2019
Бусдад Их Эзэний эдгээхийг хүлээн авахад туслах нь
2019 оны 6-р сар


Бусдад Их Эзэний эдгээлтийг хүлээн авахад туслах нь

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Бид бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд өвдөн, зовж шаналж буй хүмүүст Их Эзэний эдгээх адислалыг авчирч тусалснаар эдгээх урлагт суралцдаг.

Зураг
painting of woman with hands up

Жэнэди Пэйж, Чөлөөлөгдсөн нь, зургийг хуулбарлахыг хориглосон

Би нэгэн ням гарагт “Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ бол миний сайн мэдээ; мөн миний сүмд хийх ёстой зүйлүүдээ та нар мэднэ; учир нь миний хийснийг та нар харсан, бүр түүнийг та нар хийх болно” (3 Нифай 27:21; тодотгол нэмэгдсэн) гэх судрыг уншаад, “Христ дэлхий дээр ямар ажил хийсэн юм бол?” гэж бодож билээ. Надад хамгийн түрүүнд үйлчлэх, эдгээх гэсэн хоёр зүйл санаанд орж ирсэн. Би үйлчилж чадна, харин хэрхэн эдгээх билээ? Мэдээж, би бусдыг эдгээж чадахгүй эсвэл чадах ч байсан юм болов уу?

Би саяхан хүнд хэлбэрийн харшлын хариу урвалаас болж мэс засалд ороод, эдгэрэх шатандаа орсон байсан юм. Дараа нь би эдгэрэх явцад маань тусалсан хүмүүсийн тухай бодсон. Тэдний нэрийн жагсаалт урт байв. Хэрэв тэд намайг эдгээж чадсан юм бол би бас бусдыг эдгээж чадахгүй гэж үү?

Бид бүгдээрээ эдгээх урлагт суралцаж чадна.1 Бидний эргэн тойронд бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд өвдөн, зовж шаналж байгаа хүмүүс олон бий.

Өвчтэй хүмүүсийг эргэх нь

Мозая 4:26-д “Та нар хүн бүр байгаагийнхаа хэрээр ядуустай хөрөнгөө хуваалцаасай хэмээнэ би, өлссөнийг хооллох, нүцгэнийг хувцаслах, өвчтэйд очиж мөн сүнсийг нь мөн биеийг нь ч аль алиныг нь, хүссэнийх нь дагуу тэднийг асрах зэрэг болой” хэмээн цэдэглэсэн байдаг.

Бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд өвдөхөд хүн маш их ганцаарддаг. Хүмүүс эдгэрэх гэж олон цагийг унтлагынхаа эсвэл эмнэлгийн өрөөнд ганцаар өнгөрүүлдэг ба сэтгэл санааны хувьд хямрахад ч амархан болдог. Харанхуйлах үед нь санаа тавьдаг найз нөхөд, гэр бүлийн гишүүд айлчлан ирэх нь тэдний амьдралд гэрэл гэгээ авчирдаг.

Бидний өвчтэй хүмүүсийг хэрхэн эргэж тойрдог байдал мөн л чухал зүйл юм. Эдгэрэх явцад нь хүмүүс хэрхэн тусалсан талаар хэдэн эмэгтэйгээс асуухад тэд ийн хариулсан. АНУ-ын Аризонад амьдардаг Жуди “Хүнд хэцүү цагт сонсох хүнтэй байх, сонсоод шүүхгүй байх нь хамгийн сайн тусламж болдог. Тэвчээртэйгээр, чин сэтгэлээсээ, хайраар сонсох нь эдгэх гэж хичээж буй хүмүүст хамгийн үнэ цэнтэй дэмжлэг үзүүлдэг.

АНУ-ын Калифорнид амьдардаг Линдаг найз нь эргэж ирсэн явдал өөрт нь хэчнээн их тусалсан талаар тэр хуваалцахдаа “Миний амьдралд онцгой үүрэг гүйцэтгэсэн, ялангуяа чин сэтгэлээсээ сонсож, Сүнсний гайхалтай зөвлөгөөг дамжуулан өгч байсан хүмүүсийг би огтхон ч мартдаггүй. Гучин настай байхдаа бага насны таван хүүхэдтэйгээ бэлэвсрэн үлдсэнийхээ дараа би сайн найз Кареныхаа ачаар Тэнгэрлэг Эцэгийн болон Аврагчийн хайрыг илүү гүн гүнзгий мэдэрсэн. Түүний ‘сонсдог чих’ үргэлж онгорхой, нээлттэй байдаг байсан. Бурханы охидын хувьд бид хоорондоо гайхалтай харилцаа холбоотой гэдгийг тэр надад байнга сануулдаг байсан тул би хэзээ ч ганцаардаж байгаагүй” гэжээ.

Ялангуяа тохинуулагч ах, эгч нар энэ эдгээх урлагийг эзэмшиж чадна. Зовж шаналсан хүмүүсийн хэрэгцээг ойлгох нь чухал. Заримдаа тэд маш их ядарсан байдаг тул богинохон айлчлал хийх нь тохиромжтой байдаг. Харин заримдаа тэд ганцаардаж, уйдсан байдаг тул илүү удаан хамт байхаар айлчлах нь хэрэгтэй байж болно. Бас тэдний ааш занд нийцүүлэх нь чухал байж болох юм. Зарим нь их ярьж, дэмжлэг туслалцаа хүсдэг байхад, зарим нь нам гүм, чимээгүй байхыг хүсдэг. Бид эхлээд тэдний хэрэгцээ шаардлагыг тодорхойлсныхоо дараа олж мэдсэн зүйлийнхээ дагуу тусламж үзүүлэх хэрэгтэй.

Нэг нэгнийхээ ачааг үүрэлцэх нь

Алма Мормоны Номон дээрх итгэгчдээс “Бурханы хороонд орж, мөн нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй байж, үүрэлцэхэд бэлэн” (Мозая 18:8) байгаа эсэхийг асуухдаа Аврагчийн үлгэр жишээг дагана хэмээн өгсөн бидний амлалтыг хамгийн уран цэцэн үгээр дүрслэн хэлсэн.

Бидний хүн нэг бүр ямар нэгэн ачаа үүрч явдаг. Харин сэтгэцийн өвчнөөс эсвэл сүнслэг саад бэрхшээлээс болж өвдөж зовох үед үүнийгээ үүрч явахад хамгийн хэцүү байдаг. Эдгээх урлагийн нэг чадвар бол бусдыг зовж шаналах үед ачаанаас нь үүрэлцэх явдал юм.

АНУ-ын Юта мужид амьдардаг Шаннон хөршүүд нь түүнд хэрхэн тусалсан талаар “Бид хүүгээ оршуулсан өдөр оршуулгын газраас ирэхэд хөршүүд маань бидний эзгүйд цугларан, хашаанд маань цэцэг суулгасан байхыг олж харсан. Тэд үзэсгэлэнт бут сөөг, мод, цэцэгс, тэр байтугай шинэ ширэг хүртэл тарьсан байв. Төсөөлөхийн аргагүй гуниг зовлонд автсан үед тэд бидэнд хайр, дэмжлэг туслалцаагаа бодитоор харуулсан явдал бидний эдгэрэх явцыг эхлүүлсэн юм. Жил бүр үзэсгэлэнт цэцэрлэг минь хайр болон амьдрал мөнх гэдгийг бидэнд сануулдаг. Энэ нь бидний хувьд мартагдашгүй ариун нандин, чухал утга учир бүхий туршлага болсон юм” гэж хуваалцав.

Хөхний хорт хавдартай гэж оношлогдох үедээ би Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр үйлчилж байсан ба хотынхоо зөвлөлийн дахин сонгуульд өрсөлдөж байв. Нөхөр маань ажилгүй болж, бид энэ үед өөр олон хүнд сорилттой тулгарсан юм. Зөвлөхүүд маань “нэг нэгнийхээ ачааг үүрэлцэх” гэсэн үгийг ажил хэрэг болгон, миний үүрч байсан ачаануудыг хуваарилж туслав. Бишоп миний зарим үүргийг өөрөө хариуцаж авсан юм. Нөхөр минь хоол хийх, гэрийн ажлаа амжуулах гээд олон үүргийг гүйцэтгэх болов. Миний ачааг авахын оронд эдгээх урлагийг эзэмшсэн олон олон хүнд хуваарилж өгснийг харах нь намайг үнэхээр даруусгасан.

Тайтгаруулах нь

Алма бас Христийн дагалдагчид “гашуудах тэдний хамт гашуудаж … мөн тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад бэл[эн]” (Moзая 18:9) хэмээн заасан.

Тайтгаруулахад бусдын зовлонг ойлгодог чанар, нинжин сэтгэл, анхааралтай байх, халамж, хайр, энэрэл зэрэг багтдаг. Энэ нь өвдөж, зовсон хүмүүст зовлонгоо даван гарахад нь туслахаар тэднийг хайрын мутраар өлгийдөн авахыг хэлнэ.

Луанн (нэрийг нь өөрчлөв) сүнслэг болон ёс суртахууны асуудалтай тулгарсан ба өөрийн туршлагын талаар ярихдаа тайтгаруулсан хүмүүсийнхээ талаар “Тэд намайг одоо байгаагаар минь бус, харин илүү агуу, ухаалаг, сайхан сэтгэлтэй болох чадавхыг минь олж харсан юм. Би заримдаа өмнө нь хэн байснаа эргэн санахдаа мунхаг байдал, өөрийн хийсэн буруу үйлдэл, нүгэлт зам зэргээсээ болж ичиж, газар доогуур орчихмоор санагддаг. Гэвч ичгүүр, гутамшгийг үргэлж ач ивээл, нигүүлсэл, өршөөл, хайр гэгч эдгээгч гавар дагалдаж байдаг. Миний эргэн тойронд ийм хүмүүс байгааг харах үед тэр мэдрэмж алга болдог юм. Тэд бас намайг эдгэрэхэд тусалж байсныг би одоо олж хардаг. Магадгүй, тэд миний эргэн тойронд Аврагч, Эдгээгч Эзэн над дээр ажиллаж болох ач ивээлийн бүрхүүл болон аюулгүй орчныг бүрдүүлж байсан гэж хэлэхэд илүүдэхгүй биз. Тэрээр намайг өөрчилсөн. Мөн миний зүрх сэтгэлийг өөрчилсөн юм” гэж хуваалцжээ.

Зураг
painting of Christ with children

Анний Хэнри Надэр, Гилеадын гавар

Өвчтөнийг тайтгаруулахын чухал хэсэг бол тэднийг Эдгээгч Эзэн рүү хандуулах явдал юм. Ютад амьдардаг Сабрина: “Бурханыг хайж олоход эсвэл Түүнд эргэн очиход тусалдаг хүмүүсийн эдгээх хүчээс өөр сайн зүйл гэж үгүй. Энэ нь таны аль хэдийн мэддэг зүйлийг буюу шаардлагатайгаас илүү ихээр өөртөө хатуурхаж, бүх зүйлийг өөрөө хийх гэж хичээн, Бурханд бүрэн дүүрэн найдахгүй байгааг тань сануулж байж болно.

Өвчтөнийг тайтгаруулж, тэдэнд туслахын тулд Сүнсэнд мэдрэмтгий байх хэрэгтэй. Нэг хэсэг би хэдэн сарын турш шөнөдөө хоёр, гуравхан цаг дугхийн, сайн унтаж чадахаа больсон байсан. Би сэтгэлийн түгшүүрт автаж, ядарч туйлдсанаасаа болон ихэд зовж, олон эмч дээр очсон ч үр дүн гарахгүй байв. Эцэст нь найз минь намайг хожмын үеийн гэгээнтэн эмч рүү явуулж, тэр шууд зөв онош тавьсан юм. Харин дараа нь түүний хэлсэн үг намайг гайхшируулсан. Эмч: “Мэррилий, хамгийн чухал зүйл бол чи зовлонгоо Бурханд шилжүүлэн өгөх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэр дараа нь намайг өдөр бүр “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” номоос уншсан зүйл дээрээ хэсэг зуур бясалган бодох талаар урамшуулав.

Ийнхүү бясалгал хийх гэж хэд хэдэн удаа оролдоод бүтэлгүйтсэн ч би эдгэрэхийг үнэхээр хүсэж байлаа. Маргааш нь би “Бид Түүний зүйрлэшгүй амьдрал болон агуу их цагаатгах золиослолын хязгааргүй ач тусын бодит үнэнийг гэрчилдэг”2 хэмээх хүчирхэг үгсийг дотроо бясалган бодов. Агуу Эдгээгчийнхээ талаарх гэрчлэлийн тухай тунгаан бодож эхлэхэд би баяр хөөрийг мэдэрч, бодгаль минь тайтгарч, амар амгалан болсныг мэдсэн.

Анхаарал халамж тавих нь

Бид Есүсийн эдгээгч үйл хэргийн үлгэр жишээг дагахын тулд судраас суралцах явцдаа, Тэрээр эргэн тойрныхоо хүмүүст анхаарал халамж тавьдаг байсан хэмээх нэг зүйлийг ахин дахин хийдэг байсныг олж харах боломжтой.

Христ хүмүүсийг анзаардаг байсан. Тэрээр соёлын хорио цээрийг үл хамааран самари эмэгтэйтэй ярьж, цаг гарган хүүхдүүдийг адисалж, татвар хураагч болон нүгэлтнүүдтэй хооллож, уяман өвчтэй, орон гэргүй хүмүүст тохинуулж байв. Тэр хүн бүрд анхаарал тавьдаг байсан.

Христийн эдгээх урлагт суралцахаар хичээж буй дагалдагчдын хувьд бид хүмүүсийг Христийн мэлмийгээр хардаг болж эхлэх хэрэгтэй. Бид хүмүүстэй мэндлэх, инээмсэглэх, тэдний өдөр ямар байгааг асуухад цаг гаргах ёстой. Бидний гаргасан хүчин чармайлт эргэн тойронд маань байх ганцаардсан, сэтгэлээр унаж, өвчин туссан, сул дорой эсвэл зовж шаналсан хүмүүст эдгээгч гавар нь болох эсэхийг бид хэзээ ч хэлж мэдэхгүй. Хайрын энгийн үйлдэл ч гэсэн хүчтэй нөлөө үзүүлэх чадалтай.

Христийн ажлыг хийж, бусдыг эдгээх ажилд оролцсоноор бидэнд агуу адислалууд урсан ирэх болно. Христийн тунхагласнаар “Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” (Матай 25:40). Бидний хүн нэг бүрийг эдгээсэн, бидний мэдэж байгаагаас ч олон удаа Өөрийн хайрын мутраар тэврэн авсан, Цагаатгалынхаа эдгээгч гаврыг бидэнд өгсөн Түүнд бид өөрсдийн ах дүүсийг эдгээн туслахын тулд өчүүхэн гэлтгүй хүчин чармайлтаа өргөл болгож чадна. Энэ бол жинхэнэ эдгээх урлаг билээ.

Эшлэлүүд

  1. “Lord, I Would Follow Thee,” Hymns, д. 220-ыг үзнэ үү.

  2. “Амьд Христ: Tөлөөлөгчдийн гэрчлэл,”2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, хавтасны дотор талд.