2019
Авралын төлөвлөгөөг ойлгосон нь надад амар амгаланг өгсөн
2019 оны 6-р сар


Авралын төлөвлөгөөг ойлгосон нь надад амар амгаланг өгсөн

Зохиогч нь Филиппинд амьдардаг.

Ээжийгээ эдгэршгүй хорт хавдартай гэж оношлогдоход би ирээдүйгээ зөвхөн гунигтайгаар харах болсон юм. Харин ээж минь дараа нь авралын төлөвлөгөөний талаар гэрчлэлээ хуваалцсан.

Зураг
earth and dove

Хэдэн жилийн өмнө, эцэг эхийн маань ойн өдрөөр ээж минь нойр булчирхайн 4-р шатны хорт хавдартай гэж оношлогдож билээ. Компьютер томографын хариу түүний хавдар амь насанд нь аюултай бөгөөд бие нь дордож байгааг харуулж байв. Энэ үед би ээжийгээ удаан амьдрахгүйг мэдсэн юм.

Би үүнд бэлтгэлгүй байв. Ээжгүйгээр миний амьдрал ямар байхыг төсөөлөхөд бүх зүйл харанхуй, дүнсгэр, гунигтай санагдаж байлаа. Ямар ч баяр баясгалан, инээд хөөр мөн намайг тайтгаруулах ээжийн дулаан тэврэлт байхгүй байх болно. Амьдрал огт байхгүй юм шиг санагдав.

Олон сар ч өнгөрч, ээжийн бие улам бүр сульдсаар. Намайг гайхшируулсан нэг зүйл бол тэр сүмдээ явах, гэр бүлээрээ судраас суралцахад өдөр бүр оролцох, гэр бүлийн үдэш дээр хичээл заах, тэр ч бүү хэл бидэнтэй инээлдэж хөхрөлдөх хүсэлтэй байсан юм.

Нэг өдөр би түүнээс “Та Тэнгэрлэг Эцэгтээ эргэлзэж байсан уу? Та яагаад хорт хавдар туссан талаар бодож байсан уу?” гэж асууж билээ. Ээж инээмсэглэн, авралын төлөвлөгөөний талаар өөрийн гэрчлэлийг хуваалцсан юм. Тэр авралын төлөвлөгөөний өгдөг жинхэнэ аз жаргалыг мэдрэхийн тулд үүнийг сайн ойлгодог болох хэрэгтэй гэв. Хэрэв би хаанаас ирсэн, амьдралын зорилго юу болох, хаашаа явж байгаагаа ойлгодог болох юм бол бид үргэлж хамтдаа байж, үнэндээ бол ээжийгээ алдаагүй гэдгээ ойлгох болно гэж тэр надад хэлсэн. Тэр намайг номлолд бэлдэхэд мөн Есүс Христийн сайн мэдээ, авралын төлөвлөгөөг бусадтай хуваалцсанаар тайтгарал, аз жаргалын адислалуудыг хүлээн авах боломжийг тэдэнд олгоход үргэлжлүүлэн бэлдэхэд урамшуулсан юм.

Ээжийн зөв байсныг би ойлгосон. Хэрэв би гэрээгээ сахиж, Эцэгийн тааллыг гүйцэлдүүлснээр ээжийгээ дараагийн амьдралд харна гэдгээ мэддэг бол яагаад түүнийг энэ дэлхийд алдахаас айх билээ? Би амар амгаланг мэдэрсэн.

Ээж минь удалгүй өнгөрөв. Хэдийгээр ээжийн дурсгалд зориулсан оршуулгын өмнөх үйл ажиллагааны үеэр хэцүү, гунигтай байсан ч бүх зүйл амар амгалан санагдаж, би ээжийнхээ дэргэд байгааг мэдэрч байсан юм. Эргэн тойрныхон маань ч өөдрөг байгаа мэт санагдаж байв. Би Бурханы тэнгэрлэг төлөвлөгөөг үнэхээр ойлгосноор хүлээн авдаг жинхэнэ адислалыг мэдэрч байгаагаа мэдэж байлаа.

Дараа нь ээжийг оршуулгын газар руу авч явах цаг болоход нэг хүү над дээр ирээд, намайг яагаад уйлахгүй байгааг асууж билээ. Би ээжийнхээ үхлийн талаар өмнө нь юу гэж боддог байснаа мөн ямар их уй гашууг олж харснаа санасан. Би инээмсэглэн, түүний өндрийн түвшинд тааруулан доош суугаад, “Хэрвээ би Бурханы зарлигуудыг үргэлжлүүлэн дагавал ээжийгээ дахин харна гэдгээ мэднэ” гэж түүнд хэлэв. Хүү ч гэсэн над руу инээмсэглэлээ. Тэр ч гэсэн миний мэдэрч байгаа амар амгаланг мэдэрснийг би мэдэж байлаа.

Ээж минь өнгөрсөн ч миний бодож байснаар харанхуй, дүнсгэр, уй гашуу амьдралыг минь нөмрөн авсангүй. Би түүнтэй салах ёс хийн, дараагийн амьдралд уулзацгаая гэж хэлсэн юм. Би түүнийг алдсан ч тайтгарлыг олж авсан. Энэ бол авралын төлөвлөгөөг ойлгосноор хүлээн авсан адислал байв.