2019
Аллагад өртөгсөд ба миний гэрчлэл
2019 оны 6-р сар


Аллагад өртөгсөд ба миний гэрчлэл

Сунжу Ким Муир

АНУ, Мэриланд

Зураг
scene from Carthage

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Номлогчдыг Иосеф Смитийн тухай болон Мормоны Номын талаар заах үед би эргэлзэж билээ. Иосеф Смит “бошиглогч” хэмээх нэр зүүсэн олон хүнтэй адил эд баялаг, алдар хүнд эсвэл баатар болох зорилгоор дэлхийд хуурамч ном авчирсан байх гэсэн бодол надад анх төрсөн юм.

Мормоны Номыг уншъя гэсэн бодол ч надад төрөөгүй. Харин цаг хугацаа өнгөрч, номлогчдын нөхөрсөг зан, сайн мэдээг гэх хүсэл тэмүүлэл захиасыг нь сонирхоод үзье гэсэн хүслийг төрүүлсэн юм.

Би номлогчдын өгсөн Мормоны Номын шүлгийг уншиж байхдаа Бурханаас Христэд итгэлтэй байж, чин сэтгэл, үнэн хүсэлтэйгээр Мормоны Ном үнэн эсэхийг асуу хэмээх Моронайн урилгыг олов (Моронай 10:4–5-ыг үзнэ үү). “Мормоны Номыг хуурамч гэдгийг мэдсээр байж, Бурханаас чин сэтгэл, үнэн хүсэлтэйгээр уг номын үнэн эсэхийг асуу гэж хэн урих билээ дээ” гэж би бодож билээ.

Дараа нь нэг өдөр Иосеф Смит болон түүний ах Хайрум хоёр гэрчлэлийнхээ төлөө хөнөөгдсөнийг номлогчид тайлбарлав. Тэд худал хуурмагийг нь мэдсээр байж үүнийхээ төлөө амиа өгөхгүй байсан шүү дээ гэсэн бодол гэнэт надад төрж билээ. Тэр мөчид шатаж буй гал мэт дулаан мэдрэмж намайг нөмөрсөн юм. Энэ бол Иосеф Смит жинхэнэ бошиглогч гэдгийг Ариун Сүнс зүрх сэтгэлд минь баталсан гэрчлэл байв. Би энэ гэрчлэлийг хүлээн авснаар баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан.

25 жилийн дараа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын үгийг уншиж байхдаа би энэ үйл явдлыг санаж билээ. Ахлагч Холланд энэ үгэндээ Иосеф, Хайрум хоёр амь насаа алдсан тэр ноцтой мөчид худлаа гэдгийг нь мэдэж байсан номынхоо төлөө өөрсдийн амьдрал, нэр төр, мөнхийн авралаар дэнчин тавьж, Бурханыг доромжлох байсан болов уу? хэмээн асуусан юм.

Тэд тэгэхгүй байсан!” гээд ахлагч Холланд цааш нь, “Тэд Мормоны Номын мөнхийн үнэн болон бурханлаг эх сурвалжийг үгүйсгэснээс амиа алдсан нь дээр гэж үзсэн”1 хэмээн хэлсэн.

Ахлагч Холландын үгс миний хувьд маш утга учиртай байсан төдийгүй бошиглогч Иосеф Смитийн тухай болон Мормоны Номын хүчийн талаарх гэрчлэлийг минь хүчирхэгжүүлсэн билээ.

Би бошиглогч Иосеф Смитэд талархдаг. Тэр Мормоны Номыг урагш авчирсан бөгөөд Есүс Христийн гэрч болохын тулд амь насаа өөрийн хүслээр өгсөн. Мормоны Номоор дамжуулан би Бурхан байдгийг мөн Түүний намайг гэх хайрын талаар мэдэж авсан.

Эшлэл

  1. Жэффри Р.Холланд, “Бодгалийн аюулгүй байдал,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100.