Ерөнхий чуулган
“Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд”
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


“Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд”

Бид тэмцэлдэхээ больж, Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, бид бол Түүний хүүхдүүд, Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг мэдэж авч чадна.

Саяхан болсон Их Эзэний шинэхэн өргөөний нээлттэй хаалганы өдөрлөгөөр хэвлэл мэдээллийнхнийг айлчлах үеэр би хэсэг сэтгүүлчийг дагуулан явж, тэрхүү ариун нандин байгууламжийг танилцуулсан юм. Би тэдэнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүмийн зорилгыг тайлбарлаж өгөн, тэдний олон сонирхолтой асуултад хариулсан.

Селестиел өрөөнд орохын өмнө би Их Эзэний өргөөн дэх уг онцгой өрөө нь мөнх бус амьдралын дараа бидний эргэн очих боломжтой тэнгэрлэг гэрийн маань амар амгалан, үзэсгэлэнт байдлыг бэлгэдлээр дүрсэлдэг болохыг тайлбарлав. Бид селестиел өрөөнд ярихгүй, харин дараагийн танилцах хэсэгт очсоныхоо дараа би ямар ч асуултад хариулахад бэлэн гэдгээ зочдодоо хэлсэн.

Селестиел өрөөнөөс гарч, дараагийн хэсэгт цугларах үед би хуваалцахыг хүссэн ажигласан зүйл байгаа эсэхийг зочдоосоо асуулаа. Нэг сэтгүүлч маш их сэтгэл хөдлөлтэйгөөр: “Би амьдралдаа өмнө нь хэзээ ч ийм зүйл мэдэрч байгаагүй. Би хорвоо дээр ийм аниргүй нам гүм орчин байдгийг мэддэггүй байсан. Зүгээр л ийм нам гүм байдал боломжтой гэж боддоггүй байлаа” гэж хэлсэн.

Түүний энгийн, чин сэтгэлийн үгс надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэр сэтгүүлч аниргүй нам гүм байдлын нэг чухал хэсэг бол гадаад орчны шуугианд сатаарахгүй, тусгаарлах явдал юм байна гэдгийг онцолж билээ.

Хожим нь намайг уг сэтгүүлчийн хэлсэн зүйлийг, бас зав чөлөөгүй байдал, чимээ шуугиан, сатаарал, замаасаа хазайх, буцаж эргэх тохиолдлууд зэрэг голдуу бидний анхаарлыг шаарддаг мэт санагдах орчин үеийн амьдралын завгүй хэмнэлийг эргэцүүлэх зуур “Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд”1 хэмээх судар санаанд орж ирсэн юм.

Бодгалийн дотоод сүнслэг нам гүм байдал нь Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, бид бол Түүний хүүхдүүд, Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг ойлгож, санах боломжийг олгодог. Биднийг өөрсдийн амьдралын нам гүм байдлын илүү дээд түвшний, илүү ариун хэмжүүрийг Ы авч үзэх үед Ариун Сүнс бидний хүн нэг бүрийг гэгээрүүлээсэй гэж би залбирч байна. Энэхүү гайхалтай адислал “Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс”2 болохоор итгэлтэйгээр хичээж буй Сүмийн бүх гишүүнд боломжтой.

Тэмцэлдэхээ боль

1833 онд Миссури дэх гэгээнтнүүд хатуу мөрдлөг хавчлагын бай болж байв. Танхайрагчид тэднийг Жаксон гүнлэг дэх гэр орноос нь хөөсөн бөгөөд Сүмийн гишүүдийн зарим нь өөрсдийгөө ойролцоох бүс нутгуудад төвхнүүлэхээр хичээж байлаа. Гэвч мөрдлөг хавчлага үргэлжилсээр, тэдний амь насанд олон ч удаа заналхийлж байв. Тэдгээр хүнд хэцүү нөхцөл байдалд Огайогийн Көртландад Их Эзэн дараах зааварчилгааг бошиглогч Иосеф Смитэд илчилжээ.

“Тиймийн тул, Сионы талаар зүрх сэтгэл чинь тайван байг; учир нь бүх махан бодь миний мутарт байна; [тэмцэлдэхээ больж] мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн.”3

Их Эзэний “тэмцэлдэхээ боль” гэсэн зөвлөгөөг би зүгээр л ярихгүй байх эсвэл хөдлөхгүй байхаас хавь илүү зүйлийг шаардаж байгаа гэдэгт итгэдэг. Магадгүй Тэр биднээс “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн [өөрсдийн] байж болох хаана ч гэсэн”4 Түүнийг дурсан санаж, хүч чадалд нь найд гэсэн зорилгоор ийн хэлсэн байх. Тиймээс “тэмцэлдэхээ болих” нь бидэнд хэцүү зүйлсийг хийж, тэдгээрийг даван туулахад биднийг хүчирхэгжүүлэх бодгалийн сүнслэг нам гүм байдлын туйлын эх сурвалж болсон Аврагч дээр зогсолтгүй анхаарлаа төвлөрүүлэхийг сануулах арга зам байж болох юм.

Хадан дээр босго

Үнэн итгэл нь үргэлж Их Эзэн Есүс Христ дээр буюу Мөнхийн Эцэгийн Тэнгэрлэг бөгөөд Цорын Ганц Хүү болох Түүн дээр мөн Түүний гүйцэлдүүлсэн гэтэлгэх номлол дээр төвлөрдөг.

“Учир нь тэрбээр хуулийн шаардлагуудыг хангасан, мөн тэрбээр өөрт итгэлтэй тэд бүгдийг шаарддаг; мөн түүнд итгэлтэй тэд сайн зүйл болгоноос зууран барьдаг; иймийн тул тэрбээр хүмүүний үрсийн хэргийг өмгөөлдөг.”5

Есүс Христ бол бидний Гэтэлгэгч,6 Зууч,7 Мөнхийн Эцэгийн өмнө Өмгөөлөгч маань8 бөгөөд бид амьдралынхаа сүнслэг байдлын суурийг дээр нь босгох ёстой тэрхүү хад билээ.

Хиламан үүнийг: “Санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой9 хэмээн тайлбарласан байдаг.

Амьдралынхаа суурийг дээр нь босгох ёстой “хад” гэж Христийг бэлгэдсэн нь тун сургамжтай хэрэг юм. Энэ шүлэгт Аврагчийг суурь гэж хэлээгүйг анхаараарай. Харин бидэнд хувийн сүнслэг байдлын сууриа Түүн дээр барьж босгохыг зөвлөсөн.10

Суурь бол барилгыг газартай холбодог хэсэг. Бат бөх суурь нь байгалийн гамшиг болон сүйрлийг авчрах олон хүчнээс хамгаалдаг. Түүнчлэн сайн суурь нь суурийн хөрсөнд хэт ачаалал өгөхөөс сэргийлэхийн тулд байгууламжийн хүндийн жинг том талбайд жигд хуваарилж, барилгын гадаргуугийн тэгш байдлыг хангадаг.

Зураг
Бат бөх суурьтай байшин

Газар, барилгын суурь хоёрын бат бөх, найдвартай байдал бол цаг хугацааны явцад тухайн байгууламжийг бат бэх, тогтвортой байлгахад нэн чухал. Мөн зарим нэг байгууламжийн хувьд бэхэлгээ гадас, арматур төмөр ашиглан суурийг хөрс, хайрга зэрэг газрын гадаргын доор байх хатуу, нягт “суурь чулуутай” холбон бэхэлдэг.

Зураг
далайн эрэг дээр зангуугаар тогтсон онгоц.

Үүнтэй адилаар биднийг бат бөх, хөдөлгөөнгүй үлдэх ёстой гэвэл, бидний амьдралын суурь Христийн хаданд бэхлэгдэх ёстой. Аврагчийн сэргээгдсэн сайн мэдээний ариун нандин гэрээ, ёслолуудыг барилгын суурь чулуутай бэхэлж холбоход ашигладаг бэхэлгээ гадас, арматур төмөртэй харьцуулж болно. Биднийг ариун нандин гэрээнүүдийг итгэлтэйгээр хүлээн авах, эргэн харах, санах, шинэчлэх бүрд сүнслэг зангуу маань Есүс Христийн “хаданд” өмнөхөөсөө илүү бат бөх, хөдөлгөөнгүй бэхлэгддэг.

“Иймийн тул, Бурханд итгэдэг хэн боловч, илүү сайн дэлхийд, тийм ээ, Бурханы баруун гар талд байх нэгэн байрны төлөө лавтайяа найдаж болох, уг найдвар нь итгэлээр ирж, хүмүүсийн бодгальд зангуу болдог, тэр нь тэднийг тууштай мөн хөдөлшгүй сайн үйлээр үргэлж дүүрэн, бас Бурханыг алдаршуулахад удирдагдах болгодог.”11

“Цаг хугацааны явцад”12 “ариун журам [бидний бодол санааг] [аажмаар, илүү ихээр] зогсолтгүй чимэн гоё[ж],” “итгэлтэй байдал [маань] Бурханы оршихуйд [хүчтэй, бүр улам бүр хүчтэй болж], мөн “Ариун Сүнс [бидний] байнгын хамтрагч байх болно.”13 Бид илүү бат суурилагдан, үндэслэгдэн, байгуулагдаж, батжиж, баттай тогтох болно.14 Амьдралынхаа суурийг Аврагч дээр тавьж босгосон үедээ бид “тэмцэлдэхээ больж,” Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, бид бол Түүний хүүхдүүд, Есүс Христ бол бидний Аврагч гэсэн сүнслэг баталгааг хүлээн авахаар адислагддаг.

Ариун нандин цаг хугацаа, ариун газар ба гэр орон

Их Эзэн бидэнд өөрсдийн бодгалийн энэхүү дотоод нам гүм байдлын талаар суралцаж, мэдрэхэд туслахаар ариун нандин цаг хугацаа, ариун газрын аль алиныг өгсөн.

Жишээ нь: Хүндэтгэлийн өдөр бол Бурханы өдөр бөгөөд Хүүгийнх нь нэрээр Эцэгийг дурсан санах, шүтэн бишрэх, санваарын ёслолуудад оролцох, ариун нандин гэрээнүүдийг хүлээн авах, шинэчлэхэд зориулан тусгайлан гаргаж өгсөн ариун нандин цаг хугацаа юм. Долоо хоног бүр бид гэртээ суралцахдаа мөн ариун ёслол болон бусад цуглааны үеэр “ариун хүмүүсийн адил нутгийн иргэдийн”15 хувиар Их Эзэнийг шүтэн биширдэг. Түүний ариун өдрөөр бидний бодол, үйлс, зан байдал Бурханд үзүүлж буй тэмдэг болдог бөгөөд Түүнийг гэсэн хайрын маань илрэл юм.16 Хэрэв хүсвэл бид ням гараг бүр, тэмцэлдэхээ больж, Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, бид бол Түүний хүүхдүүд, Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг мэдэж авч чадна.

Хүндэтгэлийн өдрийн бидний шүтлэг бишрэлийн гол онцлог бол “залбирлын өргөөнд очиж, [Их Эзэний] ариун өдөрт ариун ёслолуудаа өргөх”17 явдал байдаг. Хүндэтгэлийн өдөр бидний цуглардаг “залбирлын өргөө[нүүд]” нь бишрэл хүндэтгэл, шүтлэг бишрэл, суралцахуйн ариун газрууд болсон цуглааны байрууд мөн зөвшөөрөгдсөн барилгууд юм. Цуглааны байр, барилга бүрийг санваарын эрх мэдлээр Их Эзэний Сүнс орших, Бурханы хүүхдүүд “Гэтэлгэгчийнхээ мэдлэгт”18 ирж болох газар байхаар онцгойлон адисалдаг. Хэрэв бид хүсвэл өөрсдийн шүтлэг бишрэлийн ариун газарт “тэмцэлдэхээ больж,” Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, бид бол Түүний хүүхдүүд, Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг улам баттай мэдэж авч чадна.

Ариун сүм бол бас нэгэн ариун газар бөгөөд Бурханд үйлчилж, Түүнийг шүтэн бишрэх, мөнхийн үнэнүүдийн талаар суралцахад зориулан тусгайлан адисалсан газар юм. Бидний очдог бусад газраас ялгаатай нь бид Их Эзэний өргөөнд өөрөөр бодож, үйлдэж, хувцасладаг. Түүний ариун өргөөнд бид хүсвэл тэмцэлдэхээ больж, Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, бид бол Түүний хүүхдүүд, Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг мэдэж авч чадна.

Ариун нандин цаг хугацаа, ариун газруудын аль аль нь Тэнгэрлэг Эцэг болон Түүний төлөвлөгөө, Их Эзэн Есүс Христ болон Түүний Цагаатгал, Ариун Сүнсний гэгээрүүлэгч хүч, Аврагчийн сэргээгдсэн сайн мэдээний ариун нандин ёслол, гэрээнүүдэд хамаарах амлалтуудад бидний анхаарлыг ахин дахин төвлөрүүлэх яг ижил үндсэн зорилготой.

Өнөөдөр би өмнө нь онцолж байсан нэгэн зарчмыг давтан хэлье. Бидний гэр орон бол хувь хүн, гэр бүлүүд “тэмцэлдэхээ больж,” Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, бид бол Түүний хүүхдүүд, Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг мэдэж авах ариун нандин цаг хугацаа, ариун газрын төгс хослол байх ёстой. Хүндэтгэлийн өдөр шүтэн бишрэхээр гэр орноо орхин Их Эзэний өргөөнд очиж байх нь мэдээж нэн чухал. Харин тэрхүү ариун газрууд, үйл ажиллагаануудаас олж авсан сүнслэг ойлголт, хүч чадлыг бид өвөртлөн гэр орондоо харьсан тохиолдолд мөнх бус амьдралын үндсэн зорилгодоо харцаа чиглүүлж, унасан дэлхийд ихээр тохиолдох уруу таталтуудыг даван гарч чадна.

Хүндэтгэлийн өдөр, ариун сүм, гэр орондоо тогтмол хийх бидний үйл ажиллагаанууд биднийг Ариун Сүнсний хүчээр мөн Эцэг болон Хүүтэй илүү хүчирхэг, тасралтгүй үргэлжлэх гэрээний харилцаатай; Бурханы мөнхийн чанартай амлалтуудад “найдварын төгс гэрэлтэй”19 байхад хүчирхэгжүүлэх ёстой.

Бид бүх талаар дарамтлагдавч гэр орон, Сүм хоёрыг Христ дотор нэгтгэсэн үед20 бидний оюун бодол, зүрх сэтгэл шаналахгүй. Бид өөрсдийн нөхцөл байдал, саад бэрхшээлийн улмаас тэвдэвч цөхрөхгүй. Бид хавчигдавч өөрсдийгөө огтхон ч ганцаардахгүй гэдгийг мөн мэдэж авах болно.21 Бид бат бөх, хөдөлгөөнгүй, үнэнч болж, тэр хэвээрээ үлдэх сүнслэг хүч чадлыг хүлээн авах боломжтой.

Амлалт ба гэрчлэл

Бид амьдралынхаа суурийг Христийн “хадан” дээр баривал Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, бид бол Түүний хүүхдүүд, Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг мэдэх боломжийг олгох бодгалийн сүнслэг нам гүм байдлыг хувьдаа хүлээн авахаар Ариун Сүнсээр адислагдах боломжтой гэдгийг би амлаж байна. Мөн бид хүнд хэцүү зүйлсийг хийж, даван туулахаар адислагдах боломжтой.

Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, бид бол Түүний хүүхдүүд, Есүс Христ бол бидний Гэтэлгэгч бөгөөд авралын маань “хад” гэдгийг би баяр хөөртэйгөөр гэрчилж байна. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.