2019
Хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлсэн цаг мөч ба хонин гүрвэл, дэвхрэг хоёр
2019 оны 6-р сар


Бидний гэр орон, гэр бүл

Хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлсэн цаг мөч ба хонин гүрвэл, дэвхрэг хоёр

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Мэйнд амьдардаг.

Би хэвлээр явагч амьтан хүү бид хоёрын харилцаанд арилшгүй мөр үлдээнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй юм.

Зураг
geckos

Зураг чимэглэлийг Дэвид Грийн

Миний хүү Даллин хэвлээр явагч амьтдад хайртай байсан ч би тэдгээрт тийм ч дуртай байсангүй. Түүнийг хичээлдээ явсан хойгуур торноосоо гарсан тохиолдолд тоос сорогчийн хоолойд багтчих хэмжээний нэг хэвлээр явагчтай болохыг би түүнд зөвшөөрсөн юм. Бид мэлхийнээс игуана хүртэлх хэдэн амьтнаас хамба хилэн Фазз, Дайан гэдэг хоёр толбот хонин гүрвэлийг сонгов.

Даллиныг долоон настай байхад түүний энэ шинэ найзууд манай гэр бүлд нэгдсэн юм. Хонин гүрвэл тэжээхийн тулд тэднийг долоо хоногт нэг удаа дэвхрэгээр, бүр амьд дэвхрэгээр хооллох хэрэгтэй гэдгийг би таамаглаж байсангүй. Даллин бид хоёр олон жилийн турш сайн“дэвхрэг худалдаж авах ажилд” гардаг байв. Ихэвчлэн оройн цагаар цаг нартай уралдан, амьтны дэлгүүр хаахаас урьтаж очих амаргүй байлаа.

Дайан гуравхан жил амьд байсан ч Фазз олон жил эрүүл, аз жаргалтай амьдарсан юм. Даллин ахлах сургуулиа төгсөхдөө илтгэл тавьж сурах хичээл дээрээ нэг илтгэл тавих даалгавар хүлээн авсан байв. Тэр нөхөр бид хоёрын санаа бодлыг асууж билээ. Бид толбот хонин гүрвэлийн талаар аль хэдийн сайн мэддэг болсон тул тэдний талаар ярьж, бас илтгэл дээрээ Фаззыг аваачиж очихыг санал болгосон юм. Даллин тэгэхэд Фаззыг үхсэн гэдгийг бидэнд хэлэв.

“Чи тоглож байгаа байлгүй дээ! Тэр хэзээ үхсэн юм бэ?” гэж би итгэлгүйхэн асуув.

Даллин Фазз долоо хоногийн өмнө үхсэн гэдгийг бидэнд дуулгалаа.

“Тэр миний өрөөнд байгаа, гэхдээ санаа зовох хэрэггүй ээ. Түүнээс өмхий үнэртэхгүй. Би түүнийг давхар уутанд хийсэн” гэж тэр хэлэв.

Тэр бидний гайхсан харцыг хараад, “Би нэг туршилт хийж байгаа юм. Түүний яаж ялзрахыг би харах гэсэн юм” гэж тайлбарлалаа.

Даллины туршилт түүний ялзарч байгааг харахаас илүү чухал зүйл болж хувирсан юм. Тэр Фаззыг хоёр долоо хоногийн турш хөлдөөгчид тавьж, ялзрах үйл явцыг зогсоосныхоо дараа дахин гэсгээж, ялзруулж байлаа.

Жилийн дараа Даллиныг номлолд байх хойгуур би хөлдөөгчөө цэвэрлэж байгаад, давхар уутанд хийсэн Фаззыг хөлдөөгчийн хойд хэсгээс оллоо. Би Даллинд илгээмж явуулахаар бэлтгэж байсан тул нэг жижигхэн туршилт явуулбал хөгжилтэй байна байх гэж бодов. Би Фаззыг хар цагаан буурцган хээтэй гоёмсог цаасаар ороож, хайрцганд эвтэйхэн хийж, “Чиний илгээмжин дотор гэнэтийн бэлэг байгаа шүү” гэж бичээд, Даллины илгээмжин дотор нямбай хийлээ. Дараа нь би түүний хариултыг тэсэн ядан хүлээв.

“Би хонин гүрвэлээ авснаасаа хойш түүний талаар бодлоо. Үнэндээ яг ч тэр хонин гүрвэлийн талаар биш, харин долоо хоног бүр дэвхрэг авах, бас өөр ажил амжуулахаар явж байх хооронд машин дотор явж байхдаа сонсож явсан таны хэлсэн санаа оноо, ярьсан түүх, гэрчлэлүүдийг би дурсан санасан юм. Энэ нь тантай хамт явж, ярилцах (би их ярьдаггүй байсан ч сонсдог байсан шүү) сайхан шалтаг болдог байсан” гэж бичсэн байв.

Дэвхрэг худалдаж авах нь шүү. Хэн мэдэх билээ дээ? Эцэг эхийн хувьд бид үр хүүхдэдээ нөлөөлөх цагаа тэр болгон төлөвлөөд байдаггүй. Энэ нь явцын дунд аяндаа л болдог зүйл. Энэ нь хүүхдүүдээ орой унтуулахаар оронд нь оруулах, хамтдаа цанаар гулгах эсвэл машинаараа ажил амжуулж байх үед болж болно. Бид хүүхдүүдтэйгээ хамт байх цаг гаргах ёстой.

Аврагч хүүхдүүдэд цаг зав гаргахын агуу үлгэр жишээг үзүүлдэг байсан. Христ нифайчуудад өдөржин заасныхаа дараа хүмүүст хандан, бяцхан үрсээ Өөрт нь авчрахыг зарлигласан. Тэр бяцхан үрсийн дунд өвдөг сөгдөн, залбирсан юм. Залбирсныхаа дараа Тэр уйлж, дараа нь “тэдний бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислав, мөн тэдний төлөө Эцэгт хандан залбирав” (3 Нифай 17:21).

Тэр хүүхдүүд Есүс өөрсдийг нь хайрладгийг мэдэж байсан. Тэрээр тэдэнд зориулан, цаг зав гаргахад бэлэн байсан ба тэднийг сонсож, тэдний төлөө залбирч, тэднийг адисалсан. Үүнийг гэрчилсэн хүмүүс асар их хүчээр дүүргэгдсэн байсан тул “Эцэгт хандан Есүсийн ярьсныг бид харж мөн сонссон шиг тийм агуу хийгээд гайхамшигт зүйлүүд урьд нь нүдэнд хэзээ ч үзэгдээгүй, бас чихэнд хэзээ ч сонсогдоогүй бөлгөө” (3 Нифай 17:16) хэмээн цэдэглэсэн байдаг.

Есүс Христийн эдгээр хүүхдэд үзүүлсэн нөлөө олон үе дамжин үлдсэн. Бид хүүхдүүддээ анхаарал хандуулж, цаг зав гаргах юм бол дэвхрэг худалдаж авахаар явж байсан ч бай, бидний үзүүлсэн нөлөө олон үеийн турш үлдэж болох юм.