2010
Конагийн ариун сүм
2010 оны дөрөвдүгээр сар


Конагийн ариун сүм

Лерои Алип, Рөүз Алип хоёр ариун сүмд сар бүр явж байхын тулд золиослол хийхээр шийдсэн гэнэ. Их Эзэн тэднийг ариун сүмд явахад шаардлагатайгаас илүү их мөнгөөр адисалсанд тэр хоёр бусад хүмүүсийг авч явжээ.

Хавайн Биг арал дээр гадасны дээд зөвлөх түүнийг онцгойлон адислах үед Лерои зориуд анхааран сонссон аж. Адислалын үеэр Алип ахад дараах зүйлийг хэлсэн гэнэ. Тус арал дээр ариун сүм баригдах үед тэр тэнд байх бөгөөд ариун сүмд үйлчлэх болно гэжээ. Энэ бол 1984 он байв. Тэгэхэд Хавай дахь ганцхан ариун сүм Оаху арал дээр байсан бөгөөд тийшээ усан онгоц юм уу нисэх онгоцоор олон км явж очдог байв.

Санваарын адислал Алип ахад урам зориг нэмсэн гэнэ. “Адислал өгсөн үед уг адислал өөрт чинь авчирч болох юм бүхний төлөө та хариуцлага хүлээх ёстой гэдэгт би итгэдэг” гэж тэр ярилаа. Чухам иймээс тэрээр эхнэр Рөүзтэйгээ Оаху дахь ариун сүмд сар бүр орж байхаар шийдсэн ажээ.

Ингэх нь амар байсангүй. Замын зардал нь 300 ам. доллар. Энэ бол Алип ахын ажилладаг төрийн байгууллагаас авдаг цалин гэр бүлийн хосын амьдралд чүүтэй чаатай хүрдэг аж. Ариун сүмд явах цорын ганц арга бол хадгаламжаасаа мөнгө авах явдал байв. Тийнхүү тэд хадгаламжаасаа мөнгө авахдаа баяртай байв.

Гэвч ганцхан жил болоод тэд мөнгөгүй болчихож гэнэ. “Гэвч бидний зүрх сэтгэл ариун сүмд байлаа” гэж Алип ах хэлэв. “Бид хоёр ариун сүмд байнга явахыг хүсдэг байв. Иймээс бид тусламж хүсэн залбирсан.”

Алип ах түүнээс хойш удалгүй, нутгийн нэг компанид сонин хүргэж өгч, нэмэлт орлого олох саналыг санаандгүй байтал хүлээн авчээ. Ийнхүү өглөө эрт сонин хүргэж өгөх ажилд нь түүнд сард бараг 700 ам. доллар төлөх болжээ. Алип ах, эгч хоёр ариун сүмд явах хангалттай мөнгөтэй болсноор илүү мөнгөөрөө өөрсдийнхөө ариун сүмийн тусгай сан байгуулахаар өдөөгдсөн гэнэ.

1986 оны зургадугаар сар гэхэд нөгөөх өдөөлт биеллээ олох нь тэр. Тэр үед Хавайн Кона гадаст оршин сууж байсан тэд, зохистой атлаа хувийн хишгээ хүртэж чадахгүй байсан, гадасныхаа нэлээд хэдэн эмэгтэйг ариун сүмд авч явах боломжтой болжээ. Тиймээс Алип ах, эгч хоёр сар бүр нэг эгчийг Оаху уруу дагуулж явдаг болсон аж. Тэр болгонд, нөгөөх эгч өөрийнхөө төлөө, бас бусдын төлөө ариун сүмийн ажил хийснийхээ төлөө сүнсний хүч чадал, баяр баяслыг мэдэрсэн гэрчлэлтэйгээр эргэж ирдэг байлаа. Удалгүй, ариун сүмийн ажлын сүнс гадас даяар тархаж, улам олон гишүүн ариун сүмд орох арга замыг сүвэгчлэх болов.

Алип ах аялал жуулчлалын салбар дахь танил талаараа дамжуулан, ариун сүмд явах хүсэлтэй гадасныхаа бүх хүнд нисэх онгоцны хөнгөлөлттэй тийз, хуурай газраар аялах унаа, орон байр зэргийг зохион байгуулах боломжтой болжээ. 1994 он гэхэд Кона гадасны 100 гаруй гишүүн Хавайн Лэйе Ариун сүм уруу сар бүр аялал хийдэг болсон байлаа. Алип ах чанга инээгээд, “Кона гадасны гишүүд олноороо ирдэг учраас тэд ариун сүмийн хивсийг элээж гүйцлээ гэж ариун сүмийн ерөнхийлөгч алиалдаг” гэж дурсан ярилаа.

1997 онд Ерөнхийлөгч Гoрдон Б.Хинкли (1910-2008) ариун сүм барих шинэ чиглэлийг зарлав. Жижиг ариун сүмүүдийг барих болсон нь улам олон ариун сүм баригдах боломжийг бий болгосон юм. Зургаан сарын дараа Ерөнхийлөгч Хинкли Конагийн ариун сүмийг барихаар зарлахад Биг арлын итгэлтэй Гэгээнтнүүд магнай хагартлаа баярласан ажээ. 2000 онд энэ ариун сүм онцгойлон адислагдсаны дараа Алип ах ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдав. Өнөөдөр, албан ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдөн тэтгэвэрт гарсан тэрбээр Их Эзэний ажилд бие сэтгэлээ бүрэн зориулж, Хавайн Конагийн Ариун сүмийн газрыг үзэсгэлэнтэй сайхан байлгадаг ажилчдыг удирдаж байна.

Алип ах, эгч хоёр бусдад үйлчлэх хэрэгцээгээ үргэлжлүүлэхэд шаардлагатай зүйлсээр Тэнгэрлэг Эцэг өөрсдийг нь адисалсан арга замуудад баярлан талархаж явдаг ажээ. Тэд Конад анх ирсэн үед “Кофены талбай дахь ганцхан ажилчинд зориулсан жижигхэн оромжноос өөр байрлах газар бидэнд байсангүй” гэж Алип ах хэлжээ. Тэд нэг давхар жижигхэн байшин түрээслэх хүртлээ нөгөөх оромжинд хэдэн сар суусан гэнэ.

Тэд хэдэн жилийн дараа, илүү сайхан гэр оронтой болоход хангалттай хадгаламжтай болсон ч, тэдний үзсэн ямар ч байшин санаанд нь нийцсэнгүй ажээ. Нэг өдөр Алип ахыг Конагийн ариун сүмийн талбайд ажиллаж байтал хижээл насны нэг эгч хажуугаар нь өнгөрч гэнэ. Тэр эгч уйлж байлаа. Алип ах толгой сэгсрэн, “Хөөрхий тэр эмэгтэй гэрээсээ хөөгдөөд очих газаргүй болсон ажээ. Би түүнд, ач нар дээрээ очвол яасан юм бэ гэлээ. Ингэж хэлэх нэг шалтгаан байсан юм. Тэр эргэж ирээд бидэнтэй хамт байх болов.” Нэг асуудал байсан нь юу вэ? гэвэл, Алип ахын гэр зөвхөн тэр хоёрыг л багтаах зайтай байсан гэнэ. Иймээс тэд залбирч, өөрсдийн бодсон адислалыг олж авах арга замыг чин сэтгэлээсээ эрж хайсан гэнэ.

Удалгүй үл хөдлөх хөрөнгийн нэгэн төлөөлөгч, зургаан унтлагын өрөөтэй хоёр давхар байшинг ирж үзнэ үү гэж тэднийг урив. Байшин тэдэнд таалагдсан ч, тэдний бэл бэнчингээс хэтэрсэн үнэтэй байв. Тэд саналыг дургүйхэн буцаав.

Гэвч нэг арга олдлоо. Хэдхэн долоо хоногийн дотор нөгөөх байшингийн үнэ буусныг, бас түүнийг худалдан авах хангалттай зээл олдох болсныг Алипынхан мэджээ. Үүний үр дүнд, Алип ах, эгч хоёртой хамт байсан, тусламж хэрэгтэй нөгөөх эгч Конад эргэж ирэхэд, мөн тусламж хэрэгтэй байсан Алипынхны гурван хүүхэд, худалдаж авсан байшинд гэр бүлийнхээ хамт байх болжээ.

“Их Эзэн бидэнд их анхаарал тавьсан шүү. “Бид цаг зав, авьяас чадвар, эд хөрөнгөө Түүний төлөө золиослоход бэлэн байдгаа харуулах юм бол Тэрээр биднийг энэрэнгүй нигүүлслээрээ ивээн тэтгэдэг” хэмээн Алип ах ярив.

Зураг чимэглэлийг Стийв Кропп; гэрэ зургийг Р.Вал Жонсон