2019
Хүүхэдтэй болох айдсаа даван гарсан нь
2019 оны 6-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Хүүхэдтэй болох айдсаа даван гарсан нь

Зохиогч нь АНУ-ын Техаст амьдардаг.

Хүүхэдтэй болох нь миний хүссэн амьдралын өөрчлөлт биш байлаа.

Хүүхдүүд миний дуртай зүйл биш байв. Би гэрийнхээ отгон нь байсан ба нялх хүүхэдтэй хамт байж ч үзээгүй бөгөөд хөлд орж байгаа хүүхдийг над руу харахад л самгарддаг байлаа. Тиймээс би анх гэрлээд, хүүхэдтэй болно гэхэд тийм ч их баярлахгүй байв.

Нөхөр маань эхний өдрөөсөө л үр хүүхэдтэй болохыг хүссэн ч би хүлээе хэмээн ятгасан юм. Эхний хэдэн сарын туршид “Энэ талаар жилийн дараа ярья” гэсэн үг миний уриа байсан гэж хэлж болно.

Энэ нь хүүхэдтэй болох тал дээр асуудалтай хүмүүсийн шалтгаан биш байж болох ч намайг айдас, амин хувиа хичээх байдал хойш татаж байсныг би үнэхээр сайн мэдэж байсан. Өөрийгөө эх хүн болж байна гэж бодоход зүрх сэтгэлийг минь хөөрхөн инээмсэглэл, эгдүүтэй инээд дүүргэхгүй байв. Үүний оронд нойргүй шөнө, ямар ч чөлөөт цаг гарахгүй байх тухай л надад бодогддог байлаа. За тэр өвдөх, тавгүй байх талаар бодохын ч хэрэггүй байв. Би хүүхэд төрүүлэх талаар анх удаа сонсож байснаа одоо ч гэсэн санадаг. Яг тэр үед би шууд л хүүхэд өргөж авна гэж шийдсэн юм.

Бүхий л амьдралынхаа туршид хүүхдүүдийн хажууд байх надад тавгүй байдаг байсан тул өөрөө хүүхэдтэй болно гэж төсөөлж ч чадахгүй байлаа. Би яаж тэдэнд бүхнээ зориулах юм бэ?

Гэрлэсний дараах найм, есөн сард сүртэй өөрчлөлт гарсангүй. Нөхөр маань намайг “Юу гээч?” гэж хэлэх тоолонд “Чи жирэмсэн болчихсон уу!” гэж хэлж хошигнодог байлаа. Би ч нүдээ эргэлдүүлэн, яагаад ч нэг хэсэгтээ хүүхэдтэй болохгүй гэдгийг сайн гэгч тайлбарладаг байв.

Намайг битгий буруу ойлгоорой. Хүүхэдтэй бол гэж хэн ч намайг шахаж шаардаагүй. Нөхөр бид хоёр хоорондоо ярилцан, бага багаар асуудлаа шийдвэрлэхээр болсон байв. Гэхдээ би дотроо тийм хурдан хүүхэдтэй болохгүй л байх гэж бодож байлаа.

Тэгсэн ч гэсэн Тэнгэрлэг Эцэг миний амьдрал ямар байж болохыг бас ямар байх ёстойг сайн мэднэ гэдгийг би мэдэж байлаа. Тиймээс би хүүхэдтэй болохоо хойшлуулах хэрэгтэй гэдэгт бат итгэж байсан ч энэ шийдвэрийнхээ талаар ганцаараа ч, нөхөртэйгөө хамт байхдаа ч гэсэн залбирсаар байв. Бид Тэнгэрлэг Эцэгт төлөвлөгөөгөө хэлдэг байсан ч Түүний таалалд нийцвэл өөр төлөвлөгөөг ч гэсэн хүлээж авна гэдгээ хэлдэг байсан. Энэ нь миний зүрх сэтгэлийг бага багаар өөрчлөгдөхөд тусалсан чухал алхам байв.

Харин тэр өөрчлөлт нэг дор гараагүй. Үнэндээ энэ нь яг хэзээ өөрчлөгдөж эхэлснийг би санахгүй байна. Гэхдээ би үр хүүхэдтэй болох гэсэн санаанд бага багаар дургүйцэхээ болив. Би энэ талаар, ялангуяа хойшлуулах шалтаг багасах үед нухацтай бодох болсон юм. Харин би сургуулиа төгсөх дөхөж байсан тул төгстлөө хүлээхийг хүсэж байлаа. Нөхөр маань ажлын санал хүлээн авсан тул бид дараа жил хаана амьдрахаа мэдэхийг би хүсэж байв. Бага багаар ч гэсэн бүх зүйл байр байрандаа орж байлаа.

Удаан хугацаанд хойшлуулах болсон шалтаг маань дуусахаас би айж сандарч байв. Харин цаг нь болоход зүгээр л миний айдас алга болсон байсан. Сүүлийн арван жилийн турш дотроо тээж явсан айдас маань ор мөргүй алга болсон байлаа. Ядаж айдсыг минь дарж чадах амар амгаланг хүчтэй мэдрэх болсон юм.

Тиймээс гэрлэснийхээ нэг жилийн ой дөхөхөд надад үр хүүхэдтэй болж болохгүй хэмээн шалтаг тоочих ямар ч шалтгаан байсангүй. Их Эзэн миний зүрх сэтгэлийг өөрчлөн, айдсыг минь дарсан юм.

Дараа нь нэг найз минь хүүхэдтэй болоход тохирох цаг гэдгээ хэрхэн мэдсэнийг надаас асууж билээ. Би хүүхэд хайрлах асар их хайраар дүүрээгүй, зүрх сэтгэл дотроосоо шатахыг огтхон ч мэдрээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Зүгээр л ямар ч айдсын үл мөр үлдээгүй юм. Яг л эхэн үеийн хожмын үеийн гэгээнтнүүдэд Бурхан “хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй” хэмээн хэлсэнтэй адилхан байлаа (Сургаал ба Гэрээ 38:30). Миний хувьд айдасгүй байх нь Их Эзэний “Тийм ээ, чи бэлэн” хэмээн өгсөн хариулт байлаа.

Нөхрийгөө “Чи жирэмсэн болчихоо юу!” гэж хариулахад анх удаагаа инээж, тийм ээ гэж хариулахдаа би ямар их баярлаж байсан гээч!

Харин одоо би өвөр дээрээ бяцхан хүүхэд тэврээд сууж байна. Би одоо ч гэсэн эх хүн болоход суралцан, өөр хүмүүсийн хүүхдүүдийн дэргэд юу хийхээ мэдэхгүй самгарддаг хэвээр. Гэхдээ хүүхдийн хувьд миний сул тал юу ч байсан бай, Тэнгэрлэг Эцэг энэ тал дээр миний арыг даасан гэдгийг би мэднэ. Тэр намайг яг энэ цаг үед бэлтгэсэн. Хэдийгээр надад айдас, эргэлзээ төрж байсан ч би Түүний бурханлаг тусламжийг мэдэрсэн. Надад болон гэр бүлд минь ирсэн баяр баясгалантай харьцуулахад шөнийг нойргүй өнгөрүүлэх, чөлөөт цаг гарахгүй байх зэрэг нь өчүүхэн жоохон золиос юм. Тэнгэрлэг Эцэг бидний айдас, нөхцөл байдлыг сайн мэддэг гэдгийг би мэднэ. Түүний тусламжийг эрэлхийлэх юм бол Тэрээр бидэнд тэдгээрийг ялан дийлж, итгэлээр урагшлан явахад тусална.