролцох та нарын оролцоо илүү утга учиртай байх болно. Та нар Бурхантай байгуулсан гэрээндээ өөрсдийгөө Бурхантай илүү бүрэн холбож, амласан амлалтад нь илүү их найдаж, итгэж, эргэлзэхгүй байж, дүүргэгдэх болно. Та нар өөрсдөдөө зориулагдсан Бурханы төлөвлөгөөг мэдэхийг хүсэж байна уу? Тэрээр та нарыг мэдээсэй гэж хүсдэг бөгөөд бидний хүн нэг бүрийг залбирч, энэхүү нүд нээгдэм туршлагыг хүлээн авах урилгыг өгүүлэхээр дэлхий дэх бошиглогчдоо сүнсээр нөлөөлдөг гэдгийг би гэрчилж байна. 19 Бурханы урьдчилан томилсон бүхий л адислалыг хүртэхүйц амьдран, тэдгээрт баясах боломж олгодог Аврагчийнхаа цагаатгагч золиослолын бодит байдал болон хүчийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.