2019
Эцэг эхийнх нь аль нэг нь эсвэл хоёулаа сүмд явахгүй байхад
2019 оны 6-р сар


Өсвөр үеийн болон бага насны хүүхдүүдэд заах нь

Эцэг эхийнх нь аль нэг нь эсвэл аль аль нь сүмд явахгүй байхад

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Зураг
boy walking into church alone

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хайраар дүүрэн гэр оронд өсөж торнисон ба эцэг эхээ хайрлан хүндэлдэг байжээ. Гэвч хүүхэд насандаа тэр эцэг эхгүйгээр ганцаараа сүмд явдаг байсан ба гэр бүлийнхэнтэйгээ ариун сүмд лацдан холбуулахыг ихэд хүсдэг байв.1 Гэвч ямар ч хүүхэд гэрээний зам дээр ганцаараа алхах ёсгүй. Гэр бүлийнхнээсээ сайн мэдээний дэмжлэг туслалцаа хүлээн авдаггүй хүүхдүүдийн хувьд гэр бүлийн болон тойргийн гишүүдийн хайр, халамж гэр оронд нь сайн мэдээний дэмжлэг байхгүй орон зайг нөхөж болно. Орон гэрт болон сүмд сайн мэдээний сургаалыг хүчтэй заах мөн сайн сайхан туршлага суулгах нь хүүхэд бүрд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд тусална.

Ханьтайгаа хамт сүмд явдаггүй эцэг эхчүүдэд хандан хэлэхэд

  1. Сайн мэдээний дагуу амьдарснаар ирдэг адислалуудыг хуваалц. Сайн мэдээний дагуу амьдрах нь амар амгаланг авчирч, ачааг тань хөнгөлдгийг олж харахад хүүхдүүддээ тусал. Сүмд явахыг хүсдэггүй аав, ээжийг нь муулалгүйгээр, сүмд явахыг сонгосон шалтгаанаа тайлбарла. Баптисмын гэрээгээ сахих нь хэрхэн танд тайтгарал, удирдамж өгдөг талаар бодол санаагаа хуваалц.

  2. Эерэг хандлагыг хөгжүүл. Гэр бүлээсээ сайн сайхныг олж харахад нь хүүхдүүддээ тусал. Мөн та Сүмийн багш, удирдагч, тойргийн гишүүдээсээ сайн талыг нь олж харахад тэдэнд тусалж болно. Хүүхдүүдийнхээ сүм дээр сурсан зүйлүүдийн талаар ярилц. Бусдын сул тал дээр эсвэл эелдэг бус хэлсэн үгэн дээр анхаарлаа бүү хандуул. Харин оронд нь эерэг зүйл ярьж, бусдаас суралцах хүсэлтэй байгаагаа харуул.

  3. Сөрөг мэдрэмж дээрээ ажилла. Хүүхдүүдэд айдас, ганцаардал, урам хугарал, уур уцаар зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг ойлгоход нь тусал. Дараа нь та зураг зурах, тоглох, ярилцах гэх мэт арга замаар сэтгэл хөдлөлөө барьж сурахад нь тэдэнд тусалж чадна. Шаардлагатай бол та мэргэжлийн хүний тусламжийг эрэлхийлж болно. Шархалсан сэтгэлийг эдгээх нь хүн бүрд сүнслэг мэдрэмжийг түлхүү хүлээн авч, Сүмд байхдаа илүү сайн туршлага олж авахад тусалдаг.

  4. Шаардлагатай бол тусламж хүс. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол хэн нэгний тусламж санал болгохыг бүү хүлээ. Заримдаа Сүмийн удирдагчид болон тойргийн гишүүд хэрэгцээ шаардлагыг тань анзаарч харахгүй эсвэл таныг уриагүй байхад тусламж үзүүлэх эсэхдээ эргэлздэг байж болно. Хэрэв хүүхдэд адислал хэрэгтэй бол хэн тусалж болох талаар залбирч, дараа нь асуу. Мөн та хэнд тусалж чадахаа бодож үз.

Бүх насанд хүрэгчид хандан хэлэхэд

  1. Эцэг эхийн аль нэггүйгээр эсвэл аль алингүйгээр Сүмд ирдэг хүүхдүүдэд анхаарал халамж тавьж, тэднийг хайрла. Тэдний нэрийг цээжилж, тэдэнтэй халуун дотно, сайхан сэтгэлээр мэндэлж бай. Тэдний нөхцөл байдлыг шүүлгүй, эцэг эхийг нь яагаад ирээгүй болохыг тэднээс бүү асуу. Хүүхдүүд Сүмийн гишүүдийн чин сэтгэлийн хайрыг мэдэрснээр биеэ чөлөөтэй авч явахад суралцан, Сүнсийг мэдрэх боломж нь ихэснэ.

  2. Тусгай хэрэгцээ шаардлагад мэдрэмтгий бай. Хүүхдийг эцэг эхийн аль нэггүйгээр эсвэл аль алингүйгээр Сүмд ирэх үед ямар нэгэн тодорхой сургаал, үйл ажиллагаа тэдэнд хэрхэн нөлөөлж болох талаар анхаар. Санваарын адислалуудын талаарх хичээл дээр хүн бүр эдгээр адислалыг хүртэх боломжтой гэдгийг заа. Хэрэв үйл ажиллагаанд эцэг эхчүүд оролцох шаардлагатай бол бүх эцэг эхийг хамруул. Аавуудын болон ээжүүдийн өдөр зэрэг онцгой өдрийг эмзэг хүлээн авч болзошгүй хүүхдүүдийг бодолцож үзээрэй.

  3. Тэдэнд гэр бүлээ хайрлаж, хүчирхэгжүүлэхэд тусал. Гэр бүл Бурханаас томилогдсон гэдгийг хүүхдүүдэд заа.2 Тэднийг гэрийнхнийхээ сайн сайхан байдалд талархдаг байхад урамшуул. Гэр бүлийн түүхийн ажил хүүхдүүдэд гэр бүл нь тэднийг төрөхөөс өмнө үүссэн гэдгийг ойлгоход тусалж чадна. Гэр бүлийн түүхийн ажлыг хийх нь тэднийг “гэр бүлдээ илүү ойртон дотносож мөн баяр баясгалантай”3 болгон адисалж болно.

  4. Үнэн сургаалыг тэдэнд заа. Сонгох эрх нь авралын төлөвлөгөөний үндсэн сургаал бөгөөд хүүхдүүд эцэг эхийнхээ сонголт, гэм нүглийн төлөө хариуцлага хүлээхгүй (Мосе 6:54-ийг үзнэ үү). Эцэг эхийнх нь асуудал хүүхдүүдийнх нь буруу эсвэл хүүхдүүдийнх нь үүрэх хариуцлага биш юм. Үүнийг мэдэх нь өөрчилж чадахгүй зүйлсдээ санаа бага зовж, гэр бүлийнхээ өдөр тутам хүлээн авдаг олон адислалдаа талархалтай байхад тусална.

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “Тэнгэрлэг Эцэг маань гэр бүлийнхнийгээ бүрэн цуглуулж, адислахыг тэсэн ядан хүлээж байгаа. Энэ төлөвлөгөө хүүхэд бүрд урилгыг нь хүлээн авах эсвэл татгалзах боломжийг олгодог. Харин гэр бүл уг төлөвлөгөөний төвд байдаг”4 хэмээн заасан.

Эшлэлүүд

  1. Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115-ыг үзнэ үү.

  2. “The Family: A Proclamation to the World,”Liahona, May 2017, 145-ыг үзнэ үү.

  3. Quentin L. Cook, “The Joy of Family History Work,” Liahona, Feb. 2016, 27.

  4. Хэнри Б.Айринг, “Бурханы гэр бүлийг цуглуулах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3.