2019
Ианыг хүлээсэн нь
2019 оны 6-р сар


Ианыг хүлээсэн нь

“Надад юу тохиолдсон юм бэ?” гэж Иан асуув.

“We like to be in Primary; we’re happy that you came too” (Children’s Songbook, 256).

Зураг
Waiting for Ian

Иан сэрээд, ээжийнхээ дуулахыг сонслоо. Энэ нь “Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” гэдэг дуу байв. Энэ Ианы Хүүхдийн хэсгийн дуртай дуу байлаа! Тэр ээжтэйгээ хамт дуулж эхлэв.

“Чи сэрчихэв үү” гэж ээж нь асуулаа. Ээж нь инээмсэглэсэн ч нүдэнд нь нулимс цийлэгнэж байв. Иан аавыгаа ээжийнх нь дэргэд сууж байгааг харлаа. Аав нь ч бас баяртай байгаа харагдав.

“Би чиний дуртай дууг өдөр бүр чамд дуулдаг байсан” гэж ээж нь хэллээ.

Иан ээж рүүгээ дахин инээмсэглэсэн ч толгой нь өвдөв. Үнэндээ түүний бие бүхэлдээ, ялангуяа хөл нь бүр их өвдөж байлаа. Тэр эргэн тойрныг болгоомжтой гэгч харав.

Тэр гэртээ биш байлаа. Тэр танихгүй өрөөнд төмөр орон дээр хэвтэж байв. Дараа нь тэр сувилагчийг мөн ойр хавьд нь өөр олон ор байхыг олж харав. “Энэ эмнэлэг бололтой” гэж тэр бодов.

“Надад юу тохиолдсон юм бэ?” гэж тэр асуулаа.

Ээжийнх нь царай дүнсийн, “Чи золгүй осолд орсон. Чиний дээрээс төмөр хаалга унаж, чи эмнэлэгт хоёр долоо хонож байна. Гэхдээ чи удахгүй зүгээр болно оо” гэв.

Хоёр долоо хоног оо! “Хөөх, ямар удаан унтаа вэ” гэж Иан бодлоо. Тэр хамгийн сүүлд сүмийн байранд Хүүхдийн хэсгийн хөтөлбөрт бэлдэж байснаа л санаж байв. …

Өө, үгүй байлгүй дээ! Хөтөлбөр!

“Би Хүүхдийн хэсгийн хөтөлбөрөөсөө хоцорчихсон уу?” гэж Иан асуулаа. Тэр хөтөлбөрт оролцохыг маш удаан тэсэн ядан хүлээж байсан! Тэр найзуудтайгаа хамт дуулах дуртай байв.

Ээж нь инээмсэглэн, толгойгоо сэгсрээд, “Үгүй дээ, чи хоцроогүй. Тойргийнхон чамайг сэрж, хөтөлбөрт оролцож чадах болтол хойшлуулахаар шийдсэн” гэв.

“Үнэн гэж үү?”

“Үнэн” гэж аав нь хэллээ. “Хүүхдийн хэсгийн бүх хүүхэд бишопоос хүлээхийг гуйсан. Тэд чамайг оролцуулахыг хүсэж байгаа. Энэ жил оролцоно гээд чиний хэчнээн их догдолж байсныг тэд мэдэж байсан.

Иан Хүүхдийн хэсгийн хөтөлбөртөө оролцох болсондоо баяртай байв. Гэвч тэр эхлээд биеэ сайжруулах хэрэгтэй байсан ба үүнд хугацаа шаардагдах байлаа. Тэр эмнэлэгт нэг хэсэгтээ л хэвтэх ёстой байв. Тэр эцэст нь гэртээ ирсэн ч алхаж бас тоглож ч чадахгүй байлаа.

Харин найзууд нь түүнийг эргэж ирэв. Иан тэднээс сургууль болон сүмийн талаар асуув. Харин тэд хэзээ буцаж ирэхийг нь түүнээс асуулаа.

Тэр тэдэнд “Хөлөө бүрэн эдгэтэл очихгүй. Би одоо болтол алхаж чадахгүй байгаа” гэв.

10-р сар өнгөрч, 11-р сар гарахад Иан аажим аажмаар сайжирчээ. Нэг өдөр найзууд нь түүнийг ирж, хамт кино үзэхэд урив. Ианы ээж, аав хоёр түүнийг тэнд очиход тусаллаа.

“Хөл чинь өвдсөөр л байна уу?” гэж найз Чэйс нь түүнээс асуув.

Иан “Тийм ээ. Гэхдээ өдөр өдрөөр дээрдэж байгаа” гэлээ.

“Чи алхаж чадах уу?” гэж Чэйсийг асуухад

“Мэдэхгүй ээ” гэж Иан хариулав.

Чэйс “Хичээгээд үзэх үү?” гэлээ. Тэр түүнд босоход нь туслахад Иан хөлөө болгоомжтой гэгч газарт тавив. Тэр босохоор биеэ урагш хөдөлгөлөө. Зогсож чадлаа! Энэ бол сар гаруй хугацаа өнгөрсний эцэст хийсэн анхны алхам байв. Хүн бүр алга ташив.

“Энэ чинь чи одоо буцаад сүмдээ явж болно гэсэн үг!” гэж Чэйс хэллээ.

Түүний зөв байлаа! Хэдэн долоо хоногийн дараа Ианы хөл огтхон ч өвдөхөө больсон юм. Эмч нар хөлийнх нь гипсийг авч, оронд нь чиг тавилаа. Ням гараг болоход Хүүхдийн хэсгийн хөтөлбөр эхлэх цаг болов.

Иан ариун ёслолын цуглаан дээр индрийн өмнө найзуудтайгаа алхан гарлаа. Тэр цэх зогсоод, ээж, аав хоёроо харж инээмсэглэв. Тэр дуугаа чадлынхаа хэрээр чанга дуулж байлаа. Түүний ээлж болоход тэр микрофонд ойртож зогсон, гэрчлэлээ хуваалцав. Тэр Хүүхдийн хэсгийн найзууддаа талархаж байгаагаа хэлжээ. Тэр бас Хүүхдийн хэсгийн хөтөлбөрийн нэг хэсэг нь байсандаа баяртай байв.