2010
Тэр Амилсан
2010 оны дөрөвдүгээр сар


Бид юунд итгэдэг вэ?

Тэр Амилсан

Би хаана ч очсон, тэр хотын оршуулгын газарт очихыг хичээдэг. Энэ бол бясалгалын үе, амьдралын утга учир болон үхлийн зайлшгүйг тунгаан бодох үе юм. Ютагийн Санта Клара хотын жижигхэн оршуулгын газар дахь ихэнх нь швейцарь гаралтай нэрс бичсэн элэгдэж гандсан булшны чулуун хөшөөнүүдийг би санаж байна. “Сионд ирэх дуудлагад” хариулан, үржил шимт Швейцарь орон дахь гэр орон, гэр бүлээ орхин энд ирж суурьшсан хүмүүсээс олон нь эдүгээ “амар амгалан” нойрсож байна. Тэд хаврын үер, зуны ган, газрын тарчигхан гарц, хүнд хүчир хөдөлмөрийг даван туулжээ. Тэд золиослолын өвийг үлдээсэн юм.

Эх орныхоо цэргийн дүрэмт хувцастайгаар дайны талбарт амь эрсдээд, амар амгалангийн хутгийг олж, нойрсон байгаа эрчүүдэд, томоохон оршуулгын газруудад хүндэтгэл үзүүлэн, тэдний тухай торгон мэдрэмжээр дурсан санадаг. Дайны уршгаар биелэгдээгүй мөрөөдөл, гүйцэлдээгүй найдвар, уйтгар гунигаар дүүрсэн зүрх сэтгэл, ахуй амьдралын тухай хүн тунгаан боддог.

Франц, Бельгийн хотуудад Дэлхийн I Дайнд аймшигтайгаар амь эрсдэгсдийн үй олон булшны чулуу ярайж байдаг. Францын Верданд үнэхээр аварга том оршуулгын газар байдаг. Хавар бүр фермчид газар хагалах үеэр, чухамдаа амь эрсдэн цус нь газрын хөрсөнд нэвчин шингэсэн сая сая эрийн гунигтайхан сануулагч дуулга, бууны гол төмөр олддог ажээ.

Үхэл бол амьдралын шинэ хэсэг

Олон жилийн өмнө би, хоёр хүүхдийн эцэг, хэзээ хэзээгүй амьсгалаа хураах гэж буй, нэгэн залуу эрийн орны дэргэд зогсож байлаа. Тэр миний гараас бариад, нүд уруу эгцлэн ширтэж, “Бишоп оо, хадан гэртээ харих цаг болсноо би мэдэж байна. Намайг нас барахад сүнсэнд минь юу тохиолдохыг хэлж өгөөч” гэв.

Би Тэнгэрлэг удирдамж хүсэн залбирав. Орных нь дэргэдэх ширээн дээрх Мормоны Номонд миний анхаарал чиглэлээ. Ингээд би доорх үгсийг чангаар уншив:

“Эдүгээ үхэл хийгээд амилуулалтын хоорондох сүнсний байдлын талаар— … бүх хүмүүний сүнс энэ зуурдын биеийг орхимогцоо, … өөрсдөд нь амьдралыг өгсөн Бурханд, гэртээ аваачигддаг”.

“… Зөв шударга тэдний сүнс тэд өөрийн бүх бэрхшээлүүд мөн санаа зоволт хийгээд харамслаасаа амрах диваажин гэж нэрлэгдсэн аз жаргалын байдал, амар амгалангийн байдал, энхийн байдалд хүлээн авагдах болно”. (Aлма 40:11-12).

Залуу найз минь чин сэтгэлийн талархал илэрхийлээд, амьсгалаа хурааж, бидний ярьдаг диваажинд чимээгүйхэн одов.

Булшийг ялсан ялалт

Хоёр Мариа цэцэрлэгт булш уруу хүрч ирэхэд юу болсон тухай эмч Лук ийн дүрсэлжээ:

“Булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад, …”

“… дотогшоо орсон боловч Эзэн Есүсийн цогцсыг олдсонгүй”.

“… Үзэгтүн, тийнхүү тэднийг тэвдэн мэгдэж байтал, гэрэлтсэн хувцастай хоёр хүн гэнэт тэдний хажууд зогсож байлаа”.

“… Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ?”

“Тэр энд байхгүй, харин Тэр амилсан” (Лук 24:2-6) гэжээ.

Энэ бол бүх Христэд итгэгчдийн хувьд үйл ажиллагааны дуудлага юм. Амилалтын үнэн бодит байдал нэг хүнд ч, бүх хүнд ч бидний ойлгодгоос илүү дээгүүр амар амгаланг өгдөг юм. Амилуулалт нь баруун Европт үй олон цэрэг эрс амь эрсэдсэн нутагт, эсвэл далайн гүнд болон Ютагийн жижигхэн Санта Кларад хайртай дотны хүмүүс нь нойрсож буй тэднийг тайтгаруулдаг билээ. Энэ бол хорвоо ертөнцийн үнэн юм.

Түүний шавь нараас хамгийн өчүүхэн нь болох бибээр, үхлийг даван туулсныг, булшийг ялсныг биечлэн гэрчилж байна. Эдгээр зүйлсийг хэрэгжүүлсэн Түүгээр ариун болгогдсон үгс бүх хүнд үнэн бодит мэдлэг болох болтугай. Тэдгээр үгсийг санагтун. Тэдгээр үгст баярлагтун. Тэдгээр үгсийг хүндэтгэгтүн. Тэр Амилсан.

  1. Бид төгөлдөржилт өөд хийх мөнхийн аялалдаа сурч, амьдран, өсч хөгжихөөр дэлхийд ирсэн билээ.

  2. Зарим хүмүүс дэлхий дээр богинохон хугацаанд амьдардаг бол, бусад нь урт насалж, удаан амьдардаг. Хэмжүүр нь бид хэр зэрэг урт насалсанд биш, харин хэр зэрэг сайн амьдарсанд байдаг.

  3. Тэгээд үхэл ирж, амьдралын шинэ хэсэг эхэлдэг.

  4. Энэхүү шинэ хэсэг нь сүнс бие хоёр дахин нэгдэж, дахин хэзээ ч салахгүй амилуулалтын алдар суут өдөр өөд хөтөлдөг.

“Тэр Амилсан,” Лиахонагаас, 2003 оны 4-р сар, 2-7

Христ уй гашуу болсон Мартад, “Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна. Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй” (Иoхан 11:25-26) гэжээ.

Цагаатгалын хэсэг болсон Христийн Амилалт амилуулагдах үүд хаалгыг бид бүгдэд нээсэн юм.

Зүүн талаас: Гэтэлгэгч минь амьд, Рожер Лавлесс, хуулбарлаж болохгүй; гэрэл зураг чимэглэлийг Маттью Рейер, Кристина Смит, Велден К.Андерсен; Миний гар хөлийг үз, Харри Андерсон; Лазар, Карл Хейнрих Блок