2010
Нугасны дэгдээхэй хөвсөнгүй
2010 оны дөрөвдүгээр сар


Нугасны дэгдээхэй хөвсөнгүй

Манай нугасны дэгдээхэйнүүд усан дотор амьдарч чадах байх гэж бид бодсонсон. Бид гэнэтийн сонин бэлэг аваад байлаа.

Аав гэнэтийн сонин бэлгийг гурван охиндоо авчирч өгснөөр энэ бүхэн эхэлсэн юм. Охид бид дэгдээхэйнүүд жиргэх зузаан цаасан хайрцаг уруу шагайж хараад баярласандаа дуу алдан хашгирч билээ. Яасан хөөрхөн дэгдээхэйнүүд вэ! Бид хайрцгийг нээхийг завдалгүй, нэг дэгдээхэйг бариад авлаа. Бид гурав аавын хажуугаар чихцэлдэн, хайрцгийг арай л унагачихсангүй.

“Охид оо, тайван байгаарай!” гэж аав аман дотроо инээв. “Та гуравт нэг нэг дэгдээхэй байгаа шүү дээ!”

Нугасны бяцхан дэгдээхэйг гар дээрээ аваад яасан ч жаахан юм бэ дээ гэж гайхлаа. Дэгдээхэйний зөөлөн, бүлээхэн бие хэмжээгээрээ миний алганы дөрөвний нэгийг л эзэлж байв. Өд шиг хөнгөхөн жинтэй ажээ.

“Пөөх, яасан хөнгөхөн юм бэ!” гэж би дуу алдлаа. “Нугасны дэгдээхэй хөвдөг нь аргагүй юм байна!”

Аав галын өрөөнд байсан ээж уруу очихоор явахдаа дахин инээд алдав. Аав гэнэтийн сонин юм сэдэхдээ, ялангуяа гэрийнхнээ инээлгэхдээ бузгай хүн байлаа. Тоглоомын нэг усан сан манайд байдгийг би саналаа. Энэ усан сан манай дэгдээхэйнүүдэд маш сайхан гэр болох юм биш үү.

“Нора, гаражнаас хуучин хуванцар усан санг гаргачихаарай” гэж дүүдээ тушаав.

Бид арын хашаанаас ус шахах хоолой олж аваад усан санд хүйтэн ус шахаж, дэгдээхэйнүүдээ нэг бүрчлэн үзэж, нэр өгөхөөр болов. Миний дэгдээхэй бор толботой жижигхэн зууван дугуй хошуутай, инээд хүрмээр том сарьсан хөлтэй аж.

Би гэнэт найз нараа санав. Эдгээр хөөрхөн дэгдээхэйнүүдтэйгээ намайг хэчнээн их сэтгэл догдлон байгааг харвал тэд инээлдэх биз ээ. Найз нар маань ирэх хэд хоногт эзгүй байгааг саналаа. Эцэг эх нь ойролцоох ууланд аяллаар явахыг тэдэнд зөвшөөрсөн юм. Тэд хуучин шороон замаар дугуйгаар аялах газраа сонгож, майханд хоноглож яваа аж. Тэдэнд хөгжилтэй олон зүйл тохиолдсон байх. Маргааш нь гэртээ эргэж ирэх ёстой байлаа. Тэд аяллынхаа талаар инээд хөөр болон өгүүлэх биз ээ. Ээж надад зөвшөөрөл өгөөгүй юм. Ээж намайг дэндүү балчир байна гэж билээ.

Охид бид тоглоомын усан санг усаар дүүргээд, бөөгнөрч, энэ мөчийг тэсч ядан хүлээж байлаа. Тэгээд бид, мэгдэн сандарч, гааг гааг хэмээн шулганан байгаа дэгдээхэйнүүдээ усанд тавилаа. Гэтэл яасан гээч! Ёроол уруу шууд яваад өглөө. Гурвуулаа живчих нь тэр!

Бид усан сан уруу гараа оруулж, хахаж цацсан хөөрхий дэгдэхийнүүдээ аварлаа. Яахаараа ингэдэг байна аа? Усанд сэлэх мэтийн ямар нэг хэцүү юмыг бид дэгдээхэйнүүдээсээ хүссэн гэж үү? Тэд зүгээр л усан дээр хөвөх ёстой байлаа. Энэ чинь нугасанд тийм хэцүү гэж үү?

“Юу болов оо?” гэж дүү асуув.

“Бид дэгдээхэйнүүдээ цочоочихсон юм болов уу!”

Дэгдээхэйнүүд явж сурч байгаа нялх хүүхэдтэй адилхан юм байна гэдэгт бид бүгд санал нийллээ. Хөлд орж байгаа нялх хүүхдүүд заримдаа унадаг шүү дээ. Өөр байдлаар нэг туршаад үзье.

“Нэг, хоёр, гурваа, за хөвөөрэй!”

Пүл! Пүл! Пүл! гээд гурвуулаа тугалган бөмбөг шиг живчихлээ.

Дэгдээхэйнүүдийн аз болоход бидний хэн нь ч тэдэнд зөвхөн дадлага л хэрэгтэй гэсэн бодлыг дагасангүй. Хатаагчаар дэгдээхэйнүүдийн өдийг үлээлгэе гэж Нораг хэлэхэд бид бүгдээрээ гэр өөдөө харайлгав. Хоёр дүү маань миний ягаан өнгийн хатаагчаар дэгдээхэйнүүдийг үлээлгэж байх хооронд зузаан цаасан хайрцган дээрх нэрний утасны дугаарыг би олж харлаа.

“Сайн байна уу, эрхэм ээ? Бид саяхан нугасны гурван бяцхан дэгдээхэй худалдаж авсан хүмүүс байна. Тийм ээ, тэр дэгдээхэйнүүдийг манай аав худалдаж авсан юм л даа. Тийм ээ, эрхэм ээ. Манай дэгдээхэйнүүдэд нэг асуудал гараад байна аа. Дэгдээхэйнүүд чинь хөвдөг байх ёстой биз дээ.”

Тэр хүний хэлсэн зүйлд миний гайхсаныг яана! “Хөвсгөр зөөлхөн өд нь усан дээр тогтохгүй доошоо живчихээд байгаа юм байна. Өд нь тэр дороо норчихоод байгаа юм байна шүү дээ. Өд нь усанд нэвт норохгүй лавархаг тостой болтол дахиад нэг юм уу хоёр долоо хоног хүлээх хэрэгтэй гэнэ гэж би нөгөө хүнээс сонссон зүйлээ Нора, Сюзи хоёрт өөрөө мэддэг юм шиг тайлбарлав.

“Энэ чинь худлаа ш дээ. Нугасны дэгдээхэйнүүд эхийгээ голын усан дээр дагаад хөвж явахыг би харсан. Тэд чинь төрөөд хэдхэн л хоносон байсан ш дээ” гэж Нора маргав.

“Тэр хүн л надад тэгж хэлсэн. Нугасны дэгдээхэйнүүдийг төрмөгц ээж нь тэднийг дулаан байлгахын тулд далавчаараа бүтээдэг гэнэ. Ээжийнх нь далавчны тос дэгдээхэйнүүдийн биенд нэвчдэг юм байна. Ээжтэйгээ хамт бол дэгдээхэйнүүд хөвж чаддаг гэнэ. Ээжгүйгээр дэгдээхэйнүүд усан дээр аюулгүй хөвөхийн тулд дахиад хэд хонох хэрэгтэй юм байна.”

Чухам иймээс тархи минь хаа нэгтээ ууланд майханд хонож яваа найз нарынхаа тухай бодоход хүргэлээ. Ээж намайг дахиад арай илүү хугацаагаар далавчин дороо байлгах гэсэн хэрэг. Би дэгдээхэйнийхээ бяцхан нурууг нэг хуруугаараа илэв.

“Бяцхан дэгдээхэйнүүд минь, бид та нарыг одоо усан сангаас хол байлгана аа” гэж би амлалаа. Тэгснээ би хоромхон зуур бодсоноо, “Та нар ээжийгээ санаж байна уу” гэв.

Зураг чимэглэлийг Жим Мадсен