2019
Галилын хүмүүс
2019 оны 6-р сар


Галилын хүмүүс

Аврагч дэлхий дээр байхдаа олон хүнд зааж, тохинуулсан. Тэд Есүс Христийн Галилд байхдаа тохинуулсан хүмүүсийн зарим нь байсан юм. Энэ хүмүүст судар дээрх өөрсдийн түүхийг ярих боломж олдвол тэд юу гэж ярих байсан бол? Энд хэд хэдэн санааг дурдав.

Зураг
children in Galilee

Хүүхэд: Би Есүс Христийн болон Түүний төлөөлөгчдийн дэргэд зогсож байсан. Төлөөлөгчид ямар нэг зүйлийн талаар маргалдаж байсан ба Есүс Христ үүний талаар тэднээс асуусан. Төлөөлөгчид өөрсдийнх нь хэн нь тэнгэрийн хаант улсад хамгийн агуу нэгэн байх талаар маргалдаж байсан учраас бүгд нам гүм болцгоож, хэн нь ч ам нээгээгүй. Дараа нь Аврагч намайг дуудсан. Намайг тэдний дунд орж зогсоход Тэр намайг энгэртээ тэвэрсэн. Тэр тэдэнд бяцхан хүүхэд адил даруу байх хэн боловч тэнгэрийн хаант улсад хамгийн агуу нь байх болно хэмээн хэлсэн. (Марк 9:33–37; Матай 18:1–5-ыг үзнэ үү.)

Бяцхан хүү: Би Есүс Христийн талаар болон Түүний өвчтэй хүмүүст үйлдсэн гайхамшгуудын тухай олж сонссон. Тиймээс Түүнийг Тиберт ирэхэд би дагаж байсан хүмүүсийн дунд оров. Бид олуулаа, бараг л 5000 хүн байв. Надад таван арвайн талх, хоёр загас байлаа. Есүс Христ тэдгээрийг авч, адислав. Гайхалтай нь бүх хүн надад байсан тэр хоолоор хооллосон юм. Гэвч үйл явдал үүгээр дуусаагүй. Хүмүүсийг цадсаны дараа шавь нар нь үлдэгдлийг цуглуулахад 12 сагс дүүрсэн гээч. (Иохан 6:5–14-ийг үзнэ үү.)

Зураг
people in Galilee 1

Эрэгтэй хүн: Би саа өвчтэй байсан тул хөдөлж ч чадахаа больсон байлаа. Үүнээс гадна би өөрийн мэдэлгүй салгалан чичирдэг байсан ба аймшигтай байдаг байв. Найзууд маань Есүс Христ нэгэн байшинд зааж байгааг дуулгасан юм. Тэд Түүнийг надад тусалж чадна гэдгийг мэдэж байсан тул намайг Түүн дээр аваачих гэж хичээв. Байшин пиг дүүрэн хүнтэй байсан тул тэд намайг дээврээс доош буулгахаар шийдсэн. Тэд дээврийг хуулж аваад, намайг Есүс Христийн өмнө доош буулгав. Тэр намайг хараад, нүглүүд чинь уучлагдсан гэлээ. Тэр намайг босож, дэвсгэрээ аваад, алх гэв. Намайг босож алхахад хүн бүр гайхаж байлаа! (Марк 2:1–12-ыг үзнэ үү.)

Түшмэл: Би тэр үед Кана хотод байсан. Хүү минь Капернаумд үхлийн ирмэг дээр ирсэн байлаа. Есүсийг тэнд байгааг дуулаад, би Түүн дээр очив. Би ирээд, Капернаумд очиж, хүүг минь эдгээж өгөөч хэмээн Түүнээс гуйв. Тэр надад “Яв, чиний хүү амьд байгаа” гэж хэлсэн. Харин намайг Түүнд итгэн, гэртээ ирэхэд боолууд маань угтан авч, хүүг минь амьд байгаа гэж дуулгалаа. Түүнийг чухам аль цагаас сайжирч эхэлснийг асуухад тэд өчигдрийн долоон цагаас сайжирсныг хэлэв. Энэ нь хүүг маань амьд байна гэж Христийн айлдсан цаг яг мөн байлаа! (Иохан 4:46–53-ыг үзнэ үү.)

Магдалын Мариа: Есүс Христ надаас долоон бузар сүнсийг зайлуулсан. Би Түүнийг олон хот тосгоноор сайн мэдээг тунхаглан явахад дагаж явсан билээ. (Лук 8:1–3-ыг үзнэ үү.) Би Христийг цовдлуулах үед загалмайны дэргэд зогсож байсан (Иохан 19:25-ыг үзнэ үү). Би Түүний биеийг тавьсан булшин дээр очсон. Мөн би Амилалтын дараа Түүнийг харсан анхны хүн байсан. Эхлээд би Түүнийг цэцэрлэгч байна гэж бодсон ч намайг нэрээр минь дуудахад Аврагч минь байсныг таньсан юм. (Иохан 20:11–16-г үзнэ үү.)

Зураг
people in Galilee 2

Саломе: Би Зебедеен эхнэр бөгөөд Есүс Христийн хоёр төлөөлөгч Иаков, Иохан хоёрын эх байна. Түүнийг Галилд байхад би дагаж яван мөн үйлчилж байсан. Би Түүнийг цовдлогдох үед Голгота хэмээх газар байсан. (Марк 15:37–41-ийг үзнэ үү.) Би Түүний биеийг тослохоор булшин дээр нь анхилуун үнэртэн авчирсан боловч намайг ирэхэд Тэр тэнд байсангүй. Оронд нь би урт цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залууг олж харсан юм. Эхлээд би айсан боловч тэр намайг айх хэрэггүй гэв. Тэр Есүс Христийг амилсан бөгөөд энэ талаар төлөөлөгчдөд хэлэх хэрэгтэй гэж надад хэлсэн. (Марк 16:1–8-ыг үзнэ үү.)

Симон Петрийн хадам ээж: Би өндөр халуураад, өвдсөн байлаа. Есүс Христ үүнийг дуулаад над дээр ирсэн юм. Түүнийг гараас минь бариад, намайг босгоход халуун гэнэт буурч, бие минь эрс сайжирсан тул би бүр эргэн тойрныхондоо үйлчилсэн гээч. (Марк 1:29–31-ийг үзнэ үү.)

Найн хотын бэлэвсэн эмэгтэй: Хүү минь дөнгөж нас бараад байв. Би нөхрөө аль хэдийн алдсан байсан ба маш ихээр гашуудаж байлаа. Хэдийгээр маш олон хүн надтай хамт байсан ч би нулимсаа барьж чадахгүй байв. Миний хүүгийн биеийг хотын хаалганаас гаргах үед нэг хүн над дээр хүрч ирсэн юм. Тэр бол Есүс Христ байв. Тэр намайг ихэд өрөвдөн, “Бүү уйл” гэж хэлсэн. Тэгээд хүүгийн минь дэргэд очиход хүүг маань авч явсан хүмүүс зогссон юм. Есүс Христ миний хүүд бос гэж хэлэхэд тэр боссон! Тэр босож суугаад, ярьж эхэлсэн төдийгүй над дээр ирсэн юм. Тэр амьд байлаа! Бид бүгдээрээ Бурханыг алдаршуулж, бидний дунд агуу бошиглогч байгааг мэдэцгээсэн. (Лук 7:11–17-г үзнэ үү.)

Зураг
people in Galilee 3

Мариа: Би Мессиа хэзээ нэгэн цагт ирэх тухай сонссон байв. Гэвч би энэ үйл явдлын нэгэн хэсэг болно гэж бодож ч байсангүй. Тэнгэр элч намайг Бурханы Хүү болох нэгэн хүүхдийг тээж төрүүлэх бөгөөд Түүнийг Есүс хэмээн нэрлэх болно гэж надад хэлэх үед би Иосефтой сүй тавьсан байлаа. (Лук 1:26–38-ыг үзнэ үү.) Харин Мессиа ирсэн бөгөөд би Түүнийг малын хашаанд төрүүлсэн билээ. Хоньчид болон зурхайчид Түүн дээр ирж, Түүнд бэлэг өгсөн. (Матай 2:1–12; Лук 2:1–20-ийг үзнэ үү.) Иосеф бид хоёр Түүнийг өсгөсөн ч Тэр биднийг үргэлж гайхшируулдаг байв. Нэг удаа Тэр гурав хоног алга болсон ба бид эцэст нь Түүнийг ариун сүм дотроос олсон юм. Мэргэн цэцэн хүмүүс Түүнийг сонсон, Түүнээс асууж байлаа. (Лук 2:40–52-ыг үзнэ үү.)

Филип: Би Христийн төлөөлөгчдийн нэг нь байна. Тэр биднийг Өөрийн сайн мэдээг тунхаглуулахаар илгээсэн. Тэр биднийг Израилын алдагдсан хоньдод анхаарлаа хандуул гэв. Тэр мөн бидэнд өвчтөнг эдгээх, уяман өвчтөнг эдгээх, нас барагсдыг босгох, чөтгөрийг зайлуулах хүчийг өгсөн юм. Тэр бидэнд мөнгө төгрөг, хувцас хунар ч авч авах хэрэггүй гэсэн хэдий ч хавчигдан гадуурхагдах болно гэдгийг бидэнд сэрэмжлүүлсэн. Хэдий тийм ч хэрэв бид эцсээ хүртэл тэвчиж чадах юм бол аврагдах болно гэдгээ мэдэж байсан тул Түүнд итгэж байв. (Матай 10:1–10, 17–18, 22–23-ыг үзнэ үү.)

Таддай Иудас: Би бол Христийн төлөөлөгч. Нэг өдөр Тэр бидэнд урьдын адил зааж байхдаа бидэнтэй тийм ч удаан хамт байхгүй гэдгээ хэлсэн юм. Хэрэв бид Түүний зарлигуудыг дагаж, Түүнийг хайрлах юм бол Тэрээр бидэн дээр ирж, Өөрийгөө илчлэх болно гэсэн. Тэр мөн заасан зүйлсийг нь бидэнд сануулах Ариун Сүнсийг илгээнэ гэж хэлсэн. (Иохан 14:19–27-г үзнэ үү.)