2019
Цэцэгс ба санхүүгийн хувьд баталгаатай болсон нь
2019 оны 6-р сар


Бие даасан байдлаас ирдэг адислалууд

Цэцэгс ба санхүүгийн хувьд баталгаатай болсон нь

Зохиогч нь АНУ-ын Арканзаст амьдардаг.

Их Эзэн миний чадавхыг өсгөн нэмэгдүүлж, чадваруудыг дээшлүүлж, өөрийн минь чадлаар хүрч чадахгүй өндөрлөгт намайг хүргэсэн.

Зураг
overturned tractor

Зураг чимэглэлийг Дэвид Грийн

Коллеж төгсөөгүйдээ би үргэлж сэтгэл дундуур явдаг байв. Нөхөрт маань ямар нэг зүйл тохиолдвол гэр бүлээ санхүүгийн хувьд тэтгэж чадахгүй гэдгээ би мэддэг байлаа.

Гэтэл нэгэн аймшигтай зүйл болсон юм. Би цочирдмоор, зүрх эмтрэм утасны дуудлага хүлээн авав.

Осолд орсон нөхөр минь “911 рүү утасд! Би тракторт дарагдчихлаа!” гэж хашхирлаа.

Би тусламж дуудсаныхаа дараа АНУ-ын Арканзасын Пий Ридж дэх эдлэн газартаа хайрган зам дээр яваа түргэн тусламжийн машинуудыг гүйцэж түрүүлэн, түүний цэвэрлэж байсан газарт рекорд тогтоох хугацаанд амжиж ирсэн юм. Барри амьд байсан ч бүтэн эргэсэн тракторын хөдөлгүүрийн доор дарагдсан байв.

Онцгой байдлын ажилчид гидравлик аврах машиныг ашиглан, тракторыг дээш өргөн, Барриг чөлөөлж гаргалаа. Дизель түлшинд норсон түүний хоёр хөл хэд хэдэн газраар хугарсан харагдав. Түүнийг гэмтлийн төв рүү яаралтай авчран, тэнд хөлийнх нь рентген зургийг авахуулахаас өмнө санваарын адислал өгсөн юм.

Ямар ч яс хугараагүй байсанд бид гайхсан ч Барригийн нэг хөл ар талаараа дизель түлшинд гүн түлэгдсэн байлаа. Дарагдсанаас болж үүссэн бяцрал гэмтэл бөөрийг нь хордуулсан байв. Түүний амь нас дээсэн дөрөөн дээр байлаа.

Барри хүнд байдалтай таван өдрийг эмнэлэгт өнгөрүүлсний дараа түүний хордлогын түвшин буурч эхлэв. Дараагийн хэдэн сарыг боолт солих, арьс нөхүүлэн суулгах, мэс засал хийлгэх, өндөр даралтат хүчил төрөгчийн эмчилгээнд орох зэргээр өнгөрүүлсэн юм. Барри биеэ хангалттай сайжирсны дараа гэрээсээ борлуулалтын ажлаа дахин хийж эхлэв.

“Хэн ч намайг ажилд авахгүй”

Энэ үйл явдал намайг нойрноос минь сэргээсэн юм. Би Барри байхгүй бол юу хийж болох вэ гэж дараагийн хэдэн жил бодох зуураа сайн дурын ажил хийн, семинаруудад оролцож, хэд хэдэн хагас цагийн ажилд анкет бөглөж үзэв. Гэвч надад зах зээлд тохирсон ур чадвар байгаагүй тул хэн ч намайг ажилд авахгүй байлаа.

Бид хэдэн малаа бэлчээрт гаргадаг фермдээ түшиглэн амьдардаг байсан тул би фермийн чиглэлээр амьжиргаагаа олохоор судалгаа хийж эхлэв. Нэг өдөр надад цэцгийн талаар санаа орж ирэх нь тэр. Цэцгийн аж ахуйг судлаад, оролдож үзэхээр би шийдлээ. Би цэцэг тариалагчдын чуулганд явж, бэлчээрээс ургамал тариалах газраа бэлтгэв. Дараа нь би 2016 оны 11-р сард бие даах чадвар хөгжүүлэх үйлчлэлийн төвийн Хэрхэн хувийн бизнес эхлүүлж, хөгжүүлэх ангид бүртгүүлсэн юм.

Өөрийн гэсэн цэцгийн дэлгүүр

Арван хоёр долоо хоногийн курс хичээл надад хэрэгтэй байсан яг тэр зүйл мөн байв. Надад бизнесийн үндсэн төлөвлөгөө бас олон сайхан санаа байсан ч зохион байгуулалт дутагдаж байлаа. Өмнө нь бодож байгаагүй санаанууд ангид байхад орж ирдэг байсан. Би ч тэдгээрийг нэг нэгээр нь хэрэгжүүлсэн юм. Эхний жилдээ цэцгээ ургуулан, зарж эхлэхэд ангид мэдэж авсан санал зөвлөгөө, зарчмууд маш их хэрэг болсон.

  • Би бага хүүтэй бизнесийн зээл авсан.

  • Би зах зээлийнхээ хүрээг фермерийн зах зээл, цэцгийн дэлгүүрүүд зэргээр тэлсэн.

  • Би үйлчилгээгээ өргөтгөх зорилгоор аж ахуй дээрээ хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулсан.

2017 оны сүүлээр, тариалж эхэлснээсээ хойш нэг жилийн дараа, цэцгийн дэлгүүрүүдээр явж зарахад хэт их цаг зарцуулж байгаагаа би ойлгосон юм. “Яагаад өөрийн гэсэн цэцгийн дэлгүүр нээж болохгүй гэж?” гэж би өөрөөсөө асуув. Орон нутгийн цэцгийн дэлгүүр үүдээ барьж, барилга нь хоосрон хаягдсан байв. Нөхөр бид хоёр дэлгүүрийг худалдан авч, засаж янзлан, хажуугаар нь уран зураг, орон нутгийн гар урлалын зүйл бас зардаг цэцгийн дэлгүүр нээлээ. Үүнээс гадна, би ургамлын түрээсийн болон ногоон ургамлын дотоод засал чимэглэлийн дизайны бизнестэй болов.

Би цэцгээ дэлгүүртээ болон кофе шоп, хувцасны дэлгүүр, орон нутгийн онгоцны буудлын мухлагуудад зардаг. Би өдөр бүр өөрт хэрэгтэй ургацаа л хураан авдаг юм.

Их Эзэн анхаарал халамж тавьдаг

Их Эзэн миний бизнест анхаарал халамж тавьдаг гэсэн гэрчлэл надад бий. Тэр надад санхүүгийн хувьд хөл дээрээ зогсож мөн боломжтой цагаараа ирж ажиллах сонирхолтой хэдэн эмэгтэйд болон хичээлийнхээ хажуугаар ажиллая гэсэн оюутнуудад зориулан ажлын байр бий болгоход тусалсан. Охидын маань нэг нь цэцгийн аж ахуйгаа зохицуулж, хөвгүүдийн маань хоёр нь ногоон байгууламж барихад туслах гэх мэтээр фермийн ихэнх ажлыг хариуцан хийдэг. Харин Барри оройн цагаар болон амралтын өдрүүдэд хүнд зүйлс өргөж, зөөхөд тусалдаг.

Бид бүгдээрээ бие биенээ дэмжиж, хамтарч ажилладаг. Үүнд гар бие оролцсон бүх хүн адислагдсан. Хэдийгээр надад зав тийм их гараад байдаггүй ч гэр бүл, Сүмийн дуудлага, тохинууллын ажил үүрэг, сайн дурын ажил хийхэд би үргэлж цаг зав гардаг.

Үр, булцуу суулгахаас эхлээд цэцгээ үйлчлүүлэгчдийн гар дээр тавих хүртлээ ажиллах нь надад асар их зүйлийг хийж чадсан гэсэн гайхалтай мэдрэмжийг өгдөг. Их Эзэн миний чадавхыг өсгөж, өөрийн чадлаар хэзээ ч хүрч чадахгүй байсан өндөрлөгт намайг хүргэсэн гэдэгт би огтхон ч эргэлздэггүй.