2019
Шинэ бүлэг
2019 оны 6-р сар


Шинэ бүлэг

Зохиогч нь АНУ-ын Колорадод амьдардаг.

“These many blessings make me feel so thankful to be me” (Children’s Songbook, 11).

Зураг
A New Chapter

Ээжийгээ орж ирэхэд Сара өрөөндөө хайрцгаа задалж байлаа.

“Бид энэ ханыг шараар будаж болох уу?” гэж тэр ээжээсээ асуув.

Тэд дөнгөж саяхан өөр байшинд нүүж ирсэн юм. Сара шинэ өрөөндөө зориулан, ширмэл хөнжил бас хөшиг сонгож чаджээ.

“Болно гэж бодож байна. Шар өнгө бол аз жаргалын өнгө шүү дээ” гэж ээж нь хэллээ.

Сара орныхоо дэргэдэх жижиг тавиур дээр хэдэн ном тавив. Аав нь ослоор өнгөрснөөс хойш сүүлийн үед ээж нь үргэлж аз жаргалтай байхаа больсон байлаа. Сара харах дуртай аавынхаа зургийг өглөө бүр сэрэхдээ харж байхын тулд номнуудынхаа хажууд болгоомжтой гэгч тавив.

Тэр хамар шуухитнах чимээнээр ээжийнхээ нүдэнд нулимс цийлэгнэж байгааг харлаа.

Сара ээжийнхээ бэлхүүсээр чанга тэврээд, “Ээж ээ, би танд хайртай” гэв.

“Би чамд бүр ч их хайртай” гэж ээж нь хариуд нь хэллээ.

Хичээл эхлэхийн өмнөх бямба гарагт Сара ээжтэйгээ хуучин хувцсаа өмсөн, өрөөнийхөө голд тавилгуудаа зөөж тавиад, шар будагтай саванд будгийн өнхрүүш болгоомжтой гэгч нь дүрлээ. Хэсэг хугацааны дараа хана ч тэр, тэдний нүүр, хувцас ч тэр шар болсон байв!

“Чам дээр нарны гэрлийг цацсан юм шиг харагдаж байна” гээд ээж нь инээмсэглэлээ.

Сара хөхрөн, “Харин таны хажууд гадил жимс дэлбэрсэн юм шиг харагдаж байна!” гэв.

Тэд цэвэрлэж байхдаа ч инээлдсээр байв. Сара маргааш Хүүхдийн хэсэгтээ, нөгөөдөр сургуульдаа явах талаар бодоод, инээмсэглэхээ болив.

Тэднийг будгийн багсаа угаалтуурт зайлж байхад тэр ээждээ “Би сүмд болон шинэ сургуульд явна гэхээс санаа зовж байна. Би багш, хүүхдүүд гээд ямар ч хүнийг ч танихгүй шүү дээ” гэлээ.

Ээж нь усаа хаагаад, Сараг тэврэв.

“Чи найзтай болно шүү дээ. Чи минь бусдыг өөртөө татах сайхан сэтгэлтэй. Чи өөрөөрөө байхад л найзууд аяндаа ирэх болно” гэв.

Сараагийн сэтгэл бага зэрэг амарсан ч санаа зовсон хэвээр л байлаа.

“Аав энд байж, надад адислал өгдөг ч болоосой. Тэр намайг хичээлд орохоос өмнө байнга өгдөг байсан” гэв.

Ээж хэсэг зуур чимээгүй байснаа, “Нагац ах Вайэтаас гуйвал яаж байна? Тэр чамд дуртайяа адислал өгнө гэж би бодож байна” гэж ээж хэлэв.

Сара ч толгой дохилоо. Магадгүй, адислал тус болох байх.

Тэр орой Сарагийн нагац ах толгой дээр нь гараа тавин, түүнд адислал өгөв.

“Амьдралынхаа шинэ бүлгийг эхлүүлж байгаа энэ үед Аврагч чамайг харж хандаж байгаа гэдгийг мэдээсэй хэмээн би адисалж байна. Тэр хэзээ ч чамайг ганцааранг чинь орхихгүй” гэж тэр хэлсэн юм.

Сараагийн анхаарлыг шинэ бүлэг гэсэн үг ихэд татав. Тэр ном унших дуртай бөгөөд номны шинэ бүлэг эхлэхэд үргэлж догдолдог байлаа.

Маргааш нь Сара ээжтэйгээ хамт сүмд явав. Ариун ёслолын дараа ээж нь Сарад Хүүхдийн хэсгийн ангиа олоход нь тусаллаа. Ангид байсан нэг охин түүн рүү инээмсэглэн, сайн уу гэж мэндлээд,

хажуугийн хоосон сандлаа заан “Чи хүсвэл энд сууж болно шүү” гэв.

Сара ч “Баярлалаа. Намайг Сара гэдэг. Би энд шинээр ирсэн” гэж хэллээ.

“Намайг Мелоди гэдэг. Би ч бас энд шинээр ирсэн! Ирээд хоёр долоо хоног болж байна” гэв.

Нэг их удалгүй Мелоди, Сара хоёр Хүүхдийн хэсгийн бусад хүүхэдтэй ярилцаж байлаа. Багш нь маш сайхан хүн байв.

“Сургууль дээр ч бас ийм байгаасай!” гэж Сара тэр орой орондоо орохдоо бодлоо.

Маргааш нь Сара шинэ сургууль руугаа автобусаар явав. Тэр гуравдугаар ангийнхны дунд Хүүхдийн хэсгийн хэдэн хүүхэд байгааг хараад баярлалаа.

Тэр шинэ найзуудтайгаа хамт өдрийн хоолоо идэж байхдаа “Тэнгэрлэг Эцэг минь, баярлалаа” хэмээн дотроо залбирав. “Эцсийн эцэст энэ сайн бүлэг байх бололтой.”