2019
Эцэг эх байх нь бидний мөнхийн мөн чанар
2019 оны 6-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Эцэг эх байх нь бидний мөнхийн мөн чанар

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Ердийн, дэлхийн жишгээр бол би эх хүн биш ч гэсэн Бурхан бас би ч гэсэн миний мөнхийн мөн чанарыг мэднэ.

Заримдаа би энэ амьдралдаа эх хүн болох болов уу эсвэл Бурханы амласан адислалыг дараагийн амьдралд хүртэхээр хүлээх болов уу гэж боддог. Би ганц бие байгаадаа хэзээ ч гомдоллож байгаагүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ үнэндээ зарим өдөр маш хэцүү байдаг. Би ганцаарддаг. Мөн би сэтгэлээр унадаг.

Харин үнэндээ заримдаа маш сайхан, үнэхээр сайхан өдрүүд ч байдаг. Надад бас явж байгаа зүг чигийнхээ талаар туйлын амар амгаланг мэдэрч, сурч мэдсэн бүх зүйлдээ сэтгэл хангалуун байх өдрүүд ч бий. Нэг тийм сайхан өдөр саяхан болж өнгөрсөн ба “Би яагаад ийм азтай юм бол? Яагаад надад ийм сайхан гайхалтай үйл явдлууд болж байгаа юм бол?” гэсэн бодол төрж билээ.

Би хариултаа Мормоны Номоос олсон юм. “Ариун нандин агаад, түүний нандигнан хадгалсаар ирсэн, мөн түүнчлэн тэрээр ирээдүй үеийнхэнд өөрийнхөө хүчийг үзүүлж болохын тулд, тэрээр өөрийн мэргэн зорилгын тулд хадгалж мөн хамгаалсаар байх эдгээр зүйлийг Бурхан чамд даатгасныг санагтун” (Aлма 37:14; тодотгол нэмэгдсэн болно).

Хэдийгээр энэ шүлэгт гуулин ялтаснуудын талаар бичсэн ч эдгээр үг өмнө нь надад хэзээ ч бодогдож байгаагүй нэгэн зүйлийг заасан. Бурхан ирээдүйн үеийнхнийг надаар адислуулахаар мөн ирээдүйн хүүхдүүддээ, улмаар Бурханы бүх хүүхдэд Түүнийг таньж мэдэхэд нь туслах чадвартай болгохын тулд надад эдгээр туршлагыг итгэмжлэн өгсөн байв.

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “Та нарын нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн та ирээдүйд, энэ дэлхийд эсвэл сүнсний дэлхийд Бурханы мөн өөрсдийнхөө гэр бүлийн хамгийн чухал хэсэг юм шүү. Бурханы та нарт өгсөн үүрэг бол Түүний болон гэр бүлийнхээ аль болох олон гишүүнийг хайр, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээрээ өсгөн хүмүүжүүлэх явдал билээ”1 хэмээн тайлбарласан.

Бэлтгэх сонголт

Заримдаа би мөнхийн ханьтайгаа болон үр хүүхдүүдтэйгээ хамт байхыг маш их хүсдэг. Энэ нь яг миний нэг хэсэг мэт байдаг ба би амьдралынхаа хамгийн чухал хүмүүстэйгээ хараахан уулзаагүй байгаагаа мэддэг бөгөөд би тэдэнд хайраа өгч болдог ч болоосой гэж хүсдэг.

Үнэндээ тэд энд байхгүй, мөрөөдөл биелэх ч хол байна даа гэж бодогдсон ч би яг одоо тэдний төлөө сонголт хийж чадна.

Ерөнхийлөгч Айринг өөрийг нь бишоп байхад нэгэн залуухан эр ажил дээр нь ирсэн түүхийг мөн хуваалцсан. Тэр эр хэдэн алдаа гаргасан ч өөрчлөгдөхийг хүсэж байлаа. Тэр ирээдүйн хүүхдүүдээ санваараа ашиглаж чаддаг эцэгтэй лацдан холбуулахыг хүсэж байв. Наманчлалын үйл явц хүнд хэцүү байсан ч тэр энэ замаар явж, тэр бэлгийг хүүхдүүддээ өгөхийг хүсэж байлаа.

Уг эрэгтэй “хүсэн мөрөөдөж байгаа хүүхдүүдийнхээ хэрэгцээг мэдэрсэн төдийгүй тэднийг төрөхөөс нь өмнө харамгүй өгсөн байна. Тэр өөрийн бардам, залхуу хойрго зан, хөрсөн сэтгэлийг золиосолсон юм. Харин одоо энэ нь түүнд золиос шиг санагдахгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна”2 гэж ерөнхийлөгч Айринг ярив.

Миний мөн чанар: Эх хүн байх

Би саяхан ээжийнхээ бяцхан охин байсан үеийн зургийг харсан юм. Тэр буржгар үстэй, тоодгор цэнхэр даашинзтай, маш эгдүүтэй харагдаж байв. Харин тэр зурган дээрх бяцхан охины биен дээрээс би ээжийнхээ царайг олж харсан юм. Зургийг авах үед тийм байгаагүй нь мэдээж. Гэхдээ тэр үргэлж миний эх байсаар ирсэн.

Энэ нь түүний төрөхөөсөө өмнө надад бэлдсэн бүх бэлгийн талаар бодоход хүргэсэн. Тэр хаанаас ийм сайхан гэр орныг бий болгож сурсан юм бол би бодож билээ. Тэр сувилагч болохын тулд хэрхэн шаргуу хөдөлмөрлөж, гэрчлэлээ хөгжүүлэхийн тулд хэрхэн сайн мэдээг судалсан талаар би бодлоо. Би бас тэр намайг болон манай гэр бүлийг хайрлан халамжлахын тулд хэрхэн өөрийгөө даруухнаар золиосолсон талаар бодсон юм.

Харин дараа нь ирээдүйн хүүхдүүдийнхээ хувьд би тэдний эх гэдгээ мөн Бурханы мэлмийн өмнө эх хүн байх нь миний мөнхийн мөн чанар болохыг ухааран ойлгосон.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Эмэгтэй хүн бүр мөнхийн тэнгэрлэг хувь тавилангийнхаа ачаар эх хүн байдаг юм”3 хэмээн заасан. Хүүхэдтэй эсэхээс үл хамааран эмэгтэй хүн бүр эх хүн бөгөөд эрэгтэй хүн бүр эцэг хүн юм. Бидний үр удам энэ амьдралд эсвэл дараагийн амьдралд ирж болох ч энэ нь эцэг эх байх бидний мөнхийн мөн чанарыг өөрчлөхгүй.

Ирээдүйн үр удамдаа өгөх миний бэлэг

Яг одоо үүнийг төсөөлөн бодоход хэцүү. Зарим өдөр би ганцаарддаг. Харин зарим өдөр би зорилгоо биелүүлж, өөр хэн нэгний амьдралыг өөрчилж чадаж байгаа болов уу гэдэгтээ санаа зовдог.

Гэхдээ би одоо өөрийн амьдралд байгаа хүмүүст эергээр нөлөөлөх сонголтыг хийж чадна. Надад асран хүмүүжүүлж, зааж сургах хүүхдүүд бий. Надад бусдыг адислахын тулд өөрийн туршлагыг ашиглах арга зам бий. Харин нэгэн өдөр, магадгүй хүүхдүүд маань миний зургийг эргэн хараад, өөрсдийнх нь эх байснаас өөр зүйлийг олж харахгүй ч байж болох юм.

Эшлэлүүд

  1. Хэнри Б.Айринг, “Эмэгтэйчүүд ба гэртээ сайн мэдээнээс суралцах нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  2. Henry B. Eyring, “Gifts of Love” (Brigham Young University devotional, Dec. 16, 1980), 5–6, speeches.byu.edu.

  3. Рассэлл М.Нэлсон, “Израилыг цуглуулах ажил дахь эгч нарын оролцоо,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган.