2019
Зүрх сэтгэлээ бас найз нөхдөө өөрчилсөн нь
2019 оны 6-р сар


Зүрх сэтгэлээ бас найз нөхдөө өөрчилсөн нь

Нэрийг нууцлав

АНУ, Калифорни

Зураг
boy at party

Зураг чимэглэлийг Грэг Стивэнсон

Би өсвөр насандаа ихээхэн тэрслүү зантай байсан ба өсөж хүмүүжсэнээсээ эсрэг үйлддэг байв. Би 13 настайгаасаа согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн бөгөөд ахлах сургуулиа төгсөх жил гэхэд долоо хоног бүр уудаг болсон байлаа.

Би эцэг эхтэйгээ маргалдахгүйн тулд сүмд үе үе очдог байсан ч ариун ёслолын цуглаан дээр унтаж, Ням гаргийн ангиас өмнө далайн эрэг рүү явдаг байв. Эцэг эх маань надад сэтгэл дундуур байсан гэж хэлэхэд ч зөөлдөнө. Тэдний сайшаалтай тал нь гэвэл, тэд намайг сайн мэдээний дагуу амьдрахад урамшуулахын зэрэгцээ миний сонгох эрхийг хүндэтгэдэг байсан. Гэсэн ч надад Сүмд идэвхтэй үлдэх бодол байхгүй байсан ба ирээдүйд номлол хийнэ гэдгээ олж харахгүй байв.

Би ахлах сургуулиа төгсөөд, орон нутгийн коллежид элсэн орсон ч тэрсэлсэн хэвээр байлаа. Харин нэг орой би ирээдүйнхээ талаар бодон буйдан дээр хэвтэж байснаа санаж байна. Би ямар охинтой гэрлэх бол? Их Эзэнээс нүүр буруулсан юм чинь буцаж очих замаа олох болов уу? Эдгээр шийдвэр чухал байсан ч би өөрчлөгдөх хүсэлгүй байв.

Удалгүй би найзынхаа арын хашаанд согтууруулах ундаа, дүрэлзсэн түүдэг галтай үдэшлэгт оролцсон. Найзуудтайгаа хэсэг маазарсныхаа дараа би тэндээс түр гарч, нүдээ анилаа.

Харин нүдээ нээгээд, яг юу болж байгааг тодорхой харсан юм. Би найзуудынхаа мунхаг үйлдлийг харахаас гадна өөрийгөө энэ бүлэгт байгаагаар харахгүй байв. Би тэндээс явсан бөгөөд ууж, үдэшлэгт явж байхаа болихоор шийдсэн юм. Үүний тулд би найз нөхдийнхөө хүрээллийг өөрчлөх хэрэгтэй байсан бөгөөд энэ нь тийм ч амархан даваа байсангүй. Гэвч би үүнийг хийж чадсан!

Эдгээр шийдвэр миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн. Би эцэст нь номлолд үйлчлэн, олон дуудлагат ажил хийсэн юм. Хамгийн чухал нь би ариун сүмд гайхалтай эмэгтэйтэй гэрлэсэн. Энэ нь миний амьдралын хамгийн сайн сайхан адислалуудыг авчирсан юм.

Би саяхан Алмагийн болон Мозаягийн хөвгүүдийн хөрвөлтийн тухай (Мозая 27-г үзнэ үү) мөн тэд Алмагийн аавын итгэлтэй залбирлын үр дүнд хэрхэн зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг мэдэрсэн тухай (Алма 5:12–14-ийг үзнэ үү) уншлаа. Харин дараа нь би эцэг эхийнхээ талаар бодоод, үдэшлэг дээр надад ухаарал авчирсан тэрхүү үйл явдал тэдний залбирлын шууд үр дүн байсныг 30 гаруй жилийн дараа л ухааран ойлгосон юм.

Одоо би асуудалтай байгаа хүүхдийн эцгийн хувьд өөрийгөө Алмагийн эцэг болон өөрийн эцэг эхийн оронд байгааг мэддэг. Гэвч би судрыг өөртэйгөө адилтгаснаар хэзээ нэгэн цагт миний хүүхэд зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрнэ гэдэгт итгэж мөн найддаг.