2019
Та өдөр бүр ямар нэг шинэ зүйл сурч байна уу?
2019 оны 6-р сар


Зөвхөн цахим хувилбараар

Та өдөр бүр ямар нэг шинэ зүйл сурч байна уу?

Энэ нийтлэл эхлээд Self-Reliance Services Blog дээр тавигдсан.

Шинэ зүйлсэд суралцан, тархиа тэлэх нь таны сэтгэцийн эрүүл мэндэд тустай.

Өөрийн дадаж хэвшсэнээс өөр ямар нэгэн шинэ зүйлийг сурах нь өмнө нь ашиглаж байгаагүй булчингаа ажиллуулахтай адилхан. Эхлээд хэцүү байж болох ч өдөр бүр ямар нэгэн шинэ зүйл суран, давтах юм бол та аажим сайжирч, тархи чинь өдөр бүрийн сорилтод дасаж, хийж бүтээх бүрдээ өөрөө өөртөө итгэлтэй болохын зэрэгцээ хамгийн чухал нь сурч мэдэх нь хөгжилтэй зүйл болох болно!

Сурах явц сурсан зүйлээс тань чухал. Зөөврийн компьютер, гар утас болон бүхий л мэдээлэл гарын доор байх болсон энэ үед үүнээс амархан юм гэж үгүй. Тэр ч байтугай өдөр бүр “сурах шинэ зүйлсийг” илгээдэг апп хүртэл байдаг.

Үүний тулд та Гүүглээс нарийвчилсан хайлт хийх, Википедиа дээрх нийтлэлийг бүтнээр нь унших шаардлагагүй. Өдөр бүр тархиа өөр чиглэлд ажиллуулах нь ном унших, богино шүлэг цээжлэх, шинэ цэс мэдэж авахтай адил амархан байж болно. Эсвэл та хөгжмийн зэмсэг дээр тоглох, өөр спорт, биеийн тамираар хичээллэх, шинэ газраар аялж, нутгийн хүмүүстэй уулзах гэх мэт урт хугацаа шаардагдах ямар нэгэн зүйл хийж болно.

Шинэ зүйлд суралцахын тулд өөрөө өөрийгөө түлхэхийн ашигтай талуудыг өгөв. Үүнд:

  1. Та уйтгарлахаа болино.

  2. Та илүү сонирхолтой хүн болох тул тантай ярьж суухад хөгжилтэй байх болно.

  3. Шинэ найз нөхөдтэй болно (дээр дурдсан хоёр шалтгаанаар).

  4. Та цагаа зөв зохицуулах ур чадвартай болно.

  5. Та хүүхдүүддээ сайн үлгэр жишээ үзүүлнэ. Тэд шинэ зүйл сурч, хийж үзэх нь ямар зугаатай болохыг харна.

Бид энэ дэлхийд хувь хүнийхээ хувьд өсөж хөгжихөөр ирсэн. Бид хэрхэн сурч мэдэх талаар суралцсанаар өсөж хөгжих хурдцаа нэмэгдүүлж байна гэсэн үг. Энэ нь бидний сэтгэл зүйн төлөвшилт, үүрэг даалгаврынхаа ард нь гарч чаддаг чадвар, бусдад тэвчээртэй байх хандлагыг сайжруулдаг.

Өдөр бүр ямар нэгэн шинэ зүйл сурах олон шалтгаан бий. Тэдгээрийн нэгний талаар Алэкс Блаквэлл дурдсан ба өдөр бүр шинэ зүйл сурах нь “эргэн тойронд байгаа зүйлсийнхээ үнэ цэнийг олж харахад тусалдаг. Заримдаа эргэн тойронд байгаа зүйлсдээ илүү их талархаж, үнэ цэнийг нь илүү их ойлгоход арай өөр өнцгөөс харах нь хангалттай байж болох юм” хэмээн хэлсэн (“The Benefits of Trying New Things,” Everyday Inspiration, Beliefnet, Mar. 2014).

Хамгийн хэцүү хэсэг нь эхлүүлэх явдал юм. Тиймээс хийж эхлэхэд туслах нэг аргыг энд дурдъя. Дөрвөн настай хүүхдээс юу харж байгааг нь асуу. Зүгээр л тэднээс асуугаад үз. Тэд тан руу бас эргэн тойрноо тойруулан, дээшээ тэнгэр рүү эсвэл доошоо газар руу харж ч магад. Хүүхдийн харж байна гэж хэлсэн зүйлийг Гүүглээс хай. Яг тэр зүйлийнх нь талаар бүх зүйлийг мэдэж ав. Жишээлбэл, хүүхэд модны навч гэж хэлбэл ямар төрлийн мод, хэр том болж ургадаг, хаанаас гаралтай болохыг нь олж мэд. Судалгаа хийх танд таалагдах бөгөөд таны тархи үүнийг хийсэнд тань баярлана.

Харин одоо яг энэ зарчмыг аваад, сүнслэг амьдралдаа хэрэгжүүл. Та судруудыг уншиж байхдаа түр зогсоод, өөрөө өөрөөсөө “Энэ нь яг юу гэсэн утгатай юм бол?” гэж асуугаарай. Солбицсон эшлэлүүдийг дага. Утга агуулгыг эргэцүүлэн бод. Ойлгохын тулд залбир. Биднийг түр зогсож, тархиа амраах үед Сүнс бидэнд ихэвчлэн бага багаар, алхам алхмаар заадаг.

Таны оюун ухаан, сүнс хоёрын аль аль нь өсөж хөгжсөнөөр та өөрийгөө илүү аз жаргалтай, илүү үр дүнтэй болсон байхыг олж харах болно.