2010
Итгэлийн минь сорилт
2010 оны дөрөвдүгээр сар


Залуучуудад зориулав

Итгэлийн минь сорилт

Би 13-тай байхаасаа Мормоны Номыг өдөр бүр уншиж эхэлсэн. Иймээс би тэр үеэс хойш өдөр болгон адислагдсаар байгаа билээ.

Манай ням гарагийн хичээлд 13 настангууд хэр зэрэг хүндэтгэлтэй ханддаг байсныг яг нарийн мэдэхгүй байна. Гэвч, хичээл бүрийг Сүнсээр заахын төлөө чадах бүхнээ хийдэг гайхалтай сайн багш бидэнд байлаа. Судар унших тухай нэг хичээл оров.

Хичээлийн эцэст багш бидэнд даалгавар өглөө. Багш даалгаврыг бидэнд бүгдэд нь өгсөн ч, над уруу эгцлэн харж, “Мормоны Номоос өдөр бүр уншиж байх даалгаврыг би та нарт өгч байна” гэв. “Үзүүлээд өгнө дөө. Даалгаврыг сайн биелүүлэх юм шүү!” гэж би дотроо бодлоо.

Тэр шөнөдөө 1 Нифайн 1-р бүлгийг уншсанаас хойш өдөр бүр уншсаар байлаа. Мормоны Номыг уншиж эхлэхдээ чухам яаж уншвал зохихыг мэдэхгүй байсан ч, цаг хугацаа өнгөрөх тутам илүү үр дүнтэйгээр унших арга замыг мэдсэн билээ. Орой бүр амтархан уншдаг хэвшилтэй болов.

Хэдэн сарын дараа Aлма 32 дээр хүрч ирэхэд итгэлийн сорилтын тухай санаа сэтгэлийг минь эзэмдлээ. Бид сургууль дээрээ шинжлэх ухааны туршилт сорилт хийдэг тухай мэдсэн болохоор би өвдөг сөгдөн, итгэлээ сорьж эхэлсэн тухайгаа Тэнгэрлэг Эцэгт ярилаа. Мормоны Ном үнэн эсэхийг мэдмээр байна гэж гуйв.

Би эдүгээ тэр туршлагыг эргэж хараад, Тэнгэрлэг Эцэг залбиралд минь олон удаа хариулсныг мэддэг. Мормоны Номоос өдөр бүр уншдаг нь нүгэл хилэнцийг даван туулах хүч чадлыг минь улам нэмэгдүүлсэн юм. Би Тэнгэр дэх Эцэгтэйгээ улам ойр дотно болсноо мэдэрдэг боллоо. Саад бэрхшээлийг даван туулах Ариун Сүнсний хүчээр бат чийрэг болсноо мэдэрсэн. Алма Бурханы үг үнэнийг итгэлийн сорилтоор мэдсэн тухайгаа: “Энэ нь бодгалийг минь тэлж эхлэв, тийм ээ, энэ нь ойлголтыг минь гэгээрүүлж эхлэв; тийм ээ, энэ нь надад амтат байх болж эхлэв” (Aлма 32:28) гэжээ.