Ерөнхий чуулган
Үг чухал
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Үг чухал

Үг сэтгэлийн өнгө аясыг илэрхийлдэг. Тэдгээр нь бидний бодол, мэдрэмж, туршлагыг сайнаар эсвэл муугаар илтгэдэг.

Ах, эгч нар аа, дэлхий даяарх найзууд аа, энэхүү чуулганы шууд дамжуулалтыг үзэн суугаа Сүмийн гишүүн, найз нөхөд, анхлан сонсогч гээд олон сая үзэгч та бүхэнд хандан ярих нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Тавтай морилно уу!

Энэ индэр дээрээс хуваалцаж буй захиас бүрийг үгээр илэрхийлдэг. Бид англи хэлээр захиасаа хуваалцаж, үүнийг 100 орчим өөр хэл рүү хөрвүүлдэг. Гэхдээ захиас бүр үгэн дээр тулгуурладаг. Үг үнэндээ маш чухал. Би дахиад хэлье. Үг чухал шүү!

Тэдгээр нь бидний харилцааны суурь болж, итгэл үнэмшил, ёс суртахуун, үзэл бодлыг маань илэрхийлдэг. Заримдаа бид үгийг ярьж, зарим үед сонсдог. Үг сэтгэлийн өнгө аясыг илэрхийлдэг. Тэдгээр нь бидний бодол, мэдрэмж, туршлагыг сайнаар эсвэл муугаар илтгэдэг.

Харамсалтай нь бодлогогүй, хөнгөн хуумгай, сэтгэл зүсмээр үг гэж бий. Нэгэнт хэлсэн үгийг буцаах аргагүй. Үг шархлуулж, шийтгэж, сэтгэлээр унагаж бүр хор хөнөөлтэй үйлдэлд хөтлөх чадалтай. Тэдгээр нь бидэнд хүнд тусдаг.

Нөгөөтээгүүр үгээр ялалтыг тэмдэглэж, итгэл найдвартай, урам зоригтой болгож чадна. Тэдгээр нь биднийг эргэн бодож, шинээр эхэлж, замаа чиглүүлэхэд өдөөх хүчтэй. Үг бидний үнэнийг мэдэх оюуныг нээж чадна.

Тиймээс нэн ялангуяа Их Эзэний үг хамгийн чухал юм.

Мормоны Номд эртний Америк дахь бошиглогч Алма ба түүний хүмүүс, Бурханы үгийг үл тоомсорлож, зүрх сэтгэлээ хатууруулан, өөрсдийн соёлыг завхруулсан хүмүүстэй төгсгөлгүй дайтсан талаар гардаг. Итгэлтэй нэгэн нь эсэргүүцэх байсан ч, Алма ийн зөвлөсөн: “Мөн эдүгээ, шударга байсан түүнийг хийхэд хүмүүсийг удирдахад үгийг номлох нь их нөлөө болж байсан учир---тийм ээ, энэ нь хүмүүсийн оюун ухаанд илднээс, эсвээс тэдэнд тохиолдсон юунаас ч илүү хүчтэйгээр нөлөө үзүүлж байв---тиймийн тул тэд Бурханы үгийн нөлөөлөх хүчийг сорих нь зайлшгүй болов хэмээн Алма боджээ.”1

“Бурханы үг” бусад бүх илэрхийллээс давж гардаг. Энэ нь дэлхийн бүтээлтээс л ийм байсан ба Их Эзэн “Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий бол[сон].”2

Аврагчийн Шинэ Гэрээн дэх “Тэнгэр газар өнгөрөн одно, гэвч Миний үгс огт үгүй болохгүй”3 гэсэн үгс үүнийг баталдаг.

Мөн Тэрээр “Хэн нэг нь Намайг хайрлавал, үгийг минь тэр сахих бөгөөд Эцэг минь ч түүнийг хайрлана. Бид түүн рүү очиж түүнтэй амьдарна”4 гэсэн.

Есүсийн эх Мариа даруухнаар “Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай”5 гэж гэрчилсэн юм.

Бурханы үгэнд итгэж, сонсох нь биднийг Түүнд ойртуулдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Хэрэв та нар Түүний үгсийг судалбал Түүнтэй адилхан болох чадавх тань нэмэгдэнэ гэдгийг би амлаж байна”6 гэж хэлсэн.

Бид бүхэн дууллын үгс шиг “Ивээгдэж ариусъя. Аврагч шиг болъё”7 гэж хүсдэггүй гэж үү?

Би залуу Иосеф Смитийг өвдөг дээрээ сөхөрч суугаад Тэнгэр дэх Эцэгийнхээ [Иосеф,] Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!”8 хэмээн хэлэхийг сонсож байгаагаар төсөөлдөг.

Бид судрын үгсээс “Түүнийг сонсдог” боловч үүнийг зүгээр нэг бичээс чигээр нь үлдээдэг үү эсвэл Түүний бидэнд хандан ярьж байгааг ойлгож ухаардаг уу? Бид өөрчлөгддөг үү?

Бид хувийн илчлэлтээр, Ариун Сүнснээс ирэх өдөөлтүүдээр, залбирлын хариултуудаар, мөн зөвхөн Есүс Христ Цагаатгалынхаа хүчээр бидний ачаа дарамтыг өргөж, өршөөл, амар амгаланг өгч, “хайрын мутраар”9 тэвэрч чадах тэр мөчүүдэд “Түүнийг сонсдог”.

Хоёрдугаарт, бошиглогчдын үг чухал.

Бошиглогчид Есүс Христийн тэнгэрлэг байдлыг гэрчилдэг. Тэд бүх хүнд Түүний сайн мэдээг зааж, Түүний хайрыг харуулдаг.10 Бидний амьд бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Их Эзэний үгийг сонсож, ярьдаг гэдгийг би гэрчилж байна.

Ерөнхийлөгч Нэлсон үгээр заахдаа гаргууд нэгэн билээ. Тэрээр “гэрээний зам дээр үлд”11, “Израилыг цуглуул”12, “Бурханыг ялуул”13, “ойлголцлын гүүрийг барь”14, “талархлаа өргө”15, “Есүс Христэд итгэх итгэлийг нэмэгдүүл”16, “гэрчлэлээ хамгаал”17, “амар тайвныг тогтоогчид бол”18 гэж заасан.

Саяхан тэр биднээс “Селестиел ухаанаар бодогтун” хэмээн хүссэн. Тэрээр “Та нар мухардалд орвол селестиел ухаанаар бодогтун! Уруу таталтад орохдоо ч селестиел ухаанаар бодогтун! Амьдрал эсвээс таны хайртай хүмүүс урмыг тань хугалах үед селестиел ухаанаар бодогтун! Хэн нэгэн “зуурдаар” нас барах үед селестиел ухаанаар бод. …Амьдралын ачаа дарамтад нухлуулах үед селестиел ухаанаар бодогтун! … Та нарыг селестиел ухаанаар бодоход зүрх сэтгэл тань аажим аажмаар өөрчлөгдө[ж], … сорилт бэрхшээл, эсэргүүцлийг өөр өнцгөөс хар[ж], … итгэл тань өсөн нэмэгдэх болно”19 гэж хэлсэн.

Бид селестиел ухаанаар бодох үед “зүйлүүдийг байгаагаар нь, мөн … үнэхээр байхаар нь” хардаг.20 Эргэлзээ, зөрчилдөөнөөр дүүрсэн энэ дэлхийд бид бүгдэд ийм харах өнцөг хэрэгтэй.

Сүмийн ерөнхийлөгч болохоосоо олон жилийн өмнө ахлагч Жорж Албэрт Смит бошиглогчийг дэмжиж, түүний үгийг сонсох талаар ийн хэлсэн. “Гараа өргөснөөр өгсөн бидний амлалт бол … маш ариун амлалт юм Энэ нь бид түүнийг дэмжиж; түүний төлөө залбирч; … мөн түүний өгсөн зааварчилгааг Их Эзэний тушаасны дагуу гүйцэтгэхээр эрэлхийлнэ гэсэн үг юм”21 гэсэн. Өөрөөр хэлбэл бид бошиглогчдынхоо үгийг тууштайгаар хэрэгжүүлнэ гэсэн үг.

Өчигдөр дэлхий даяарх Сүмийн гишүүдээр дэмжин батлагдсан бошиглогч, үзмэрч, илчлэгчид болох 15 хүний нэгийн хувьд би бошиглогчийг дэмжих, түүний үгийг хүлээн авах талаар хувийн туршлагаа хуваалцъя. Миний хувьд энэ нь яг л бошиглогч Иаков “надад чухам тэр үгийг ярьсан Их Эзэний дуу хоолойг би сонссон”22 хэмээн бичиглэсэнтэй адил байсан.

Зураг
Ахлагч Расбанд, Расбанд эгч хоёр Тайландад.

Өнгөрсөн 10-р сард би, эхнэр Мэланигийн хамтаар Тайландын Бангкок хотод Сүмийн 185 дахь ариун сүмийг онцгойлон адислахаар бэлтгэж байлаа.23 Энэ томилолт намайг даруусгаж мөн гайхшируулсан. Энэ бол зүүн өмнөд Азийн хойгт баригдсан анхны ариун сүм юм.24 Их Эзэний өргөө болох энэхүү ариун сүм зургаан давхар бөгөөд хоорондоо холбогдсон25 есөн орой бүхий гайхалтай уран хийцтэй. Олон сар би онцгойлон адислалын талаар бодсон. Энэ улс мөн ариун сүм бошиглогчид, төлөөлөгчдийн тохинуулалд өлгийдөгдсөөр ирсэн гэсэн мэдрэмж зүрх сэтгэл, оюунд минь төрсөн. Ерөнхийлөгч Томас С.Монсон уг ариун сүмийг зарлаж26, ерөнхийлөгч Нэлсон27 онцгойлон адислагдахыг нь зарласан юм.

Зураг
Тайландын Бангкок ариун сүм.

Би онцгойлон адислах залбирлыг хэдэн сарын өмнөөс бэлдсэн. Тэрхүү ариун нандин залбирлыг 12 хэл дээр орчуулсан. Бид бэлэн байлаа. Эсвэл би бэлтгэлээ хангасан л гэж бодсон.

Онцгойлон адислах ёслолын өмнөх шөнө би адислалын залбирлын талаар тайван бус, түгшүүртэй мэдрэмжтэйгээр нойрноосоо сэрэв. Би залбирал бэлэн гэж бодсон учраас тэрхүү өдөөлтийг тоохгүй өнгөрөөхийг оролдсон. Гэвч Сүнс намайг орхисонгүй. Би тодорхой хэдэн үг дутуу байгааг мэдэрсэн ба энэ нь надад тэнгэрлэг төлөвлөгөөгөөр, мөн илчлэлээр ирж, залбирлын төгсгөл хэсэгт “Бид селестиел ухаанаар бодож, Таны Сүнсийг амьдралдаа ялуулж, амар тайвныг тогтоогчид байхыг үргэлж эрмэлзэх болтугай”28 гэж нэмсэн юм. Их Эзэн надад амьд бошиглогчийнхоо “Селестиел ухаанаар бодогтун”, “Сүнсийг ялуул”, “амар тайвныг тогтоогчид байхыг эрмэлз” гэсэн үгсэд анхаарахыг сануулсан юм. Бошиглогчийн үг Их Эзэнд бас бидэнд чухал.

Гуравдугаарт, өөр нэгэн чухал зүйл бол бидний үг юм. Эможигоор29 дүүрсэн энэ дэлхийд бидний үг чухал гэдэгт итгээрэй.

Бид дэмжсэн, уурласан, баярласан, гомдоосон, өрөвдсөн, үл тоосон үгсийг хэлэх нь бий. Сэтгэл үймсэн үедээ хэлсэн үг бодгалийг цоо хатгаж, зүрх сэтгэлд шарх үлдээх тохиолдол ч байдаг. Интернэт, зурвас, сошиал медиа, жиргээнд хэрэглэсэн үгс маань бидний бодсоноос өөр утгаар ойлгогдож болох юм. Тиймээс юуг, хэрхэн хэлэхдээ анхааралтай бай. Гэр бүлдээ ялангуяа эхнэр, нөхөр, үр хүүхэдтэйгээ харилцахдаа ашигладаг үгс маань биднийг нэгтгэж, эсвэл бидний хооронд хагарал үүсгэж болно.

Хүнд нөхцөл, ялгаатай байдлын өргөсийг суга татан гаргах, нэг нэгнээ өргөн дэмжиж, тайтгаруулахад ашиглаж болох гурван энгийн үг хэллэгийг би санал болгоё.

“Баярлалаа.”

“Намайг уучлаарай.”

“Хайртай шүү.”

Эдгээр энгийн үг хэллэгийг онцгой үйл явдалд эсвэл сүйрлийн ирмэгт л ашиглана гэж бүү хадгал. Эдгээр үг хүндэтгэлийг илэрхийлдэг учир байнга, чин сэтгэлээсээ ашигла. Хүмүүсийн үг яриа үнэ цэнгүйтсэн ч үүнд бүү авт.

Бид цахилгаан шат, машины зогсоол, дэлгүүр, ажил, дараалалд зогсож байхдаа, хөршүүд, найзууддаа “баярлалаа” гэж хэлж болно. Бид алдаа гаргах, хурлаас хоцрох, төрсөн өдрийг нь мартах үед эсвэл зовж шаналсан хэн нэгнийг хараад “уучлаарай” гэж хэлж болно. Бид “Хайртай шүү” гэж хэлж болно. Энэ нь “Би чиний талаар боддог”, “Би чамайг анхаардаг”, “Чамд туслахад бэлэн”, Чи миний хувьд бүх зүйл” гэсэн утгыг илэрхийлдэг.

Би өөрийнхөө нэгэн жишээг хуваалцъя. Нөхрүүд ээ, сайн сонсоорой. Эгч нар аа, энэ нь та нарт ч туслах болно. Би Сүмд бүтэн цагаар үйлчлэх дуудлагад дуудагдахаасаа өмнө, компанийхаа ажлаар дэлхийгээр их аялдаг байсан. Би дэлхийн хол газруудад нэлээдгүй явдаг байлаа. Хаана ч явсан бай, өдрийн төгсгөлд би үргэлж гэр лүүгээ залгадаг. Эхнэр Мэлани минь утсаа аваад, би түүнд юу хийснээ тайлагнаж, ингээд бидний яриа үргэлж “Би чамд хайртай” гэдэг үг рүү хөтлөгддөг байлаа. Эдгээр үг өдөр бүр миний зан ааш, сэтгэлийн зангуу болж, хилэнцэт төлөвлөгөөнөөс намайг хамгаалдаг байсан. “Мэлани, би чамд хайртай” гэсэн үгс бидний нандин итгэлцлийг илэрхийлдэг байв.

Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Өргөн босгох хөл, атгах гар, урам зориг өгөх сүнс, сэнхрүүлэх зүрх, аврах сүнснүүд байна”30 гэж хэлдэг байсан. “Баярлалаа”, “Уучлаарай”, “Хайртай шүү” гэсэн үгс яг үүнийг хийх болно.

Ах, эгч нар аа, үг чухал шүү!

Хэрэв бид аврал өөд хөтлөгч “Христийн үгэн дээр найрлах”31 аваас биднийг удирдан чиглүүлж, урамшуулдаг бошиглогчдын үг, бидний хэн болохыг, юуг эрхэмлэдгийг илэрхийлдэг бидний үг, тэнгэрийн хүчнүүд бидний дээр бялхах болно. “Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.”32 Бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд Тэр бидний Бурхан. Тэрээр биднээс “тэнгэр элчүүдийн хэлээр”33, Ариун Сүнсний хүчээр34 ярихыг хүсдэг.

Би Их Эзэн Есүс Христэд хайртай. Тэр бол Хуучин Гэрээний бошиглогч Исаиагийн бичсэнээр: “Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон.”35 Төлөөлөгч Иоханы тодорхойлон хэлснээр Есүс Христ Өөрөө “Үг“ юм.36

Их Эзэний тэнгэрлэг үйл хэрэгт үйлчилж, Түүний онцгой гэрч болон зогсохоор дуудагдсан Төлөөлөгчийн хувиар би үүнийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.