2019
Биелүүлж чадах бодит зорилго тавих нь
2019 оны 6-р сар


Амьдралын бэлтгэл

Биелүүлж чадах бодит зорилго тавих нь

Та сайжирч, аль нэг чадвараа хөгжүүлж, ямар нэгэн шинэ зүйл сурахыг хүсэж байна уу? Та үүндээ хүрэхийн тулд зарим зорилго тавьсан нь тодорхой.

Зураг
writing in notebook

Бид заримдаа зорилгын урт жагсаалт гаргаж, тэдгээртээ хүрэхийн тул ихээхэн хичээл зүтгэл гаргадаг ч дараа нь зорилгоо мартаж, бууж өгдөг. Танил сонсогдож байна уу? Яагаад бид өөрчлөгдөж, сайжрахыг хүсдэг ч заримдаа тавьсан зорилгодоо тууштай байж чаддаггүй вэ? Үнэндээ, энэ нь бидний зорилго хэр бодитой мөн үүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөхөд хэр зэрэг бэлэн байгаагаас шалтгаалдаг.

Хэрхэн бодит зорилго тавих талаар хэдэн санаа өгье.

  • Олон талаас нь харж тооцоолсон зорилго тавь. Амьдралынхаа зөвхөн нэг бус, олон талыг хүчирхэгжүүлэхэд анхаар. Аврагч төгс жишээ үзүүлсэн. “Есүс бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ” (Лук 2:52). Энэ нь Тэрээр оюун санаа, бие махбод, нийгэм, сүнслэг байдлын хувьд өсөж хөгжиж байсан гэсэн үг. Та ч бас үүнтэй адил зорилго тавьж болно. Таны зорилго өөрийг тань илүү сайн хүн болоход тусалж байгааг мэдэх нь тэдгээр дээр үргэлжлүүлэн ажиллах сэдлийг танд өгнө.

  • Зорилгоо бич. Бичсэн зорилгоо өдөр бүр харж болох газарт тавь! Өрөөнийхөө самбар, сургуулийнхаа шүүгээ, тэр ч бүү хэл утсан дээр чинь байгаа эсэхээс үл хамааран зорилгоо байнга харж бай. Тавьсан зорилгоо санах тусам үүндээ хүрэхийн тулд үргэлжлүүлэн ажиллах магадлал тань өснө.

  • Тодорхой бай. Хэрэв та жагсаалтдаа зорилгоо “Шинэ зүйл сурах” гэж оруулсан бол энэ нь үнэндээ бодит ч гэлээ тодорхой зорилго биш юм. Та юу сурахыг хүсэж байна вэ? Шинэ зэмсэг үү? Шинэ жор уу? Магадгүй, шинэ хоббитой болмоор байна уу? Биелүүлэхийг хүсэж байгаа зүйлээ нарийн тодорхойл.

  • Богино хугацааны зорилго тавь. Та өөртөө том зорилго тавьж болох ч уг зорилгодоо хүрэх замдаа жижиг алхмуудыг хийсэн байх ёстой. Үндсэндээ, танд төлөвлөгөө хэрэгтэй. Жишээ нь, та энэ жил марафонд гүйхийг хүсэж байгаа. Та 42 км гүйхийн тулд эхлээд бага зайд гүйж эхлэх хэрэгтэй. Долоо хоног бүр хэдэн км гүйх зорилгоо тавьж, зайгаа долоо хоног бүр аажмаар нэм. Зорилгодоо хүрэх төлөвлөгөө гаргавал Бурхан үүндээ хүрэхэд бидэнд туслах болно (Сургаалт үгс 16:9-ийг үзнэ үү).

  • Зорилгодоо хүрэхэд цаг зав гарга. Амьдралд цаг зав гарахгүй үе гардаг тул хичээл сургууль, ажил төрөл, найз нөхөд, гэр бүл гэсээр зорилгоо орхигдуулдаг тал бий. Харин та зорилго дээрээ өдөр бүр, долоо хоног тутам эсвэл хүссэн цагтаа ажиллах тодорхой цаг гаргавал үүн дээрээ тууштай ажиллах магадлал өсдөг.

  • Хэтрүүлэн хийх хэрэггүй. Хийнэ гэсэн болгоноо санах боломжгүй хэт их зорилго бүү тавь. Нэг удаа 40 зүйлийг зэрэг хийх гэж хичээхийн оронд хоёрхон чухал зорилго тавьж эхлэх юм бол та зорилгодоо хүрэхээр хичээж чармайхдаа бага бухимдаж, илүү их итгэлтэй байх болно. Бид эдгээрийг “мэргэн ухаанд мөн эмх цэгцэнд хийх хэрэгтэй, учир нь хүн өөрт нь буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй” (Moзая 4:27). Харин та нэг зорилгодоо хүрсэн тохиолдолд дараа дараагийн зорилгодоо хүрэхэд хялбар болдог! Жижиг зүйл том зүйл рүү хөтөлдгийг санагтун.