2010
Болзооны талаар залуу эмэгтэйчүүдэд зөвлөх нь
2010 оны дөрөвдүгээр сар


Болзооны талаар залуу эмэгтэйчүүдэд зөвлөх нь

Зураг
Young Women General Presidency

Болзох хөгжилтэй шүү! Болзоо бол залуу эрэгтэйчүүдтэй үерхэл нөхөрлөлөө хөгжүүлж, зузаатгах таны боломж юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Роберт Д.Хейлс энэ асуултанд: “Найз нар бол Есүс Христийн сайн мэдээгээр амьдрахыг илүү амар хялбар болгодог хүмүүс юм” хэмээн энгийн атлаа утга учиртай хариулт өгчээ.1 Өөрийг тань илүү сайн хүн болгохыг хүсдэг залуу эрэгтэйчүүдтэй болз. Болзож байгаа хүмүүст сайн нөлөө үзүүлэхийн тулд “чадах бүхнээ хий.”2

Чамтай болзохыг бусад хүмүүс хүсэхээр тийм эелдэг уриалгахан хүн бол

Өөрсдийг тань сэтгэл татам ялдамхан, сонирхолтой болгох зан төлөвийн шинж чанаруудыг хөгжүүлэх ажлыг та нар одооноос эхэлж болно.

  • Инээмсэглэж бай! Тиймээ, инээмсэглэж, баяртай бай. Инээмсэглэл чинь бусдад нөлөөлж, чамтай хамт байх нь тэдэнд таалагддаг болно.

  • Сүнслэг байдлын хувьд эрүүл бай. Ариун Сүнс байнгын хамтрагч чинь байхын тулд өөрийг чинь Түүнд ойрхон байлгах зүйлсийг хий.

  • Бие бялдрын хувьд эрүүл чийрэг бай. Бие бялдартаа байнга анхаарал тавьж, идэвхтэй бай. Хооллох зөв дадал зуршлыг хэвшүүл. Үсээ сайхан засуулж бай.

  • Авьяас чадвар, сонирхдог зүйлсээ хөгжүүл. Чадлынхаа хэрээр боловсролтой бол. Агуу номуудыг уншиж, сайн хөгжим сонсон, цаг үеийн үйл явдлуудаас хоцрохгүй байж, гадаад хэл сур.

  • Бурханы охин шиг биеэ авч яв. Даруу бус, ойворгон бүү бай. Ямар нэг зохисгүй, ёс жудаггүй зүйлийн тухай яриа бүү өд. Чи иймэрхүү зан авирыг киноноос харсан байж мэднэ. Гэвч энэ нь өөрийгөө Бурханы охин гэж ойлгодог залуу эмэгтэйд зохимжгүй юм.

  • Харьцааны соёлоо дээшлүүл. Бусдад найрсаг хандаж, тэдний хэрэгцээнд мэдрэмтгий бай. Хүнтэй нүүр тулан харилцаж сур. Ёсзүй болон биеэ авч явах дүрэм журамд суралц. Эдгээр бүх зүйл бусад хүмүүс өөртэй чинь хамт байхыг хүсдэг тийм хүн болоход тань тусална.

  • Хүмүүсийг сонирхож бай. Бусад хүмүүсийг мөн тэдний дуртай зүйлсийг сонирхдогоо харуул. Хүмүүст аятай санагдах, тэднийг илүү сайн танин мэдэхэд туслах асуултуудыг асууж бай.

  • Хязгаарлалтуудыг бий болго. Өөрийгөө давамгайлах боломжийг бусдад бүү олго. Цэвэр ариун байдлаа хадгал.

  • Залуучуудын бат бөх байдлын төлөө тoвхимол дахь жишгүүдээр амьдар. Бoлзож байгаа хүмүүстэйгээ хуваалцахад бүү эргэлз. Хэн нэгнийг бодож жишгүүдээ бүү бууруул. Хэн нэгэн нь чамаас жишгээ бууруулахыг хүсэн хүлээдэг бол, тэр хүн найз чинь, эсвэл хань чинь болох хүн биш байна.

  • Чадах чинээгээрээ сайн хүмүүс байхад нь бусдад тусал. Өөртэйгөө болзсоноор тэднийг илүү сайн хүмүүс болго. Болзох боломж хомс байлаа ч, инээмсэглэж байвал шинэ найз нартай болж чадна. Өөдрөг үзэлтэй бай. Болзоонд урам хугарлаа ч, энэ нь өсч хөгжихөд тань тусалж болно. Танилцсан хүмүүс тань амьдралыг чинь баяжуулж чадна. Бас чи хамгийн сайн чанаруудаа хуваалцсанаар тэднийг адисалж чадна.

Болзох хүнээ ухаалгаар сонго

Болзоо гэдэг бол гэрлэхэд бэлтгэх, залуу эрэгтэйчүүдийг танин мэдэх боломж юм. Болзох хүмүүсийг сонгохдоо хянуур болгоомжтой бай. Залуу эрэгтэй хүнтэй болзохдоо тэрээр өндөр жишгүүдтэй бөгөөд Есүс Христийн сайн мэдээгээр амьдрахад өөрт чинь үргэлж тусалдаг байх ёстойг анхаар. Өөрөөсөө асуух ёстой зарим асуултыг доор өгөв:

  • Тэр хүн тогтож төлөвшсөн, зөв сайн зан төлөвтэй юү?

  • Итгэл даахуйц, найдвартай хүн мөн үү?

  • Шударга хүн үү?

  • Надад болон бусад хүмүүст хүндэтгэлтэй, найрсаг ханддаг уу?

  • Амин хувиа хичээдэг үү?

  • Тэр миний эцэг эхийг бас өөрийнхөө эцэг эхийг хүндэтгэдэг үү?

  • Тэр санваартаа хүндэтгэлтэй ханддаг уу?

  • Тэр намайг хамгийн сайн чанаруудаа харуулахад нөлөөлдөг үү?

  • Ариун сүмд орохоор зохистой юу?

Бусад хүмүүстэй танилцах, болзох үедээ хөгжилтэй үг хэлж, баяр хөөртэй бай. Сонирхолтой үйл ажиллагаануудыг хамтран төлөвлө. Хамгийн энгийн бөгөөд хөгжилтэй нэг болзоо бол хамтдаа хоол хийх явдал юм. Эсвэл үйлчлэлийн боломжийг эрж хай. Болзож байгаа хүнтэйгээ зүгээр л зэрэгцэж суугаад кино үзэхээс илүүгээр түүнийг ажиглаж, олон төрлийн үйл ажиллагааг хамтран хийснээр сайн танин мэдэж чадна.

“Болзохдоо, болзсон хүндээ хүндэтгэлтэй хандахын хамт тэрээр бас өөрт чинь хүндэтгэлтэй хандахыг хүсэн хүлээ” гэж манай бошиглогч хэлсэн билээ.3 Болздог бүх залуу эрэгтэйчүүд болон өөрийг тань зөв шударга зан төлөвийн үлгэр жишээ гэж үздэг бүх найз нарынхаа амьдралд таныг сайн нөлөө үзүүлнэ гэдгийг бид мэднэ.

Авьяас чадвар, бэлгээ үргэлж хөгжүүлэхийн хамт, бусадтай үерхэж нөхөрлөхдөө ухаалаг сонголт хийж, зөв үлгэр дууриал үзүүлэх юм бол болзооны жилүүд чинь сайн нөлөөтэй, үр өгөөжтэй, хөгжилтэй байх болно. Энэ бол тэргүүнээ өндөрт өргөн, хамгийн сайн сайхныг хүсэн хүлээж, Тэнгэрлэг Эцэгийнхээ хүсэн хүлээдэг шиг тийм хүн болох цаг үе юм. Чи бол бидний Тэнгэрлэг Эцэгийн охин. Тэр чамд хайртай. Бид бас чамайг хайрладаг.

Эшлэл

  1. Роберт Д.Хейлс, “This Is the Way; and There Is None Other Way,” Brigham Young University Speeches of the Year, 1981-82 (1982), 67.

  2. Томас С.Монсон, “Be Your Best Self,” Лиахона ба Ensign, 2009 оны 5-р сар, 67.

  3. Toмас С.Монсон, “Standards of Strength,” New Era, 2008 оны 10-р сар, 5.

Монреалын Квебек Ариун сүмийн гэрэл зураг © Laurent Lucuix