2010
Ариун сүмийн гэрлэлт амин чухал
2010 оны дөрөвдүгээр сар


Ариун сүмийн гэрлэлт амин чухал

Виталий Шмаков, Екатерина (Катя) Шмакова нар Оросын Омск, Екатеринбургт тус тус төржээ. Хоёул өсвөр насандаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд элсэж, хоёул номлолд-Виталий Чехийн Прагийн Номлолд, Катя Оросын Новосибирскийн Номлолд үйлчилсэн аж. Тэдний хөрвөлт аз жаргал, өөртөө итгэх итгэл, амжилт бүтээлээр арвин амьдралын боломжид оюун санааг нь нээж өгсөн юм. Номлолд үйлчилж, ариун сүмд гэрлэсэн нь сайн мэдээн дээр төвлөрсөн гэр орныг бий болгох хүслийг нь бэхжүүлжээ. Энэ бол тэдний түүх юм.

Виталий: Намайг номлолоос ирснээс хэдхэн сарын дараа орон нутгийн залуучуудын чуулганд зөвлөхөөр ажиллахыг хүссэн юм. Оросын Новосибирскийн Номлолын ерөнхийлөгч Стийвен К.Смит намайг албан тасалгаандаа дуудав. Надад шинэ дуудлага өгөх юм болов уу, эсвэл ямар нэг албан ярилцлага хийх байх гэж бодсоор ирэв. Тэгтэл саяхан номлолоо дуусгаад, Оросын өөр хэсэг дэх гэртээ ирсэн ч, залуучуудын чуулганд оролцохоор манай хотод ирсэн нэг залуу эмэгтэйтэй уулзахыг Ерөнхийлөгч Смит надаас хүсэв.

Би өмнө нь Катяг ерөөсөө харж байгаагүй ч, нэгэнт би чуулганд ирсэн болохоор өөрийгөө танилцуулж, бид хоёр хэдэн минут энэ тэрхний тухай ярилцав. Тэр орой би Катяг бүжгэнд урилаа. Маргааш нь дахиад түүнийг бүжгэнд урив.

Кaтя: Би өсч том болсон үедээ залуу, ганц бие, санваартан цөөхөн хүнийг таньдаг байлаа. Гэвч гэрлэх зохистой залуу эрийг Их Эзэн надад өгөх болно гэдэгт үргэлж найддаг байсан. Бид хоёр хаана, хэзээ, хэрхэн танилцах тухайд ямар ч төсөөлөл байгаагүй ч, Их Эзэнд, Түүний амлалтуудад би итгэдэг байлаа.

Номлолын дараа намайг залуучуудын чуулганд зөвлөхөөр ажиллаж, туслахыг урив. Чуулган дээр Виталийг хараад түүнтэй танилцах хүсэл тэр даруйд төрсөн. Чуулганы үеэр мартагдашгүй, гайхамшигтай гурав хоногийг бид хамт өнгөрүүлэв.

Виталий бол миний гэрлэх ёстой хүн мөн гэдэг сүнсний хүчтэй өдөөлтийг би мэдэрсэн юм. Мэдээжийн хэрэг, дөнгөж танилцаж эхэлж байгаа үед хүн болгонд ийм мэдрэмж төрөхгүй. Ингэхлээр бид зөв чиглэлээр явж байгаагаа яаж мэдэх вэ? Би номлолд байхдаа Сүнсийг таньж, Түүний удирдамжийг аливаа эргэлзээгүйгээр дагаж сурсан юм. Тиймээс Виталийг сайн мэдэж авах хэрэгтэй гэсэн сүнсний өдөөлтийг мэдэрсэн үед түүнийгээ дагахаар шийдсэн юм.

Хэрэв бид Сүнсний нөхөрлөлийг эрэлхийлбэл Тэрээр бид бүгдийг удирдана гэдгийг би мэднэ. Сүнс бид бүгдийг яг адилхан арга замаар удирддаггүй учраас бид өөрсдийн замыг бусдынхтай харьцуулахгүй байх нь чухал. Хэрэв бид Сүнсийг дагах юм бол, бидний зам зөв гэдэгт итгэлтэй байж болно.

Бэрхшээлийг даван туулах нь

Виталий: Тэр гурван өдөр би үнэхээр онцгой эрхэм хүнээ олсон гэдгээ ойлгосон. Чуулган өндөрлөж, Катя бид хоёр салж явах болсонд би сэтгэл гонсгор байлаа. Харин аз болоход, дараагийн сард нь ганц бие насанд хүрэгчдийн чуулган боллоо. Ингээд би тэр дорхноо уг чуулганыг тэсч ядан хүлээж эхэллээ.

Чуулган миний хүсэн хүлээж байснаас илүү сайхан боллоо. Катя бид хоёр бие биенээ сайн таньж мэдэхэд үнэхээр их цаг зарцуулсан шүү. Чуулган дуусахад бид хоёр утасны дугаараа солилцоод өөр өөрийнхөө хот уруу явлаа.

Дараагийн хэдэн долоо хоногт бид ихэвчлэн утсаар ярьж, бие биендээ мессеж бичиж байлаа. (Би сар хүрэхгүй хугацаанд зөөврийн компьютер дээр ихэнх хүмүүсийн шивдгээс илүү хурднаар гар утсаар мессеж бичиж сурсан гэж боддог!)

Катя миний амьдардаг байсан Омскоос галт тэргээр 11 цаг явж хүрдэг Екатеринбургт амьдарч байлаа. Гэсэн ч бид хоёр дахин уулзахын хүслэн болдог байлаа. Долоо хоногийн амралтын өдрүүдэд бие бие уруугаа тогтмол явж очдог болов. Нэг долоо хоногийн амралтаар би түүн дээр очно. Дараа нь нэг хоёр долоо хоногийн дараа Катя над дээр ирдэг байв. Катя дээр очсон үедээ би танилындаа байж, тэр над дээр ирсэн үедээ манай хотод амьдардаг танилындаа байдаг байлаа. Айлчлалынхаа үеэр бид ихэвчлэн сүмийн найз нартайгаа цагийг өнгөрүүлдэг байв.

Катя: Арваннэгэн цаг гэдэг урт хугацаа шиг санагдаж болно. Гэвч Орост бол энэ чинь ганцхан богинохон алхах хугацаа юм! Газар хол учраас бид хоёр хүссэнээрээ уулзаад байж чаддаггүй байлаа. Бид хоёр хэдэн долоо хоногт нэг удаа л уулзаж, хэн нэгэн маань гэртээ харих хүртэл хоёр эсвэл гурван хоног хамт байдаг байлаа. Үүнээс илүү олон цаг хамт байхыг олонтаа хүсдэгч, салж явах нь үргэлж хэцүү байдаг байв. Гэвч бид хоёр уулзахын тулд ихээхэн чармайлт гаргадаг болохоор хамт өнгөрүүлдэг хором бүр бидэнд үнэ цэнэтэй байлаа. Бидний харилцаа гүнзгийрэх тусам, бие биендээ баяртай гэж хэлэхээ болих цагийг бид хоёр тэсч ядан хүлээдэг боллоо.

Бидний уулзалт нэн сонирхолтой, олон янз байлаа. Бид хоёр дугуйгаар, мориор явж, музей үзэн, судар уншиж, хоол хийн, цэцэрлэгт хүрээлэнгүүдээр (бид хоёр нэг цэцэрлэгт хүрээлэнд бүр бүжиглэсэн) зугаалж, хүүхдүүдэд үйлчилж, тэдэнтэй тоглохын тулд өнчин хүүхдийн асрах газарт очдог байв.

Бид уулзах бүрдээ ямар нэг шинэ зүйл хийнэ. Иймээс бид тун хөгжилтэй байлаа. Болзоогоо төлөвлөхдөө Виталий тун овсгоотой шүү. Түүний төлөвлөсөн үйл ажиллагаанууд бие биеэ танин мэдэхэд бид хоёрт үнэхээр тусалсан.

Виталий: Би оюутан байсан болохоор олон сонин хөгжилтэй юм санаачилж чаддаггүй байв. Би ихэнх мөнгөө Катятай уулзахаар явах замын зардал, утасны төлбөртөө өгдөг. Гэвч хягаарлагдмал төсөвтэй байгаа нь бидний болзоо сонирхолгүй буюу үр ашиггүй болдог гэсэн үг биш юм. Хэрэг дээрээ, бидний хамгийн шилдэг зарим болзоо ганц ч зоосны өртөггүйгээр болдог.

Энэ нь утгагүй сонсогдож мэднэ. Гэвч би Катяг хүүхдүүдээр хүрээлүүлчихсэн ямар нэг үйл ажиллагаа явуулж байхыг харахыг хүсдэг. Иймээс бид хоёр өнчин хүүхдийн асрах байранд очсон юм. Бид хоёр бие биенийхээ тухай чадах хэрээрээ аль болох ихийг мэдэж авахыг үнэхээр хичээдэг болохоор бидний олон удаагийн болзоо энэ талаараа хоорондоо адилхан юм.

Их Эзэний замаар амьдрах нь

Виталий: Хүмүүс гэрлэхээсээ өмнө хамт амьдардаг нь бусад олон газрын адил Орост ч хэвийн зүйл юм. Намайг Катяд гэрлэх саналаа хэлсний дараа, бие биедээ тохирох сайн хань болохыг урьдаас мэдэхгүй байж, чи яаж түүнтэй гэрлэх гээд байгаа юм бэ? гэж зарим найз нар маань надаас асууж байв. Катя үнэхээр надад сайн хань болж чадах уу гэдгийг мэдэхийн тулд би түүнтэй нэлээд урт хугацаагаар хамт амьдарч үзэх хэрэгтэй шүү дээ хэмээн тэд учирлана. Бас олон хүн Катяд ч ийн зөвлөдөг байлаа.

Хүнийг бүх талаас сайн мэдэхийн тулд заавал хамт амьдрах хэрэггүй гэж би тэдэнд хэлдэг байлаа. Би Катятай гэрлэж болох эсэх талаар залбирч хариу авсныг найз нар маань ойлгож чадах арга замаар тэдэнд тайлбарлахыг бас хичээдэг байлаа. Гаргасан шийдвэрийнхээ талаар залбирах үед, гэрлэлт намайг айлгасангүй. Сэтгэл догдлон, бүхлээрээ цоо шинэ амьдрал миний өмнө нээгдэх шиг санагдаж билээ. Энэхүү шийдвэрээ хамгаалсны төлөө намайг хэн ч эсэргүүцэж шүүмжлээгүй. Чухамдаа тэд миний шийдвэрийг дэмжсэн юм.

Катя: Виталий гэрлэх саналаа надад хэлэхэд, аав ээж хоёр маань гэрлэхгүй байх талаар надтай ярилцах гэж оролдож билээ. Гэрлэх тухай ярих нь бидний хувьд хэтэрхий эрт бөгөөд намайг Виталийг одоогийнхоо мэдэж байгаагаас илүү сайн мэдэх хэрэгтэй гэж тэд бодож байв. Ажил дээр манай дарга бас л ингэж хэлээд, “Та хоёр ийм сонголт хийхээсээ өмнө хамт амьдарч үзэх хэрэгтэй шүү дээ” гэв.

Гэрлэлт, гэр бүлийн талаарх ийм үзэл бодолд би харамсдаг. Ариун сүмд гэрлэж, лацдан холбуулсан хосууд ямар их аз жаргалтай байж болохыг тэд ойлгодог гэж би бодохгүй байна. Хуримын үеэр Виталий бид хоёрын мэдэрсэн агуу хайр, аз жаргал маань үүрд мөнх лацдан холбуулсан тухай мэдлэгээр улам хүчтэй болсон билээ.

Виталий: Катя бид хоёр, 2006 оны 2-р сарын 25-нд Омскт гэрлэв. (Оросын хуулиуд бусад олон орны хуулийн адилаар, ариун сүмд лацдан холбуулахаас өмнө иргэний гэр бүл болсон байхыг шаарддаг.) Маргааш өглөө нь бид хоёр Шведийн Стокольмын Ариун сүм уруу хөдөллөө. Бид хоёр Омскт нисэх онгоцонд сууж, Москва хүртэл гурван цаг нисээд, өдрийн үлдсэн хэсгийг тэнд өнгөрөөв. Тэгээд шөнийн галт тэргээр Санкт Петрбургийг зорив. Тэндээс бид Хожмын Үеийн бусад Гэгээнтнүүдтэй хамт автобусаар Финляндын Хельсинк уруу найман цаг явлаа. Стокольм уруу усан онгоцоор 11 цаг явсны дараа бидний аян өндөрлөв.

Ингээд бид ариун сүм дээр хүрч ирлээ.

Ийм урт удаан аялал нь зарим хүмүүст сорилт юм шиг санагдаж болох юм. Харин Европоор хийсэн бидний аялал олон талаараа гайхамшигтай бал сар болсон.

Бидний лацдан холболтын өдөр 2006 оны гуравдугаар сарын 1-ний өдөр амар амгалан, итгэл бишрэлийн аугаа өдөр байлаа. Гарыг нь атгасан тэр хүн миний үүрдийн хань гэдгийг би мэдэж байв. Зөвхөн энэ бодол л дангаараа надад агуу баяр баясал, Өөрийнхөө нэг охиныг гэргий болгон өгч надад итгэмжлэл хүлээлгэсэн Тэнгэрлэг Эцэгтээ талархах талархлаар дүүргэсэн юм. Би өмнө нь хэзээ ч байгаагүйгээр Түүнд ойр байгаагаа мэдэрч билээ.

Христийнхтэй адил зан төлөвийг эрэлхийлэх нь

Катя: Одоо Виталий бид хоёр бяцхан охинтой болсон. Охин минь мөн ч хөөрхөн шүү. Охин маань нэгэн цагт ариун сүмд гэрлэнэ гэж би боддог. Харин хань ижлээ болон эцэг эхээ хайрладаг болгон хүмүүжүүлэх нь охиндоо бидний үзүүлж чадах хамгийн сайн дэмжлэг юм.

Христийнхтэй адил зан төлөвийн олон шинжийг эзэмшсэн зохистой санваар эзэмшигчтэй охин минь ханилна гэдэгт би итгэлтэй байдаг. Зан төлөвийн ийм шинжүүдийг Виталийгаас олж харсан нь түүнтэй гэрлэж болно гэдгийг мэдэхэд надад тусалсан билээ.

Би Виталийн юунд нь татагдсан гээч? Мэдээж хэрэг, тэр царайлаг, ухаантай. Бас эмэгтэй хүнд хэрхэн анхаарал халамж тавихыг мэддэг. Гэхдээ эдгээр нь гол шалгуур биш л дээ. “Христийн шавийн мэлмий” хэмээн миний нэрлэх дуртай тэр зүйл Виталийд байдаг. Түүнд гэрэл байдгийг би мэдэрсэн. Тэр бол зөв шударга санваар эзэмшигч.

Виталий: Сэтгэл нийлсэн хүнтэйгээ гэрлэнэ гэдэг мэдээж, агуу зүйл. Гэвч бид дан ганц бие бялдрын шинж чанар дээр анхаарал төвлөрүүлэх юм бол нэгэн насны туршид үргэлжлэх гэрлэлтэнд үнэхээр хамгийн чухал үүрэгтэй хувь хүний сүнслэг байдлын болон бусад хамгийн чухал шинж чанаруудыг олж харахгүй өнгөрөөх нь зайлшгүй юм.

Зарим залуу насанд хүрэгчдийн хувьд оршин суугаа газарт нь Хожмын Үеийн Гэгээнтнүүд байдаггүй нь Сүмээс эхнэр буюу нөхрөө олох нь бэрхшээлтэй байдгийг би мэднэ. Би тэдний зовлонг хуваалцаж байна. Гэвч, бид ямар нөхцөлд амьдарч байгаа нь хамаагүй, өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж, ариун сүмд гэрлэхэд өөрсдийгөө бэлтгэвэл, Тэнгэрлэг Эцэг арга замаар хангах болно.

Зүүн талд: Шмаковынхан 2006 онд лацдан холбуулж байгаа нь: Шведийн Стокольмын Ариун сүм уруу хийсэн тэдний аялал 30 орчим цаг үргэлжилжээ.

Баруун талд: Шмаковынхан өнөөдөр бяцхан охинтой болоод байна. “Охин маань нэгэн цагт ариун сүмд гэрлэнэ гэж би боддог. Харин хань ижлээ болон эцэг эхээ хайрладаг болгон хүмүүжүүлэх нь охиндоо бидний үзүүлж чадах хамгийн сайн дэмжлэг юм” гэж Катя ярилаа.

Шмаковынхны зөвшөөрлөөр гэрэл зургуудыг нийтлэв