2019
Бидний орон зай
2019 оны 6-р сар


Бидний орон зай

Гүй!

Зураг
boy running

Нэг орой би гэртээ очихоор алхаж байв. Гэр маань найзуудтайгаа өмнө нь уулзсан газраас хэдхэн гудамжны зайтай байсан ч гэгээ тасарч, харанхуй болсон байлаа. Би хаашаа алхаж байгаагаа ч сайн харж чадахгүй байв.

Гурван залуу намайг дагаж байгааг би мэдлээ. Тэднээс холдох гэж хурдан хурдан алхаж эхэлсэн ч тэд намайг дагасаар л байв. Миний дотор айдас төрж эхлэхэд надад гүйе гэсэн тодорхой бодол орж ирэх нь тэр! Би гүвээ өөд гүйж эхлэв. Тэр гүвээ маш өгсүүр байсан ч би өөрт байхгүй нэгэн хүчийг мэдэрсэн юм. Энэ миний хүчээс давсан зүйл байв.

Тэр залуус ч бас гүйж, намайг гүйцэж эхэллээ. Би дараа нь яах ийхээ мэдэхгүй байв. Дахиад л, нарийн гарцаар урууд гэсэн тодорхой бодол төрлөө. Би уруудаж байхдаа цагдаагийн ажилтан байхыг хараад гайхав. Бүх гудмаар гүйсэндээ тамирдан, амьсгаадсан би түүнээс тусламж гуйв. Тэр залуус цагдаатай ярьж байгааг маань хараад, намайг хөөхөө больж, явцгаасан юм. Миний аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн ажилтан намайг гэрт хүргэж өгөв.

Тэр орой хүлээн авсан сүнслэг өдөөлт маань санаанаас гарахгүй байлаа. Тэнгэрлэг Эцэг надад тусалсныг мэдэж байсан тул би амар амгаланг мэдрэв. Би Түүний удирдамжинд талархан залбирсан юм. Хэрэв бид Сүнсний дуу хоолойг дагах юм бол аюулгүй байх болно гэдгийг би мэднэ.

Мартин С., Аргентин, Пуэрто Мадрин

Орноосоо босох нь миний үүрэг

Зураг
girl waking up

Ням гарагт ихэвчлэн ээж намайг сүмд явахад бэлдэж, цуглаан эхлэхээс өмнө очихын тулд сэрээдэг байв. Харин нэг ням гараг ээж намайг сэрээсэнгүй. Би сэрээд, сүмд явахаар бэлдэхдээ гэрийнхнийхээ гаргадаг шуугианыг сонсохгүй байгаагаа анзаарав. Цаг руу сандран хараад, гучин минут хоцорсон байснаа ухаарлаа. Би ариун ёслолоос хоцорсон байв. Бас Ням гаргийн ангиас ч хоцорсон бололтой.

Би сандран тэвдэж, хаягдсан мэт санагдаж байлаа. Ээж намайг яагаад өглөө сэрээгээгүй юм бол? Тэр үргэлж намайг сэрээдэг шүү дээ. Сүмд хоцроохгүйн тулд намайг сэрээх нь ээжийн үүрэг биш, харин миний үүрэг гэсэн бодол гэнэт надад төрсөн юм. Би Тэнгэрлэг Эцэгтэй өөрөө гэрээ байгуулсан ба гэрээгээ сахих нь миний үүрэг байв.

Ээж тэр орой яагаад намайг сүмд явуулахаар сэрээгүйгээ тайлбарласан юм. Тэр намайг дахин сэрээхгүй мөн өөрийн гэсэн гэрчлэлтэй болохын тулд өөрөө хичээл зүтгэл гаргах ёстой гэв.

Тэр долоо хоногийн турш би эцэг эхийнхээ гэрчлэлээр үргэлж амьдраад байж чадахгүй гэдгээ мөн өөрийн гэрчлэлийг хүчирхэгжүүлэхийн тулд хэрхэн илүү шаргуу хичээх талаар бодож байгаагаа мэдсэн юм. Тэр өдрөөс хойш би сүмдээ цагтаа очиж, ариун ёслолоос хүртэхийн тулд ням гараг бүр эрт босох гэж ихэд хичээх болсон. Би сүнслэг байдлын хувьд бие дааж сурч байгаа.

Лиа Алвэс, Бразил, Сеара

Өшиглүүлсэн ч сайхан сэтгэлээр хандсан

Зураг
boy kicking womans heel

Би худалдан авсан хоол хүнснийхээ төлбөрийг хийхээр ээжтэй хамт дараалалд зогсож байв. Хүн ихтэй байсан тул ээж худалдан авалтаа хийхийн тулд өмнө зогсох хүү рүү тонгойхоос өөр зам байсангүй. Тэр хүү ээж рүү өшиглөж эхлэв. Түүнийг хоёр дахь удаагаа өшиглөхөд ээж хойш ухраад, “Намайг өшиглөхөө болиорой?” гэв.

Хүүгийн ээж эргэж хараад, өшиглүүлж байгаа чинь өөрийн тань буруу гэж ээжид хэллээ. Тэр бас биднийг есөн шидээр доромжлов. Би түүнийг эргэж хараад, кассчинтай хүртэл бүдүүлэг харьцаж байгааг нь харлаа. Бид тайван байсан ч дотроо уур хүрч байв. Энэ явдал миний дургүйг хүргэж байлаа. Болсон явдалд ээж бид хоёрын буруу байхгүйг би мэдэж байсан ч дотроо гомдсоор байв.

Бид гэртээ ирснийхээ дараа өрөөндөө орж, судраа гаргав. Минут хэртэй уншсаны дараа надад залбирах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрлөө. Залбирмааргүй санагдсан ч би өвдөг сөгдөн, залбирч эхлэв. Сүүлд нь би бидэнтэй муухай харьцсан эмэгтэйн төлөө залбирч байгаагаа мэдсэн юм. Өмнө нь мэдэрч байгаагүй тийм амар амгаланг би тэгэхэд л мэдэрсэн. Миний сэтгэлд түүнд уурлах зай байхгүй байсан ба би хайрыг мэдэрсэн.

Тэрэса Г., АНУ, Айдахо