2019
Бидний ариун сүм рүү хийсэн 30 жилийн аялал
2019 оны 6-р сар


Бидний ариун сүм рүү хийсэн 30 жилийн аялал

Франциско В.Фиерро

Перу, Лима

Зураг
plane flying to Switzerland

Зураг чимэглэлийг Карл Виэнс

Намайг баптисм хүртсэнээс хойш хэдхэн сарын дараа миний дүү Освалдо өөр сүмд нэгдэж, цуглаануудад нь идэвхтэй оролцох болсон юм. Харин би Освалдог миний мэддэг үнэнийг мэдээсэй гэж хүсэж байлаа. Ялангуяа би түүнийг бошиглогчдын үгстэй холбохыг хүссэн.

Би сар бүр Лиахона сэтгүүлээ аваад, Освалдотой хуваалцдаг байв. Сэтгүүл дээрх зарим сэдэв түүнийг сүмийнхээ цуглаанд бэлдэхэд нь тусална гэж би хэлсэн юм. Түүнийг миний саналыг хүлээж авахад нь би баярласан. Олон жил өнгөрсөн ч дүү маань Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хүлээж авахгүй байгаад би харамсдаг байлаа.

Нэг өглөө Освалдо гэрийнхэндээ Эквадорт байдаг гэрээ орхин, Швейцар руу аялах болсноо дуулгав. Тэр явах өдрөө надаас адислал авч билээ. Энэ аялал Освалдог Аврагчид болон Түүний Сүмд ойртуулах болно гэдгийг Сүнс миний зүрх сэтгэлд шивнэсэн тул миний хувьд сэтгэл хөдөлгөсөн мөч байв.

Швейцарт Освалдо номлогчидтой уулзаж, эцэст нь тэр тэднийг гэртээ урьсан юм. Цаг хугацаа өнгөрөхөд тэр тэдэнтэй ойр дотно харилцаатай болов. Гэхдээ хэрэв номлогчдыг баптисмын талаар ярьж эхэлбэл тэднийг цаашид хүлээн авахгүй гэж тэр надад хэлж билээ. Баптисм хүртсэн гэх э-мэйлийг түүнээс хүлээн аваад, би ямар их гайхаж, баярласныг төсөөл дөө. Би 1981 онд Сүмд нэгдсэн. Освалдо харин хорин жилийн дараа, 2001 оны 5-р сард баптисм хүртсэн юм. 2002 оны 7-р сард тэр хувийн хишгээ хүртэж, эхнэртэйгээ 2003 оны 2-р сард лацдан холбуулсан.

Освалдо Эквадорт эргэж ирээд, ариун ёслолын цуглаан дээр гэрчлэлээ хуваалцав. Тэр нүдэндээ нулимс цийлэгнүүлэн, “Ах маань бошиглогчдын үгсийг надтай хуваалцдаг байсан. Тэрхүү үгс намайг өмнө нь явдаг байсан сүмийн цуглаанд маань бэлдэхэд надад сүнсээр өдөөдөг байсан ба олон хүнийг сэнхрүүлсэн. Бошиглогчдын үгс миний амьдралыг өөрчилсөн билээ. Тэдгээрээр дамжуулан би Есүс Христийн сайн мэдээ дэлхий дээр дахин бүрэн байдлаараа, хүч ба эрх мэдэлтэйгээр ирснийг мэдсэн” гэж хуваалцав.

2011 оны 2-р сард Освалдо бид хоёр Эквадорын Гуаяакүл ариун сүмд эцэг эхтэйгээ лацдан холбуулсан юм. Бошиглогчдын үгс бидний гэр бүлийг мөнхөд адисалсан.