2010
Тейлорын авьяас
2010 оны дөрөвдүгээр сар


Тейлорын авьяас

Хеатер Холл, Юта, АНУ

Ангитай хуваалцаж болох ямар авьяас Тейлорт байдгийг хэлж өгнө үү?” гэж манай Хүүхдийн Хэсгийн найман настай хүүхдүүдийн багш надаас асуув. Тейлорын ангийнхан Тэнгэрлэг Эцэгээс өөрсдийн хүлээж авсан авьяасын тухай ярилцах учраас багш нь утсаар ярьжээ.

Санаанд тодорхой юм нэг л орж ирэхгүй байв. Дээрх асуултанд хариулах гэж оролдон, өнгөрсөн найман жилийг эргэж нэг харъя гэж бодлоо. Тейлорыг төрөөд дөрөв хонож байхад тархинд нь харвалт өгснөөс тархиндаа хүнд гэмтэл авч, саа өвчтэй болсон юм. Тэр хараагүй, ярих эсвэл бусадтай харилцаж чаддаггүй. Тэрээр оюуны хөгжлөөр зургаан сартай хүүхдийн төвшингөөс илүүгүй өдий хүрсэн юм. Тэрээр ихэнх өдрүүдийг тэргэнцэрт сууж өнгөрөөдөг бөгөөд бид түүнд анхаарал тавьж, ая тухтай байлгахыг хичээдэг билээ.

Тэрээр хи хи гэж инээн, тусгай аяганаас ууж сурахад нь бид түүнд баяр хүргэн зоригжуулж, босч, ганц хоёр алхахад нь энэ үйл явдлыг тэмдэглэсэн гээд бод л доо. Гэвч бид гаднаа түүний эдгээр өчүүхэн амжилтанд баяр хүргэж, тэмдэглэдэг ч, дотроо бол, ийм ч юм байх гэж дээ, яана даа хөөрхий минь гэж Тейлорыгоо өрөвдөн уйлдаг байлаа. Яагаад ч юм бүү мэд, Хүүхдийн Хэсгийн багш үүнийг сонсох гэж утасдаагүй юм шиг санагдав.

Би хоолойгоо засаад, “Миний бодлоор, Тейлорт үнэхээр ямар ч авьяас байхгүй” гэж эв муутайхан хариулав.

Эелдэг уриалгахан энэ эгч хариултаараа хүүтэйгээ харилцах миний харилцааг эгнэгт өөрчилсөн юм.

“Би энэ сургамжийн тухай эргэцүүлэн бодож үзээд, Бурханы хүүхэд бүрд ямар нэг авьяас байдгийг ухаарч ойлгосон” гэж тэр хэллээ. “Тейлорын авьяас бол үйлчлэхийг бусдад заадаг явдал мөн гэж би хэлмээр байна. Таныг зөвшөөрвөл, би сүм дээр Тейлорын авьяасыг хэрхэн ажигласан тухайгаа ангидаа ярихыг хүсч байна. Хүүхдийн Хэсгийн бусад хүүхдүүд тэргэнцрийг нь түрж суран, түүнд хаалга нээж өгөн, хэрэгтэй бол амыг нь алчуураар арчиж өгөхөөс цээрлэж цэрвэхгүй байхыг би харсан. Энэ бол тэрээр бидний амьдралыг адисалж байгаа агуу авьяас мөн гэж би бодож байна.”

Би аман дотроо сулхан дуугарч зөвшөөрөөд, бид түргэн салах ёс гүйцэтгэв. Энэ яриа миний амьдралд онцгой нөлөө үзүүлснийг Хүүхдийн Хэсгийн тэр багш мэдсэн эсэхийг би мэдэхгүй. Тейлор хуучин янзаараа л байлаа. Түүнд урьдын адил их анхаарал халамж тавих шаардлагатай байв. Эмнэлэг, эмч, эмнэлгийн ажилтнууд миний амьдралд том байр суурь эзэлсээр байна. Гэвч миний бодол санаа өөрчлөгдөж, түүний авьяасыг олж хардаг болов.

Бидний эргэн тойрон дахь хүмүүс түүнд анхаарал халамж тавихыг хичээсэн үед зан төлөв нь өөрчлөгдсөнийг би харсан. Мөн тэрээр бидэнд хэрхэн анхаарлаа төвлөрүүлэн, түүний хэрэгцээг ажиглаж, илүү өрөвч уян сэтгэлтэй, ажигч гярхай, тэвчээртэй байхыг надад сануулж буйг би анзаарсан юм.

Тейлорт ийм хүнд сорилт бий болгосон Бурханы зорилгыг би мэдэхгүй. Гэвч түүний Хүүхдийн Хэсгийн багш энэ тухай надад товчхон ойлголт өгсөн гэдэгт итгэдэг. Бидэнтэй хуваалцах авьяас түүнд үнэхээр бий. Тэрээр хэрхэн үйлчлэхэд суралцах боломжийг бидэнд олгосон юм.

“Хүүхдийн Хэсгийн бусад хүүхдүүд Тейлорын тэргэнцрийг түрж түүнд хаалга нээж өгөн, хэрэгтэй бол амыг нь алчуураар арчиж өгөхөөс цээрлэж цэрвэхгүй байхыг би харсан” хэмээн миний хүүгийн Хүүхдийн Хэсгийн багш надад ярьж билээ.