Ерөнхий чуулган
Гайхамшгууд, тэнгэр элч нар ба санваарын хүч
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Гайхамшгууд, тэнгэр элч нар ба санваарын хүч

Хэрэв та санваарын адислалуудыг, үүний дотор гайхамшгууд болон тэнгэр элч нарын тохинууллыг авахыг хүсэж байвал Бурханы боломжтой болгосон гэрээний замаар алхаарай.

Өнөөдөр олон хүн гайхамшиг гэж байхаа больсон, тэнгэр элч нар зохиолд л гардаг, тэнгэр хаалттай гэж ярьдаг. Гайхамшгууд зогсоогүй, тэнгэр элч нар бидний дунд байгаа, тэнгэр үнэхээр нээлттэй гэдгийг би гэрчилж байна.

Бидний Аврагч Есүс Христ дэлхий дээр байхдаа Өөрийн ахлах төлөөлөгч Петрт санваарын түлхүүрүүдийг өгчээ.1 Петр болон бусад төлөөлөгч эдгээр түлхүүрээр Аврагчийн Сүмийг удирдаж байв. Гэвч уг төлөөлөгчдийг нас барсны дараа санваарын түлхүүрүүд дэлхийгээс авагдсан юм.

Тэрхүү эртний санваарын түлхүүрүүд сэргээгдсэн гэдгийг би гэрчилж байна. Петр, Иаков, Иохан нар болон эртний бусад бошиглогч амилсан биеэрээ бошиглогч Иосеф Смитэд үзэгдэн, Их Эзэний “миний хаант улсын түлхүүр ба сайн мэдээний эрин үе”2 хэмээн тодорхойлсон эрх мэдлийг өгсөн.

Өнөөдрийг хүртэл эдгээр түлхүүр бошиглогчоос бошиглогчид дамжин иржээ. Бидний бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмждэг 15 хүн Аврагчийн Сүмийг удирдахад эдгээрийг ашигладаг. Эрт дээр үеийн адил, санваарын бүх түлхүүрийг эзэмшиж ашиглах эрх бүхий нэг ахлах төлөөлөгч байдаг. Тэр бол өнөө үед сэргээгдсэн Христийн Сүм болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч, бошиглогч Рассэлл М.Нэлсон юм.

Бидний амьдралд туслах Бурханы хүчийг агуулсан санваарын адислалуудыг бид Аврагчийн Сүмээр дамжуулан хүлээн авдаг. Эрх мэдэл бүхий санваарын түлхүүрүүд доор бид Бурханд ариун амлалтыг өгч, Түүний оршихуйд амьдрахад бэлтгэх ариун ёслолуудыг хүлээн авдаг. Эхлээд баптисм болон гишүүний баталгааг хүртэн, тэгээд ариун сүмд, биднийг Түүн рүү буцаан хөтлөх гэрээний зам дээр бид урагшилдаг.

Толгой дээрх гар тавилтаар бид удирдамж, тайтгарал, зөвлөгөө, эдгэрэлт, Есүс Христийг дагах хүч зэрэг санваарын адислалуудыг хүлээн авдаг. Амьдралынхаа турш би энэ агуу хүчээр адислагдсаар ирсэн. Сударт илчлэгдсэний дагуу, бид үүнийг ариун Мелкизедек санваарын хүч гэж нэрлэдэг.3

Ялангуяа санваарын адислалаар илэрхийлэгддэг энэ хүчийг би залуу наснаасаа ихэд хүндэтгэдэг болсон. Чилид залуу номлогчоор үйлчилж байхад хамтрагч бид хоёрыг баривчилж, тусгаарласан юм. Яагаад гэдгийг бидэнд хэзээ ч хэлээгүй. Энэ үе нь улс төрийн үймээнтэй үе байсан. Цэргийн цагдаа нар мянга мянган хүнийг баривчилсан ба уг хүмүүс бүгд сураг тасарчээ.

Байцаагдсаны дараа би хайртай хүмүүстэйгээ дахин уулзах эсэхээ мэдэхгүй, шоронгийн өрөөнд ганцаархнаа сууж байхдаа, Тэнгэрлэг Эцэгтээ хандан “Эцэг минь, Таныг номлогчдоо харж ханддаг гэж би үргэлж заалгасаар ирсэн. Эцэг минь, гуйя. Би тийм ч чухал онцгой нэгэн биш ч дуулгавартай байсаар ирсэн. Өнөө орой надад таны тусламж хэрэгтэй байна” гэж чин сэтгэлээсээ залбиран гуйсан юм.

Бурхан тусламжийн үрээ олон жилийн өмнө суулгасан байлаа. Баптисм хүртсэнийхээ дараа би Сүмийн гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан байсан. Торны цаана ганцаараа залбирч байхад Ариун Сүнс тэр даруй над дээр ирж, намайг тайвшруулсан. Тэрээр санваарын бас нэгэн адислал болох миний патриархын адислалаас маш онцгой хэсгийг миний оюун санаанд буулгаж билээ. Энэ адислалд намайг итгэлтэй байснаар ариун сүмд гоо үзэсгэлэнтэй, ариун журамтай, хайраар дүүрэн эмэгтэйтэй үүрд мөнхөд лацдан холбогдоно, мөн бид эрхэм хөвгүүд, охидын эцэг эх болно, Израилын эцэг хүний хувьд адислагдаж, өргөмжлөгдөх болно хэмээн Бурхан надад амласан байсан.

Миний ирээдүйн тухай, сүнсээр нөлөөлөгдсөн тэрхүү үгс сэтгэлийг минь амар амгалангаар дүүргэсэн. Амлалтаа үргэлж биелүүлдэг хайрт Тэнгэрлэг Эцэгээс минь энэ үг ирсэн гэдгийг би мэдэж байв.4 Яг тэр мөчид би суллагдаж, эдгээр амлалт биелэхийг харах болно гэсэн баталгааг хүлээн авсан юм.

Жил орчмын дараа Тэнгэрлэг Эцэг намайг гоо үзэсгэлэн, ариун журам, хайраар дүүрэн эхнэрээр адисалж, Линэтт бид хоёр ариун сүмд лацдан холбогдсон. Бид гурван эрхэм хүү, дөрвөн эрхэм охинтой болсон. 17 настай хүү байхдаа авсан патриархын адислал дахь Бурханы амлалтын дагуу би аав болсон юм.

“Иймийн тул, хайрт ах [эгч] нар минь, Христ тэнгэрт өргөгдсөний улмаас гайхамшгууд үгүй болсон уу? …

… Үгүй, бас тэнгэр элчүүд ч хүмүүний үрсэд тохинуулахаа больсон нь үгүй.”5

Санваарын хүчний шууд үр дагавраар гайхамшгууд болон тохинууллууд бидний амьдралд байнга тохиолдож байдгийг би гэрчилж байна. Санваарын зарим адислал бидний харж, ойлгож чадах арга замаар тэр даруй биелдэг. Бусад нь аажмаар биелж байгаа ба энэ амьдралд бүрэн биелэхгүй байж болно. Гэвч Бурхан бүх амлалтаа үргэлж биелүүлдэг. Үүнийг манай гэр бүлийн дараах түүхээс харж болно.

Аавын маань талын өвөө Грант Рийс Бөүэн агуу итгэлтэй хүн байсан. Түүнийг патриархын адислалаа хэрхэн хүлээн авсан тухайгаа ярьж байсныг би тодхон санаж байна. Тэрээр тэмдэглэлдээ: “Патриарх надад эдгээх бэлгийг амласан. Өвчтэй хүмүүс эдгэрнэ. Тийм ээ, үхэгсэд чиний гар доор амилах болно” хэмээн бичсэн байсан.

Олон жилийн дараа, өвөө өвс овоолж байхдаа гэр лүүгээ буцах хэрэгтэй гэж мэдэрчээ. Түүнийг харих замд аав нь өөдөөс нь ирж байв. “Грант, ээж чинь дөнгөж сая нас барчихлаа” гэж аав нь хэлсэн байна.

Би өвөөгийн тэмдэглэлээс дахин эш татъя. “Би гэр лүүгээ зогсолгүй яаран явсаар түүнийг үүдний хэсэгт орон дээр хэвтэж байхыг харлаа. Түүн рүү харахад ямар ч амьд гэсэн шинж мэдэгдэхгүй байв. Би патриархын адислалаа, хэрэв итгэлтэй байвал итгэлээр минь дамжуулан өвчтэй хүмүүс эдгэрнэ мөн үхэгсэд амилах болно гэсэн амлалтыг санав. Би толгой дээр нь гараа тавиад, хэрэв Түүний надад патриархаар дамжуулан өгсөн амлалт үнэн бол энэ цаг мөчид үүнийг үзүүлж ээжийг минь амилуулаач гэж Их Эзэнд хэллээ. Хэрэв Тэр ийн үйлдэх аваас Түүний хаант улсыг байгуулахын тулд чадах бүхнээ хийхээс хэзээ ч эргэлзэхгүй гэж би Түүнд амласан. Намайг залбирч байхад ээж минь нүдээ нээгээд: ‘Грант аа, намайг босгоод өгөөч. Би Сүнсний дэлхийд байхад чи намайг буцааж дуудлаа. Энэ нь чамд болон гэр бүлийн бусад гишүүнд маань үргэлж гэрчлэл байх болтугай’ гэж хэлсэн.”

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд гайхамшгийг эрэлхийлж мөн хүлээдэг байхыг заасан.6 Санваар сэргээгдсэн учраас Бурханы хүч, эрх мэдэл дэлхий дээр байгаа гэдгийг би гэрчилж байна. Дуудлагууд болон зөвлөлүүдээр дамжуулан эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу хүмүүс санваарын ажилд оролцож болно. Энэ бол тэнгэр элч нарын оролцдог гайхамшгийн ажил юм. Энэ бол тэнгэрийн ажил ба Бурханы бүх хүүхдийг адисалдаг.

1989 онд манай гэр бүл долуулаа байсан ба тойргийн зугаалгын үйл ажиллагаанаас харьж байв. Орой болсон байлаа. Линэтт маань зургаа дахь хүүхдээ тээж байсан юм. Тэр бүсээ зүүх хэрэгтэй гэсэн хүчтэй өдөөлтийг мэдэрсэн ч зүүхээ мартсан байсан. Удалгүй биднийг мурий замаар эргэх үед нэг машин шугам давж манай эгнээ рүү орж ирэв. Цагт 112 км-ийн хурдтай явж байсан би өөдөөс ирж буй машиныг мөргөхгүйн тулд жолоогоо хажуу тийш дарахад манай машин өнхөрч, хурдны замаар гулссаар замаас гарч, эцэст нь зорчигч талаараа шороон дээр таарч зогсов.

Би Линэттийн “Шэйн, бид чиний талын хаалгаар гарах хэрэгтэй” гэсэн үгсийг сонссоноо санадаг. Би суудлын бүсэндээ татагдан агаарт өлгөгдсөн байсан. Ухаан бодлоо цэгцлэхэд хэдэн секунд зарцуулав. Бид хүүхэд тус бүрээ дээш харсан цонх буюу миний талын цонхоор гаргаж эхлэв. Тэд юу болсныг гайхан уйлалдаж байлаа.

Удалгүй бид 10 настай Эмили охиноо байхгүй байгааг олж мэдэв. Нэрээр нь дуудсан ч таг чиг. Гэр лүүгээ явж байсан тойргийн гишүүд ослын газар ирээд, түүнийг сандран хайлцав. Гадаа маш харанхуй байсан. Би гар чийдэнгээ асаан машин руугаа тусган дахин харахдаа машины доор гацсан Эмилигийн бяцхан биеийг олж харлаа. Би “Эмилигийн дээрээс машиныг өргөж холдуулах хэрэгтэй байна” гэж хашхирсан. Би машиныхаа дээврээс нь барьж байгаад арагш татав. Хэдхэн хүн өргөж байсан ч машин гайхамшигтайгаар дугуйн дээрээ эргэж тогтон, Эмилигийн амьгүй биеийг ил гаргаж ирлээ.

Эмили амьсгалахгүй, царай нь хүрэнтсэн байлаа. “Бид түүнд адислал өгөх хэрэгтэй” гэж би хэлсэн. Тойргийн гишүүн сайн найз минь надтай хамт өвдөг сөгдөн, Мелкизедек санваарын эрх мэдлээр, Есүс Христийн нэрээр түүнд амьдрахыг зарлиглалаа. Тэрхэн мөчид Эмили урт сөөнгө амьсгаа авсан юм.

Хэдэн цаг өнгөрсөн мэт удаан санагдсаны эцэст түргэний машин ирж, Эмилиг эмнэлэгт яаралтай хүргэв. Түүний уушги, өвдөгний шөрмөс нь гэмтсэн байсан. Хүчилтөрөгчгүй удаан байсан тул тархи нь гэмтсэн байх вий гэж санаа зовж байлаа. Эмили бүтэн өдөр хагасын турш ухаангүй байсан. Бид түүний төлөө залбирч, мацаг барьсаар байлаа. Тэр бүрэн эдгэрч адислагдсан юм. Өнөөдөр Эмили, түүний нөхөр Кэвин нар зургаан охины эцэг эх болжээ.

Гайхамшигтай нь, бусад маань бүгдээрээ ослын газраас хөл дээрээ алхан холдож чадахаар байв. Линэттийн тээж явсан хүүхэд бол Тайсон. Тэр ч бас ямар ч гэмтэл бэртэл аваагүй ба ирэх хоёрдугаар сард нь төрсөн юм. Дэлхий дэх биеэ хүлээн авснаас хойш найман сарын дараа Тайсон Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очсон. Тэр бол бидний хамгаалагч тэнгэр элч хүү маань юм. Бид гэр бүлдээ түүний нөлөөг мэдэрч, түүнтэй дахин хамт байхыг тэсэн ядан хүлээж байна.7

Машиныг Эмилигийн дээрээс өргөж холдуулсан хүмүүс машин жингүй мэт хөнгөхөн байсныг анзаарсан байх. Тэнгэрлэг элч нар дэлхийн тэнгэр элч нартай нийлж Эмилигийн биеэс машиныг холдуулсныг би мэдсэн. Бас Эмили ариун санваарын хүчээр амилуулагдсаныг би мэднэ.

Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд “Би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно”8 хэмээх үнэнийг илчилсэн юм.

“Бурханы Хүүгийн жаягийн дагуух Ариун санваар”9 буюу Мелкизедек санваар нь хожмын энэ өдрүүдэд түлхүүр, эрх мэдэл, хүч чадлынхаа хамт дэлхийд сэргээгдсэн гэдгийг би гэрчилж байна. Бүх нөхцөл байдал бидний найдаж, залбирч байгаа шиг болдоггүй ч Бурханы гайхамшгууд үргэлж Түүний хүслээр, Түүний цаг хугацаанд, бидэнд зориулсан төлөвлөгөөний дагуу ирэх болно гэдгийг би мэднэ.

Хэрэв та санваарын адислалуудыг, үүний дотор гайхамшгууд болон тэнгэр элч нарын тохинууллыг авахыг хүсэж байвал Бурханы бидний хүн нэг бүрд боломжтой болгосон гэрээний замаар алхаарай гэж би таныг урьж байна. Таныг хайрладаг Сүмийн гишүүд, удирдагчид дараагийн алхмаа хийхэд тань туслах болно.

Бурханы Хүү Есүс Христ амьд, мөн санваарын түлхүүрүүдийг атгаж, ашигладаг амьд бошиглогчдоор дамжуулан Өөрийн Сүмийг удирдаж байгааг би гэрчилж байна. Ариун Сүнс бол бодит. Биднийг эдгээж, буцааж авчран, гэртээ эргэж ирүүлэхийн тулд Аврагч амиа өгсөн.

Гайхамшгууд зогсоогүй, тэнгэр элч нар бидний дунд байгаа, тэнгэр үнэхээр нээлттэй гэдгийг би гэрчилж байна. Тэнгэр нээлттэй гэдэг нь хэчнээн үнэн гээч! Есүс Христийн нэрээр, амен.