2019
Амьдралын улаан гэрэл дээр зогсож хүлээх нь
2019 оны 6-р сар


Залуучуудад зориулав

Амьдралын улаан гэрэл дээр зогсож хүлээх нь

Зохиогч нь АНУ-ын Техаст амьдардаг.

Хэд хэдэн удаа зулбасан явдал миний амьдралд дараалан ассан улаан гэрэл мэт санагдаж байсан ч Их Эзэнд хандсанаар, хүүхдээ алдах бүрд амар амгалан, аливааг өөр өнцгөөс харах боломж, өсөлт хөгжил дагалдан ирж байгааг би олж мэдсэн юм.

Зураг
woman standing on tree-lined road

Би улаан гэрэл рүү сэтгэл түгшин ширтэн суухдаа жолооны хүрдээ чанга атгасан байлаа. Эцэст нь ногоон гэрэл асахад би хурдалсан ч дахиад л эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх бас нэгэн улаан гэрэл дээр зогсож хүлээх болов. Би номлогч эгч нартай хамт 5 минутын өмнө эхэлсэн байх ёстой хичээлд очихын тулд дахиад 10 минут явах хэрэгтэй байлаа. Би илүү ухаалаг ээж байсан бол гэрээсээ гарахдаа бараг гурав хүрч байгаа охин маань 15 минутын турш намайг орооно гэдгийг тооцоолох ёстой байсан ч тооцоолоогүй. Тийм ээ, би хоцорсон ч гэсэн амьдрал үргэлжилсээр байх тул сайн зүйл хийх гэж хичээж байгаа надад зориулан ядаж зарим гэрлэн дохиог ажиллуулж болохгүй байсан гэж үү? Би дараагийн гэрлэн дохион дээр цухалдан хүлээж байхдаа бухимдал маань уур болж байгааг мэдэрч байв. “Би сайн зүйл хийхээр хамгийн сайнаараа хичээж байна! Надад хэрэгтэй тусламж хаана байна вэ?” гэж би бодов.

Хорин сарын өмнө, улаан гэрэл асах үед дутагдаж байсан амгалан тайван байдлыг бүрдүүлсэн нэгэн газарт би бас үүнтэй төстэй нөхцөлд яг ингэж асууж байсансан.

Нью-Йоркийн Палмира дахь Ариун ойн цоорхойн эргэн тойронд модны бор мөчрүүд дээр навчис дөнгөж нахиалж байлаа. Газрын энд тэнд дөнгөж ногоорч буй бутлаг ургамлууд амьдрал авчирч байгаа мэт санагдаж байв. Ямар ч автомашин, замын хөдөлгөөн, чанга дуу чимээ сонсогдохгүй, зөвхөн сэвшээ салхи, хүүхдийн тэрэг, миний хөлийн чимээ л сонсогдож байлаа. Амар амгалан байсан ч оюун бодлыг минь асуулт, тодорхойгүй байдал шаналгаж байв. Миний нөхөр Ланс бид хоёр сүүлд хийлгэсэн хэт авиан болон цусны шинжилгээний хариуг сонсохоор эмчийнхээ утасдахыг хүлээн, хүндхэн 72 цагийг өнгөрүүлэв. Би хариулт хүлээж, тайтгарахыг хүсэж байв.

Тайтгарал хүлээн авсан нь

“Их Эзэн өөрийн Сүнсээр тэдэнд зочилж, мөн тэдэнд: Тайтгарагтун хэмээв. Мөн тэд тайтгарцгаав” (Алма 17:10).

Би Нью-Йоркийн Палмира ариун сүмийн гаднах өвлийг тэсэж гарсан цэцгүүдийг харан зогсож байв. Миний оюун ухаанд “Хэрэв энэ жирэмслэлт бүтэлгүйтвэл яана аа? Тэгвэл яах вэ?” гэсэн бодол орж ирэх нь тэр. Их Эзэн хаврын сэвшээ салхи мэт зөөлхнөөр оюун санаанд минь хүсэн хүлээж байсан тайтгарлыг өгөн ярив. Надад эмчийн хэл дуулгахыг хүлээх шаардлагагүй болж билээ. Би энэ жирэмслэлт бүтэлгүйтнэ гэдгийг мэдсэн хэдий ч энэ бяцхан бодгаль Тэнгэрлэг Эцэгийн төгс, хайраар дүүрэн мутарт байгааг гэнэт ойлгосон юм. Өмнө нь мэдэрч байсан цөхрөл амар амгалангаар солигдож, дараагийн хэдэн долоо хоног, сарын турш намайг дэмжин, тайвшруулж байв.

Ногоон гэрлийг хүлээх нь

“Надад амар амгалан хэрэгтэй үед Их Эзэн над дээр олон арга замаар Тайвшруулагчтай хамт ирж байсанд би талархаж явдаг. Гэхдээ Тэнгэр дэх Эцэг маань бидний тав тухтай байдлаас илүүтэй дээш чиглэсэн өсөлт хөгжилд санаа тавьдаг.”1 —Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Палмирад очсоноос хойш хэдэн өдрийн дараа хүндрэл үүсэж, би зулбав. Хэдийгээр амар амгалан мэдрэмж намайг дэмжсээр байсан ч хүүхдээ алдсаныхаа дараа би бие махбод, сэтгэл санааны хувьд ядарч туйлдан, дараа нь учрах зүйлсэд бэлтгэлгүй байсан юм. Би эхлээд лабораторийн шинжилгээний хариуг хүлээж байсан ба уг хариугаар энэ нь ховор тохиолддог, хэсэгчилсэн молийн жирэмслэлт байсныг тогтоов. Дараа нь хорт хавдрын илэрц байхгүйг баттай мэдэхийн тулд цусны шинжилгээг хэдэн долоо хоног, сүүлдээ бүр хэдэн сар хүлээж билээ. Олон сар хүлээсэн ч энэ цаг үед Их Эзэний мутар биднийг тайтгаруулж, тайвшруулж байсныг Ланс бид хоёр тодхон харж байсан. Хэсэгчилсэн молийн жирэмслэлтэд удаан хугацааны гаж нөлөө үзүүлээгүй тул эмч биднийг зургаан сарын дараа дахин жирэмсэлж болно гэв. Би амьдралынхаа зам дээр эргэн гарсан төдийгүй арай гэж улаан гэрэл ногоон болж солигдов.

Гэтэл ердөө гуравхан сарын дотор, хэд хэдэн цусны шинжилгээний дараа, Христийн мэндэлсний баяраас долоохон хоногийн өмнө би дахин зулбасан юм. Дахин гурван сар өнгөрч, жирэмсний тестээр эерэг хариу гарахад итгэл найдвараа алдсан байсан төдийгүй долоо хоногийн дараа зулбах үед дахин нэг улаан гэрэл асах нь тэр.

Итгэлээрээ соригдсон нь

“Хүчирхэг итгэлтэй байсан ч, олон уул нүүхгүй байж болно. … Бүх саад бэрхшээл алга болж, бүх өвчин эмгэг байдаггүй байсан бол Эцэгийн төлөвлөгөөний үндсэн зорилго нуран унах байсан.”2 —Ахлагч Давид А.Бэднар

Би дахин жирэмсэлсэн ба дараагийн Христийн мэндэлсний баярын үеэр төрөх байлаа. Энэ жирэмслэлт бүтнэ гэсэн бодол надад төрсөн юм. Бид эхний хэт авиан үзлэгээр зүрх нь цохилж байхыг харсан ба гэрийнхэн маань бидний төлөө залбирч байгааг мэдэж байв. Нэг өдөр биднийг ариун сүмийн хувийн хишгийн ёслолд сууж байтал надад “Хэрэв энэ жирэмслэлт бүтэлгүйтвэл миний итгэл хэвээр байх болов уу? Мэдээж, тийм. Энэ удаа би Их Эзэний хүсэл юу ч байсан хүлээж авахад бэлэн байгаа учраас би дахин зулбахгүй” гэсэн бодол орж ирэв.

Эерэг хандлагаас маань үл хамааран хэдэн долоо хоногийн дараа надад өмнөх шинж тэмдгүүд илэрч, би хэт авиан үзлэгт орж, нөгөө л танил зовлонтой үйл явц эхнээсээ эхэлсэн юм. Итгэл минь миний найдаж байсан шиг бат бөх байж чадсангүй. Өмнөх зулбасан тохиолдлуудад надад сэтгэлийн дэм болж байсан хариултууд хангалттай санагдахаа болив. Ийнхүү би сэтгэлийн хямралд оров. Дотор өмрөх шиг болж, хоосон оргиж, бүр хууртаж мэхлүүлсэн мэт санагдаж байлаа. Их Эзэнийг нөхөр бид хоёроос гадна охин маань хүлээж байв. Тэр эрэгтэй, эмэгтэй хамаагүй, дүүтэй болохыг хэчнээн их хүсэж байгаагаа бидэнд байнга хэлж байсан. Бидний зүрх түүний өмнөөс ч бас эмтэрч байсан юм. Би Их Эзэнд сэтгэлээ уудлан залбирч байхдаа Тэнгэрлэг Эцэг миний зовлон шаналал, нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа бөгөөд надад хайртай гэсэн тов тодорхой гэрчлэлийг дахин хүлээн авав. Хэдийгээр миний нөхцөл байдал өөрчлөгдөөгүй ч энэ сайхан хэрнээ энгийн туршлага үүрч байсан ачааг минь гайхалтай гэгч хөнгөлөн, өдөр тутмын амьдралынхаа явцад дасан зохицох, тэр ч бүү хэл аз жаргалыг мэдрэх чадварыг надад өгсөн юм. Ирээдүйд юу ч тохиолдсон бай, би дажгүй байх болно.

Хэдэн сарын дараа генетикийн шинжилгээгээр ямар нэгэн хариу илрээгүйд бид амьдралд тохиолдож буй эдгээр саад бэрхшээлийн зорилгын талаар дахин гайхах болов. Би өөрийн хүслийг хойш тавьж, Их Эзэний таалалд нийцүүлэхээр чадах бүхнээ хийж байсан ч хүнд хэцүү үед “Би эндээс ямар сургамж авах ёстой юм бол? Би сайн зүйл хийхээр хичээж байна! Надад хэрэгтэй тусламж хаана байна вэ?” хэмээн зүрх сэтгэлдээ хашхирдаг байлаа.

Хандлагаа өөрчилсөн нь

Зураг
couple walking and holding hands

“Хүнд хэцүү зүйлс ямагт байсаар ирсэн! Бид бүгдэд сорилт бэрхшээл тохиолддог. Хувьсагч нь хүнд хэцүү зүйлсэд үзүүлдэг бидний хариу үйлдэл юм.”3 —Ахлагч Стэнли Ж.Эллис

Дөрөв дэх зулбалтаас хойш найман сар, номлогч эгч нартай уулзахаар бухимдан, жолоо барьж явсан тэр өдрөөс хойш хэдхэн долоо хоногийн дараа хариулт минь ирэх үед би гэртээ харих замдаа улаан гэрлийг тайван хүлээж байлаа. Би машинууд миний хажууд зогсож мөн хажуугаар урсан өнгөрөхийг хараад, амьдралаа мөнхийн төлөв байдлаас харж чадсан юм. Аялж байх үедээ тэнгэрлэг гэрт маань эргүүлэн аваачих зам дээр үлдэх явдал хамгийн чухал нь юм гэдгийг би гэнэт ухааран ойлгож билээ. Хэдэн “улаан гэрэл” дээр хүлээх вэ гэдэг нь миний очих газрыг өөрчлөхгүй. Харин үүнд би хэрхэн хандах вэ гэдэг нь үүнийг өөрчилнө.

Би амьдралынхаа бодит болон хийсвэр улаан гэрэл болгоныг нандигнан хайрлаж эхэлсэн. Би улаан гэрэл бүрийг дэмий цаг алдсан зүйл гэж харахын оронд тэвчээртэй байж, үүнийг зөвхөн хүлээж байж л олж авах өөр өнцгөөс харж сурах боломж хэмээн харах болсон юм. Янз бүрийн чиглэлд явах замын хөдөлгөөний бүх улаан гэрэл ногоон гэрэлтэй холбогдсон байдаг шиг амьдралын маань улаан гэрэл бүр яг миний төлөвлөж байснаар биш ч гэлээ өсөж хөгжихөөр төлөвлөж байснаас маань өөрөөр өсөж хөгжих арга замыг нээж өгсөн юм. Урам хугалсан зүйл дээр төвлөрөхийн оронд гэнэтийн үйл явдлуудын олгодог өсөж хөгжих боломжуудад би баярлах болсон.

Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэх нь

“‘Бид итгэлээ юун дээр тавих вэ?’ гэсэн чухал асуултыг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Итгэл маань зүгээр л өвдөлт, шаналлаас илааршихыг хүсэхэд чиглэж байна уу эсвэл Бурхан Эцэг, Түүний ариун төлөвлөгөө, Христ болох Есүст мөн Түүний Цагаатгалд бат бөх төвлөрч байна уу?”4 —Ахлагч Доналд Л.Холлстром

Эхний зулбалтаас хойш урт удаан хоёр жил өнгөрсний дараа би эгдүүтэй, хөөрхөн хүү төрүүлсэн юм. Гэр бүлийг маань тэрхүү баярт мөчид хүргэсэн цаг хугацаанд Есүс Христ миний амьдралаас бүх зовлон шаналлыг зайлуулахын тулд өмнөөс минь зовж шаналаагүй гэдгийг би ойлгосон. Харин Тэр тулгарч буй сорилт бэрхшээлээр маань дамжуулан надад хүчирхэгжих, өсөж хөгжих боломж олгохын тулд зовж шаналсан юм. Хэдийгээр хүүхдээ алдсан гунигт мөч, олон сарын хүлээлтийг эргэн санахад одоо ч гэсэн хэцүү байдаг ч эдгээр нь миний амьдралын нандин мөчүүд болсон. Би энэ л ариун нандин цаг мөчид Аврагч миний зовлон шаналлыг хувь хүний минь хувьд хэрхэн мэддэг болохыг ойлгосон. Тэр хувь хүний хувьд тулгарсан уй гашууг мэддэг хүний адил надад тусалж, намайг халамжилсан билээ. Хэдийгээр амьдралд тулгарах сорилт бэрхшээл өсөж хөгжих бидний төлөвлөгөөнд саад болж байгаа мэт санагдаж болох ч Их Эзэн биднийг Түүгээр хайрлуулж, хайрынх нь тухай олж мэдэн, илүү дээд түвшинд хүргэх зорилгоор саад бэрхшээлийг ашигладаг.

Эшлэлүүд

  1. Хэнри Б.Айринг, “Амар амгалангаа Би та нарт үлдээнэ,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 134.

  2. David A. Bednar, “Accepting the Lord’s Will and Timing,” Liahona, Aug. 2016, 22.

  3. Стэнли Ж.Эллис, “Бид Түүнд итгэдэг үү? Хүнд хэцүү зүйлс тустай байдаг,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  4. Доналд Л.Холлстром, “Гайхамшгуудын өдөр байхаа больсон гэж үү?2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 86.