2019
Жишгийнхээ дагуу амьдрах нь
2019 оны 6-р сар


Жишгийнхээ дагуу амьдрах нь

“Мөн ямар ч цагт Бурханы гэрчлэгч болж зогсох нь” (Мозая 18:9).

Зураг
Living My Standards

Аав маань армид байсан тул намайг бага байхад манайх их нүүдэг байв. Нүүхийн хамгийн хэцүү хэсгийн нэг бол найзуудаа орхиж явах байдаг байлаа. Би ичимхий байсан учраас миний хувьд шинэ найзтай болох нь хүндхэн даалгавар байв. Аз болоход сургууль дээр ч, Хүүхдийн хэсэгт ч хүмүүс үргэлж эелдэг ханддаг байлаа. Сүм дээр бидний өөр байх огтхон ч хамаагүй байдаг байв. Бид бүгдээрээ зүгээр л найзалдаг байсан.

Сүм дээр бусдад туслах нь надад ичимхий байдлаа даван гарахад тусалсан юм. Энэ нь бүр Хүүхдийн хэсгээс эхэлсэн. Би хуваалцах цаг дээр судраас хуваалцаж, ангидаа чанга дуугаар уншдаг байсан. Ийнхүү би бага багаар өөртөө илүү итгэлтэй болж байв. Энэ нь намайг итгэл үнэмшлийнхээ төлөө зогсоход тусалсан юм.

Намайг дөрөв юм уу тавдугаар ангид байхад манайх АНУ-ын Мэриландад амьдарч байлаа. Манай сургуульд Сүмийн гишүүд олон байсангүй. Тиймээс надад Сүмийн гишүүн болон гишүүн биш найзуудын аль аль нь байсан.

Намайг өсвөр насанд байхад зарим найз маань миний жишигт таарахгүй зүйл хийдэг болов. Гэхдээ тэд надаар тэр зүйлээ хийлгэх гэж шахдаггүй байлаа. Найзууд маань миний итгэл үнэмшлийг хүндэлдэг байсанд би баярладаг. Заримдаа сургуулийн найзуудынхаа хийдэг бүхнийг хийж чадахгүй болохоор ганцаардаж байгаа юм шиг санагддаг байсан ч жишгээ дагаж байгаадаа үргэлж өндөр сэтгэгдэлтэй явдаг байв. Би юу ч болж байсан сайн мэдээний дагуу амьдарна гэж шийдсэн юм. Миний гэрчлэл Хүүхдийн хэсэгт болон гэр бүлийн үдшийн үеэр илүү хүчирхэгжиж байв. Би Бурханы хүүхэд гэдгээ мэддэг болсон.

Олон жилийн дараа сургуулийн найзуудаас маань хоёр хүн Сүмд нэгдсэнийг би олж мэдлээ. Би ямар их баярласан гээч! Намайг багадаа сайн мэдээний дагуу амьдарч байгааг харсан явдал тэдэнд номлогчдыг сонсох шийдвэр гаргахад тусалсан гэж тэд надад хэлсэн.

Хайрт залуу найзууд аа, та нар бидний Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд билээ. Та энэ чухал үнэнийг өдөр бүр санаж байх юм бол сайн мэдээний дагуу амьдрахад илүү амар хялбар болно.