2019
Эцэст нь ариун сүмд оров
2019 оны 6-р сар


Зөвхөн цахим хувилбараар

Эцэст нь ариун сүмд оров

Карибын тэнгисийн жижигхэн аралд амьдардаг хүнд ариун сүмд орно гэдэг бол биелэгдэшгүй мөрөөдөл байв.

Зохиогч нь Барбадост амьдардаг.

Хэдэн жилийн өмнө би ариун сүм гэж юу болох талаар юу ч мэддэггүй байлаа. Бараг гурван жилийн өмнө Сүмийн талаар олж мэдсэнийхээ дараа ч гэсэн ариун сүм бол номлогчдын зохиосон үлгэр мэт надад санагдаж байлаа. Карибын Барбадос хэмээх манай жижигхэн аралд дэлхий дээрх ариун сүм гэгч ойлголт үнэн гэхэд хэт ахадсан гайхалтай үлгэр мэт байв. Хэрэв тэдгээр нь тийм л сайхан юм бол яагаад Барбадост байхгүй байгаа юм бэ?

Сүмд нэгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа л би Тэнгэрлэг Эцэгийн үнэн Сүмийн гишүүний амьдралд ариун сүмийн гүйцэтгэдэг үүргийн талаар илүү гүн ойлгох болсон юм. Би манай бяцхан аралтай хамгийн ойр орших газрын буюу Доминиканы Бүгд Найрамдах Улсын Сан-Доминго ариун сүмд орохыг асар их хүсэх болов.

Асуудлууд ба бэлтгэл ажил

Доминикан улс руу очих нислэгийн билет дансанд маань байгаа хэдхэн доллароос хавьгүй үнэтэй байв. Ар араасаа урсан гарч ирэх асуудлаас болж би ариун сүмд орохоор тавьсан зорилгоо улам бүр хойшлуулсаар, хэзээ ч биелэгдэшгүй мэт санагдах болов. Гэхдээ би ерөнхийлөгч Томас С.Монсоны (1927–2018): “Ариун сүмийг зорилгоо болго. Ариун сүмийн хаалгаар орох, тэнд өгөгддөг ариун нандин, мөнхийн адислалуудыг хүртэхээс та нарыг холдуулах юуг ч бүү хий” хэмээх эшлэлийг үргэлж санадаг байсан юм (“Ариун сүм—дэлхийн гэрэлт цамхаг,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган).

Мөнх бус амьдрал дахь хамгийн агуу баяр баясгалангийн нэгийг ариун сүмээс олж авдаг. Ариун сүмд орох бүрд тэдний сэтгэлийг дүүргэдэг баяр баясгалан, амар амгалангийн мэдрэмжийн талаар номлогчдын яриаг сонсохдоо хэдийгээр би байгуулсан гэрээндээ үнэнч байсан ч тэдэн шиг ариун сүм рүү алхаж очих юм уу машинаараа яваад оччих зайд ойрхон амьдрах аз завшаан тохиогоогүй тул тэдэнд бяцхан атаархдаг байсан. Доминиканы Бүгд Найрамдах Улсын ариун сүм хол учраас намайг тэнд хүлээж байгаа адислалуудаас би гэдэг хүн хэзээ ч хүртэхгүй юм байна гэж бодох болж билээ.

Ариун сүмд орох итгэл найдвараа бүрмөсөн алдахын ирмэг дээр Доминиканы Бүгд Найрамдах Улс руу хийсэн Барбадосын Брижтаун Номлолын ганц бие залуучуудын аяллын үеэр би ариун сүмд орох мөрөөдлөө биелүүлсэн юм. Бэлтгэлээ базаасан маань тусалсан байв. Ариун сүмд орох нь аль ч талаас нь харахад жижигхэн бөгөөд өчүүхэн зүйл биш байлаа. Тиймээс шинэ жил эхлэнгүүт би сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихийн тулд ханцуйгаа шамлан, үүн дээрээ ажиллаж эхлэв. Би ариун ёслол хүртэхэд илүү нухацтай хандаж, цуглааны үеэр анхаарлаа илүү их хандуулах болж, боломж гарах бүрд гэрчлэлээ хуваалцан, цахим хэрэгсэл хэрэглэн анхаарлаа сарниулахаа больж, сүмд өнгөрүүлэх цагаараа Сүнсийг илүү ихээр мэдрэх олон арга замыг эрэлхийлэх болсон.

Эцэст нь …

Ариун сүмд орохынхоо өмнө сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэй, зохистой байх нь Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулан бэлдсэн адислалуудыг хүлээн авахыг баталгаажуулдаг. Олон сарын турш зовж зүдрэн, соригдож, тэр ч бүү хэл хайртай эмээгээ алдсаны дараа Доминиканы Бүгд Найрамдах Улсын ариун сүмийн газар луу хамгийн эхлээд алхан ороход надад ямар мэдрэмж төрж байсныг илэрхийлэх боломжгүй. Би нулимс дуслуулан тэнд зогсохдоо Сүнсийг урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүйгээрээ мэдэрсэн.

Тэр аяллын үеэр би ариун сүмд орох бүрдээ Мормоны Номын нэгэн судрыг үргэлж нээдэг байсан юм. Хэдийгээр эмээ минь нас барахынхаа өмнө Сүмийн гишүүн байгаагүй ч би түүнд энэ судрыг үргэлж уншиж өгдөг байв. Уг судар 1 Нифай 3:7 дээр байдаг ба “Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, эцэгтээ хандаж хэлрүүн: Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана гэдгийг би мэдэх учраас би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” гэсэн байдаг.

Тэнгэрлэг Эцэг ариун сүмд очих замыг надад зориулан бэлдэж байсан бөгөөд Түүний бурханлаг оролцооны ачаар эцсийн эцэст тэнд очиж чадсан гэдгээ би баттай мэднэ. Бидний замд эсэргүүцэл, бүдрэх чулуу дайралдах бүрд зам маань харанхуй мэт санагдаж байсан ч Тэнгэрлэг Эцэг бидэнд урагш явах замыг гаргаж өгөх болно. Ариун сүм бол үнэхээр ариун газар бөгөөд тэнд бид дэлхий дээрх биднийг гэсэн Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэх боломжтой.